Дөргөнэ хатны дэглий (Фото тэмдэглэл)
Нуурын зэгсэнд мөлхөж, хөлхөж бүтээсэн зарим зураг сонирхуулъя.
Дөргөний хүрэн талын хойморт заяасан номин цэнхэр нуур Монголын Их элсний баруун хаяаг дэрлэж аниргүй зүүрмэглэх нь нэн ихэмсэг төрхтэй.Домогт их хатны нэр алдар энэ нууранд мөнхөрсөн түүхийн учир начир энд шингэснийх биз. Тэгээд ч аянчид шаргал элсэн эрэгт нь дөрөө мултлан саатаж, алжаал тайлах дуртай бөлгөө. Зуны дунд сард Дөргөн нуур жинхэнэ энх амгалангийн орон санж. Тэнд хуран цугларсан түмэн янзын жигүүртэн үүрийн гэгээ, үдшийн бүрийд аялгуу төгс хөөрөлдөнө. Түүнд нь сэтгэл дэвтэж, зүрх хөглөгдөх аж. Нуур дахь арлын амны зэгсэн хоолойг чимэх өндөр цагаан шувуудыг нутгийнхан “их хатны дэглий” гэх. Дөргөнэ хатан залуу зандандаа энэ нууранд цэнгэж, тэдгээр жигүүртэнтэй наадаж явсан гэдэг домогтой. Эдүгээ тэднийг цасч дэглий гэнэ. Тэнд гурван үүр, гурван үдэш бэдэрсний эцэст миний бие “хатны дэглий”-д өөрийн эрхгүй татагдсан юм. Нуурын зэгсэнд мөлхөж, хөлхөж бүтээсэн зарим зураг сонирхуулъя.
“СОДОН ДУУДЛАГА”
Ургаж буй нарны өөдөөс савхан хүзүүгээ эгцэлж, шар хошуугаараа үе үе содон авиа исгэрэх нь тунгалаг өглөөг тунхаглах мэт. Хавь ойрын халбаган хошуут, хөх дэглий, мөнгөлөг цахлай, бор галуу, ухаа шунгуур болоод гангар хун тэргүүтнүүд түүнийг дагаж баясах нь найрал хөгжим санагдуулах. Тэр өөрөө гоцлон дууч. Удам судрыг нь сөхвөл Өрвийтөн(Ciconiiformes) багийн Дэглийнхэн(Ardeidae) овгийн харъяат аж. Цармын цас шиг онгон цагаан учраас Цасч гэсэн буйзаа. Бие нь 80-100 см, далавчийн дэлхэц нь 145-170 см гэжээ. Том биетэй, урт чацтай учраас ховдог. Загас, мэлхий, жижиг гүрвэл, шавьж зэргийг барьж зооглодог. Өвөрмөц шовх хошуу, уян хатан хүзүү хоёр нь ангуулчлахад нэн тохиромжтой зэвсэг аж. Дөргөн нууранд ирж зусаад, өвлөөс өрсөж өмнийг зорьдог.
“ТӨГС ГАЙХАМШИГ”
Төдөлгүй толгойгоо өргөж, хүзүүн биеэ эрчлэн сунгаж, хос далавчаа босгон өндийх нь уран бүжгийн айзам санагдуулж, ухаан санааг минь өвч эзэмдэгдлээ. Ертөнцийг умартуулах нь тэр.
“ДЭГДЭЛТ”
Тэр гоолиг хоёр хөлөө намбалаг жийж өндийхүй усан мандал дээр цагирган хээ урлагдав. Тэгээд торгомсог далавчаа эгц өргөж, өлмий дээрээ хөнгөхөн дэгдлээ. Усан дээр шүү дээ. Балетчин гүнж театрын тайзаа эзэмдэх агшинтай яг нэгэн адил. Эс давтагдах гайхамшиг гэж энэ буюу.
“ХӨӨРӨЛТ”
Усны хээ тэлж тодрох зуур тэр хөлөө үл ялих хурааж хөөрөв. Түүний хошуу, толгой, хүзүү нь уран эвхэгдэж, гоёмсог далавчныхаа чамин хийцийг цацруулав. Чингэх нь нэн гайхалтай.
“ДЭВЭХ ДОНЖ”
Тэр зүүнш эргэн донжтойхон дэвсээр цувраа хөх зэгс давж бараа сураг тасрав. Ижил сүрэгтээ тэмүүлсэн нь тэр бизээ. Шар ногоон зовхи, дугираг шаргал нүд, урт шар хошуу, сунагар сайхан хүзүү, гоолиг хар хөл, зүмбэр хээтэй далавч нэгэн биед ийнхүү заяаж энэ гайхамшигт жигүүртэн бүтсний учрыг Бурхан л мэдэх буйзаа. Нуур домог шивнэж, шувууд симфони эгшиглүүлж, дэглий балет бүжсэн өдрүүд миний хувьд жаргал байлаа.
Дөргөнэ хатны цасч дэглийн сүрэг нуурандаа ээнэгшин жаргахыг ажигласан минь энэ. Чингэх замд аяны ганзага нийлүүлсэн нутгийн дүү Д. Цэвээнравданд гүн талархалтай. Тэрбээр амьд байгаль, үндэсний үүх түүх, нутаг орноо шүтэж, хайрлаж, хамгаалж явдаг удам дамжсан эрдэмт нэгэн эрхэм болой.
2018.11.08
(“ЭС ХАЙРЛАХЫН АРГАГҮЙ ЕРТӨНЦ” ЦУВРАЛААС)
Д.Цэвээнравдан
Д.Цэвээнравдан
Зочин
нано
Turakina
Зочин
Onom
Onom
Цэцэгбал
unshigch
зочин
Ubgun ah
Утга ойлгогч
Anhkbayar
Зочин
Doergen
Нямаа
Дэглий биш дэглээ