Буддын шашныг Бурханы шашин гэх нь зөв үү, буруу юу? Хэзээнээс Буддаг Бурхан гэх болов?

Түүх сөхвөл 1300-аад онд Өлзийт хааны үед улсын багш болсон Чойжи-Одсэр бандита монгол хэл, бичгийн дүрэмзүй Зүрхэн тольт-ыг зохиож, судрын орчуулгад шинэ үеийг нээжээ. Энэ үед орчуулагдсан судар номд Буддаг Бурхан гэж буулгасан нь Турфаны олдвор зэргээр батлагддаг. Будда гэдэг үгийн утгыг монгол мэргэд “мунхгийн нойроос сэрж, билгийн гэгээ дэлгэрсэн” хэмээн тайлж ирсэн. Төгс болтлоо цэцэглэсэн гэх, мөн угаас байсан мөн чанараа танин мэдсэн гэх хоёрдмол утга агуулдаг. 

Тухайн үед Монгол гүрэн харанхуй бөглүү хязгаар биш, дэлхийн улс төр, шашин сёлын төв болж байсныг санах хэрэгтэй. Буддын шашин юугаараа онгцойг тод илэрхийлэх шаардлагатай байсан үе. Чойжи-Одсэр бандитын судар орчуулгад баримталж байсан зарчим нь уул утгыг илтгэх уламжлалт болон язгуур үг олдохгүй бол самгарьд эхийг галиглан буулгах ёс байв. Гэтэл Буддаг шууд Бурхан гэсэн нь энэ хоёрыг нэг утгатай гэж үзэж байсных.

Пали хэлний давхар гийгүүлэгч самгарьд хэлэнд “р” болон өөр гийгүүлэгчээр солигддог. Тухайлбал: ниббана – нирвана, дхамма – дхарма, мэтта – майдри гэхчлэн. Ийм маягаар Буддха хэмээх үгийг Бурха, Бугдха зэргээр дуудах ёс умрын уламжлалд байжээ. Эдгээр дуудлага Энэтхэгээс Дундад Азиар дамжин монгол хэлэнд нэвтэрч бурхан ба богд гэсэн үгс үүсчээ. Бурхан Халдун, Бурхан Буудай, Хан богд, Таван богд зэрэг уул хангайн нэрс эл үгсийн эрт улбааг гэрчилнэ. Байгалиа дээдэлдэг нүүдэлчин түмэн уул хангайдаа хамгийн ариун гэгээнийг бэлгэшээж нэр өгөх нь гайхах зүйл биш. Түүнчлэн Боданчар богд, Чингис богд гэхчлэн өгүүлдэг нь тэдний суу билгийг бурхан буюу гэгээрсэн төвшинд өргөмжилж буй хэрэг. Будда гэсэн нэг эх байхгүй бол бурхан, богд хоёр холбоогүй болно. Гэтэл хоёулаа гэгээрлийн утга заадаг.

Энэтхэг хэлний өдий төдий үг монгол хэлэнд идээшсэн. Тэдний зарим нь танигдахгүй болтлоо хувирчээ. Жишээ нь, Энэтхэг гэдэг үг өөрөө байна. Инд (Индхү) мөрнөөр нэрлэгдсэн улс үндэстнийг Энэтхэг гэж дууддаг орон Монголоос өөр байхгүй. Энэ мэт буниа – буян, клеша – хилэнц, абхъяса – авъяас, сиддхи – шид, шлока – шүлэг, кшана – агшин, бухута – бодис, тамас – там, двипа – тив, калпа – галав, ратна – эрдэнэ, важра – очир, шасана – шашин, сутра – судар, жатака – цадиг, упадеша – увдис, самсара – сансар, мандала – мандал, сүмерү – сүмбэр (уул), махаража – махаранз, чакра – цагариг, шарира – шарил, читтамани – чандмань, бхикшү – багш, шавака – шавь, пратека – бэртэг’чин, абхишека – авшиг, амрита – авирд (үүрд), калпабрикша – галбарваас, гаруда – гарди, рилү – үрэл, риши – арш, дхарани – тарни... гэхчлэн цаашаа од гариг, мод ургамал, эд эрдэнэ, эрдэм ухааны нэрийг тоочиж баршгүй. Чойжи-Одсэрийн үед эл үгсийг энэтхэг галигаар биш, өөрийн өвөрмөц бичлэгээр нь бичиж байснаас үзэхэд шинэ тутам аваагүй нь илт байна.


Бурхан ба тэнгэр

Буддын шашны онолоор хүний ертөнцөөс дээд төвшинд оршивч орчлонгийн тойргоос халиагүй төрлийг энэтхэгээр “дэва”, төвдөөр “лха” гэдэг. Буддаг бурхан гэж буулгасан бол дэваг тэнгэр гэж орчуулжээ. Тнгри гэж монгол бичгээр гадаад үгийн галиг шиг бичдэг энэ үг түрэг, мажар, болгар зэрэг олон хэлэнд тангри, тэнри гэхчлэн бий. Бас хятад хэлэнд “тян”, японд “тэн” гэдэг. Буддын судрыг өөрсдийн хэлэнд орчуулахдаа тэд ч бас дэва-г тян, тэнгээрээ буулгажээ. Харин Будда Хятадад Фо, Японд Буцу болжээ. Манай Бурханаас ер дутахгүй байгаа биз?

Хиндү шашинд шүтдэг олон дэва-г буддизмд өөрийн ойлголтоор хүлээж авсан. Тэдгээрийн гол төлөөлөл болог Брахма, Индра-г монгол сударт Эсрүн, Хурмаст тэнгэр гэж хөрвүүлж иржээ. Эсрүн бол эртний Ассирийн шүтээн Эшүра, Хурмаст бол Персийн шүтээн Ахурамаздагийн монголжсон нэр. Монгол хэл, сэтгэхүйд ижил дасал болсон үгээр утга дүйцүүлж орчуулсан хэрэг.


Дхарма буюу ном

Буддын сургаалыг дхарма гэдэг. Бас л Будда шигээ ярвигтай ойлголт. Нэг байтугай нилээд үгээр илэрхийлсэн ч дутуу оргино. Юуны өмнө үнэмлэхүй үнэн өөрөө дхарма юм. Түүний илрэл болсон юмс үзэгдэл бүхэн дхарма. Түүнийг ухаарч гэгээрэх зам мөр ч бас дхарма. Хэрэв энэ үгтэй дүйцэх үг олдохгүй бол зүгээр галиглаж буулгах ёстой байв. Гэтэл дхарма-г “ном” гэж орчуулжээ. Монгол хэлний энэ үг “номос” хэмээх грек үгээс гаралтай гэж үздэг. Эртний грекийн гүн ухаанд эмх цэгц, зүй тогтлыг илэрхийлдэг энэ үгийг Буддын дхарма, Бумбын дао-тай адилтгасан өрнийн сэтгэгчид цөөнгүй. Урьдын гүүш мэргэд уг зүйлийнхээ утга учрыг нарийн ойлгож мэдэрдэг байсан нь эндээс харагдаж байна. 

Хаа холын грек үг яаж яваад монгол хэлэнд орсон бэ? Македоны Александр умард Энэтхэгийг эзэлснээр тэнд индо-грек улс үүсчээ. Монгол үлгэр домогт гардаг Сулхарнай баатар бол чухамдаа Александр хаан гэж судлаачид тогтоосон. Грекийн урлаг соёл Энэтхэгийн бясалгалтай сүлэлдэж, өвөрмөц өнгө төрх тодорсон нь хожим Кушаны хаант улсын үед улам төгсөрчээ. Буддын шашин Төвдөд ороодолон бурхан сахиустай болсон гэж манахайн таадаг. Үнэндээ уг явдал Энэтхэгт болсон. Теревада буюу бага хөлгөний уламжлалд гагцхүү Гаутам Буддаг дээдэлдэг байсан бол Их хөлгөн хэмээх шинэ урсгал гарснаар тоо томшгүй бурхан бодьсадваг алдаршуулж, түүний дээд төвшин гэгдэх Тантрын ёс – Очир хөлгөнд догшин бурхад, баатар дагинасыг бясалгах болжээ. Их хөлгөн номыг Буддагийн сонгомол цөөнхөд заасан нууц сургаал байсан тул нийтэд дэлгэрээгүй байсан гэж үздэг. Харин Кушаны хаадын ивээл дор энэ сургаал нийтийн шинжтэй болжээ. Нагаржуна тэргүүтэн гүн ухаантан, шидтэн егүзэрүүд энэ үед тодорсон юм.

Жавахарлал Неру Дэлхийн түүхийг сөхвөл бүтээлдээ: “Кушан бол буддист улс байв. Алдар цуутай Канишка (мон: Ганигаа) хаан нь дхармыг зүйл бүрээр ивээн тэтгэжээ. Кушанчууд бол монголчууд буюу тэдэнтэй ойр төрлийн хүмүүс байлаа. Кушаны нийслэл хийгээд уугуул Монгол нутгийн хооронд ирж буцах хөл хөсөг тасардаггүй байсан тул Буддын шашин соёл тэр үед Монгол болон Хятадад нэвтэрчээ” гэж өгүүлсэн байна. Төв Азийн нүүдэлчдээс гаралтай энэ улс хоёр мянгаад жилийн тэртээ үүсч, 300 жил умард Энэтхэг, Афганаас Уйгур хүртэлх нутагт оршин тогтножээ. Буддын дхарма Бурханы ном болсон уг шаг эндээс эхэлсэн нь гарцаагүй.

Хан улсын Уди хаан хүннүчүүдтэй байлдаж, тэдний шүтдэг байсан Бурхан багшийн алтан хөргийг олзолж авсан гэх, Нирун улсын үед Авидармын номд мэргэн Дармапири ламыг улсын багшаар өргөмжилж, З000 өрх соёрхсон гэх, өнөөгийн Пакистан орчмын Удияна (Үржин) орноос их егүзэр Нарэндра зургаан шавийн хамт Нирун улсад одсон, Уйгурын Баянчур хаан Ордбалгас (өнөөгийн Хархорин) хотод согд багш нарыг залж, сүм хийд цогцлоож, их хөлгөн судрыг орчуулсан гэхчлэн мэдээ түүхийн шарласан хуудсанд үлджээ.

“Шагжамүнийн шашны нар Төвд, Хятадын нур жалганд тусахаас өмнө Монголын цэлгэр талд гийснийг санахад манай өвөг дээдсийн хувь хишиг дор бус ажээ” хэмээн Дамдин гавж Алтан дэвтэр-тээ зуугаад жилийн тэртээ тэмдэглэсэн нь ийм учиртай. Суурин иргэдтэй харьцуулахад нүүдэлчид биет соёлын өв бараг үлдээдэггүй. Хэл, сэтгэлгээ хоёртоо хамаг баялгаа тээж явдаг гэж учрыг олж, хужрыг тунгаасан мэргэд хэлдэг юм билээ.

Мэдээж тэр үед ганц Буддизм Монгол нэвтрээгүй. Эртний Ираны Манихейн шашин, Христосын несториан урсгал, хожим Исламын түрлэг хөг нэмсэн. Хэдий чинээ бусдаас авч өөриймшүүлж чадна, төдий чинээ тэр улс үндэстэн бусдад өгч чаддаг. Авч чадахгүй бол өгч ч чадахгүй. Монголчууд авсан хэрээрээ дэлхий дахинд өгснийг түүх гэрчинэ. Манихейн шашинд ертөнцийг хар, цагаан хоёр тэнгэр хүчний харьцаан дээр авч үздэг нь манай бөө мөргөлд байдаг барууны 55 цагаан тэнгэр, зүүний 44 хар тэнгэртэй уялдана. Гал шүтэх, овоо тахих ёсыг Манийн шашны үлдэгдэл гэж Дамдин гавж бичжээ. Бас Бурхан багш ертөнцйг анх бүтээхдээ... гээд л эхэлдэг ардын үлгэр домогт эрт цагийн Христос явах шиг.

Бумбын ёсны нөлөө ч багагүй бий. Даогийн цэвэр гүн ухаан нь Буддын хоосон чанарын сургаалтай агаар нэг сонсогддог. Тэгээд ч Үнэмлэхүй бол хэн нэгний өмч биш шүү дээ. Чингис хаан Чанчун бумыг залж, гурван жил хамт байхдаа аялгуун бясалгалын авшиг хүртсэн гэдэг. Алтан, Сүнгийн хаад хоёд харш орддоо урьсан ч тоодоггүй байсан аглаг уулын тэр даяанч буурал Чингис хаантай уулзахаар өндөр уул, өргөн талыг туулан очсон нь гайхалтай л билээ. Хорвоод улс төрөөс өөр юм байдаггүй юм шиг ганц сувгаар хүлээж авдаг хүмүүс үүнийг өөрөөр тайлбарлах байх. Миний хувьд усан тэнэг л биш бол хүн гээч амьтан амьдралын утга учрыг эгээрч, эрхэм дээд рүү тэмүүлэх нь жам ёс гэж боддог.


Төвд багш, Монгол шавь

Чингис хаан Тангудыг эзлэх үедээ Саж багшид улс гэрээ төвхнүүлж байгаад уулзъя гэсэн захидал илгээсэн гэж төвд сурвалжид тэмдэглэжээ. Түүнээс хэдэн жилийн дараа Чингисийн ач Гоодан хан Төвдийг эзэлж, тэр багшийн залгамжлагч Саж бандита Гунгаажанцанг урин уулзсанаар төвд багш, монгол шавийн түүх эхэлжээ. Дашрамд дурьдахад, Тангуд улсыг Төвд гэж андуурдаг хүн олон. Тангуд бол Шар мөрний баруун сав, Гансу хавиар төвлөрсөн тоба монголчуудын нэгэн салаа дансян угсааныхан байгуулсан тоба, төвд, нанхиад, уйгур олон үндэстний холимог улс байж. Төвд, Тангудыг хольж хутгадаг нь зүг баримжаалсан үг хэлтийж Солонгос (солонгуд) овгийн нэрээр Гуулин улсыг, хятан монголынхоо нэрээр нанхиад үндэстнийг нэрлэх болсонтой адил ташаарал юм.

Төвдөөс багш залах болсонд нэг шалтгаан бий. 13-р зууны үед Буддын шашин уугуул Энэтхэг орондоо хиндүйзмд идэгдэж, исламд дарагдаж үндсэндээ устсан байлаа. Голцуу язгууртны хүрээ, сэхээтэн давхаргын бишрэл байсан нь жир олонхийн хэрэгцээнд таарсан хялбар сурталд дийлдэх шалтгаан болжээ. Дундад Азийн буддизм ч ийм тавилан амссан. Исламын дайчид ард иргэдийн өмнө эсвэл дагах, эсвэл үхэх хоёрхон сонголт тулгаж байв. Гагцхүү буйдхан Гималайн уулсын оронд Их хөлгөн тантрын ёс үлджээ. Энэ нь төвд, Монгол хоёр хойшдоо салахгүй зууралдах хувь заяаны тохиол болсон юм. Дэлхийн эздийн өмнө хүн төрөлхтний сонгодгууд бөхөлзөж байхад зарим хүний хэлдэгчлэн “буурай орны бүдүүлэг соёл”-ыг ордондоо залсан нь Хүн гүрнээс угтай алтан ургийн санах ойд далдын нэгэн совин торолзоод байсных болов уу.

Саж бандитын дараа Мөнх хаан Гармава ламыг улсын багшаар өргөмжилсөн бол Хубилай хаан Саж бандитын ач хүү Пагба ламыг залжээ. Пагба ламаас Хээбазар хэмээх нууц тантрын авшиг хүртэхийн өмнө Хубилай хаан: “Очир хөлгөний шавь хүн багшийнхаа дээр суух зохимжгүй. Гэтэл бас их төрийн эзэн албатынхаа доор суух зохимжгүй. Яадаг билээ?” гэхэд нь ухаант сэцэн Чанбуй хатан: “Та төрийн үйл хэрэгтээ төрийн эзэн байж, номын үйл хэрэгтээ номын шавь байж болно шүү дээ” гэж зөвлөсөн гэдэг. Тэр үед зохиогдсон Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх –нд: “Ертөнцийн хоёр төр нь энх, хялбар хоёр. Номын хоёр төр нь судар, тантар хоёр. Энх, хялбар хоёрыг Чингис хаан тогтоосон. Судар, тантар хоёрыг Шагжамүни бурхан заригласан” гэжээ. 


Түүхийн үргэлжлэл...

Нирун улсын соёл Түрэгийн хөлд дарагдаж, Уйгурын үеийн цэцэглэл хиргисийн довтолгоонд сүйрч, Хятан гүрний шаштир түүх Алтан улсад арчигдаж, Их Монголын өв соёл Мингийн удаа дараагийн устгалд өртсөн тул Бий булгийн нурсан балгас, Хэрлэн барс хотын өнчин суварга, Хархорины шороонд булаастай туурь төдийхөн үе үеийн түүхийг гэрчлэх баримт хомс болж, өнөөдөр Монголд бөөгөөс өөр юм байгаагүй юм шиг цуурхахдаа тулжээ. Хэдэн зуун жил хичээж бүтээсэн өв соёлыг хэдхэн жилийн дотор баллуурдаж болдгийг хорьдугаар зуунд ч бид үзлээ шүү дээ. Лигдэн хааны үед Ганжуурыг гүйцээн орчуулсан бол зуугаад жилийн дараа Данжуурыг орчуулж хэвлэснээр монголчууд Буддын оюун санааны өвийг эх хэлэндээ бүрэн агуулсан хуруу дарамхан үндэстний нэг болсон. Тийм атал төвд хэлтэй, монгол төрхтэй буддизм болж төлөвшсөний учир юу вэ?

Үүнд улс төрийн шалтгаан онцгой нөлөөлсөн. Манж нар Их Монголын өв залгамжлагч болж харагдахын тулд, бас нанхиад соёлд уусахгүйн учир бичгээ Монголоос, шашнаа Төвдөөс авсан. Гэвч монгол хэл мэдэхгүй учраас монгол хэл дээрх судар номыг ихэд хардаж сэрддэг байж. Жирийн айлыг хүртэл нэгжин, монгол судар номыг нь хураан авч, оронд нь төвд судар олгодог байжээ. Өөр нэг шалтгаан нь Төвдөд суралцаж ирсэн лам нар төвд хэлэнд ижил дасал болж, тэр хэлээрээ сэтгэж, мэтгэлцэж, зохиол бүтээл туурвих болсон. Дундад зууны Европт латин хэл шинжлэх ухааны хэл болж байсан шиг төвд хэл тэдний хувьд шинжлэх ухааны хэл болж хувирчээ. Төвд хэлний зарим онцлог ч үүнд нөлөөлсөн. Буддын судар ном ихэвчлэн шүлэглэсэн хэлбэрээр байдаг. Төвд хэлний шүлэг бүтэх ёс нь мөр тутам дахь үеийн тоо тэнцүү байх зарчим. Ийм маягаар бүтсэн жигд хэмнэл хурал номын ая данд илүү зохимжтой, уншиж цээжлэхэд дөхөм байсан бололтой. Түүнчлэн өрсөлдөж идэвхжүүлэх өөр соёлын урсгал хаагдсан тул цөөн сэхээтэн хүний хувьд гэгээрэх боломж, жир олонхийн хувьд мухар сүжиг давамгайлсан шашин болж хэдэн зууныг элээжээ.

Улс үндэстний хувь заяаг дан ганц шашин шүтлэгт тохож ойлгох нь буруу. Тэнгэр шүтэхээр тэнхэрч, Бурхан шүтэхээр буурдаг юм шиг, эсвэл улаан атейстүүд байхаар л улс орон хөгждөг юм шиг туйлшраад яах вэ. Тэгээд ч хүний жаргал, зовлон, сайн, мууг өнгөн талаас нь цэгнэх аргагүйг хорвоо өөрөө хэлээд өгнө. Заримынх нь нүдэнд дорой буурай харагдавч тэр үед хүн ёсны нандин чанар, амар амгалан амьдралын нууцыг аяндаа л ойлгодог байсан шиг. Ардын дууныхаа уянгалаг аяыг сонсохоор, өвгөн багшийнхаа эрхэмсэг дүрийг санахаар тийм л мэдрэмж төрдөг. Ямар ч бай энэ бол өнгөрсөн түүх. Одоо бид чөлөөт нийгэмд, нээлттэй дэлхийд амьдарч байна. Таалагдахгүй бол сувгаа солих таны л эрх. Олж харах нүд байвал орчлон тэр аяараа ном – дхарма гэдэгт би итгэдэг. “Номын эрхээр хүн бүтэж, хүний эрхээр ном одъюу” хэмээн ИхГэтэлгэгч сударт өгүүлжээ.