Сэрэнгэтийн үчимбэр (Фото тэмдэглэл)
Африкийн үчимбэр бээр Мийнхэн овгийнх учраас догшин, хурдан, хүчирхэг бөгөөд элдэвтэй махчин амьтан.
Хулгана жилийн өвөл Танзани улсад зохиогдсон олон улсын нэгэн хуралд урилгаар оролцох завшаан тохиоход миний бие гэрэл зургийн хэрэгсэлээ чирч очсон юм. Хурлын дараа үлдэж Сэрэнгэтийн ногоон тал руу яаран хөдөлж билээ.
Тэрхүү зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын оронд буулгасан гэрэл зураг, аяны тэмдэглэлийн дэвтэрээс минь африк үнэртэж, нутгийн маасай үндэсний уянгалаг хөгжим, дуу амилж дурсамж сэргээнэ. Чингэх тусам үчимбэр хэмээх гайхамшигт амьтны араас бэдэрсэн минь гоц санагдана.
Африкийн үчимбэр бээр Мийнхэн овгийнх учраас догшин, хурдан, хүчирхэг бөгөөд элдэвтэй махчин амьтан. Манай түүхэн бичлэгт улаан ирвэс гэж тэмдэглэгдсэн нь бий. “Хубилай хаан авд мордсон нь” хэмээх 740-д жилийн өмнө бүтээгдсэн сонгодог уран зурагт нэгэн эрхэмийн морины хондлой дээр сууж буй амьтныг улаан ирвэс гэж зарим судлаач тэмдэглэжээ. Тэгвэл монгол хаад үчимбэрийг ч ан хомрогод ашиглаж байсан бололтой гэсэн бодол Сэрэнгэтид төрж явсан юм. “Үчимбэр бол Төв Азид байхгүй, Африк зүгийн амьтан. Түүнийг эзэн хаанд хариас бэлэг болгон ирүүлж байсан байж таарна” гэж доктор, түүх судлаач Я.Ганбаатар гуай бичжээ.
Хубилай хаан арслан, заан, барс зэрэг амьтантай байсан тухай Марко Поло ч тэмдэглэсэн байдаг.
Энэ амьтны төрөлх үзэсгэлэн гоо, зан авир, хурд, заль мэхийг амьд байгаль дээр нь үзэж байж л ойлгох юм билээ. Хэдэн өдөр үүрээс үдэш хүртэл намайг дагуулж бэдэрсэн шавилхан африк залуугийн хараа нь асар хурц, шүд нь цасан цагаан, зан нь үнэн тусархаг, хөл нь нэн хөнгөн. Нэр нь Кутомбо. Ганзага нийлүүлэхэд жинхэнэ урамтай эр. Үүр цайрахтай уралдан Сэрэнгэтийн үзэсгэлэнт толгод, тэндэхийн амьтад, шувууд сэрж нүд, сэтгэл баясгана.
Бид тэр өдрийг зөвхөн үчимбэрт зориулахаар шийдсэн учраас бусад амьтадыг эс тоов.
…Кутомбо дурангаа тавьж “дүрсгүй жаалууд” наадаж байна гэв. Тэдний чих, нүд, хамар, ам,хөл, савар, үсэрч харайх нь хүртэл цаанаа л нялх амьтадын төрхийг илтгэх. Тэр дүрсгүй гурав бол үчимбэрийн зулзага. Өндөр ургасан цэцгэсийн иш, навчсын араар цомцойн суучихаад сониучхан нүдээр ширтэх. Өхөөрдмөөр гэнэн, биднээс нуугдчихсан байгаа төрх нь тэр санж.
“Дүрсгүй гурав”
Үчимбэрийн хувьд жилийн турш тааламжтай үедээ нийлэлдэж, үрээ гурван сар тээж, 2-4 ихэр зулзага төрүүлдэг аж. Зулзаганууд нь долоогоос арван хоногийн дотор нүдээ нээж, нэг сар хүрмэгцээ мөлхөж хөлхөж, хоёр сартайдаа унаж тусан хөлд ордог. Зургаан сартай зулзага эхийгээ даган ангуучилж, нэг наснаасаа бие дааж гүйдэг аж.
“Харамлах харц”
Төдөлгүй ээж нь өвсөн дотроос өндийж нөгөө гурвыг дагуулан наранд гарч цааш харж суув. Тэгснээ огцом эргэж над руу сүрхий хурц ширтлээ. Би ч нүд ирмэх завгүй дарсаар л... Нэг зулзагаа өвөр талдаа нууж, нөгөө хоёрыгоо харамлан хураасан түүний догшин улаан шаргал нүд нэн сүртэй. Миний нурууны голоор жихүүдэс гүйлээ. Үрсээ харамлах төрөлх мэдрэмж нь араатны уур уцаарыг хөндвөл хэцүүднэ. Суугаа чигтээ зугуухан ухарч өндөр өвсөн дундуур гулсан холдож одлоо.
Нялх үрсээ нарны илчинд эрхлүүлэн наадахад нь саад болох нүглээс тийнхүү зайлсхийв. Үнэн хэрэгтээ би сүрхий их айсан хэрэг.
“Янаглах агшин”
Дахиад л хоёр үчимбэртэй тааралдлаа. Өглөөний нарны зөөлхөн шаргал туяанд ханийхаа духан дээрээс энхрийлэн үнэрлэж, торгон ягаан хэлээр янаглан “үнсэх” агшинд нь онож дарсан минь азтай. Тэр хоёр ч “ичингүйрэн” холдож, бид ч бас толгод дундуур замдаа орлоо.
“Харуулд”
Энэ үчимбэрийг бага үдээс нар жаргатал дагасан юм. Намхан толгод өртөөлөн дагасаар нар нилээд хэвийсэн хойно багавтар шавар дов дээр гарч цомцойн суухад нь аппарат хэрэгсэлээ зоож авлаа. Жаргаж буй нарны гэрэл ч миний азыг түшив. Тэр үзэсгэлэнт амьтан зөвхөн толгойгоо зүүн, баруун тийш ээлжлэн хөдөлгөх нь зураг авахуулах гэж зориуд саатаж байх шиг санагдах.
“Гүйдэл”
Гэтэл нөгөөх чинь гэнэт үсэрч миний зүүнтэйгүүр чавхадлаа. Дагуулан хартал ганц бие пала гөрөөс элдэж сөөг рүү шургаж бараа тасрав. Түүнийг л харж суужээ, мань эр. Оройн зоогны тэрхүү гүйдэл нь анир чимээгүй, хөнгөн шалмаг бөгөөд нэн эрчтэй хурдан. Ер бусын урлаг гэлтэй, бурханы бүтээл. Үчимбэр бол гуравхан секундын дотор 110 км/цаг хүртэл хурд авдаг шидтэй, хамгийн хурдан хөхтөн амьтан гэж судлаачид бичжээ.
“Ширтэлт”
Энэ зантгар толгой, заналтай ширтэлт, шовх хоёр соёо, хүчирхэг чээж олон хоног надад зүүдлэгдэж билээ. Үнэн сүртэй амьтан. Нас гүйцсэн үчимбэр нь цоохор ирвэснээс бага биетэй мөртлөө сүүлний урт нь ижил шахуу аж. Арслангаас хоёр дахин хурдан. Африк болон Ойрх Дорнодын нутгаар тархсан байдаг.
Сэрэнгэтийн хээр тал оюу ногоон өнгөтэй. Мөрөн гол, нуур цөөрөм, мод ургамал, бут сөөг дүүрэн дов толгод нь хүн, амьтны сэтгэлд таатай, амьдралд ээлтэй нутаг. Хумхаан шумуул гэж нэг гайтай дайсанг эс тооцвол амьтан, шувуудын диваажин аж.
Тэнд нарны үнэртэй, жавхаалаг бие хаатай, том алаг нүдтэй танзани бүсгүйчүүлийн эелдэг бөгөөд найрсаг зан ааль, ялгуухан бүжиг, ялдамхан алхаа гишгээ чбас аянчин гийчдийн сэтгэлийг өөрийн эрхгүйтатна.
Танзани улс, ард олных нь амьд байгалийн өвийг жинхэнэ ёсоор хайрлан хамгаалж, эрхэмлэн дээдэлж буй хандлага, соёл, үйл ажиллагааг үзээд цагаан атаархалд автаж билээ. Манайд бол ховордсон шувуу, амьтдын мах, цус, элэг, бөөр, эвэр, туурай, уураг тархи, ялгадас нь хүртэл эм тан хэмээн шүлтдэг. Үүнээс үүдэж сохор шуналд хөтлөгдсөн хүмүүн бээр амьтан, шувуудыг онгоц, машинаар элдэж, буу сумаар шүршиж хөнөөдөг нь хорлонтой. Амьтны ертөнц нэгэнт сөнөж одвол түүнийг сэргээн “үйлдвэрлэх” аргагүйг хүн төрөлхтний түүх нэгэнт нотолсон байдаг.
(“Африкийн дурсамж” цуврал)
2018.12.15