Хэн ч хараагүй үеийнхэн хийгээд хэтэрхий бөөцийлсөн үеийнхэн буюу Сурган хүмүүжүүлэх ухааны хоёр туйл
“Одоогийн хүүхдүүд яана даа” гэж бүр Аристотелийн үед л хэлдэг байсан юм гэнэ лээ. Тэр цагаас хойш үе бүрийн хувьд л дараах үе нь улам л муудаад байх шиг санагддаг байж. Учирзүйн энэ дарааллаар бол өдийд хүн төрөлхтөн гээч бараг мөхчихсөн байх байж л дээ?
“Одоогийн хүүхдүүд яана даа” гэж бүр Аристотелийн үед л хэлдэг байсан юм гэнэ лээ. Тэр цагаас хойш үе бүрийн хувьд л дараах үе нь улам л муудаад байх шиг санагддаг байж. Учирзүйн энэ дарааллаар бол өдийд хүн төрөлхтөн гээч бараг мөхчихсөн байх байж л дээ?
Гэхдээ бас Аристотель хийгээд “өнөө үеийнхэн ч дээ” хэмээн толгой сэгсрэгчдийн буруу ч бас гэж хэлэмгүй. Учир нь үе бүр өөр өөрийн онцлогтой, сайн муу талтай, авах гээхийн аль алинтай нь байдаг билээ. Энэ удаад өөрийн биеэр туулж, нүдээр үзэн өнгөрүүлж буй хоёр үеийг харьцуулан ярья. Гэхдээ “өнөөгийн хүүхдүүд” гэж хүүхэд талаас нь биш, хүүхдээ хэрхэн сурган хүмүүжүүлж буй эцэг эхийн талаас харьцуулна. Надад бол эсрэг тэсрэгийн хоёр туйл харагдаад байгаа юм.
Нэгэн зүйл. Хэн ч хараагүй үеийнхэн хийгээд хэтэрхий бөөцийлсөн үеийнхэн
Намайг багад эцэг эхчүүд социализм байгуулна, эх орныхоо төлөө ажиллана, дугаар таван жилийн төлөвлөгөөг хугацаанаас өмнө биелүүлнэ гэж тэмцдэг байсан болохоос үр хүүхдэдээ цаг зав зарцуулж, сурлага сахилга нь юу болж байгааг сонирхож ч байсангүй. Өглөө 8 цагт ажилдаа яваад л орой 6 цагт ирнэ. Тэр хооронд хүүхдийнхээ хаагуур явж, хэнтэй нийлж, юу үйлдэж байгааг мэдэх ч үгүй, тоох ч үгүй. Тийм учраас л энэ үеийг “хэн ч хараагүй үеийнхэн” гээд байгаа юм. Хэн ч хараагүй үед хүүхдүүд өдөржингөө юу хийх вэ? Ёстой л өөрсдөө бодож олно шүү дээ. Тээр жил Блүүмингтон хотноо болсон нэгэн яриаг сонирхуулбал бидний өдрөө хэрхэн өгөрөөдөг байсан дүр зураг тодрох байх.
Золоо гэж 21-р зуунд хүмүүжсэн багавтар залуу байх. Түүнээс арай ах Билгээ, мань эрд багадаа Монголд хэрхэн тоглодог байсан тухайгаа ярьж, айлгаж байх юм. “Бид нар мэлхий барьж аваад бөгс рүү нь дэрс чихэж үлээж түмбийлгэсээр байгаад хага авдаг байлаа ш дээ”. Золоо бүр айчихсан “Пээ” хэмээн дуу алдана. Үүнийг сонсож суусан Баяраа ярианд оролцов. Билгээ бол 90-өөд оны эхээр тоглож өссөн гуч гарч яваа залуу. Харин түүний дэргэд Баяраа 80-аад онд тоглож өссөн дөч гарсан ах л даа. “Сүрэг тагтааг хооллож байхад нь гэнэт гагнуурын төмөр шидэхээр дэрх гээд л ниснэ. Гагнуурын төмөрт найдвартай хоёр нь сүлбүүлээд л цустайгаа унаад ирдэг юм”. Эхний хоёр хоёулаа зэрэг дуу алдав.
“Энэ юу ч биш” гэсээр ярианд оролцож эхэлсэн хүн бол далаад оны хүмүүжигч, 50 дөхөж яваа Ганбаа байв. “Дарханд бид нар муурыг барьж аваад шалба норгоод байрны гал хамгаалагч руу шидчихдэг байсан юм. Тогтой шийтэнд муур наалдчихаад, гал авалцаад л, муухай орилоод байна. Тэгсээр байгаад хав хар юм унадаг юм”. Ганбаагийн үе тэнгийн Тулгаа дэргэдээс нь ярьсан нь: ”Улаанбаатарынхан ч бас зүгээргүй ээ. Муур их зэвүүн, яаж ч шидсэн хөлөөрөө л унаад байна. Тэгэхээр нь бид нар 9 давхар дээр гарч байгаад, хөлийг нь биетэй нь даруулж сониноор ороогоод “Одоо хөлөөрөө буухыг чинь харъя” гээд шидчихдэг байлаа. Унангуутаа босч хэд алхаад л буцаад уначихдаг юм. Дотуураа цус алдаад үхэж байгаа нь тэр”. Ганбаа бас доор нь орсонгүй, бүр өрсөлдөх янзтай үргэлжлүүлэв: “Дархан анх босч байхад барилгын шавар цемент их байлаа. Муурыг зуурмаг цементэнд биеэр нь хийгээд толгойгий нь гаргаад амьдаар нь хатаачихдаг юм. Тэгж байтал золбин, өлөн ноход тал талаас нь ирээд арр, хурр гээд л толгойгий нь тал тал тийш нь тасар татаад явчихна даа”. Энэ удаад хөөрхий нөгөө 21-р зууны хүү Золоо царай нь цайчихсан “Одоо больё оо” гэж хашгирч билээ.
За тэгээд л иймэрхүү л “тоглоомоор наадаж” байгаад л эцэг эхээ ирэхээс өмнөхөн нь гэртээ ороод, томоотой царайлаад сууж байна шүү дээ. Өнөөдүүл маань мэдэх ч үгүй, яг юу юу хийв гэж нэг их сонирхож асуугаад ч байхгүй. Асуусан ч тэр бүгдээ тоочих ч үгүй.
Ийм аймшгийн тоглоомтой байсан ч хэн ч хараагүй үеийнхэнд бас сайн тал байна аа. Ийш тийш ганцаараа явж үзнэ, элдэв юмны учрыг олох гэж өөрөө л оролдоно. Сайндаа л найзуудаасаа асууж тусламж авна. Эцэг эхээс илүү ах эгч зөвлөн тусална. тэд чинь бас үнэндээ бол хүүхэд л шүү дээ. Тэгсээр байж сүрхий бие дааж сурдаг байж. “Бор зүрхээрээ” хүн болно гэдэг нь тэр.
Одоогийн хүүхдүүд тэгтэл их өөр. Эцэг эх нь цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, гараад ирэхээр нь яг отож байгаад тосоод авчихна. Дэлгүүр хоршоо ч барагтай бол явуулахгүй. Хөтөлж аваад л яваад байх. Бяцхан хүүхдийг бол тоглоомын талбайд ганцааранг нь тоглуулахаа ч больж. Барьж байгаад гулсуулж байна. Бүдрээд уначих вий гэж яг ард нь дагаж явна. Сайн юм нь мэдээж хүүхэд айх аюулгүй, бэртэх эрсдэлгүй өсөж байгаа байх. Гэтэл 18 нас хүртэл нь араас нь таг дагаж, бүх юмыг нь бэлдэж өгсөн хүүхдээ амьдралын аюулт урсгал дунд гэнэт гаргаад “За амьдар” гээд тавихаар ер нь юу л болох бол доо? Уяанаасаа алдуурсан нохой мэт чавхдан одох бол уу? Хэт бөөцийлөн өсгөж буй та бидний энэ хүүхдүүд улс нийгмийг авч явах цаг нь ирэхээр хэрхэх бол? Та биднийг үгүй болсон хойно ухсан нүхэнд ч, амьдралын үлийд ч бүдэрч унахаараа өөрөө эргээд босоод ирж чадах бол уу?
Миний бодлоор бол бидний багынх шиг огт харахгүй хаячих ч хаашаа юм, одоогийнх шиг алхам бүрийг нь хянаад явах ч хаашаа юм, дундуур нь нэг эвтэйхэн биеийг нь даалгасан атлаа буруу тийш нь алдчихгүй л байлгах юм сан.
Нэгэн зүйл. Амьд амьтан гэж тоогоогүй үеийнхэн ба амьдрал асуудлаа шийдүүлсэн үеийнхэн
Амьд амьтан гэж тоогоогүй гэхээр арай хэтрүүлж байна л даа, би. Амьд хүн гэж, хүн юм чинь юм боддог, сэтгэдэг, айдаг ичдэг гэдгийг нь авч хэлэлцээгүй л гэж хэлэх гэсэн юм. Бас нийтлэл маань хоёр өөр туйлын тухай өгүүлж байгаа болохоор иймэрхүү, хүчтэй туйлширсан өгүүлбэр хэрэгтэй байгаа юм, өршөөгөөрэй.
Ер нь бол ямар ч асуудалд хүүхдийн үгийг сонсоно гэж ойлголт байгаагүй юм. Хаашаа нүүх, хаана амьдрах, аль сургуульд явах гээд л бүх асуудал цаанаасаа шийдэгдээд л хүүхэд тэрийг нь дагах ёстой. Одоо тэгсэн яг эсрэгээрээ болж. Би маш олон танил, найз нөхдөө амьдралын нэлээд том асуудал дээр “Хүү маань, охин маань дургүй байна” гэсэн шалтгаанаар шийдвэрээ өөрчилж байхыг нь харлаа. “Нүүх гэсэн охин маань өөр сургуульд явахгүй гээд байна” гэх. Охин нь долоотой байх жишээтэй. Айл нүүх эсэхийг шийддэг долоон настай, мундаг том толгой ёо тэр.
Асуудал шийдэх, аливаад оролцох зэрэгт хүүхэд хамаагүй байж болно л доо, гэвч хүүхдийн сэтгэлзүй, мэдрэхүй зэргийг жаахан ч гэсэн боддоггүй байж дээ гэж би хааяа боддог юм. Ганц жишээ дурдъя. Би хөдөө өссөн хүүхэд л дээ (ээжийнхээ дүүгийнд). Намайг мэдээ ороход л Халзаа гэж нэг үнээ байсан юм. Халзаадаа хайртай гэж жигтэйхэн. Тэгсэн нас нь болсон юм байлгүй, өнөөхийг чинь заазлах болжээ. Тэрийг нь би юу гэж л мэдээ аж. Тав, зургаатай байсан юм болов уу? Гол нь яг миний нүдэн дээр шил рүү нь хутга зоогоод л янзалдаг юм даа. Уйлаад байсан, том хүмүүс өхөөрдөх нь өхөөрдөөд, дооглох нь дооглоод байсан юм даг. Зургаан настай хүүхдийн нүдэн дээр хайртай үнээг нь эд бад хийж байдаг, бас арай ч дээ. Хөдөө бол тэр бол жирийн л амьдралын нэг хэсэг байсан хэрэг. Гэтэл тэр нь одоо болтол миний нүдэнд харагдсаар байдаг билээ.
Ингээд бодохоор тэр үеийнх шиг хүүхдийн сэтгэл зүй, зүрх сэтгэл, үзэл бодлыг огт тоохгүй байх ч хаашаа юм, өнөөгийнх шиг нүүх суух, шинэ тавилга сэлт авах, гэрлэх салах гээд хамаг асуудлаа нялх шахуу хүүхдээрээ шийдүүлээд байх ч хаашаа юм, хүүхдийн шийдэх ёстой зүйлийг өөрөөр нь шийдүүлээд, бас зарим хэрэгт, ялангуяа насанд хүрэгчдийн явдалд үл оролцуулаад явах нь зөв мэт.
Нэгэн зүйл. Мэдээлэлгүй харанхуй өссөн үе хийгээд мэдээлэлдээ пологтон элийрсэн үе
Бид бол мэдээлэл байхгүй, бас л харанхуй өссөн хүүхдүүд шүү. Хүүхдэд зориулсан танин мэдэхүйн ном ховор, эцэг эхчүүд нэг их тайлбарлаад өгөөд байхгүй, дандаа л нэг нэгэндээ элдэв сонин мэдээлэл дуулгадаг байлаа. Ихэнх нь оргүй худал. Жишээ татъя. “Хөлбөмбөгийн хаан алдарт Пелегийн нэг хөл хориотой юм гэнэ. Хэт чанга өшиглөдөг болохоор хорьчихсон юм байх. Тухайн үед нь соинрхож асуухаа ч ямар мэдэх биш, хориглосон гэхээр FIFA-гийн л шийдвэр байсан юм байлгүй. Нэг өдөр Бразил, Аргентинтай тогложээ. Аргентинийхан тэгсэн, сармагчингаар “батаарлуулж” гэнэ (орос хэлний “вратарь” гэдэг үгийг бид “батаар”, үйл үгийг нь “батаарлах” гэж хэрэглэдэг байсан юм.). Сармагчин нэг ч гоол алддаггүй гэнэ шүү. Одоогийнхоор бол Нойер шиг л сармагчин байж л дээ. Штангныхаа (хөндлөвч мод) дэргэд самар цөмөөд л суугаад байх. Тэгээд бөмбөг ирэхээр ганцхан үсэрч барьчхаад л буцаад суучихна. Гэнэт Пелегийн уур хүрч, хориотой хөлөндөө байсан улаан уяаг тайлж нөгөө хөлөндөө уяж байгаад өшиглөөдөх сөн, бөмбөг нь өнөө муу сармагчны гэдсийг цөмлөөд орчихсон дотор нь эргэлдэж байсан юм гэдэг”.
За тэгээд дээр нь нэмээд нэр бүхий алдарт эмэгтэй дуучныг “үүргэвч үүрсэн” Японы тагнуул гэж, Оросын хаалгач Лев Яшиныг гараа унжуулаад зогсохоор гар нь өвдгөө өнгөрдөг гэж, шөнө босч ирээд эзнээ алдаг улаан цув байдаг гэж, Брюс Лиг бартай зодолдож байгаад үхсэн гэж, Туул голд таван матар ирж хүүхэд барьж идсэн гэж, угаагаад пааран дээр хатаасан дотоожинд нь жоомны авгалдай орсноос болж жирэмсэн эмэгтэйгээс жоомон биетэй хүүхэд төрсөн гэж цуурдаг, цуу яриандаа итгэдэг байлаа. МУБИС-ийн ангийн найз, Сүхбаатар аймгийн охин ээж нь эрэгтэй хүүхдийн орсон жорлонд араас нь орж бие засвал жирэмсэн болдог гэж хэлж өгснөөс болж 10-р ангиа төгстлөө түүнд нь үнэмшин, модон жорлонд орох гэж өчнөөн цагаар эрэгтэй хүүхэд орох эсэхийг харуулдан, айж ичдэг байсан тухайгаа ярьж байж билээ.
Тухайн үед хүүхэд байтугай томчуудын итгэж явсан энэ мэт ярианд одоогийн хүүхдүүд итгэх нь байтугай дооглон инээх байлгүй. Интэрнэт хөгжсөн, гүүглжсэн өнөө үед захын хүүхэд энэ бүхнийг худлаа гэдгийг гаргаад ирэх байх. Гэхдээ огт мэдээлэлгүй байсан бидний үеэс учиргүй мундаг болчихсон, цоорчихсон юм бас харагдахгүй юм. Юу гэхээр хэт их мэдээллийн эринд, хүүхдүүд аль ч төрлийн мэдээллийг шүүлтүүргүй авсаар байж, өнөөх авах гээхийн ухаан гээчийг умартдаг бололтой юм. Ялангуяа энэ их хүчирхийлэл, садар самуунтай холбоотой мэдээлэл, кино зэрэг хожмоо ямар нөлөө үлдээхийг хэн мэдлээ.
Эцэг эхчүүд ч тэр, ялангуяа бэлгийн боловсролын тухайд бидний үед ам ч нээдэггүй байсан бол одоо хүүхдүүдтэйгээ элдэв хангай юм ярьж, хэлэлцдэг, зарим нь бас хэтрэх тал руугаа ч санагдах юм. Миний үед эцэг эхийнхээ дэргэд “хайртай дуртай” гэсэн үг ч унагахаас эмээдэг байсан бол одоо залуу эцэг эхчүүд Нүүр ном зэрэг дээрээ “Манай охины анхны хайр нь энэ гэнэ ээ” гээд цэцэрлэгийн насны жаахан хүүгийн зураг тавьсан ч байх шиг. Ард нь тэгээд хэлээ гаргасан нэг тэмдэгт, доор нь эрхий хуруугаа гозойлгосон сэтгэгдлүүд.
Арван наймтай хүүхдэдээ хүртэл хүн хэрхэн жирэмсэлдгийг хэлж өгдөггүй байсан бидний эцэг эхийн үе ч хаашаа, арав хүрээгүй хүүхэдтэйгээ анхны хайр яриад хэвтэх өнөөгийн төрх ч хаашаа, зохих мэдээллийг зохих цагт нь өгөөд, мэдээллийн харанхуйд төөрүүлчхэлгүй, мэдээж бас пологтуулчхалгүй л явах сан даа.
Нэгэн зүйл. Боол мэт зарсан үе хийгээд Богд мэт залсан үе
Боол мэт гэж бас л арай хэтрүүлэн хэлж байна. Баянмөнх аваргын “үгийн хүч битгий сулруулаад бай” гэдэг шиг л, жаахан чангахан хэлээд байгаа хэрэг. Ер нь бол бидний үед, ялангуяа над шиг айлын багууд биш айлын том хүүхдүүд бол маш их ажилладаг байж. Айлын том охин бол гэрийн хамаг ажлыг нугална. Гэр орноо цэвэрлэнэ, хоол цай хийнэ, дүү нараа асарна. Үр хүүхдийг хүмүүжүүлэх бол уг нь эцэг эхийн ажил гэж байгаа, тэгтэл айлын том хүүхдийн л ажил болчихсон. Өнөөх нь гэрийн хамаг хариуцлага, ажлыг нуруун дээрээ үүрчихсэн. Уг нь бол хөөрхий өөрөө бас хүүхэд юм байгаа юм шүү дээ.
Хөөрхий тэр үеийн тэгж их ажилласан хүүхдүүд одоо өөрсдөө эцэг эх болохоороо бага насаа санагалздаг уу, өөр шигээ болгомооргүй байдаг уу, үр хүүхдээ бурхан шиг л залчихсан. энэ ч хүнддэнэ, тэрийг ч миний хүү чадахгүй гээд л урдуур нь орж хамаг ажлыг нь хийж өгөөд л. “Хар гэртээ Хаан, Бор гэртээ Богд” гэдэг чинь уг нь гэрийн эзэн, айлын нөхрийг хэлдэг үг биз. Одоо бол эрх бяцхан үрс л ёстой “Хар гэртээ Хаан” болж. 1-р ангид орно, Ай-Под авч өгнө ч гэх шиг. Дөрөвдүгээр ангийн хүүхэд, зөөврийн тооцоолуургүй яаж болох юм бэ ч гэх шиг. Өнөөх нь тооцоолуур дээр нь өнгө дүрс нийлүүлэн унагадаг тоглоом тоглосон шиг.
Хэрээс нь хэтэрсэн ажил хийлгэн, амьдралын ачааг үүрүүлэх ч сайн юм биш, хэтэрхий их шүтэн толгой дээрээ залах ч сайн юм биш. Завсар зайгүй зараад байх ч сайн юм биш, заагаад уйлсан болгоныг нь авч өгөөд байх ч сайн юм биш. Хэр хэмжээнд нь таарсан хийж чадах ажлыг нь хийлгээд, насанд нь тохирсон тоглоом сэлтийг авч өгөөд явахад буруудахгүй мэт.
Гэх мэтээр бодоод суухад миний өөрийн өссөн үе хийгээд өөрийн минь хүүхдээ өсгөж байгаа үе хоёр, сурган хүмүүжүүлэх ухааныхаа талаас ёстой л нэг эсрэг тэсрэгийн туйл мэт. Багш жишээ нь миний үед бурхан байлаа. Багш юу л гэнэ, эцэг эх үнэмшинэ. Муу мэдээ дуулбал шууд ирээд маниусыг зодно. Хүүхэд юу ч гэж өөрийгөө өмөөрөөд нэмэргүй. Одоо тэгтэл багш нь хүүхдийг нь өөлөн, муулбал эцэг эхчүүд өөдөөс нь хүүхдээ өмөөрч хэрэлддэг, бас зарим нь чихэр жимс өгч аргалдаг болсон гэнэ дээ. Хэрэлдэх, аргалах ч яах вэ, хүүхдийн тань сурлага хүмүүжил юу сан билээ? Бас хайрлана гэдэг чинь шүтэн биширнэ гэсэн үг мөн үү? Нэг л их хүүхдээ биширсэн, магтсан улс.
Энэ нь бас бидний үед бүх юм сайн сайхан байсан гэсэн үг ч биш. Зарим хүн бүх юм нэг их сайхан байснаа учиргүй муухай болчихсон юм шиг, зарим нь яг эсрэгээр айхтар муухай байснаа гэнэтхэн сайхан болчихсон мэтээр яриад байдаг юм. Нийгэм, үе өөрчлөгдөнө гэдэг тийм амархан, сайн нь муу, муу нь сайн болчихдог, механик эд биш л дээ. Аль ч үед өөрийн гэсэн сайн тал, муу тал гэж бий. Жишээ нь хэн ч хараагүй, өөрсдөө өссөн бидний үеийнхэн бие сайн дааж сураад, нийгмийн эргүүлгэн дунд хөлөө алдчихалгүй явсаар ирсэн нэг хэсэг байхад бүтэхгүй найзууддаа уруу татагдан, буруу замаар явчихсан хайран сайхан залуус ч олон бий.
Харин чухам одоо, Богд мэт толгой дээрээ залсан, бүдрээд унахад нь газарт хүрэхээс нь өмнө татаад босгочхож байгаа, эцэг эх эмээ өвөөгийнхөө хатуу хяналт, хараан доор гадаа тоглодог, эрсдэл мэдэхгүй бидний үр хүүхэд ямархуу улс болохыг өдгөө хэлэх эртдэнэ. Хориос гучин жилийн дараа л сайн муу нь мэдэгдэнэ биз ээ.