Агуу их суутнууд зовж шаналж  үхсэн нь хүмүүст их таалагддаг.

Ван Гог ганц ч зургаа зарж чадахгүй шоолуулж,  галзуугийн эмнэлэгт хоригдож, хэн ч ойлгохгүй хорвоод багтрахдаа чихээ огтолж байсан нь хүмүүст хамгийн их таалагддаг. Тэрнээс биш хүмүүс Ван Гогийн бүтээлүүдийг танихгүй, ганц нэгийг нь танилаа ч гэсэн яагаад хамгийн агуу гайхамшигт зураач гэгддэгийг нь мэдэхгүй, сонирхохгүй. Түүний зургаас тас огтлогдсон наран цэцэг хүртэл амьдаас амьд амьсгалж байхыг олж харахгүй. Харин тэр цэл залуугаараа ганцаардан шаналж өөрийгөө буудаж алсан нь хүмүүст таалагддаг. Ван Гогийн чихээ огтолсон нь хүмүүст таалагддаг.

Р.Чойном ганцаардан нийгмээс шаарлагдаж, өвчин зовлонд энэлэн 43-хан насандаа үхсэн нь хүмүүст таалагддаг. Хүмүүс түүний шүлгүүдийг цээжээр мэдэхгүй, хэдэн ямар бүтээл туурвисныг ч багцаалахгүй. Шүлэгч гэдгийг нь сонссон ч бүхнээс түрүүлж ганцаар ирээдүйг зөгнөн, бүтэж үхэм нийгмийг социалист төртэй нь дагжин чичиртэл нь айлган дотроос нь нурааж байсан суу билгийг нь мэдэхгүй. РЧойном шоронд орж, архи тамхиар энэ ертөнцөөс тасарч, авгай хүүхэнд хөөгдөж явсаар хөдөө суманд айлын гэрт ганцаар үхсэн нь хүмүүст таалагддаг. Р.Чойномын шоронд орсон нь хүмүүст таалагддаг.

Бетховен ид бүтээх насандаа дүлийрч, үр хүүхэд нь үхэж, өөрийн нийгмээс хулжин ганцаар бүгж ядуу зүдүүхэн амьдарсан нь хүмүүст таалагддаг. Зарим нь түүнийг хөгжмийн зохиолч гэж мэддэг ч хөгжмийг нь одоо хүмүүс сонссдоггүй. Шаля ляля поп л сонсдог. Түүний “хувь заяны” тухай гайхамшигт симфони хэн нэгэн хүний хувь заяаг өөрчилж байхыг би харсангүй. Бетховен ядуу зүдүү, дүлий ганцаар   зожгирч амьдарсан нь хүмүүст таалагддаг. Бетховений дүлий байсан нь хүмүүст таалагддаг.

Соосай зураачийн бүтээх зурах, үзэсгэлэнд оролцох эрхийг нь соцтөр хорьж байсан нь хүмүүст таалагддаг. Одоо залуу зураачдаас зарим нь Соосай гэж сонссон ч, түүний зурсан зураг болгоноос нь дэлбэрч байдаг хүчирхэг энерги, эрх чөлөөг тэд олж хараагүй. Хорь гучин жил ганцаардан зожгирч, сонины цаасны тасархай, хүний хаясан зотонгийн өөдсөн дээр хугарч нугарашгүй эр зориг, засарч хүмүүжишгүй авьяас билгээрээ зурсаар 1990 онтой залгасныг хүмүүс мэддэггүй. 1990 оноос хойш ч ганцаар ядуу зүдүү эмгэнэлт амьдрал дунд дууссан түүнийг одоо хүртэл хэн ч мэддэггүй нь үеийнх нь зураачдад таалагддаг. Соосайг хэн ч мэдэхгүй байсаар ганцаардан үхсэн нь хүмүүст таалагддаг.

Гоогенийг хэн ч хүлээн зөвшөөрч, ойлгохгүй байсаар гуйлгачин эр өмнөд далайн арал дээр үхсэн нь хүмүүст таалагддаг. Зарим нь түүнийг гайхалтай зураач байсныг нь сонссон ч зургийг нь таньдаггүй. Таньсан ч түүний эгэл зураас, арлын хүмүүсийн тойм дүрс, даруухан өнгөнөөс хүн чиний мөн чанарыг эрэн бэдэрсэн бясалгалыг олж хардаггүй. Үеийн бүхэндээ шүүмжлэгдэн, авгай хүүхэддээ гологдон, өрнийн соёлоос дайжин эцэст нь өмнөдийн аралд үхсэн нь хүмүүст таалагддаг. Гооген гуйлгачин болж үхсэн нь хүмүүст таалагддаг.

Д.Нацагдорж хавчигдаж ганцаардан архинд орж, шоронд хоригдон чихрийн цаасан дээр шүлгээ бичиж байсан нь хүмүүст таалагддаг. Хүмүүс Д.Нацагдорж зохиолч байсан гэж мэдэх боловч, “Миний нутгийн” эхний 2 мөрийг дөнгөн данган  санах боловч  “харанхуй хаданд” сэтгэл нь эмтэрч, хорвоогийн хар нулимсандаа живж байсныг нь санадаггүй.  Наадмын өглөө хашаа налаад үхэж байхад нь дэн буудлын өрөөнд  орон доорхи ганц чемодан номноос нь өөр хань үгүй ядарсан байсан нь хүмүүст таалагддаг. Цэл залуухан ДНацагдорж ганцаар хашаа налаад үхсэн нь хүмүүст таалагддаг.

Диоген модон торхонд амьдарч, царай муутай тэнүүлч өвгөн байсан нь хүмүүст таалагддаг. Диоген гүн ухаантан байсан гэж зарим нь сонссон боловч хамгийн эхний эгэл суутан, ямар нэгэн амьтанлаг примат биш “Хүн” байсны баталгаа гайхамшигт сургаал үгсийг нь хүмүүс санадаггүй. Өвгөрч хөгширсөн, ганцаардмал суутан Диогенийг гэгээн өдрөөр гэрэл барьж “хүн” хайж явахад нь чулуугаар шидэж доромжлох хүмүүст таалагдсан. Диоген торхонд амьдардаг ядуу тэнүүлч байсан нь хүмүүст таалагддаг.

Н.Жанцанноров морин хуурын чуулгад гайхамшигт хөгжмийн зохиолуудаа үнэгүй өгч, бид өдөр бүр үнэгүй сонсдог нь хүмүүст таалагддаг. Н.Жанцанноров “Мандухай цэцэн хатан” киноны хөгжим бичсэн гэж бид мэдэх болохоос энэ агуу суутаны хэд хичнээн хөгжмийн зохиол, ямар гайхамшигт нээлт бүтээл, судалгаа гарсныг бид мэдэхгүй. Н.Жанцанноров морин хуурын чуулгынхантай гадаадад тоглолтоор явахдаа мөнгөгүйн улмаас буудалдаа бэлэн гоймон иддэг нь хүмүүст таалагддаг. Н.Жанцанноров чадуухан амьдарч доширак идэж байгаа нь хүмүүст таалагддаг.

      Христ 33 насандаа цамцнаасаа өөр өмчгүй даянчлан явж шинэ сургаал номлолоо түгээсэн ч шавь нартаа худалдагдаж алуулсан нь хүмүүст таалагддаг. Христ гэж хүн болгон мэдэх боловч хоёр мянганы турш өрнийн соёл иргэншлийг сууриар нь өөрчилсөн сургаал номыг нь ойлгож уншдаг хүн одоо бас ховор. Христийг ромын цэргүүдэд туугдан хэрээс модоо үүрэн бүдэрч явахад нь иудын эзэн хаан гуай ямар байна гэж нулмиж өшиглөх нь хүмүүст таалагдсан. Христ хэрээс модон дээр хадуулж үхсэн нь хүмүүст таалагддаг.

    Баабар биохимич мэргэжилтэй, намхан төрсөн нь хүмүүст таалагддаг. Баабар ардчилсан хувьсгалын үзэл санааны эцэг байсан гэж хүмүүс мэддэг ч түүний дэндүү хүчирхэг оюун сэтгэхүйн бүтээлээс нь өдий хүртэл хүмүүс, төр хоёр аваад хэрэглэсэн нь огтхон ч үгүй. Баабар одоо хөгширч, өвдөж, улам адайр яхир болж, намхан нуруу нь бүр бөгтийж байгаа нь хүмүүст таалагддаг. Баабарыг интернэтийн араас нэрээ нууж байгаад бяцхан гавлынхаа хэмжээгээр нулимж доромжлох хүмүүст таалагддаг.

Ийм жагсаалтыг би хичнээн бол хичнээн үргэлжлүүлж чадах боловч чулуун зэвсгээс сансрын ирээдүй хүртэл үеийн үед хүний мөн чанар ямар өөрчлөгдөх биш зогсоё доо. Суут ухаантнууд, авьяас билигтнүүд ядуу чадуухан, эгэл даруу явахад нь ухаантай юм бол мөнгөө үзүүл гэж басамжилан доромжилох хүмүүст таалагддаг. Ганцаардан шаналсан тэднийг амьдад нь тэнэг мулгуу, өвчтэй солиотойгоор нь дуудаж, боломж олдох бүр сүрэглэн тойроод чулуугаар шидэж нулмиж доромжлох нь хүмүүст таалагддаг. Зовж шаналсаар хорвоогоос зугтан одоход нь суут бүтээлүүдийг нь үнэгүй олж авагсад сая нэг баярлаж үхсэн суутныг үхсэн хойно нь хэрхэн зовж үхсэн тухай бахархан ярих нь хүмүүст таалагддаг.  Хүн сүрэгээ гэж.

Садист амьтанд байдаг мазохист дур хүсэл ч бас хүн сүрэгийн нөгөө гол мөн чанар нь. Нерон солиорч Ромын талыг шатааж байхад эрх чөлөөт гэгдэж байсан Ромын иргэд хүлцэнгүй бөхөлзөн тэр хүний дур хүслийг хангаж магтан дуулж байсан. Х.Чойбалсан мангадад хорлогдон галзуурч язгууртан, сэхээтэн, буриад, лам нараа нүдэн дээр нь алж дууссан хойно ч  монголчууд 1957 онд үхэхэд нь баярлах биш үнэн сэтгэлээсээ гашуудан уйлж байсан.  Догшин Иван догширч ард олноо цуглуулаад нүүрэн дээр нь цус үсэргэн шадар цэргүүдээ хөрөөдөн зугаацаж байхад мангад өмнө нь сөгдөж бишрэн хайрлаж байсан. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд буудуулж алуулж, шархдаж, гавлуулж, шорон дүүртэл чихүүлчихээд монголчууд ганцхан сарын дараа яг нөгөө буудуулсан талбай дээрээ согтуу дарга нарынхаа өмнө алга ташаад чин сэтгэлээсээ инээж зогссон. Энэ хавар ч бас дахиад л хоёр баярыгаа хайрлан шүтэн сонгоно байх даа.

Хүн сүрэгээ гэж. Тэнгэр өршөөг.


Б.Болдсайхан    эмч                    2009 оны 4 дүгээр сар 12