Яг ийм хандлага ажиглагдах боллоо. Долоолоо гэнэ үү, хазлаа гэнэ үү, дураараа болог. Сонгуулийн өмнөх дэмжих, эс дэмжих эмоци сонгуулийн үр дүнгээр өндөрлөдөг байтал энэ удаад зөв, бурууг дэнсэлж чадахаа болио юу даа. Ерөнхийлөгч Х.Баттулга Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон шийдвэрт хориг тавьсан. Түүнээс өөрийнх нь Тамгын газрын дарга З.Энхболдын “сонголтыг дэмжих”, бүлэглэлийн төлөөлөл гэдэг талаас нь харах зэргээр хувь хүнийх нь хандлага илүүтэй “үнэртээд” байсан учраас төдийлөн дэмжлэг аваагүй билээ. Харин ч Ерөнхий сайдаас танхимаа бүрдүүлэх боломжийг нь булаах гэлээ, УИХ-ын шийдвэрийг ч давж гарах гээд байна, ерөөсөө түүнд хамаагүй хэрэг гэхчлэн ноцож эхэлсэн. Уг нь Да.Ганболдыг долоон удаа буцаасан Н.Багабанди, “С.Баярцогттой Засгийн газрыг зөвшөөрөхгүй шүү” гэх анхааруулгатай, бас буцаалттай Ц.Элбэгдоржийнхоос хол зөрөхөөргүй л хориг л доо.

Дараа нь төсвийн тухай хуульд хориг тавьсан. Хориг тавьсан үндэслэлийн “үг, үсгийн” алдааг УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд хайсаар байгаад унагачихсан. Углуургаараа бол “Хориг тавиасай” гэсэн хүлээлт байсан. Унаж явахдаа ч хориг дэмжигдсээр одоо хэр нь долоон төрлийн татварт “хүчиндүүлсэн” иргэднь Ерөнхийлөгчийг дэмжих хүч аргагүй л сульдаатай байгаад харамсаж сууна. Төрийн хууль, хууль тогтоогчдын хүчний өмнө мөхөстсөн ч хандлагыг шүүмжилж ард түмний талд зогссоноо хоригоороо харуулсан нь л Ерөнхийлөгчийн хоригийн үнэ цэн юм. 

Мөн тэрбээр зөвлөхүүдээ авахдаа “интернэт хэрэглэгчдэд” баахан шүүмжлүүлсэн. Даанч бүрэн эрх нь билээ. Гэвч “олон нийтэд” огт таалагдахгүй боож үхэх шахав. “Олон нийт” гэдэг тун адармаатай үг байгаа биз. Энэ тохиолдолд бол зөвлөхүүдэд дургүйчүүдийнх нь л шоглоом гэлтэй. 

Элчин сайдуудын томилгоо. Хэзээ нэгэн цагт, ямар нэгэн гэмт хэрэгт нэр холбогдож байсан этгээдэд онцгой дархан эрх өгөөд явуулчих “улс төрийн тохироо”-г Ерөнхийлөгчийн бүрэн эрх бүхий байр сууринаас өөр юу тогтоож аргамжих байсан гэж? УИХ-ын гишүүд “айгаад” хаалттай сонсгол явуулахыг бид харлаа. Нууц байлаа гэхэд ихэнхийг нь алдчихсан сөрөх тагнуулын дарга асан, ТЕГ-ын дарга асаныг онц ноцтой хэрэгт сэжиглэгдэн холбогдож байсныг мэдсээр байж онцгой дархан эрх өгөөд хил давуулж чулуудах гэж мөн ч их улайрлаа. Хүлээн авах орны хувьд зөвхөн Б.Хурцын хувьд лав БНСУ “бараг эх орон нь” гэхэд хилсдэхээргүй тийм гүнзгий холбоотой. Заавал Элчингээр явуулмаар байвал С.Баярын оронд ИБУИНВУ-д явуул л даа. Тэр их гүрнийг голох дипломат ажилтан байхгүй биз. Ямартай ч таамаглаж байсанчлан Ерөнхийлөгч Б.Хурцыг өчиггүй үдээд явуулчих болтлоо барьцаалагдаагүй гэдгээ үүгээр харууллаа. Мөн Г.Тэнгэрийн дипломат албаны туршлага, Н.Чимгүүндарийн “хэт залуу” зэрэгт бол яригдаж буй залуу, бүсгүй хоёр бус энэ олон дипломат ажилтан дундаас тийм сонголт хийсэн хүмүүс илүү шүүмжлүүлэх болов уу. Түүнээс биш Элчин сайдын албыг хүсдэг нь хүсдэггүйгээсээ яавч цөөнгүй. Дашрамд, ажиглагчид яагаад өдий хүртэл гацаагаад байсны шалтгааныг таамаглахдаа Ерөнхийлөгч манай Элчин сайдыг хүлээн авах оронд дипломат ажилтнууддаа тавьдаг шаардлага, дундаж нас нь хэд гэж үздэг онцлогтой харьцуулаад байна гэсэн нь үнэн байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл “саарал хослолтой, буурал толгойтой” гэх бичигдээгүй шалгуурыг тунгааж үзсэн бололтой. Аливааг дутуу мэддэг байснаас мэддэгээс нь сонсож байж шийдвэр гаргана гэдэг тийм ч муу арга биш л дээ. 

Оны өмнөхөн, амралтын өдрүүдэд Ерөнхийлөгч зарим дүүргийн эмнэлгээр “гэнэт” зочилжээ. “Гэнэт” гэдэгт ихэд эгдүүцэж байгаа бололтой, зарим нь. Бэлдүүлсэн мэдээ харж залхсандаа “иргэн асан” Х.Баттулга ийм алхам хийж үүгээрээ бодит байдлыг мэдрэхийг хүссэн бололтой. Улстөрчдийнхөөр бол энэ нь “пиар”, “популизм” юм гэнэ. Гэхдээ шоудаж болохгүй салбар бол эрүүл мэнд гэдэг талаасаа харвал ханиад томуунаас болж сурагч хүүхдүүдийг гэрт нь хорьчихоод байгаа энэ зууны Монголд Төрийн тэргүүн нь юу хийж болмоор байгаагаа энүүнээс бодитойгоор яаж харуулах байсан юм бэ. Хэн нэгэн дарга ирж утаатай танилцах сургаар хорооны Засаг дарга нь иргэнийхээ гэрт ирж үнс тоосыг бужигнуулж, муухайгаар хэлбэл “голомтыг нь самарч” зуухыг нь гаргаж чулуудаад жоорны ганц цахилгаан зуухаараа гоёод, өнөөхийг нь өрхийн тэргүүн нь ч, эзэгтэй нь ч асааж ажиллуулж мэдэхгүй, хүүхдүүд нь гайхширч тойрч хараад...Сайдыг явсны дараа Засаг дарга гоё зуухаа авч яваад гэрийн эзэд “эвдэрхий тэвш” гэдэг шиг “экс зуухаа” оруулах мэтийн хошин шог хажууханд өрнөсөөр байна. Ийм жүжиг үзмээр байгаа бол хайх хэрэггүй фэйсбүүк сайн хар. Харин Ерөнхийлөгч “тодорхой эзэн биегүй эзэд”-ээсээ асуулгүй дур зоргоороо эмнэлгүүдийн ажилтай танилцчихсан, эмнэлгийн удирдлагууд нь ажлаа хийгээд байж байсанд ихэд цухалдсан хүмүүс “зуухтай жүжиг” мэтэд ямар нэг хэлбэрээр дасчихсан байх л даа. Тэрбээр нүдээр харж, гараар барьсандаа л итгэдэгийн хувьд “Онц байдал зарлан утаатай тэмцэх” талаарх саналаа УИХ-д албан бичгээ хүргүүлээд байна. 

Уг бичигтээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-т “улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” зэрэг нөхцөлд Улсын Их Хурал “Онц байдал” зарлана гэж заасан.

Тиймээс ард иргэдээ сонсож, тэмцэх тусам хөрөнгө мөнгө зарцуулах тусам нэмэгдээд байдаг агаарын бохирдлын асуудалтай нийтээр нэгдсэн зорилготойгоор тэмцэхийн тулд “Онц байдал” зарлан, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрийн оролцоог тодорхойлж, үүрэг, хариуцлагыг нь нэмэгдүүлэн шийдвэртэй алхам хийхэд болохгүй зүйлгүй юм. Үүний хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид заасны дагуу “Багануур, Багахангай” гэсэн хоёр дүүргээс бусад дүүргийг гамшгийн бүсээр тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ. Тэгэхээр энэхүү албан бичгийг утга агуулгын хувьд буруутгавал тэрхүү буруутгагчдын “но” л улам тодорно. Учир нь одоо хэнд биш юунд “дайсагнаж” байгааг харахад амар болсон. Х.Баттулга гэдэг хувь улстөрч Ерөнхийлөгч болчихоод ард түмний төлөөх эрх ашгаас өөр ямар гээчийн эрх ашигт шунана гэж. 

Оны өмнө “Төрийн” гэдэг хүндтэй овогтой одон медалиар шагнахад шагнагдагчдыг шагнагчтай нь хамт муулж баалаад сурчихаж. Авахад амархан болж гэдэг шүүмжийн цаана “танилгүй бол өгдөггүй”, “нэг нутгийнх юм гэнэлээ” гэх эсрэг шүүмж байсаар л ирсэн. Энэ эрхийг Төрийн тэргүүнд үлдээчих. Шагнуулагчид их хөдөлмөрлөсөн, амжилт гаргасныхаа төлөөяллуулсан мэт ичих ёсгүй. 

Түүнчлэн шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхэд нь суудал дээрээ яаж суусныг нь, өндөлзсөнийг нь өвөр зуураа шүүмжилсээр...Цаадах чинь боловсролгүй ч гэсэн сонгуульд ялчихсан шигээ “суудлын амьтан” биш юм аа. Бидний л нэг. Тэр суудал дээр нийт ард түмний олонх нь суулгачихсан бол одоо эв хавгүй суух нь байтугай хэвтэж байсан ч түүний л дур болчихоод байна шүү дээ. 


Ийнхүү Ерөнхийлөгч буруу зөв алинд нь ч “буруутсаар” 177 хонолоо. Түүнд наанадаж 1000 хоног ажиллах өдрүүд хүлээж буй. “Ерөнхийлөгч ерөнхийдөө л муухай” байхаа хэзээ больж “баас нь хүртэл гоё” гэдэг шиг “Ерөнхийлөгч ерөнхийдөө л гоё” болох бол. Яг одоо зөв бол энэ удаа түүний зөв гэж магтаад, алдах цагт нь “Боль, муухай” байна гэж нийтээрээ дуугарч чаддаг болох тэр үед “Монгол ерөнхийдөө л гоё” болох байх даа. Мартах шахлаа, “Монгол ялна” гэдэг уриа хүртэл муухай санагдтал үзэн ядаж арай болохгүй шүү, монголчууд аа!