Хүн нас ахихаар урьдын ааг омог нь харьж их өөрчлөгддөг юм билээ. Намын амьдралд бас тийм явдал тохиолддог бололтой. Орчин цагийн Монголын төр нийгмийг тасралтгүй удирдан жолоодож яваа гэгддэг МАХН нас сүүдэр ная гарснаас хойш залуугийнх шигээ байж чадахаа болилоо.

"Та нар энэ өвгөнийг залуудаа ямар байсан гэж санана" гэдэг шиг л. Саяхан даа, 2000 оны сонгуу­лийн дүн гарахад эд нар бараг 100 хувь ялалт байгуулж, ард түмэн ардчил­сан хувьсгал хийгээд ч дийлдэш­гүйг нь үзэцгээсэн. Харин 2004 онд үндсэндээ сөрөг хүчиндээ ялагд­чих­сан юм. Сонгуулийн дүнг сон­соод МАХН "Энэ сонгуулийн дүнг манай нам зөвшөөрөхгүй" гэв ээ. Гэвч хувь заяатайгаа итгэж ядан хагас хугас эвлэрсэн. Тэр үеэс хатуу дэмжигчид нь намаа хуучирсныг мэдэрч одоо байгаа дээр нь амжиж ашиглахаа л боддог болцгоов.

Гай хөөтэй 2008 оны сонгуу­лиар золтой л орон гэртэйгээ хамт шатчихалгүй гарч ирэв. Манай нам ялсан шүү гээд байхад олон нийт дэмжигчид  ялалтын баярыг нь тэмдэглэж өгсөнгүй. МАХН-ын сүүл­­чийн ялалт цус, хүний амь, онц байдал,  шорон гяндангаар үргэл­жилж баяр биш гуниг болон хувирав.



Намын дарга С.Баяр "Манай нам дангаараа Засаг баривал Монголын ард түмэн модоо барих байлаа" ч билүү "барина шүү" ч билүү нэг сонин афоризм тэр үед хэлсэн шүү. Энэнээс хойш олигтой засал авч тэнхрэхээ байжээ. Нэрээ сольж, зүсээ хувиргаж, засал ном их л хийлгэлээ. Хэрэв энэ намын хувь заяанаас улс орны хөгжил хамаардаг байсан тэр цагт  бол монголчууд ёстой л  модоо бари­хаар болсон. Гэвч намын саад намссан энэ л он жилүүдэд хувийн хэвшлийнхний нуруу тэнийж долоо хоног тутамд нэг бүтээн байгуулалт бий болж зах зээл жам ёсоороо хөгжиж байна. МАХН буюу МАН хэмээн дотроо хуваагдаж, үндэс­ний их, оройн дээд, шилдэг тэргүү­ний гэгдсэн удирдлагууд нь намаа бусниулж, намаасаа гарцгааж, улмаар эрүүгийн хэрэгт ч татагдаж  буйг олон түмэн харж байна. Эрх  барьж байсан, байгаа намд гишүү­нээр бүртгүүлэх нь  "Номин" дэлгүү­рийн карт шиг заримдаа хэрэг болдог байсан байх. Энэ намаар үйлчлүүлэх хүсэлтэй 160 мянган хүн байдаг юм уу даа. Үзэл бодол ба түүндээ үүрд үнэнч гэсэн ойлголт бол аль эрт хаягдсан. Удирдагч нь үнэнч бишээрээ үлгэрлэж өгөөд байхад хэн ч танихгүй гишүүд нь яалтай билээ. Жирийн гишүүд нь хуугаараа "Х" үсэггүй болсон намын батлахтай болоод байлаа. Төд удалгүй  "Х" үсэгтэй нам нь эргээд ирэв. Их Хурлын гишүүд хүртэл тэр нам руу гүйлдэж тэгснээ буцаад ирэх, зарим нь бүр аль ч үгүй хоцрон биеэ дааж, учир мэдэх­гүй хүүхдүүдээс бусад нь эднийхээс дайжицгаалаа.

Одоо 2012 оноос хойш ямар улс төрийн хүчинд засаглал очих бол. Урьдын МАХН буюу МАН-ынхан ямар ч аргаар хамаагүй эрх мэдлээ хадгалж үлдэхийг улайрд­гаа бол аль эрт больсон. Засгийн эрхийг дангаараа авснаас сөрөг хүчинтэйгээ цуг хамтарсан нь бид хэдэд ашигтай. Одоо хэнийхээ төлөө гэж заавал ялах гэж. Зарим­даа ялагдсан ч яадаг юм гэх ханд­лагатай болчихож. Лидерүүд нь улс төр гэж хөөрцөглөж давхихаас залхаж биед амар гадаадад Элчин сайд хийе гэж ил цагаан хэлж сууна. Хурааж хуримтлуулсан баялаг нь  эрх мэдэлтэй байснаас ялгаагүй амьдрах боломжтой бол­го­сон тул үнэндээ цадчихаж.

Сая УИХ-ын сүүлчийн чуулган өндөрлөлөө. Чуулган дээр дэгийн тухай хуульд өөрчлөлт хийх асуудал яригдсан юм. Аливаа хууль сөрөг хүчинд таалагдахгүй бол тэд завсарлага авч гацаах эрх эдэлдэг. Тэрхүү завсарлага буюу "тайм" авах нь хугацаагүй үргэл­жилнэ. Тэр тоолонд олонхи цөөн­хийхнийг орж ирэхийг нь хүлээх, очиж аргадах, зөвшилцөх яршиг төвөгтэй. Одоо энэ дэг ёсыг болиулж яг сагс тоглож байгаа юм шиг тоотой хэдхэн "тайм" авдаг болцгооё хэмээн сөрөг намынхан нь өөрсдөө санаачилга гаргасан юм. Одоогийн сөрөг хүчнээс гарсан энэхүү санаачилга нь эрх баригч­дын янзыг үзэнгээ үнэнийг нь хэлүүлчихлээ. Цөөнх өөрөө ингэж хэлсэн дээр нь дуун дээр зөвшөө­рөх учиртай эрх баригч МАН-ын дарга С.Батболд баахан тайлбар хариу хэллээ. Базаад хэлэхэд "Сөрөг хүчин буюу ялагдсан намын төлөөллийн завсарлага авах эрхийг нь битгий хөнд" гэлээ. Харин "Яагаад?" гэсэн асуултыг хариулж зүрхэлсэнгүй. МАН ирэх сонгуульд ялна гэдэгтээ итгэл төгс байсан бол эрх баригчдад таатай ийм дэг ус агаар лугаа хэрэгтэйсэн. Үгүй гэдэг байна шүү. Одоо удахгүй бид өөрсдөө ялагдчихвал энэ зав­сарлага гэдэг чинь АН-д биш МАН-д хэрэгтэй гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл сонгууль эхлээ ч үгүй байхад МАН улаан тугаа буулгаж бууж өгөн цагаан тугаа өргөчихлөө гэсэн үг.

Тэгэхээр Ардын намынхан ирэх сонгуульд ялагдах тактик барьж байгаа юм болов уу гэсэн бодол төрүүллээ. Үүний өмнөх 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаяр "Намайг далдуураа ялагдуулах тактик манай нам хэрэглэсэн" гэж байнга л хэлээд байдаг. Хэлэх нэг хэрэг. Н.Энхбаяр энэ шалтгаанаар МАН-аас гарч МАХН байгуулсныг дүгнэхэд нээрэн тэгсэн ч юм шиг. Өнөөдөр С.Батболд УИХ-ын сүүлийн чуулган дээр дэг өөрчлөх асуудалд "УИХ-ын чуулганы хуралдаанд цөөнх завсарлага аваад хурал сунжруулдаг дэг жаягийг өөрчлөх нь уг нь ач хол­бог­долтой. Харин АН-ынхан өнгөр­сөн дөрвөн жилийн хуга­цаанд завсарлага авч байхдаа наадах асуудлаа тавихгүй яасан юм. Одоо бол үгүй шүү. Дараагийн Их Хурал дахь цөөнх завсарлага авдаг дэг хэвээрээ байх зүйтэй гэж МАН үзэж байна" гэчихлээ. Ийм утгатай үг сонссон олон нийт "Манайх ирээ­дүйн цөөнх шүү" л гээд байгаа юм байна гэж ойлголоо. Цаашид Ардын намын гол удирд­лагчид өөрсдийгөө хамгаалах зорилгоор хэдүүлхнээ Их Хуралд суугаад ард түмэн, ам амлалт хоёроос бул­тахаар шийдсэн байж магадгүй гэсэн хар авч байна. Улс эх орны ачааг үүрч яваа нэрийн дор өөр дээрээ овоо юм аччихсан  эрх баригчдад  одоо бусдын ядуу­рал, ажилгүйдэл гэсэн проблемууд илүү тээш гэсэн үг. Сонгогдох магадлал муутай нөхдүүдэд нэр дэвших мандат амархан олдож байхад нэр хүндтэй шудрага гэгдэх хэсэг нь  хоосон үлдлээ. Яаж байгаа юм бол гэж гайхацгааж байна.

Эрх баригч МАН өөрийнхөө дэмжигч нэг бүрт шахам өглөг хайрлаж лусын хаан шиг загнаж амладаг байлаа. Харин үүнтэй зэрэгцээд авлигатай тэмцэх ажил­ла­гаанд өөрчлөлт орж идэвхтэй ажиллаад эхэлсэн. Сонгуулийн шинэ хууль үндсэндээ МАН-ын ялдаг аргын эсрэг хууль болж батлагдсан. Цаг төр ийн нарий­саад чангараад эхэлбэл цаашид улс төрөөс холдох буюу хэт эрх мэдлийн хойноос улайрах аль аль нь осолтой болчихож байгаа юм. Яваандаа улс төр, төрийн албанд зүтгэх нь цэвэр мэргжлийн, түүндээ үнэнхүү дуртай хүмүүсийн хийдэг ажил болохоос тэрбумтан болох боломж олгодог газар биш шүү гэдгийг анхаарууллаа. Тэгэхээр эрх баригч намынхны  ирэх сонгуульд "Завсарлага авах" гээд буйн учир энд л байгаа бололтой. МАН нэгэнт сувайрахаар шийдсэн  бол түүний үзэл суртал хэнд хэрэгтэй юм. Тэрэн дээрээ тулбал ардчилалтай, шудрага нийгэмд ном журмаараа амьдраад явсан нь хамаагүй дээр бусуу хэмээн цаад учрыг гадар­ласан сонгогчид өөр сонголт хайж эхэллээ.