БУРХАН БАГШ
Одооноос 2500 жилийн тэртээ Жагарын орны Хималайн уулсын өмнөд хормойг тойрон урсах Рохини голын эрэг дээр Шагжа омгийн улсын нийслэл Капилавасту балгаст Шуддодана Гаутама буюу Ариун идээт хаан амьдарч байжээ.
Buddha (санскрит: गौतम बुद्ध) буюу Сиддарта Гаутама нь эртний Энэтхэгийн Буддын шашныгүндэслэгч бөгөөд Төгс гэгээрсэн Бурхан бөлгөө. Бурхан багшийн намтар, сургаалийг би анх 23 насандаа шашингүйн үзлийнтухай өгүүлсэн зөвлөлтийн нэгэн ном, сэтгүүлд багаахан зүйл бичсэнийг олж уншаад ихэд сонирхож, түүнээс хойш Буддагийн сургаалийг эрж, хайж уншдаг болсон билээ. Бурхан багшийн сургаалийг 23 насандаа бус, 13 насандаа уншиж судлахгүй яав даа гэсэн бодол тэр үед нададтөрж байв.Тэр үеийн шашингүйн социалист нийгэмд амьдарч байсан монголын жирийн нэгэн сэхээтэн залуу би вээр Бурхан багшийн сургаалтай ийнхүү учирсан нь үлэмж их аз завшаан байлаа. Ингээд Бурхан багшийн намтрыг өгүүлсү.
Сударт өгүүлснээр Сиддхарта нь Лумбини / одооны Балба улсын өмнөд нутаг /-д Шакьяа овгийн тэргүүн Шүддходана хаан, эх Махамаяа хатны агь болон мэндэлжээ. Ихэнхи түүхчид Буддагийн амьдарч байсан он тооллыг манай эриний өмнөх536 оноосманай эриний өмнөх 483 оны хооронд хэмээн үздэг. Buddha буюу Будда гэдэг ньсанскрит хэлний "Сэрсэн гэгээрсэн" гэсэн утгатай үг юм. Бурхан багшийгтүвдээр “Санжэй” гэдэг . Энэ нь “Сэрж гэгээрсэн” гэсэн утгатай. “Сан” гэдэг нь Сэрсэн буюу нисваанис тотгор бүхнээс сэрсэн гэсэн үг, “Жэй” гэдэг нь Гэгээрсэн буюу эрдэм бүхнийг гүйцээж төгс гэгээрсэн гэсэн үг. Бурханы шашны номлол ёсоор энэ ертөнцөд сайн цагийн мянган Бурхан мэндэлж ирэхээс эдүгээ бидний амьдарч байгаа энэ цагийн Бурхан нь Буддха Шакьяамүни бөгөөд дараагийн эрин үеийн Бурхан бол Буддха Майтрия буюу монголоор хөрвүүлвэлМайдар Бурхан юм. Ирээдүйн Майдар Бурхан хэзээ замбуутивд мэндлэх вэ? гэвэл замбуутивд хүмүүс Бурхан багшийн сургаалийг огт мэдэхээ больж, хүний нас 10 хүртлээ богиносч, хүмүүс арван хар нүглийг далай мэт үйлддэг болсон цагт мэндэлнэ хэмээн сударт бичжээ. Монгол хэлний "Бурхан" гэдэг үг болуйгурхэлнээс дамжиж орж ирсэн Буддха гэдэг үгнээс гаралтай юм. Эртний уйгур хэлэнд Энэтхэгийн санскрит хэлний Буддха гэдэг үг шинээр орохдоо үгийн дундхи [д] үсгүүд нь [р] болон дуудагдаж, [х] үсэг нь тодоор дуудагдсанаас [бурха] болоод дээр нь [н] дагавар нэмэгдсэнээр [Бурхан] гэдэг үг үүссэн гэж үздэг. Орчлон дараах 4 галав /кальпа/-т оршдог: Хоосон галав, Үүсэх галав, Орших галав, Устах галав. Галав бүр 20 завсрын галавтай. Нийтдээ 80 галав болно. Нэг галав гэж 1 сая 360 000 жилийг хэлдэг. Эхний 60 галавт Будда төрөхгүй.Үлдсэн 20 галавт Будда төрөх боломжтой. Энэхүү галавт дөрвөн Будда мэндэлсэн. Эхний будда Кракучхандахүний нас 80 000 байх үед Замбуутивд мэндэлсэн. Дараагийн будда Канакамуни хүний нас 40 000 байх үед мэндэлсэн. Дараагийн будда Кашьяпа хүний нас 10 000 байх үед мэндэлсэн. Эдүгээгийн будда Шакьямуни хүний нас 100 хүрэхгүй болсон үед мэндэлсэн. Яагаад хүмүүсийн нас ингэж их хорогдсон юм бэ гэвэл хүмүүсийн үйлдсэн нүгэл улам ихэссэн тул хүний нас төдий чинээ богино болсон аж. Будда замбуутивд төрөхийн өмнө диваажингийн Түшит тэнгэрийн оронд Девапутра хэмээх нэртэй Бодисатва болон мэндэлсэн байжээ. Девапутра арслангийн ширээн дээр заларч диваажингийн орны бүх бурхадад ном айлддаг байв. Нэгэн удаа гурван цагийн будда нар түүнд зориулж нэгэн дуу өргөж гэнэ.Энэ дуунд: Сансар ертөнц нисваанисийн галд шатаж байнам. Агуу бурхан минь, өөрийнрашаанаар үүлийг дүүргэж ариун бороогоор нисваанисийн галыг унтрааж өгнө үү” гэцгээж гэнэ. Девапутра энэ дууг ихэд анхаарч замбуутивийн ертөнцийг бясалгахад тэнд төрсөн хүмүүс 66 буруу үзэлд орж, нүгэл нь дэвэрч, нас нь улам богиносч байгааг олж харав. Девапутрад үлэмж их боди сэтгэл төрж замбуутивийн хөөрхий хүмүүсийг нүглээс аврахаар шийдэв. Энэ бүгдийг мэдсэн бурхад Девапутрад нүглээр дүүрсэн Замбуутивд төрөхөөр яваад хэрэггүй гэцгээв. Гэвч Девапутра тэдний үгийг сонссонгүй. Девапутра хамаг амьтны тусын тулд Замбуутивд мэндлэхээр шийдэв. Хаана, хэнийх гэдэг айлд төрөхөө бясалгав. Замбуутивийн Жагар орны долоон үеэрээ ариун явсан Шакья омог, 32 муу шинжээс ангижирсан, таван их нүглээс чөлөөлөгдсөн Махамайя хатны хэвлийд залрахаар шийдэв.Ингэж шийдээд Девапутра өөрийнхөө заларч байсан номын ширээнд Майдар бурханыг залж, бурхадын зургаан ертөнцөд хүний ертөнцийн замбуутивд хамаг амьтны тусын тулд залрахаар явах гэж байгаагаа зарлан тунхаглав.
Одооноос 2500 жилийн тэртээ Жагарын орны Хималайн уулсын өмнөд хормойг тойрон урсах Рохини голын эрэг дээр Шагжа омгийн улсын нийслэл Капилавасту балгаст Шуддодана Гаутама буюу Ариун идээт хаан амьдарч байжээ. Тэрбээр шулуун шударга, цэцэн мэргэн хэмээн алдаршиж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хаан байв. Хааны хатныг Маяа хэмээнэ. Тэрбээр мөнөөх Шагжа омгийнхны үүсгэж буй болгосон хөрш зэргэлдээ орших нэгэн улс гүрний эзэн хааны нагац ахын охин буюу Эзэн хааны үеэл дүү байжээ. Хаан, хатан хоёр гэрлэснээс хойш хорь гаруй жил улирсан ч, тэдэнд нуган үр заяасангүй. Нэгэн удаа хааны хатан Махамая нэгэн том уул түүний дэр болж, нэгэн цагаан заан баруун сугаар нь хэвлийд нь орж бие давхар болов хэмээн сонин зүүд зүүдлэв. Эзэн хаан болон ордныхон, мөн ард түмэн нь хоног өдрийг хуруу даран тоолж, мэндлэх хүүхдийг тэсэж ядан хүлээжээ. Бие хөнгөрөх цаг болоход хааны хатан ард түмнийхээ ёс заншлыг дагаж, төрсөн гэртээ амаржихаар явлаа. Зам зуураа Лумбини цэцэрлэгт алжаал тайлахаар түр саатжээ. Ээлтэйхэн хаврын урин дулаан цаг тул эргэн тойрон үзэсгэлэнт сайхан ашока мод цэцэглэж байлаа. Хааны хатан цэцгээ дэлгэсэн модны мөчир таслах санаатай баруун гараа сунгатал хүү нь мэндлэв. Сиддхарта хан хүүг мэндэлсэн тухай болон Бурхан багшийн намтар цадигийг эртний энэтхэгийн яруу найрагч, жүжгийн зохиолч, бурханы шашинтан Ашвагхоша одооноос хоёр мянган жилийн өмнө самгарди хэлээр туурвисан“Buddhacharita” буюу “Бурхан багшийн амьдрал” хэмээх туульсдаа яруу тодоор бичсэн байдаг.Энэхүү туульст: “Бяцхан хан хүү Сиддхарта мэндлэх үед үүлгүй тэнгэрт солонго татаж, үүлгүй тэнгэрээсзандан үнэрт хур бууж, улаан, хөх бадам цэцэг асгарч, газраас рашаан ус оргилж байжээ. Бяцхан хан хүү эхээс төрөнгүүт ертөнцийн найман зүг долоо долоон алхам алхаж, “Хамаг амьтны тусын тулд эрдэм бүтээхээр ирлээ” хэмээн хүний хэлээр ярив. Бяцхан хан хүүгийн гишгэсэн газарт бадамлянхуа цэцэг дэлгэрч байв” гэжээ. Ийнхүү дөнгөж төрсөн хатан, шинээр мэндэлсэн хан хүү хоёрыг ерөөн адислаж, эргэн тойрон дуу хуур эгшиглэн найрсав. Хаан өөрийн хаан орыг залгах хан хөвгүүнтэй болохыг туйлын ихээр хүсэж байсан учраас шинэхэн мэндэлсэн нуган үрээ үзээд хөл газар хүрэхгүй болтол баярлаж, үзэмж төгс бяцхан хүүгээ олон түмэнд харуулах үүднээс их найр хуримыг үүсгэжээ. Найранд хүрэлцэн ирсэн хол ойрын олон гийчид бүгд л бяцхан хан хөвгүүний үзэмж төгс дүрийг ам амандаа шагшин гайхацгаав гэнэ. Тэр их найр хуримын үеэр нэгэн үл таних мэргэн өвгөн зочилон ирсэн бөгөөд тэрээр өөрийн цэцэн ухаанаар олныг бишрүүлж хүндэтгэлийг ихэд олов гэнэ. Энэ мэргэн хүний Асита мэргэн гэдэг байв. Гэтэл мэргэн өвгөн бяцхан хөвгүүнд дөхөн очиж удаан шинжсэний эцэст ихэд уйлан хайлав гэнэ. Машид балмагдан сандарсан хаан "Та юунд ийн уйлав?", "Хүү минь үзэмж төгөлдөр биш байна гэж үү?", "Бяцхан ханхүү улс гүрнээ захирсан их хаан болж дийлэхгүй гэж үү?" гэхчилэн асуухад өнөөх мэргэн Асита ийн өгүүлвэй: "Хаантан, таны хүү үнэхээрийн үзэмж төгс нэгэн бөлгөө. Таны хүү хаан болж гэмээ нь агуу их хаан болох нь лавтай билээ. Гэвч таны хүү хаан оронд суулгүйгээр үнэнийг эрэлхийлсэн оюун санааны бадарчин болвоос илүү аугаа их үйлс зохиолыг туурвих юм байна. Би хаантан таны бяцхан ханхүүгийн төлөө биш, гагц өөрөө өөртөө харамсахын эрхэнд уйлж буй билээ. Эдүгээ миний бие нэгэнт өтөл насны босгыг алхсан тул, таны хүүгийн төрөлхтөн олны багш болж гэгээн их үйлсээ туурвих тэр сайхан цагийг үзэж чадалгүй нүд аних гашуун үнэнийг мэдсэн учраас ийн уйлав” хэмээн хариулжээ. Үүнийг сонссон хааны сэтгэл их зовниж эхлэв. Учир нь тэрээр цаг нь ирэхэд энхрий ганц нуган үрээ өөрийн хаан оронд суулгахыг туйлын ихээр хүсэж байсан юм.Тиймээс тэрээр ханхүүгээ алс хэтийн нэгэн өдөр хаант улсаа орхин оюун санааны бадарчин болж одохоос бүх талаар сэрэмжилж тэрхүү хувь төөргийг нь өөрчлөхийн тухайд чадах бүхнээ хийхээр шийдсэн гэдэг. Улмаар хаантан хан хөвгүүндээ зориулан өвөл, зун, борооны улиралд тус тус суух гурван үзэсгэлэнт харшийг байгуулж, эдийн дээдээр тохижуулан тансаг сайхан бүхнийг цогцлоожээ. Тэгээд ханхүүг орд өргөөнөөсөө гарахгүй байх бүх нөхцөлийг бүрэлдүүлж, тэр ч бүү хэл ханхүүд үйлчлэх ордны бүх зарц шивэгчид эрүүл чийрэг бөгөөд залуу сайхан байх ёстой хэмээх зарлиг буулгасажээ. Тиймээс хэрвээ зарц шивэгчдийн дотроос хэн нэгэн нь өвдвөл түүнийг үтэр түргэн ордноос гаргаж, түүгээр ч үл барам ордон доторх цэцэгсийг хатаж гундахаас нь өмнө солих зэргээр бяцхан ханхүүд ямарваа зовлонгийн шинж дохиог өчүүхэн төдийд ч үзүүлдэггүй байжээ.
Ийнхүү он жил харвасан сум шиг өнгөрч Сиддарт хунтайж өөрийн үзэсгэлэнт орд харшийн дотор эрүүл чийрэг бөгөөд гойд ухаалаг сайхан залуу болон өсчээ. Ханхүү нь аливаа зүйлийг сурахдаа маш түргэн байсан гэнэ. Хан хүү нум сумаар бай харвах, бөх барилдах, морь унах зэрэг бүх урлагийг гаргууд эзэмшжээ. Хунтайж өөрөө өнгө үзэмж төгс нэгэн байсан бөгөөд гүнж сонгох тэмцээнд ялсаны тул улс гүрнийхээ хамгийн үзэсгэлэн төгөлдөр Ясодора хэмээх бүсгүйг хатан болгон авчээ.Удалгүй залуу хос Рахул хэмээх өхөөрдмөөр бяцхан хүүтэй болсон гэдэг.Энэ бүх хугацаанд хунтайж хаан эцэгтээ "Орд өргөөнөөс гарч хаант их улсаа үзье" хэмээх хүсэлтээ дахин дахин айлтгадаг байсан боловч тухай бүрд татгалзсан хариу сонсдог байжээ. Тиймээс ордны цайз хэрэмнээс гарч үзэхийг үнэхээр хүсдэг байсан залуу хунтайж цаг үргэлж гуниглангуй явдаг болсон байна. Эцэст нь хаан эцэг нь хан хөвгүүнийхээ эл байдлыг бодолцон бас нөгөө талд нэгэнт үзэсгэлэнт хатан, бяцхан хөвгүүнтэй болсон тул ордныг орхин одох аюул эдүгээ үгүй биз ээ хэмээн сэтгээд түүний хүсэлтийг зөвшөөрсөн гэдэг. Тэгээд хаан өөрийн биеэр ханхүүгийнхээ ордноос гарах өдрийг урьдаас товлон бэлтгэж тэр өдөр ард олон ханхүүтэй хэрхэн мэндчилэх тухайд чанад хатуу зарлиг буулгажээ. Тэр зарлигт: "Хунтайж хот балгадаа тойрч ард олныхоо ахуй амьдралтай танилцах гэж байна. Эл өдрийг тохиолдуулан хүн зон даяараа хамгийн гоёмсог хувцсаа өмсөн баяр хөөрийг бадраах бөгөөд хунтайжийг хүн бүр цэцгэн хэлхээ шидэлж баясгалантайгаар инээмсэглэн угтах ёстойг мэдтүгэй. Хунтайжид өвчтэй, өтөлсөн зэрэг ядарч доройтсон хүн нэгийн төдийг ч харуулах, ерөөс ямарваа зовлон гаслангийн шинж тэмдэгийг үзүүлэхийг цээрлэж чанадлан сахитугай" хэмээжээ. Ингээд товлосон өдөр болоход хунтайж тусгайлан сайтар бэлтгэсэн шилдэг сайн морьд хөлөлсөн гоёмсог дэгжин сүйх тэргээр ордноос гарч төрөлх хот балгадтайгаа танилцав.Түүнийг хаана ч явсан хурсан олон түмэн ихэд баяр хөөртэй угтан сүйх тэрэг рүү нь өнгө өнгийн цэцэг шидлэн байлаа. Түүний гэгээн дүрийг үзсэн ард олон "Манай хунтайж юутай үзэмж жавхлан төгс хүмүүн билээ" гэлцэн цуу алдацгаах бөгөөд хунтайж ч "Хаант улс минь юутай сайхан, юутай гайхалтай вэ? Ард түмэн минь юутай баясгалантай, юутай гайхалтай вэ" хэмээн бахдаж явав гэнэ. Гэтэл хунтайж гэнэт бөгтөр нуруутай нэгэн хачин жигтэй хүн нарийн гудмаар хазагнан алхаж явахыг үзэв гэнэ. Ихэд гайхсан хунтайж тэргэний хөтөчөөс "Энэ юун хүн бэ? Юуны учир бусад хүмүүсийн адил инээж баясахгүй байгаа юм бэ?" гэж асуухад хөтөч "Тиймээ хунтайж минь, энэ бол өтөлж доройтсон хүн. Хэн боловч өтлөхөөрөө ийм л болдог. Би, та, таны хатан, таны хаан эцэг бүгд л цаг нь ирэхэд ийм болох жамтай юм" хэмээн хариулав. Үүнийг сонссон хунтайж ихэд цочирдов гэнэ. Учир нь тэрээр урьд өмнө өтөлж хөгширсөн хүнийг ер үзэж өнгөрсөн удаагүй бөлгөө. Ингээд тэд цааш хэсэг явтал нүүр ам нь яр шарханд баригдсан нэгэн залуу зам дээр хэвтэж байхтай таарчээ. Хунтайж мөн л гайхаж "Энэ бас юун хүн бэ? Юуны учир ийн хэвтэнэ вэ? Бас үзтэл залуу хүн байтал юунд бусад хүмүүсийн адил инээж хөгжихгүй байна вэ?" гэж дуу алдахад хөтөч нь "Энэ хэдийгээр залуу хүн мөн боловч хэцүү бэрх өвчинд нэрвэгджээ" гэж хариулав. Гайхширсан хунтайж "Олон хүн ингэж өвддөг үү?" гэж асуухад "Тэгэлгүй яахав олон хүн өвддөг. Тэр ч бүү хэл, та, би, таны хатан, таны хүү, эцэг бүгд өвчин тусахгүй гэх бат үгүй билээ. Бид нэгэнт хүмүүний биеийг олж төрсний учирт элдэв өвчин зовлонгоос ангид байх боломжгүй билээ" хэмээн хөтөч хариулжээ. Үүнийг сонссон хунтайж мөн л цочирдох гайхах зэрэгцэн явбай. Тэндээс төдий л холгүйхэн газарт яваад хэсэг хүмүүс нэгэн хөдөлгөөнгүй хэвтсэн хүнийг өргөн явахтай тааралдав. Үүнийг хараад хунтайж мөн л хөтчөөсөө "Энэ юун хүн бэ? Яагаад хөдлөхгүй байгаа юм бэ?" хэмээн асуухад хөтөч "Энэ хүн нас баржзэ. Дахиж хэзээ ч хөдлөхгүй" хэмээж гэнэ. Хунтайж "Олон хүнд ийм зовлон тохиодог уу?" гэхэд түүний хөтөч "Тэгэлгүй яах вэ та, би, таны хатан, таны хүү, эцэг ч мөн ялгаагүй хэзээ нэгэн цагт үхнэ шүү дээ"гэв. Үүнийг сонссон хун тайж урьд урьдынхаас илүүтэй цочирдон гайхжээ.Ийн хүүрнэлцээд тэд цааш давхин хотоос гарч хөдөө газар ирэхэд хунтайж сүйх тэргэнээсээ бууж модны сүүдэрт суугаад үзэж харсан зүйлсээ эргэцүүлэн бодов гэнэ, Эцэст нь тэрбээр эргэн тойрноо ажиглаад дотроо "За тэгвэл өтлөхүй, өвдөхүй, үхэхүйн зовлон гэж байдаг юм байж. Харин ядаж л энд бүх зүйл үзэсгэлэнтэй сайхан байна даа" гэж бодов. Үнэхээр л нар халуун дулаанаар тааламжтайхан ээж модон дээр шувууд жиргэж, тэртээд нэгэн өвгөн анжисаар газар хагалж байв. Гэвч тэднийг сайтар нягтлан ажигласны эцэст хунтайж шувууд хэн нэгэн бидэн рүү довтлох вий гэх шиг айж сэрэмжилсэн байдалтай жиргэж газар хагалж буй өвгөн ч туранхай, бөгтгөр бөгөөд эцэж ядарсан нэгэн болохыг мэдэв. Тэр өвгөн хөлөлсөн үхрээ ташуурдан анжсыг чирэх аясаар газар хагалагдаж, газрын хөрсөн дороос олон янзын өт хорхой гарч ирэх бөгөөд тэр даруйдаа л шувууны хоол болж байлаа.Энэ бүхнийг үзээд хунтайж "Энд ч бас зовлон гаслангаар дүүрэн ажээ. Бидний амьдрал бүхлээрээ зовлон гаслан юм байна" гэж бодов. Ингээд тэрээр тэргүүнээ дээш өргөн хартал биеэ жирийн нэг даавуугаар ороож бадар аяга барин таяг тулсан нэгэн өвгөн явж байхыг үзэв гэнэ. "Та хэн бэ, юун хүн билээ?" гэх хунтайжийн асуултад өнөөх өвгөн "Би үнэнийг эрэлхийлсэн оюун санааны бадарчин билээ" хэмээн хариулвай. Үүнийг сонсоод хунтайжийн сэтгэл туйлын ихээр хөдөлж, "би ч бас энэ адил үнэний эрэлчин болсуу. Энэ л миний амьдралын зорилго мөн" хэмээн боджээ. Ингээд хунтайж орд өргөөндөө буцаж ирсэнээс хойш сэтгэл тогтох зүйлгүй болсон байв. Гагц ордноос хэрхэн гарах тухай бодол л түүний санааны мухраас хормын төдийд ч салахгүй байлаа. Үүнийг ажиглаж мэдсэн хаан эцгийн сэтгэл машид түгшиж эхлэв.Тиймээс ордны эргэн тойронд харуул манаа тавьж, хунтайжийг нуд салгалгүй сайтар сахиж байхыг тушаажээ. Гэвч нэгэн өдөр ордонд болсон найрын үеэр согтон унасан харуулуудын сиймхийгээр хунтайж үүрээр босч нойрсож буй хатан, хүү хоёртойгоо салах ёс гүйцэтгээд, хөтчийн хамтаар ордныг орхин одвой.Тэд хурдлан давхисаар их ойд ирмэгц хунтайж мориноосоо бууж урт үсээ тайран авч хунтайжийн өмсгөл, чимэг зүүлтийг тайлан хөтөчдөө өгөөд "Энэ өдрөөс эхлэн би жирийн даавуун хувцас өмсөх болно. Энэ бүхнийг хаан эцэгт минь хүргэж өг. Хаан эцэгт минь намайг сайн байгаа, үнэнийг эрэлхийлэхээр бадарчилан одов. Өөрийн ард түмнээ зовлонгоос гэтэлгэх арга замыг олохоос нааш эгэл амьдралаар замнахгүй гэлээ хэмээн хэлээрэй" гэхэд хөтөч нь ихэд уйлан хайлжээ. Тэгээд хөтөч ордны зүг буцав гэнэ.
Сиддарт хунтайж ийнхүү даяанч хуврагболохоор шийдэж, хүнгүй, аглаг ойн гүн рүү орхимж нөмрөн хөл нүцгэн алхаж оржээ. Хан хүү нүцгэн хөлөөрөө элдэв өргөст газрыг туулан явсаар хан хүүгийн булбарай хөл нь эхлээд өргөст хатгуулан цус болж сүүлдээ хөл нь хатуу чанга болж өргөс хатгасан ч тоохгүй болж ямар ч газрыг хөл нүцгэн ажрахгүй туулдаг болов. Хааны ордонд зөгийн балтай сүү, амтат жимс зооглодог , өндөр зөөлөн өдөн дэртэй тансаг орон дээр унтдаг Сиддхарт хан хүү ийнхүү аглаг газар модны ёроолд бясалгаж унтдаг, голын усаар ундаалдаг, ойд ургасан атга жимсээр хооллодог эгэл жирийн даяанч хувраг болов.Сиддарт ханхүү хааны тансаг ордон, өрлөг эх, хаан эцэг, үзэсгэлэнт гүнж Ясодара, энхрийн бяцхан хүү Рахулаа орхин явах хэцүү байсан ч “би ордондоо өөрийн жаргал таашаалын төлөө бүх насаараа тансаглан амьдрах юм бол гэгээрэлд хүрч чадахгүй юм байна, хамаг амьтныг зовлонгоос салгах арга замыг олохгүй юм байна, учир иймд хуврагийн амьдралаар амьдарч гэгээрлийг олох нь хамгаас чухал юм байна” хэмээн сэтгэж ахуй ертөнцийг орхиж даяанч хувраг болсон билээ.Сиддарт хан хүү зургаан жилийн турш аглаг ойн дунд номын олон их багш нарт шавилан суралцаж чанад хатуу дияан бясалгалыг үйлдэв гэнэ. Тэрээр бусад бүх даяанчдаас хатуужил шамдалаараа гойд ялгарч байсан гэдэг. Тэрээр өдөрт нэгийн төдий буудайн үр иддэг байсан тул эцэстээ маш ихээр турж эцэн ядрахын туйлд хүрчээ.Тэрээр юунд ч суралцсан ямарваа эрдмийг үтэр түргэн ойлгодог байв. Гэвч хунтайж энэ бүхэнд сэтгэл үл ханаж "Би одоо хэр нь үнэнийг олоогүй байна. Би зовлон хийгээд зовлонгийн шалтгааныг хэрхэн арилгах арга хийгээд мөрийг олох ёстой" хэмээн өдөр шөнийн алинд ч завсаргүй бясалгадаг байжээ. Нэгэн өдөр тэрээр угаал үйлдэхээр гол руу явах замдаа ихэд туйлдахын эрхээр сульдан унав гэнэ. Тэгээд энэ завсарт сэтгэрүүн: "Би энэ олон жилийн турш ордны тансаг амьдралд умбахдаа үнэнийг олоогүй билээ. Дараа нь олон жилийн турш дияан хийж хатуужин бясалгалаа. Мөн л үнэнийг эс олов. Тэгэхээр ийнхүү аглагт гарч чанад хатуу дияан үйлдэхийн ач үр юу байхсан билээ? Иймд би бээр энэ хоёр туйлын төв бөгөөд гол дундаж мөрийг баримталсугай" хэмээн бодов. Чухам тэр үед ойн захын нэгэн тосгоны дөнгөж хүүхдээ төрүүлсэн Сүнжита бүсгүй эрүүл сайхан төрж хүүтэй болсондоо ихэд баясч ойн савдагт өргөл тахил өгөхөөр зөгийн балтай сүүтэй будаа авч явж байгааднэгэн эцэж турсан даяанчтай таарч түүнийгөрөвдөн сүүтэй будаагаа өргөл болгон өгчээ. Даяанч хунтайж өглөгөөс татгалзсангүй. Үүний ачаар хан хүүгийн хүч тэнхээ тэр даруйдаа сэргэж гэнэ. Энэ явдлыг үзсэн бусад таван дияанчийн хунтайжийг бишрэн хүндлэх сэтгэл алдарч "Тэр үнэний эрлээс шантрав. Бид түүнтэй шадарлахаа больё" гэлцвэй. Гэтэл хунтайжийн "Үнэн мөнийг олох хүсэл" улам бүр арвидан бадарч Нирэнзэн мөрнийг гатлан Бодигаяа хэмээх газарт хүрч Бодь модны дор суудал засаад "Би бээр зовлонгийн шалтгааныг олох хүртлээ эндээс босохгүй" хэмээх тангараг талбиад гүн бясалгалд тэгш оров гэнэ. Үүнийг үзсэн Шулмасын аймгийнхан "Энэ хүмүүн гэгээрлийн хутгийг олоход машид ойртсон байна" хэмээн айн үймэлдэж хунтайжийн сэтгэлийг төрөл бүрээр сарниулахыг оролдож эхэлвэй.Тэд эхлээд сэтгэлийг нь сацраахын тулд үзэсгэлэнт эмсийг хувилган илгээж түүнийг тойрон бүжиглүүлэхэд хунтайж огтхон ч түйртэлгүйгээр мөнх бусыг бясалгамагц өнөөх үзэсгэлэнт эмс хөгшин хатингар болон урваж үтэр тонилон одоцгоов гэнэ. Шулмасын аймгийнхан хунтайжийг хорлохоор дахин завдаж цэргээ илгээн зүрхэн тус газрыг нь онилон сум тавиулж гэнэ. Гэтэл хунтайж аврал хайрын сэтгэлийг бясалгамагц шуламын харвасан олон сум лянхуа цэцгэнд хувилан өлмий дор нь унацгаах ажээ.Ийнхүү тэрбээр асрахуй сэтгэл өслөн уурлахаас хүчтэй болохын үлгэрийг үзүүлэв гэнэ. Аргаа барсан шулмас хунтайжийг сорьж "Чи хэн болоод өөрийгөө гэгээрч чадна гэж бодсон юм бэ?" гэхэд тэрээр "Би урьд номыг бясалган их буяны чуулганыг хураан үйлдсэн нэгэн билээ. Харин одоо чанагуух үнэнийг ухааран онох цаг нэгэнт болжээ" хэмээн өгүүлвэй. Шулмас "Үүнийг чинь хэн нотлох юм бэ?" хэмээн дахин нэг сориход хунтайж "Энэ газар шороо намайг гэрчилнэ" хэмээн өгүүлээд баруун мутраа газарт хүргэмэгц газрын сахиус цухуйж "Энэ туйлын үнэн билээ. Тэрээр урьдын олон төрөлдөө өөрийгөө бусдад зольсон юм. Харин эдүгээ түүний зорьсондоо хүрэх цаг нь нэгэнт болжээ" хэмээн гэрчилэв гэнэ.
Ийнхүү шулмасын аймаг номхотгогдож хунтайж гүн бясалгалд ажирсаар ялж төгс нөгцсөн Бурханы хутгийг олжээ.Энэ мөчөөс эхлэн хан хүү Будда буюу Бурхан багш Ялж төгс нөгчсөн, Түүнчлэн ирсэн, Сайваар ажирсан, Амарлингуй оршигч, Бүхнийг айлдагч, Чадагчийн эрхт, Шагжагийн арслан зэрэг олон алдар нэртэй болсон бөлгөө. Юуны түрүүн Шагжамуни зургаан жилийн турш хамт хатамжлан зовж бясалгаж байсан, эдүгээ Варанасийн Мригадавад амьдарч буй таван даяанч дээр очиж дөрвөн үнэний сургаалиа айлдаж Бурханы шашиндаа оруулжээ. Эхлээд тэд цэрвэн зугтахыг оролдож байсан боловч сургаал айлдахыг нь сонсож түүнд бүрэн итгэл найдвараа өгч, анхны шавь нар нь болов. Тэрбээр Ражагрихад байхдаа Эзэн хаан Бимбасараг Бурханы шашиндаа оруулжээ. Шагжамуни түүний ордонд заларч орон даяар ариун сургаалаа айлдаж эхлэв. Хүмүүс цангахдаа ус, өлсөхдөө хоол хүсдэг лүгээ адил Буддагийн сургаалийг сонсохоор түүн рүү тэмүүлэн цувж байлаа. Эндээс үнэнч шавь Шарибудари, Модгальяана нарыг олж, мөн хоёр мянга гаруй хүн түүнд шавь оржээ.Бурхан багшийн сургаалийг сонссон эзэн хаад, хан хөвгүүд хаан ширээгээ орхиж, цэргийн жанжин нар зэр зэвсгээ хаяж чин сэтгэлээсээ бишрэн Бурханы ариун шавь нь болж байлаа. Тэр үеиийн энэтхэгийн ведийн мэргэд, хинду шашны багш нар Бурхан багшийн эрдмийг биширч, толгой дараалан Бурханы шашинд орж байлаа. Хулгайч, дээрэмчин, хорон санаат хүн хүртэл номхорч, муу сэтгэлээ ариусгаж Бурхан багшийн ариун сургаалд толгой дараалан орж байлаа. Бурхан багшийн алдар нэр, эрдэм ном Жагарын орон даяар түгж эхлэв. Гэтэл үүнд атаархсан Сиддхартын үеэл Девадатта Буддаг хорлохыг хүсч түүний эсрэг галзуу зааныг тавьж, бясалгаад сууж байсан газар луу нь өндөр уулын оройгоос том чулуу өнхрүүлж байв. Гэвч галзуу заан Буддагийн энэрэнгүй нүдийг харж зогтусч номхров. Өнхрүүлсэн том хар чулуу нь дундуураа хагарч Будда эсэн мэнд үлдэв. Девадатта Буддагийн байгуулсан Сангхаг / Хуврагийн чуулган / дотроос нь хагаралдуулж тараахыг санаархав. Тэр үеийн бөөгийн багш нар Буддагийн нэр хүндийг унагахыг оролдов.Тэд нэгэн бүсгүйд мөнгө өгч Буддаг гүтгэв.Тэр бүсгүй олны өмнө “Би Буддатай хамт унтсан. Энэ бол Буддагийн хүүхэд” гээд нэгэн өлгийтэй зүйл үзүүлэв. Гэтэл тэр өлгий нь гэнэт задарч мод ороосон өлгий байсан нь илрэв. Будда бусдын элдэв гүтгэлэг, дайралтыг даваад гарав. Буддагийн ном эрдэм олны талархлыг хүлээв. Будда ямар ч хүнийг баян хоосон, залуу хөгшин, эр эм гэлтгүй тэгш үзэж, эрдэм номоо тэдэнд ямар ч үнэ төлбөргүй заасаар байв. Будда хамаг амьтны тусын тулд авралын сургаалиа арван зүгийн хүмүүст алагчлалгүй заав. Ийнхүү Шагжамуни 45 жилийн турш ариун дээд сургаалиа айлдаж наян нас сүүдэр зооглов.
Будда Ражагрихаас Шравасти орох замдаа Вайсали хэмээх газар бие нь алжааж, “Би гурван сарын дараа Нирванд орно” хэмээн шавь нартаа хэлжээ. Тэгээд номлол сургаалиа айлдаж явсаар Пава хэмээх газар очиж, тэнд Чунда хэмээх дархны өргөн барьсан зоогийг амсаад өвчин нь хүндрэв. Өвчин зовлонд шаналж, улам ядарч сульдсан ч Будда цаашаа Кусинагара руу явжээ. Тэрбээр Кусинагара балгасын захад сала хэмээх ойд очих үед бие нь улам хүндэрч,хоёр өндөр модны хоорондох газар хажуугаараа харж хэвтэв. Газар дээр ийн хэвтэж байхдаа ч Будда шавь нартаа ном сургаалиа айлдсаар байлаа. Кусинагарагийн ойролцоо сала хэмээх ойд Шагжамуни сүүлчийн удаа сургаалиа айлдав. Будда шавь нартаа хандаж номлосон нь: “Та нар өөрсдөө бусдын төлөө ассан гэрэл болцгоо! Та нар өөрсдөө өөрсдийнхөө түшиг тулгуур болж, хэнд ч бүү найдаж бай! Миний сургаал та нарт гэрэл гэгээ, түшиг тулгуурын аль аль нь болог! Бусад сургаал, номыг түшиж тулахаас цээрлэ! Бохир биеэ хараад бохирыг нь ухаарч, хэзээ ч гоё чамин хувцас бүү хүсч бай! Баяр цэнгэл, зовлон зүдгүүрийн аль аль нь зовлонгийн шалтгаан гэдгийг ухаарч, цэнгэл жаргалд автахыг цээрлэ! Сэтгэл санаагаа шинжээд тэнд өөрийн чинь "Би" бээр огт байхгүйг ойлгож, сэтгэлийн хөдөлгөөндөө бүү хуурт! Эн бүгдийг мэдсэн цагт та нар зовлон зүдгүүрээс үүрд ангижирна. Намайг энэ ертөнцөөс халин одсоны дараа ч гэсэн та нар, миний сургаалыг үнэн зөв даган мөрдөж чадвал, миний шавь болж чадна.
Миний номлосон бүх сургаалыг цаг ямагт санаж яв, тэдгээрийн тухай үргэлж бодож бай, утга учрыг нь онохыг хичээ, ямар ч үед тэдгээрээс бүү татгалз. Хэрэв миний сургаалыг үнэн зөв дагавал та нар жинхэнэ амар амгалан, аз жаргалыг амсана. Миний сургаалын хамгийн гол нь санаа сэтгэлээ удирдаж чаддаг болоход оршино. Өөрийнхөө хүслийг хазаарлан номхотгож, өөрийгөө ялж сурах хэрэгтэй. Биеэ зөв авч явж, зөв үйл хийж, сэтгэл санаагаа ариун байлгаж, хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Шунал хүслээсээ татгалзаж, уур хилэнгээ номхотгож, нүглээс зайлж, амьдрал мөнх бусыг үргэлж санавал зохино. Зүрх сэтгэлд чинь хүсэл шунал, нүгэл хилэнц орогновол, түүнийг ялах хэрэгтэй. Зүрх сэтгэлдээ бүү захирагд, харин зүрх сэтгэлийнхээ эзэн нь болох хэрэгтэй. Зүрх сэтгэл нь хүнийг Бурхан ч болгоно, буг ч болгоно. Төөрөлдсөн хүн шулам, гэгээрсэн хүн Бурхан болно. Санаа сэтгэлээ ариун байлгаж, буяны замаасаа бүү хазай.
Ус, сүү лүгээ адил бие биентэйгээ зохицож бай, ус, тос лугаа адил нэг нэгийгээ бүү түлх. Миний сургаалыг хамтдаа дагаж мөрд, сурч ухаар, хамтдаа төгс төгөлдөр болж, нэг нэгэндээ тусалж, буяны зам мөрд эргэлт буцалтгүй орж, баяр баясгалангаа хуваалцаж бай. Хэрэггүй юмыг эс шохоорхож, ашиггүй юманд цагаа бүү зарцуул, гэгээрэн гийхийн цэцэг, буяны зам мөрийн үр жимснээс хүртэж яв. Би бээр, та нарт өгч буй сургаалиа гэгээрсний үр дүнд ухаарсан юм. Та нар энэ сургаалыг баримталж, хатуу мөрдөх хэрэгтэй. Миний сургаалыг дагахгүй бол миний дэргэд байсан ч намайг олж харахгүй. Харин сургаалыг минь дагавал надаас үлэмж хол байсан ч үргэлж хамт байна. Шавь нар минь, удахгүй миний цаг болох гэж байна. Та нараасаа салах цаг ойртлоо. Гэвч та нар гуньж гутарч үл болно. Амьдрал мөнх бус, энэ ертөнцөд төрсөн хэн боловч үхнэ. Би бээр үхэхэд миний бие модон тэрэг лүгээ адил өмхөрч алга болно. Ингэж хүний оршин тогтнох мөнх бус гэдгийг дахин батална. Бүү гуньж гутарцгаа. Ертөнцөд ганц ч мөнх юм үгүйг ухаарч, хүний оршин тогтнохын утга учрыг онож мэдэцгээ. Хувирч өөрчлөгддөг бүхнийг үл хувиргахыг бүү хүс. Энэ хүсэл хэзээ ч бүтэж биелэхгүй. Энэ ертөнцийн тачаал шуналын шулам хэзээд бэлэн байдаг бөгөөд сонор сэрэмж чинь сулармагц та нарыг эзэмдэж эрхэндээ оруулна. Хэрэв гэрт чинь хорт могой үүрлэвэл, тэр амьтныг хөөж гаргахаас нааш амар амгалан нойрсож чадахгүй шүү дээ. Ертөнцийн тачаал шуналын шулмыг хөөж зайлуулах хэрэгтэй. Ертөнцийн хүсэл шуналын могойг хөөн гаргах хэрэгтэй. Сэтгэл санаагаа та нар сонор соргог хамгаалах ёстой. Шавь нар минь, миний цаг ирлээ. Гэвч энэ бол миний бие махбодын үхэл гэдгийг бүү мартаарай. Хүн биеийг эцэг эхээсээ олдог, олсон биеэ хоол хүнсээр торддог учир, тэр нь эмгэгт хялбархан өртөж, шарх сорви авах нь ч түргэн, эцэстээ эвдэрч нурах л хувь тавилантай юм. Бурханы мөн чанар бие махбодод нь бус, гэгээрэхэд нь оршино. Бие махбод эвдэрч нурна, гэтэл гэгээрэл нь Номын үнэн болон үйл хэрэг нь мөнх оршиж байдаг. Бие махбодыг минь харж буй хүн бус, харин сургаал номыг минь ухаарч буй хүн л намайг олж үзнэ. Амьсгал хураасны минь дараа миний орхиж үлдээсэн Ном та нарын багш болно. Та нар түүнийг хайрлан хадгалж, тэгснээр надад үнэнч зүтгэх ёстой. Шавь нар минь, амьдралынхаа сүүлчийн 45 жилд би бээр айлдах ёстой болгоноо айлдсан, хийх ёстой бүхнээ хийсэн. Одоо та нарт үзүүлээгүй нууц надад байхгүй. Миний дотор ч тэр, миний гадна ч тэр хаана ч байхгүй. Би Номлох бүхнээ номлосон. Шавь нар минь, миний цаг ирлээ. Би бээр Нирванд орлоо. Энэ бол миний сүүлчийн номлол” хэмээн айлдав. Чингээд агуу их сургаал номлогч Бурханы үүргээ бүрэн гүйцэд биелүүлж дуусаад алгуурхан Нирваанд оров.
Шагжамуни Нирван дүрийг үзүүлсний дараа Кусинагара балгасын иргэд гүн их уй гашууд автжээ. Бурханы хайртай шавь Анандын айлдсанаар тэд багшийнхаа шарилыг ариун галд өргөв. Ажатасатра хаан, мөн Энэтхэгийн долоон хаан Шагжамунийн чандраас хүртээхийг хүссэнд Кусинагара балгасынхан татгалзаж, чингээд дайн дэгдэв. Гэвч Дрона мэргэний зөвлөсний дагуу Бурхан багшийн чандрыг найман улсын дунд хуваажээ. Шагжамунийн чандраас өөр олон улс, хүмүүс ч хүртжээ. Бурханы ариун чандраас нь олдсон сувдан эрдэнийг/ Буддын гэгээрсэн мэргэн лам нарын чандраас цагаан сувд олддог бөгөөд тэрхүү сувдыг ринсэл гэдэг юм /хүмүүс нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болов.
Бурхан багш юуны учир ном сургаалиа айлдсан бэ? гэвэл Хамаг амьтын тусын тулд хамаг амьтныг элдэв зовлонгоос гэтэлгэж, энх амгалан жаргаах гэсний тулд болой. Будда хутагтын дөрвөн үнэний тухай :”Энэ Зовлон хутагтын үнэн болой. Энэ Бүхэн гарахуй хутагтын үнэн болой.Энэ Мөр хутагтын үнэн болой. Энэ Хорихуй хутагтын үнэн болой” хэмээн айлдсан. Будда: “Зовлон бол гэнэт төрөхгүй, хэн нэгэн зовлон бүтээхгүй. Зовлон өөрийн шалтгаанаас үүснэ.Тэр бол Нисваанис /”Klesha”/ болоод түүгээр үйлдвэрлэгдэх “муу үйлүүд” / “Bad karma”/болно. Мөрийн үнэн нь Ёс суртахуун /шагсаабад/, Бясалгал / самади/, Ухаан билиг / пражна/ гэсэн гурван суртгаалд суралцахыг эрхэмд үздэг”хэмээн айлдсан. Энэхүү гурван суртгаал нь Бурхан багшийн айлдсан Илт номын аймаг /Авхидхарма питака/, Сударын аймаг / Сутрапитака /, Номхотхууны аймаг /Виная питака / хэмээх гурван ай сав номд багтсан ажээ.
Бурхан багш: “Гадаад дөрвөн далай шорвог амттай. Миний сургаал авралын амттай” хэмээн айлдсан байдаг. Юунаас авардаг юм бэ? гэхлээр Бурханы сургаал нисваанисаас авардаг, мунхаглалаас авардаг, сансарт эцэс төгсгөлгүй төрөл авахаас авардаг юм. Юуг олдог юм гэхлээр Хүмүүн Бурханы сургаалийг эзэмшсэнээр Боди сэтгэлийг олж,Гэгээрэлийн хутгийг олдог юм. Юунаас гэтэлгэдэг юм гэхлээр Сансарын зовлонгоос гэтэлгэдэг юм. Бурханы номыг заалгахад сайн лам багш, нилээд цаг хугацаа хоёр шаардлагатай. Орчин үеийн жирийн хар хүмүүс их, дээд сургууль төгсөхөд түргэвчилсэн сургалтаар 2.5 жил, энгийн сургалтаар 4 - 5 жил шаардлагатай байдаг. Тэгвэл Бурхан багшийн сургаалийг сайн эрдэмтэй лам багшаар заалгаж эзэмшихэд22 жил шаардлагатай байдаг аж. Зөвхөн боди сэтгэлийг олохын тулд олон жил бясалгах шаардлагатай болдог. Зүгээр хэдэн судар уншаад болчихдог асуудал биш. Бурханы сургаалийг оюундаа дадуулахад олон жил шаардлагатай.Тэвчээр хатуужил, хичээл зүтгэл, оюун билиг ухаан сайтай байх хэрэгтэй.Ингэж чадахгүй бол намрын царцаа мэт энд тэнд үсчих нисваанист сэтгэлийнхээ боол нь болж, гэгээрэл ариусалд хүрч чадалгүй тэр чигээрээмунхаглалын дунд хүний үнэт насыг хий дэмий өнгөрүүлээд дуусдаг.
Бурхан багш сургахдаа: “Хорт сумаар харвуулсан хүнээс чамайг хэн гэдэг вэ?,чамайг хэн харвасан бэ?энэ сум төмөр зэвтэй юү?,хулсан үзүүртэй юу?,хортой юу, хоргүй юу?, хаанаас харвасан бэ?хэзээ харвасан бэ? гэж асуух нь тэнэг хэрэг.Хамгийн гол нь хортой сумыг татаж аваад хорыг нь гаргаад хүний амийг аврах нь чухал.Энэ мэт ертөнцийн эхлэл, төгсгөл бий юу? гэх мэтийн ач холбогдолгүй асуултад хариулах нь чухал биш.Өөрөөр хэлвэл хүн гэдэг амьтан таван сумаар харвуулсан мунхаг амьтан. Нүд,хэл,хамар,чих,бие мэтийн таван эрхтэн сайхан зүйлийг харах гээд,сайхан зоогийг амтлах гээд,зөөлөн эдийг барьж үзэх гээд, чихэнд чимэгтэй аялгуу сонсох гээд ахуй ертөнцөд уяастай байдаг.Хүн шунал хүсэл,уур хилэн,мунхаглал гурваар ахуй ертөнцөд хүлээстэй байдаг.Иймд энэхүү нисваанисийн хүлээснээс хэрхэн гарах вэ? Гаслант сансрын тойргийг хэрхэн гэтлэх вэ?, хэрхэн гэгээрэлд хүрэх вэ? гэдэг нь чухал асуудал” хэмээн айлдсан.Бурхан багш хүмүүст гэгээрэлийн замыг заасан. Бурхан багш хүмүүн бүр гэгээрэхийн тулд магад гарахуй сэтгэлийг үүсгэж, хэмжээлшгүйдөрвөн сэтгэл дээр суурилсан Боди сэтгэлийг олоод Хоосон чанарыг оновоос Бурхан болно гэдгийг хүмүүст заасан. Бурхан багш шавь нарынхаа оюуны чадамжийг харгалзан гурван удаа номын хүрдийг эргүүлсэн хэмээдэг. Анхны удаа хутагтын дөрвөн үнэний сургаалиа Сарнатын гөрөөсний цэцэрлэгт айлдсан, хоёр дахь удаагаа “Билиг барамид судар”-ыг Гридкут ууланд айлдсан, гурав дахь удаагаа тарний номоо Таньяаката хэмээх газарт айлдсан гэдэг. Будда өөрийн сургаалиа анх ард түмэнд хүргэхдээ Магадха улсад пали хэлээр айлдаж байжээ.Их хөлгөний сургаал нь санскрит хэлээр, бага хөлгөний сургаал нь пали хэлээр дэлгэрчээ. Бурхан багш гэгээрэлийн таван мөр, арван шатны тухай айлдсан. Үүнийг товчлон авч үзвэл: Эхлээд Магад гарахуй сэтгэл буюу Эй Жүнг үүсгэнэ – Дараа нь нэгдүгээр мөр болох Чуулганы мөр буюу Цог ламд орно - Хоёрдугаар мөр болох Найралдлагын мөр буюу Жор ламд орно - Гутгаар мөр болох Үзэхүй мөр буюу Тон ламд орно, энэ мөрд нэрийдсэн нисваанисийн түйтгэрийг арилгана, Нюндэв гүнтаг гэдэг – Дөтгөөр мөр болох Бясалгахуйн буюу Гэтлэх мөрд буюу Гом ламд орно, энэхүү мөрийн эхний долоон шатанд сэтгэлийн төрөлх шинжтэй нисваанисийг буюу нисваанисийн уг үндсийг арилгадаг, Нюндэв линжэ гэдэг – мөн энэхүү мөрийн наймаас аравдугаар шатанд мэдэгдэхүүний түйтгэрийг арилгана, хирээс хагацсан газар гэнэ – Тав дугаар мөр нь Чинагш үл суралцахуйн мөр буюу Лов лам гэнэ, энэхүү мөрд сэтгэлийн хирээс бүрэн хагацаж бодийн хутгийг олж, гурван цагийн бүх юмс үзэгдлийг нэгэн зэрэг илтэд тольдон юмсыг онон болгоох гайхамшигт чадвартай төгс гэгээрсэн Бурхан болно”хэмээн айлдсан. Ийнхүү Бурханы зам мөрд орсон хүмүүс эрдэмт лам багшийн ач тус, авшиг ерөөл, өөрсдийн хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, сахил санваар, эр зориг, энэрэл нигүүлсэл, боди сэтгэл, билиг оюун, Бурханы ном, бясалгал, буяны хүчээр гэгээрэлд хүрч сансрын зовлонгоос гэтэлж аврагддаг ажээ.
Бурхан багшийн ариун дээд сургаал Ганжуурын 108 боть, Данжуурын 224 ботид хураагдсан байдаг. Монгол бол дөрвөн зууны турш Буддын их, бага арван орныг сурах Хүрээ сургалтыг хөгжүүлж ирсэн Номт орон байсан юм. Гэвч Монгол оронд цөвүүн цаг тохиож монголчууд далан жилийн турш Бурханы шажин соёлоо устгаж, харанхуй мунхаг явсан цаг үе буй. Эдүгээ Бурханы шажин сэргэж сайн цаг тохиожээ. Эдүгээ би гартаа буу зэвсэг бус, буддын “Ламрим” судрыг атгаад уншиж байгаа нь юутай аз завшаан. Буддын арван ухааны дотор буддын гүн ухаан буюу дотоод ухаан чухал суурь эзэлдэг. Монголд буддын чойрын номд гүнзгийрсэн олон зуун гэвш, гавж нар төрсөн, хамгийн дээд цолтой лхаарамба нар ч төрсөн. Буддын гүн ухааныг судалж ирсэн уламжлал нь “Таван ботийн сургалт” хэмээх тогтолцоогоор уламжлагдан иржээ. Энэхүү таван боть нь: Шалгадаг ухааны боть / Парана/, Билиг барамидийн боть /Пражна дарамита/, Төв үзлийн боть /Мадхяамика/, Илт номын боть /Авхидхарма/, Номхотхууны боть /Винаяа/ болой.
Эдүгээ орчин үед Бурханы сургаал дорно дахинаас хальж, өрнө дахинд хүчтэй дэлгэрч байна. Орчин үеийн хүмүүс хэт их материаллаг ертөнцөд умбаж, ханаж цадахгүй таашаалынхаа цангаанд живж, гэрлийн хурдаар өсөж буй хэрэглээнийхээ боол нь болцгоож, сэтгэлийн хямрал /стресс/-д их орж байна. Орчин үед шинжлэх ухаан, технологи ихэд хөгжиж, хүмүүс зугаа цэнгэл, тоглоом наадам, биеийн таашаал авахыг ихэд хичээдэг болжээ. Орчин үеийн хүмүүс гадаадын аль нэг алдартай их сургуульд сурч, өндөр боловсрол эзэмшээд, өндөр цалинтай ажилд орвол эсхүл их орлого олдог компаний эзэн болвол зорилгодоо хүрлээ хэмээн боддог. Ийм ахуй ертөнцийн зорилгоо биелүүлж амжилт гаргасан хүмүүст баяр хүргэе. Гэхдээ орчин үеийн хүмүүс аз жаргалыг гаднаас хайдаг боловч тэр нь олддоггүй. Орчин үеийн хүмүүс хувийн бизнес, интернет, телевиз, гар утас, компьютер болон ахуй ертөнцийн элдэв хэрэгтэй, хэрэггүй үй түмэн мэдээлэлдээ дарагдаад юун гэгээрэх манатай болдог. Орчин үеийн хүмүүс хэрэглээнийхээ төлөө тэмцэлд хамаг цагаа зориулаадбясалгаж гэгээрэх цагаа умартчихдаг.Тэхлээр хүмүүс амар амгаланг олох, өөрийгөө олох, гэгээрэлд хүрэхньхамгийн зөв зорилго юм байна гэдгийг сайтар ойлгох нь чухал. Хүмүүс амар амгаланг гагцхүү дотроосоо хайж, ахуй ертөнцийн зовлонг амгаланд урвуулж, нисваанист баригдсан бохир сэтгэлээ ариусган гэгээрүүлэх хэрэгтэй. Эхлэл эцэсгүй сансарыг гэтлэх зовлонт хол замд ахуй ертөнцийн эд хөрөнгө, эрх мэдэл, цол гуншин, шунал хүсэл тус болохгүй,гагц Бурханы ном л гэгээрлийн замд хөтөч болж тусалж чадна. Монголчуудын өвөг дээдэс, лам багш нар: “Бурханаа шүт, Буянаа хураа” хэмээн бидэнд сургаал хэлдэг байсан. Энэ сургаалийг хэрэгжүүлье. Арван хар нүглийг цээрлэж, арван цагаан буяныг үйлдэж амьдарцгаая.
Хамаг амьтан Бурханы шажинтай учирч, Гэгээрэлийн хутгийг олох болтугай.
Бурхан багшийн Их Дүйчин өдөр. Зуны эхэн сарын шинийн 15.