“Ц.Нямдоржийн” их баривчилгаа
“Кью Эс Си” ХХК-д нэгжлэг хийжээ, дараагийнх нь “Монголын зэс”...
“Хар баасан гариг” энгийн хэлц биш гэдгээ харуулсаар байна. Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагынхантай уулзсан. Энэ чиг үүргийн байгууллагууд гэдэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, ОБЕГ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, ЗХЖШ зэрэг газрууд багтдаг. Харин үүнээс хэдхэн цагийн дараа “УБТЗ” ХНН-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан “өнөөх” л хайгаад байсан бичиг баримтынхаа үзлэгийн асуудлаар очсон гэх мэдээлэл ирсэн боловч “байшингийн” гаднаас юу ч мэдэгдсэнгүй. Харин “дотор” шалгалт хийсэн мөрдөн байцаагч үүрэг гүйцэтгэж яваагаа “ганцхан” телевизид ярьсан билээ.
Сонирхолтой нь мөн энэ өдөр Blue sky tower-ийннаймдугаар давхарт байрлах “Кью Эс Си” ХХК-ийн байранд мөн нэгжлэг хийж санхүүгийн баримтуудыг хуу хамж аваад явжээ. Түүнчлэн өчигдөр орой буюу хуульд заасан 22 цагтай уралдан“Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалыг АТГ-аас баривчилсан талаар мэдээлж эхэлсэн юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Дараагийнх нь Монголын зэс”компани байж болзошгүй гэнэ. Учир нь Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 4-ний ээлжит бус хуралдаанаараа УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид буцааж авах шийдвэр гаргасан. Мөн Хөгжлийн банк, “Кью Эс Си” ХХК хооронд 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу “Кью Эс Си” ХХК-д олгосон зээлийн мөнгө болох 240 тэрбум 772 сая төгрөгийг төрд буцааж авахаар шийдвэрлэлээ”, “Кью Эс Си” компани нь “Монгол зэс” корпорацтай харилцан хамаарал бүхий этгээд учраас энэ мөнгийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьд суутган тооцож байгаа юм” гэдэг тайлбарыг уг шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн Ц.Нямдорж, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар нар тайлбарлаж байсан. Тиймээс “Кью Эс Си”-гийн дараагийнх нь “Монголын зэс” байх болно гэдэг таамаглал үнэн ч байж болохыг айсуй цаг үе, үйл явдлууд харуулах биз ээ.
"Кью Эс Си" ХХК-ийн хувьд 2016 оны Монгол Улсын “Үндэсний шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн гэрэгэ”-г хүртсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нээж, анхны тээвэрлэлтээ хийж байсан “Шилдэг бүтээн байгуулагч” гээд манай “төрчид” хир тоос хүргэдэггүй байсан нь саяхан.
Тухайн үед яагаад Дархан-Сэлэнгийн бүс нутагт Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2014 оны 69 дүгээр тогтоолын дагуу “Кью Эс Си” ХХК нь Эдийн засгийн хөгжлийн яамтай Концессын гэрээ байгуулж, төмөр зам барих болов, юуны учир энэхүү жижиг төмөр замыг төрд 112 сая ам.доллараар худалдан авсан тухай хэн ч сонирхож хардаж сэрдэж байсангүй. Харин одоо бол өөр. нь хэний захиалга, сонирхол, гүйцэтгэл байсан бэ? гэдэг хоёр дахь асуудал зүй ёсоор урган гарч буй юм.
Хэрэв “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкны барьцаанд тавьж өрөнд орсон асуудлыг л ярих гэж байгаа бол тухайн үед гарцаагүй оролцсон нөлөөлөл бүхий эрх мэдэлтэн С.Баяр, Г.Алтан, Д.Сугар, Ч.Ганзориг нартай хариуцлага тооцох, баривчилж саатуулах нь байтугай хатуу үг ч халдаахгүй өнгөрч байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ. Энэ бүхэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байгаагийн “утга учир” төдийгүй өнгөн талдаа авлигачид, гэм зэмтнүүдэд хайр найргүй халдан шалгах боловч “шилэн хоргоны цаана” үсэндээ ч хүргэхгүй жинхэнэ эзэд нь үлдэжбайгаа юм биш үү гэдгийг олон нийт бэлхнээ харж байна. Ойрын үед бараг өдөр бүр баривчилгаа, саатуулгын мэдээ дуулдаж байгаа нь ялангуяабизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг айдаст автуулах, үйл ажиллагаанд нь саад учруулах, хөрөнгө оруулагчдынх нь өмнө нэр хүндийн хувьд ч эрсдэлд учруулах магадлалтай байгаа нь үнэний ортой. Хуулийнхан ажлаа хийж байна. “Сайн” ажиллах, огцом хөдлөх, яаравчлан улайрах болсон нь хардлага дагуулж, гэм зэмтэй тэмцэх сайн үйлийнх нь зэрэгцээ саарыг дагуулах вий гэсэн болгоомжлол дагуулах болов. Эргэн тойрноо сайн хар. Хаанахын хэнийг, хэзээ, хэрхэн баривчилж байна вэ гэдгээс дараагийнх нь хэн болох, ямар тохиолдолд “чоно цатгалан, хонь бүрэн” үлдэх магадлалтай байгаа нь тодорхой харагдана.