“Алсыг харуулдахуй”

Дондог, бид хоёр аажуухан мацсаар овоотой өндрийн овгор хаданд хүрч амсхийв. Тэгээд дурандаж эхлэхүйд үүр гийж, хавь ойрын болоод алсын уул, толгодын төрх байдал тодрох шинжтэй боллоо. Хэсэг бусаг мод сөөг, эрвэгэр дэрвэгэр хад чулуу нам гүм оргиж,салхи үл ялих сэрчигнэхнь ер бусын мэдрэмжтөрүүлнэ. Зүүн урдах салаанд хэдэн бор гөрөөс идээшилж буйг ажиглаваас зүр, янзага голдуу аж. Тэртээ хойд энгэрт бүрэлзэх амьтныг дагуулж дурандвал сүрэг согоо бараадсан багавтар буга байж. Гэтэл араас нь олон салаа эвэр, данхгар толгойгоо дааж ядсан халтар буга цухуйж сөөнгө хоолойгоор тасалдангуй урамдахуйд тэрхүү идэр буга ухасхийж хөндлөн хэдэрч одов оо. Бидний доохнуур ганц улаан шар үнэг сүүлээрээ наадан далд орлоо. 

Дуран шагайж шивнэн ярьжсуусанДондог сүвээ рүү минь хатгаж, нөгөө хэдэн согооноос баруунш орших сэрвэгэр хадтай хяр руу заав. Чихний үзүүрт “боохой” гэж дуулдахуйц тэр зүг рүү сандран өнгийлөө. Хоёр чихээ сортолзуулан хэвтэх чоно дуранд минь оров. Өнгө зүс нь эргэн тойрныхоо өвс ургамал, хад чулуутай ижилсэж, үүрийн бүдэг гэгээнд ууссан нь олж харахад амаргүй. Дондогт ёстой л бүргэдийн нүд заяажээ. Мань эрийг нутгийнхан нь “чоно Дондог” гэдэг нь хий яриа биш санжээ.

Боохой зүйрмэглэж буй бололтой. Аппаратныхаа чацыг шалгах гэж шалгайлаа. Түүндээ шимтэж ганц хоёр дарж үзэв. Тэр хоорондоо дэргэдэх Дондог, цаадах хэдэн согоог ч мартаж орхижээ. Дондог маань дахин хатгахад л сая сэхээ оров. Тэгээднөгөө боохой хэрхэхийг ажиглах, буга согоо мэтийг орхих шийдвэр гаргалаа. 

Тийнхүү аппарат, дуран хоёроороо ээлжлэн харж суутал нөгөөдөх чинь толгойгоо сэгсрэн босч ирээд нэгэнтээ суниав. Тэгснээ хэвтээ хар хад тойрч хярын ар руу сэмхэн харж эхлэв. Цаашаа л тонгойж одох нь гэж дотроо харамсан Дондог руу харвал мань эр толгойгоо сэгсэрч суух. Яах ч аргагүй. Наашаа, наашаа гэж дуудалтай биш.Дэмий л бухимдаж суутал боохой аядуухан эргэж алсыг нэг ширтснээ бидний зүг уруудав аа. Итгэх нэг хэцүү, эс итгэх бас хэцүү. Бөөн баяр. Бидний эсрэг орших сүүдэрт өвөр рүү боохой зугуухан доошилж, битүү их сөөгтэй урт хар жалга руу чиглэв. Би ч баярласандаа орилох шахлаа. Тэр яарч даарсан шинжгүй гэлдэрсээр жалга руу шургачихав. Яг тэнд нь ганц өнчин хар мод харагдана. Тэмдэг болгож тогтоож авлаа.

Дондог “Наадах саарал чинь үүр, шөнийн заагт гөрөөс барьж цохчихоод гэдсээ даахгүй зүдэрч явна. Жалганд дугжрах нь. Гэхдээ харзагная…” гэж байнаа. Ашгүй салхи зөв, бас тэгээд нар мандах дөхөж байсан нь азтай. Тэр жалга нилээд алс боловч тийш дөхөх зам нь хад цохиотой, бут сөөгтэй нь олзуурхууштай. 

Төдөлгүй нар сэмхэн цухуйж, гэрэл гэгээ шуударлаа. Боохой таг чиг. Бид хоёр явгалан хөдлөв. Эхлээд овоот овгорынхоо араар тойрч, тэгээд эгц уруудсаар сөөгтэй хөндлөн сайр туулж нөгөө жалга руугаа өгсөв. Төдөлгүй жалганд орж түр амсхийгээд, зугуухан мацсаар нөгөө ганц хар модтойгоо зэрэгцэн очиж эрэг өөд мөлхөн гартал Дондог мөр лүү ёворч урагш заав. Аппаратаа түлхсэн чигээрээ өндийхөд нөгөөх чинь сүүдэр дотор эгц өөдөөс ширтээд зогсож байх. Чимээ авчихжээ, янз нь. Би ч сандарч товчлуураа салганан дармагц боохой хөндлөн үсэрч наранд гарлаа. Тэр нар, сүүдрийн яг зааг дээр зогсож байсан санж. 

“Хашир харц”

Сэрвээний үс нь налуувтар бөгөөд цайвар, нурууных нь хар саарал зурвастай. Босоо хоёр чих нь дотроо бууралдуу, хурц хоёр нүд нь шаргалдуу, хүзүү нь лухгар, хөл нь хүчирхэг, түнхгэр гэдэс нь урт үстэй, зузаан сүүл нь хар үзүүртэй. Эдгээр нь хашир, чамбай бөгөөд сүр хүчтэй өвгөн боохой гэдгийг илтгэнэ. 

“Сонор бөгөөд үнэрч”

Түүний зөөлхөн шогших, ганц нэг зогсхийх явдлыг нь дагуулж би “шүршсээр” л байв. Тэр зам зууртаа хэлээ гаргаж, заримдаа ярзайж харагдана. Хоёр том цагаан соёоноос бусад нь бараг дууссан мэт.Уул нь боохой бол 42 шүдтэй гэдэг. 

“Цагаан соёот”

Түүнийг хөгширч, хаширч, бас догьширч яваа азарган чоно гэлтэй. Өдий хүртэлх насандаа тэр юуг эс үзсэн гэх вэ. Тэгээд ч зожиг араншиндаа хөтлөгдөж яваа нь энэ биз. Боохой мацсаар нөгөө хэвтэж байсан сэрвэн хадтай хяр дээгүүрээ давж одлоо. Аппарат, бид хоёр халуун үлдэв. Харин Дондог “ханасан уу” гэж дуугарав. Зурагчин хүний шунал эс ханах. Гэхдээ л аз, од хийморь тохиосонд Хэнтий хангайдаа сүсэглэн талархав. 

Орооны цагийн бугын зурганд мордсон миний биед өвгөн боохойн гүйдэл ийнхүү таарсан нь нэн ховор аз гийсэн хэрэг.

Чоно 6-8 жил насладаг, хүмүүнд үргэлжийн мөнхөд адлагдаж явдаг ч ер бусын хийморьтой, ухаалаг бөгөөд эрэлхэг амьтан гэдэг. Боохойн чих нь хүнийхээс хорь дахин илүү сонор, хамар нь зуу дахин илүү үнэрч гэнэ. Насанд хүрсэн чоно дундажаар 50-70 кг жинтэй боловчэгзэгтэй үед 5 метр харайх, нэг цагт 60 км хүртэл давхих чадвартай. Мөн нэг удаа 9 кг мах зооглодог гэж ном сударт бичжээ. Зэрлэг ан амьтан элбэг дэлбэг газарт боохой мал сүрэг рүү төдийлэн өнгийдөггүй гэж буурлууд ярьдаг нь үнэн байж таарна. Тэр нь зээр, гөрөөс болоод тарвагаа бага ангавал адуу малаа боохойноос хол байлгана гэсэн үг бизээ.

2018-10-22

(“ЭС ХАЙРЛАХЫН АРГАГҮЙ ЕРТӨНЦ” ЦУВРАЛААС)