Хэтрүүдоржийн ядуурал
Үр дүн нь юу вэ? Зураглая. Эрх чөлөөгөө эдэлсэн, хэнд ч захирагдах дургүй чөлөөт иргэдийн зохион байгуулалтгүй, замбараагүй нийгэм төлөвшин байна. Эрх чөлөөтэй ядуу энэ нийгэмд авилгажсан ардчилал нь эрхбиш байж байна. Ардчиллынх нь сул тал гэх үү дээ? Ардчилал руу л ихэнхдээ буруу өгөөд байна.
Урлаг-уран сайхнаар босч хөгжсөн улс гэж дэлхийд нэг ч байхгүй!
Монгол хүний цусанд, генид байна уу, эсвэл талын нүүдэлчний уран сайхны мэдрэмжэнд байна уу, монгол хүн бүх юмыг хэтрүүлдэг. Бүх юм гэдэгт ажил үйл, хөдөлгөөн, зан заншил, араншин, эдлэж хэрэглэх, идэж уух бүгд багтана–гэж baabar.mn; sonin.mn-д бичсэн билээ. Тэр тухай хөндвөл өргөн цар хүрээ бүхий нийгэм-сэтгэл зүй, оюун санааны их сэдэв сөхөж болно. Зах зухаас нь үзэл бодлоо үргэлжлүүлэн хуваалцая. Бас л Хэтрүүдорж нарын тухай!
Манайд хэтрүүлчихсэн юмс үзэгдэл, зан ааш, ааль араншин маш их байна. Энд хөндөx сэдэв маань нийгмийн нэг том хэтрүүлгээс эхтэй. Улаанбаатараар авч ярьж байна. Хүн амын бараг тал нь бөөгнөрсөн мега том хот. Гэхдээ нийгмийн бүх асуудал энд бугласан. Хамгийн том асуудал бол ядуурал ба ажилгүйдэл. Дэлхийн дундаж стандартаар авч үзвэл ядуурах шалтгаангүй, ядуурах өгөгдөлгүй атлаа ядуурчихсан их хот.
Гадаад улс орнуудтай (хөгжиж буй) харьцуулбал ядуурах, доройтох нийгэм-улс төрийн, байгалийн бодит шалтгаан дотооддоо алга, алга байсаар ч олон арван жилийг үдсэн. Тэр бодит шалтгаан гэдэгт олон улс судлаачид ингэж хариулдаг. Дотоодын нийгэм-улс төрийн хямрал, иргэний ба шашин хоорондын дайн мөргөлдөөн, шашин-үндэстэн угсаатны олон жилийн зөрчил тэмцэл, хуваагдал, гадаадаас учрах цэрэг-дайны ба террорист халдлага, эсвэл байгалийн онц ноцтой гамшгууд–далайн хар шуурга, галт уулын дэлбэрэлт, хөрсний гулгалт, газар хөдлөх, ган гачиг, нийтийг хамарсан хүн амын халдварт өвчин тахал, үй олны эрүүл мэндийн доройтол, өлсгөлөн гээд шалтгаануудын аль нь ч манайд яг бодитой алга.
Тэгсэн мөртлөө ядуурчихсан зураглал харагдана. Төр нь ядуурлын тухай 35 дахь жилдээ ярьж үглэн байна. Энэ бүхний шалтаг ба шалтгааныг би дараахи байдлаар үздэг, албан ёсны баримтаар ярина.
Наад захын жишээ. Нийслэл хот руу шилжин суурьшихыг ёстой нэг хэтрүүлчихсэн. Хэтрүүлгийн туйл болгочихсон. Байгаль орчин ба хот суурингийн харьцаа алдагдсан. Хөдөө нь зарим нутагтаа эзгүйрсэн. Хот суурин газартаа хэтрүүлчихсэн нийгмийн (соёлын, эсвэл сэтгэхгүйн) үзэгдэл нь дарчихсан. Хүн амдаа (мэдээж 3.5 сая) хуваагаад үзвэл хэтэрхий их, шингээж барахгүй их урлаг-уран сайхан хөгжсөн, хөгжиж ч байна. Бас хэтэрхий олон телевиз, олон нийтийн мэдээллийн хэтэрхий олон хэрэгсэл хүн амын тархи мэдрэл ялгаж дийлэхгүй болтол хөгжсөн. Сэтгүүлчдэд гомдолтой ч гэсэн хэлчихье, шар сонины хэтэртлээ хөгжсөн сэтгүүл зүй. Мөнгө болдоггүй, мөнгө босдоггүй, бүтээдэггүй салбарууд ярайж байна. Дагалдаад сөрөг үзэгдэл нэн арвин. Дагалдаад нийслэл гэлтгүй нийт улс даяар мэдлэгийн хомсдол, явцуурал нь хэтэрчихсэн. Сошиалаар дүүрэн сөрөг сэтгэгдэл. “Дээгүүрээ хуваагаад цусалчихдаг учраас ард түмэн ядуу” гэсэн ганцхан им тамгаар бүх сэтгэхүйгээ тамгалаад сорвижохгүй болтол нь эдгээчихсэн.
Үр дүн нь юу вэ? Зураглая. Эрх чөлөөгөө эдэлсэн, хэнд ч захирагдах дургүй чөлөөт иргэдийн зохион байгуулалтгүй, замбараагүй нийгэм төлөвшин байна. Эрх чөлөөтэй ядуу энэ нийгэмд авилгажсан ардчилал нь эрхбиш байж байна. Ардчиллынх нь сул тал гэх үү дээ? Ардчилал руу л ихэнхдээ буруу өгөөд байна.
Урлаг-уран сайхнаар босч хөгжсөн улс гэж дэлхийд нэг ч байхгүй хэмээн би мэтгэсээр ирсэн. Улс орон юугаар хөгжиж дэвждэг юм бэ гэвэл хөдөлмөрийн бүтээмж, сахилга зохион байгуулалт, хэрсүүжилт, ерөөсөө уйгагүй хөдөлмөр ба оюун санааны эрүүл саруул бүтээгч хүчээр хөгждөг юм! Сонголтоо ардчиллаар шийдчихнэ. Тэр нь улс төрийн нэг боломжболохоос улс орны хөгжил дэвшил, баяжилтын гол хөшүүрэг биш!
Манай энэ нийгэмджинхэнээсээ хэтрүүлчихмээр, хүлээгдэж буй ажил үйлс маш их байна. Зах зухаас нь нэрлэе. Хүн ам, иргэдээ орлогожуулах, мөнгөний гачаалгүй болгох талаар Төрийн бодлогыг л ёстой нэг тултал нь, хэтэртэл нь явуулчихмаар санагдана. УИХ-ын 2024 оны сонгуульд тийм л уриа цууриутуулмаар. Орлогожуулаад, дундаж давхаргыг хэтэртэл өсгөмөөр байна. Хүний хөгжил, хувь хүний бүтээмж, чадамж, хөдөлмөр эрхлэх чадварыг нь би нэрлэж байна. Хэтэртэл нь хөгжүүлэх хөхиүлэх салбар мөнөөсөө мөн.
Монгол хүндээ Төр нь “Та ямар нэгэн чадамжтай байх ёстой, чадамжгүй байж болохгүй!” гээд шаардчихаж зүрхэлдэггүй байсныг 2024 оноор эцэслэж гээе! Хэсэг бүлгээр нь өөрийнх нь (өөрсдийнх нь) чадамжинд тулгуурласан ямар нэгэн үйлдвэрлэл-үйлчилгээ рүү хүн амаа дайчилмаар байна. “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр гээд бэлээхэн салбарууд ажиллагчдаа хүлээж байна. Ажил олгох эзэн ба салбар, цалин нь байна. Очдог нь харин базаахгүй. Aжилгүйчүүдийг oволзтол нь тийшээ чиглүүлмээр санж. Ажил хүссэн, ажлын байрны төлөө үхэлдсэн Хэтрүүдорж нар нэн хэрэгтэй байна!
Албан ёсны мэдээлэл байна. Монголын нийт хүн амын 27.8% нь 2022 онд ядуурлын шугамаас доогуур орлоготой гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл 100 өрхийн 28 өрх нь ядуурлын шугамаас доогуур орлоготой. Харин 2023 онд уг үзүүлэлт 27.1% болж буурсан гэжээ. Бүтэн нэг хувиар буугаагүй байна шүү. Маш өчүүхэн, хэдхэн дойл–0.7% буусан юм уу?
Цаашаа бас нэг албан мэдээ байна. Нийслэл хотын захын гэр хорооллын аль ч дэлгүүрт байдаг өрийн дэвтэрийн олон хуудас бичвэр, өрөө төлсөн айлын тооцоог баллаж зурсан хуудсыг худалдагч үзүүлнэ. Тус дэлгүүрийг түрээслээд 3-4 сар орчим болж байгаа бөгөөд эхэндээ огт зээл өгдөггүй байсан бол сүүлдээ айлуудын амьдрал, амьжиргааны нөхцөл байдлыг мэддэг болсон учраас хүнсний бүтээгдэхүүн зээлээр өгдөг болсон. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж байна. Гэр хороололд иргэдийн амьдрал хүнд байна. Эдийн засгийн өсч байгаа гээд л зурагтаар гарах юм. Хэзээ иргэдийн амьдралд тэр өсөлт нөлөөлөхийг мэдэхгүй байна. Хоногийн хоолтой хонох гэж ядахдаа хүүхдүүдээ дагуулаад орж ирж байгаа хүнд “үгүй” гэж хэлж чадахгүй л байна. Хүүхдийн мөнгө буух, цалин тэтгэвэр буусан үед зээлсэн өрөө төлөөд дараагийн зээлээ тавиад эхэлж байна гэжээ.
Энд өр өвдөм амьдралын зураглал харагдаж байна л даа. XXI зуунд цахим худалдаа, бичил бизнес хөгжөөд талийж өгсөн, манайд хоногийн хоолны хэрүүл, хоол олох мөнгөний хэрүүл тасрахгүй. Xоол олох мөнгөний хэрүүл нь ямагт хэтэрнэ, хэтрээд мөн л улс төрийн хэрүүл болно. Хэтрүүдорж нар зовлонгийнхоо шалтгааныг ямагт хайна. Тэгмэгцээ хулгайч, урвагчийг нийгмээсээ, мөн гадаадаас дайсан хайгаад салахгүй. Буруутныг хайгаад олж нэрлээд, яллаад, тэгж ялласан нь өс хонзон, туйлшрал болоод талийж өгч байна. Буруутан нь дээгүүрээ хувааж иддэг улс төрчид, эсвэл хулгайч төр гээд ам таглачих биз. Бас ардчилал гэгчийг 1990 онд Монголд тулгаж, зүв зүгээр хөгжиж байсан социалист нийгмийг нь нураалгачихсан Америк тэргүүтэй барууныхныг харааж зүхэх нь сошиалд моод болж дээ. “АНУС” хэмээн хочлон дайрах Хэтрүүдорж нараар Монголын нийгэм арай ч хахах болоогүй байлтай.
Ядуурлын учир шалтгаан ба засах арга замын тухайд ийнхүү өчсү! Дараагийн нэг дугаарт Хэтрүүдоржийг Хэрсүүдоржтой сөргөлдүүлсэн нийтлэлээ толилуулна.