Яах аргагүй тийм. Нэг нь элдэв чамин барилгуудыг тэнгэр өөд уралдуулан хэв маягаа өөрчилж буй хотын төв, эсвэл захдуухан хэрнээ Зайсан маягаар булагнаж хашаа хэрмээр хүрээлүүлсэн шинэ орон сууцнууд, харин нөгөөх нь гэр хороолол. Сүүлийн хэдэн жил дараалан тохиосон нийслэл, дүүргийн ойнуудад зориулсан сурталчилгааны гоё гоё клип, баримтат кинонуудыг үзэж суухад нийслэлчүүдийн 60 хувь оршин суудаг гэр хороолол урьд шөнө нь нүүгээд явчихсан мэт алга байх юм. Хамгийн олон хүн амтай дүүргийн “Баянзүрх – Нэг зүрх” клипэнд гэхэд Сансарын хэдэн байшин, бас эвтэй дөрвөн амьтны хөшөөг ховхортол мөлжсөн хэрнээ G хорооллоосоо ичжээ. Уг нь тэр зүрхний ядаж тал нь Дарь эх, Улаанхуаран, Шар хад, Гачуурт, Хонхорт ногдох учиртай. "Баян зүрх - Тал зүрх". Хэрвээ гадаадынханд сурталчилж байгаа бол хотын захын ундуй сундуй хашаа, гэрүүдээ нууж болох.

Хоёр Улаанбаатар дүүрсэн хэрэг, харин Улаанбаатарт эрх барьж буй нөхдийн хоёр нүүр гэж байна. Өнгөрсөн оны төгсгөлд болсон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан дээр Засаг даргын мөрийн хөтөлбөр болон 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлыг “бүрэн хангалттай” гэж үнэлсэн юм. Нийслэл яасан ч их мөнгөтэй, ямар ч ихийг бүтээн байгуулсан юм, төлөөлөгчид ээлж дараалан Г.Мөнхбаяр даргаа магтав. Сөрөг намаас гэхэд Иргэдийн хурлын төлөөлөгч бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга “Мөнхбаяр дарга утаатай сайн байлдсан, даанч хүмүүс алга ташиж өгөхгүй юм” хэмээн шаардаж байж нижигнэтэл ташуулсан бол Засаг даргын орлогч До.Ганболд хүртэл баяр хүргэхээ мартаагүй бөгөөд хуралдааны төгсгөл тэр чигээрээ Мөнхбаяр даргадаа элдэв өргөмжлөл гардуулах ёслол болон хувирчээ. Хэтэрхий сайн ажилласан бололтой. Монгол Улс баяжиж төсвийн ихэнхийг баруун солгойгүй цацаад цацаад Улаанбаатарт үлдээсэн “жаахан” мөнгө нь бөөн  зам талбай тавьж шинэчлэхэд хүрэлцдэг болсон нь нийслэлд Засаг барьсан дөрвөн жилд таарсан азтай дарга. Энэ бүтээн байгуулалт бол Засаг даргын сайхан нүүр царай юм. Үүнийг улам гоёж гоодоход зориулж 2012 оны нийслэлийн төсөвт 600 сая төгрөгийг “хэвлэл мэдээллийн зардал” нэрээр суулгаад байна.

Тэгвэл нөгөө нүүр нь аль вэ? Хуралдаанаар 2012 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан юм. Засаг дарга газар олгох эрхээ авлаа гэсэн үг. Ингэхдээ ИТХ-д суудалтай хоёр нам томчуулаа дууриаж бас л “нэг хөнжилд орсон” байсан тул намын бүлгүүд хэлэлцэж дүгнэлт гаргасангүй. Бас бүх илтгэл, төсөл, төлөвлөгөөнүүдийг хольж байгаад асуулт хариулт явуулснаас гадна урьдчилаад зөвшилцсөн учраас олигтой яриа өрнөсөнгүй. Гэтэл бүр даварч төлөөлөгчдөд урьдчилж танилцуулаагүй хэсэг газрын жагсаалтыг батлуулахаар хуралдаанд шууд оруулав. Төлөөлөгчид хэл ам хийсэнгүй. Ганцхан Д.Нямхүү (Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд байсан) гэж “эсэргүү төлөөлөгч” гөжиж жагсаалтаас нэгийг сугалж “УИХ-аас хүсэлт тавьсан 95 га газрыг олгох юм байна. Буудлагын талбай гэнэ үү? Их хурлын гишүүд байлдаж сурах юм уу? гэсэн асуулт тавилаа.

Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй:

-Газрын дэд хороо хуралдсаны дараа УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очироос санал орж ирсэн. … Буудлагын талбай … буудлагын холбооны ... хэмээн үгээ олж ядахад Засаг дарга Г.Мөнхбаяр өмнүүр нь орж аварлаа.

-Би хариулья. Буудлага чинь олимпийн төрөл ш дээ Монголчууд буудлагаар олимпийн нэлээд олон амжилттай. Материаллаг баазын хувьд ерөөсөө байдаггүй, дандаа гадаад дотоодод гуйлгаар, харин сайн амжилт үзүүлдэг. Монголын буудлагын холбооны ерөнхийлөгч анх удаа Азийн буюу дэлхийн холбооны дэд ерөнхийлөгч болсон. Тэхээрээ үүрэг роль ихтэй, санхүүжилт авдаг. Тэгээд санхүүжилт авах гэхлээр нэг юм санал болгодог “танайх өөрөө материаллаг бааз байхгүй юм чинь Олон улсын олимпийн хорооноос дэмжлэг үзүүлж чадахгүй байна аа гэдэг. Бидэнд ажил хэргийн шугамаар маш их хүсэлт ирсэн учраас тэр утгаараа материаллаг баазыг нь бэхжүүлье гэж тодорхой дэмжлэг энэ төсөл дээр явж байгаа. Та бүхэн дэмжчих байх өө. [Танхимаас: 95 га газар буудлагын полигон хийх гээд байгаа юм уу]. Тэр чинь бүр цогцолбор. Иж бүрэн. Кувейтэд бил нар очиж үзсэн. Манай хурлын хэн хэн явлаа? Байшин барилгатай, талбайтай, хувийн өмч биш, манай Монголын буудлагын холбооны цогцолбор болох юм. Тамирчид тэндээ байрладаг. Та нар юмыг нь үзээрэй, Баттулга … Би яагаад дэмжсэн бэ гэвэл Кувейтэд очиж цогцолборыг нь үзэхэд цогцолбор нь иж бүрэн байж байж өөр болдог юм билээ. Бидний нөгөө тийр бууддаг талбай биш ...

Төлөөлөгч Д.Нямхүү дахиад л “Монголын параолимпийн хороо зөндөө эрх авсан мөртлөө ганц ч заал алга, бүгдээрээ түрээс” гэж үргэлжлүүлэн гомдоллоход Засаг дарга Г.Мөнхбаяр “асуудлаа тавибал адилхан дэмжинэ” гэж тайвшруулснаар дуугаа хураав. Нийслэлийн газрыг төлөөлөгчид тохироод, барьцаад хуваадаг, амар юм болжээ. (Уг хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг www.tusuv.mn сайтаас үзэж болно).

Нийслэлийн газрын албаны даргаар сүүлийн хэдэн жил Ц.Сандуй гэдэг залуу томилогдсоноосоо хойш наагуураа баахан зорилт, төлөвлөгөө, төсөл зохиож харагддаг, цаанаа юу найруулж суудаг болохыг энэ хэдхэн минут харууллаа. ИТХ-ын дэргэдэх хороодоор оруулж төлөөлөгчдөд урьдчилж танилцуулахгүй, зураг төсөл, мэргэжлийн дүгнэлтийг харуулахгүйгээр хуралдаанд шууд оруулж гэнэдүүлдэг юм байна. Бас 95 га газрыг авах эзнийг зориудаар мэдэн будилж “Улсын Их Хурал” хэмээн танилцуулжээ. Буудлагын холбооны хүсэлт яаж ч мушгиад УИХ-ынх байж таарах уу?

Олимпийн нэрээр амжуулж өгч байна аа. Буудлагын холбоо гэж ядуу-у-у-у төрийн бус байгууллага. Одоо "сайхан сэтгэлтэй” барилгын компанид хандана. Нэр нь аль хэдийнэ тодорхой болсон биз. Тэр компани буудлагын холбоонд юм барьж өгнө, гэхдээ хөрөнгө оруулсныхаа төлөө юу авахыгаа сайн мэднэ. Ингээд 95 га-гийн хэд нь ямар компанид очихийг зөвхөн баригдсан хойно нь харах үлдлээ. Үүнийг төлөөлөгч Д.Баттулга сэжиглэж “Томъёоллоо зөв хийчих. Манайхан ийм тийм юм барина гэж баахан га газар аваад хороолол болгочихдог, өөр юм хийвэл шууд л ... “ гэсэн санал тавихад Засаг дарга бөөрөнхийлөөд өнгөрчээ. Яг Зайсангийн барилгууд шиг буулгаж харагдаач.



Өнөөдөр Яармагын дэнж бараг цулгуй харагддаг ч хуваагаад дууссан гэж үнэн ажээ. Жирийн айлд хашааны 0,07 га газар олдохгүй байхад 95 га буюу 1357 айлынхтай тэнцэх газрыг, тэгэхдээ бүр дархан цаазат Богд уулын энгэрт, гадаадын зээлээр шугам сүлжээг нь татаж байгаа цоо шинэ газарт ганц бичиг оруулаад авчихдаг юм байна. Мөнхбаяр дарга хэдэн секунд панаалдахад л харж хянах үүрэгтэй сөрөг хүчин дагалдан баясав. Хожим “Улаанбаатар таймс” сониных шиг юм болоход Авлигатай тэмцэх газар шалгаад шалгаад юу ч олохгүй. Яагаад гэвэл нийслэлийн ИТХ-ын баталсан хууль ёсны шийдвэр зөвшөөрөлтэй газар. Мөнгө төгрөг харагдахгүй, цэв цэвэрхэн, ул мөр үлдэхгүй. Энэ бол өнгөрсөн хориод жилийн турш нийслэлийн газрыг ямар ч хяналтгүй, бүрэн хаалттайгаар хувьчилж ирсэн арга билээ. Өнөөдөр нийслэлд газар олгосон Засаг даргын захирамж шиг нууц юм Монголд үгүй. Хааяа газрын маргаан Захиргааны хэргийн шүүхэд хүрч тэндээс захирамжийн хуулбарыг шаардахад нэг захирамжаар олгосон бусад газрын мэдээллийг FBI-гийн маш нууц материалыг 30,40,50 жилийн дараа ил болгохдоо зарим мөрүүдийг хараар палийтал дардаг шиг танигдахгүй болгоод өгдөг.

Бид нийслэлийн төсөв, бас өмч хөрөнгийг буруу зөв зарцууллаа гэж хэл ам хийж, хянахыг оролддог. Арав, хорин сая төгрөг буруу зөрүү төлөгдсөний төлөө дүүргүүдийн хог хаягдлын сан, ТҮК-ийг хичнээн шүүмжилж сэжиглэдэг билээ. Гэтэл тэрбум, тэрбумын газрыг “төсөл шалгаруулах” нэрээр зүв зүгээр өгч аваад байдаг. Хэзээ зарлаад, хэн хэн өрсөлдөөд, яаж шалгаруулаад, юугаараа илүү төслийг сонгосныг хэн ч сонсоогүй. Бодоод үзье. Ямар ч үнэ төлбөргүй өгсөн тэр газрыг маргааш өглөө нь хэдээр зарахав гэж асуувал тэрбумын үнэ хэлнэ.

Улс төрчид юуг нууж байна, тэр нь тэдний жинхэнэ нүүр царай гэж үг бий. Нийслэлийн Засаг дарга байсан хүмүүсийн жинхэнэ нүүр царай бол газар юм. Саяын ИТХ-ын хуралдаан дээр хальт сөхөгдөөд буцаад хаагдчихав. Бүрмөсөн сөхөхийг хуулийн элдэв цоорхойг нөхөх эрхтэй улс төрчид, хянаж шалгах үүрэгтэй албан тушаалтнууд, тэр ч бүү хэл илчлэх үүрэгтэй сэтгүүлчид хүртэл хүсэхгүй (саяхан байгууллагаараа нэг газрыг авчих шиг болсон), иймээс илчлэгдэхгүй, яагаад гэвэл өгсөн Засаг дарга нар авсан хүмүүс нийлээд “газрын мафи” юм. Эрх баригчдын муу муухайг амь хайргүй дууддаг аймаар шударга нөхдүүд хүртэл Зайсан, газар гэхлээр зовхио буулгаж дуугаа хураадаг. Зайсанд тухалсан, газраа хүртчихсэн учраас тэр.