Багш бурхад дагинасын өлмийд мөргөе.

Гуниг зовлон, өвчин барцад юу тохиолдовч гурван эрдэнийн авралд шүт. Явдал суудал тутамд ачит багшаа зулай дээрээ санан, адист гэрлийн хур буухыг мэдэрч, амьсгал бүртээ нинж хайрыг агуул.

Нар жаргахын зуурт үдшийн бүрий нөмөрдөг шиг насны наран хэм хэмээр шингэж буйг сана. Өдөр, шөнийн зургаан мөчлөгт бясалгал үйлдэж, хамаг амьтны тусын тулд буянаа түгээ. 

Ухамсар сэхээгүй унтах, идэх төдийд шимтвэл эргүү адгууснаас ялгаа юун? Эрдэнэт хүмүүн заяанд төрчихөөд утга учрыг сэхээрэхгүй өнгө мөнгө хөөцөлдөж явах нь яр бээрэнд баригдахаас түм дахин илүү гутамшиг шүү.

Юу тарина, түүнийгээ хураахыг мэдсээр байж айж эмээхгүйгээр хар хорын үрийг тариалж явдаг хүнийг эрүүл ухаантан гэх үү? Үртэс төдий муу үйлээс чинь хожим уул овоо шиг зовлон ургахыг ойлгооч.

Алив бусдыг хөнөөж хорлох нь аав, ээж, алаг үрээ хөнөөхөөс өөрцгүй. Бусдын эд зүйлсийг хулгайлж завших нь түр зуур олз мэт харагдавч түмэн төрөлдөө үгээгүй хоосон явахын шалтгаан болдог. “Мань мэтийн үйл нисванистаа баригдсан амьтан яаж гэгээрэх вэ?” гэж бүү шантар. Ялж төгс нөгчсөн багш ч нэгэн цагт үйлийн хорвоод бядагч байсныг санаарай.

Үзэгдээд өнгөрөх ертөнцийн олз омог бүхэн өглөөний шүүдэр мэт ууршин замхарч, үүлэн цамхаг шиг хийсэн арилах. Үхэхийн цагт энэ дэлхийд хосгүй баян, эгнэшгүй эзэн байлаа ч эзэмшил бүхнээ орхиод одно. Тэр үед ухаарал, бясалгал, гэгээрлээс өөр юу ч тус болохгүй. Тийм учир дотоод гэрлийг чинь асаахад дэм болох бүхнийг итгэлт ханиа гэж бодон нөхөрлө. 

Золгүй учрал, азгүй тохиол бүрийг гэгээрэлд шавдуулсан багш бурхадын дохио хэмээн ухаар. Бие өвдөж, яс шархиравч гэгээн мөрийн дуудлага болго.

Хайр нигүүлслийг өр зүрхнээсээ ундрааж чадвал хамаг оршихуй чамайг энхрий үр шигээ ивээн тэтгэнэ. Чин шударга сэтгэлийг баривал хэн ч чамайг сөрж чадахгүй. Хайрлагч бүхэн хайрлагдах жамтай. Өглөгч бүхэн өрнөн дэлгэрэх хувьтай. 

Өөрөө бардахгүй, өрөөлд атаархахгүй явбал үнэнч нөхдөөр хүрээлүүлэх болно. Үймээн шуугиан, өрсөлдөөн тэмцлээс холдох тусам үйлс бүтээл ундарна. Ховдог хомхой шуналаас гэтлэх тусам хоол хүнс, эд баялаг чуулна. Сахил тангараг ариун байх тусам сэтгэлийн жолоо гарт орно. Нэр төр, ашиг олз хөөцөлдөхөө больсон цагт буян заяа өөрөө чиний хойноос нэхнэ. 

Орчлонгийн хүлээсийг ухаарах тусам гэгээрэлд тэмүүлэх болно. Ном гүнзгийрэх тусам зэтгэр гүнзгийрнэ. Гэвч төвөг бэрхшээл бүхэн зүрхний галд чинь тос нэмэг. 

Үнэнийг таньсан багшид ойр шадар байх юм бол эрхэм чанар нь чамд аяндаа халдана. Ойр байхыг орон зайн утгаар бүү ойлго. Чин сүсэг байвал гурван эрдэнийн адислалд орон, цагийн саад үгүй.

Сэтгэхүйн эргэлзээнд автахгүй сэрж мэдэх тусам элдэв үзэл сурталд баригдахаа болино. Үнэмлэхүй утгыг ухаарсан цагт бүх оршихуйг ухаарч, адис хүчийг эрхшээнэ. Гэлээ ч гадна талдаа нийгэмтэй зохицож явбал хэрүүл тэмцлээс хол оршино. 

Ягшин зуурах баримтлалаас салбал санаа сэтгэл уужуу тавиун болно. Аглаг буйд орчинд дотоод гүндээ нэвтэрч гэмээ нь ахуй ёс өөрөө тодорно. Аминч би-гийн үзэлд автахгүй бол шулам зэтгэр чамайг хорлож чадахгүй. 

Мөрний урсгал мэт хичээнгүйг эс тасалбал цаглашгүй буян билиг аяндаа ургана. Сэтгэлийн цэвэр мөн чанарыг танисан цагт төсөөлөл хийгээд хүчлэл бүхнээс чөлөөлөгдөж, энгүүн аясаараа орших болно. Тэр цагт үхэл ирэвч харамсах зүйлгүй. Үнэний зам, өөрийн сэтгэл нэгдсэн хойно Бурханы нар дотроос мандана... 

Дахин сануулъя.

Үлэмжийн чанарыг гагцхүү бясалгалаар нээх атал энэ олдсон боломжоо элдэв дэмий үйлэнд үрээд дуусах харамсалтай. Үдлээд орхих замын буудал шиг хорвоод үүрд төвхнөх мэт эргүүтэх нь юу вэ.

Өргөс хатгахын төдийд усны хөөс мэт эмзэгхэн, үжирч хоцрох цогцсоо өөрийгөө хэмээн эндүүрэх нь юу вэ. Энүүхэн зуур учраад хагацах анд нөхөд, амраг саднаа эгнэгт хамт байх юм шиг мунхрах нь юу вэ. Энэ ертөнцөөс талийх цагтаа сохор зоос ч өвөрлөөд буцахгүй мөртлөө элдэв муу аргаар хөрөнгө зоорь хураах нь юу вэ.

Үзэгдэл бүхэн эгшин зуурын атал амтат зүүдээ аргамжих гэж үйлээ үзэн бачуурах нь юу вэ. Үнэн мөрөөр энэ насны жаргалан, эцэс хойтын амгалан бүгд биелэх атал зам мөрөөс нүүр буруулж, залхаг амьдралын торонд тэлчлэх нь юу вэ.

Өчүүхэн цогонд гараа хүргэхээс эмээх мөртлөө өнө удаан шатан шаналах халуун тамыг өрцөн цааанаа өрдөж явахдаа айхгүй байна уу.

Өвлийн ганц шөнийг нөмгөн өнгөрөөж чадахгүй байж үй түмэн жил хөлдүүс болох хүйтэн тамын үйлийг төхөөрч суухдаа жихүүцэхгүй байна уу.

Гурван өдрийн өл даахгүй гудайх мөртлөө гурван мянган ертөнц хувхай цөл болж үзэгдэх өлөн бирдийн үйлийг гүйцээж суухдаа халшрахгүй байна уу.

Хэдхэн алхмын газар ачаа үүрээд явахдаа амьсгал бөглөрч сөхчих мөртлөө хэдэн зуун төрөлдөө адгуус мал болох тавиланг алгасангуй амьдралаараа бүтээж явахдаа ажрахгүй байна уу.

Хатсан зүрхээ номын рашаанаар дэвтээх боломж тохиосон атал ачлалт багшийн сургаалыг үл сонсох нь ангаж үхэхдээ тулсан хүн рашаан булгаас нүүр буруулах шиг.

Үйлийн хүлээснээс гэтлэх завшаан тохиосон атал үнэн мөрийн бясалгалд хичээлгүй, өнгийн хорвоод уягдах нь гяндангийн хоригдол гэрэлт үүднээс зугтах шиг.

Хоромхон төдий ч өөрийн сэтгэл рүү өнгийж, дотоод гэрлээ тодруулаагүй байж амгалан жаргаланг алсаас ирэх гийчин мэт хүлээх нь адгийн тэнэглэл бус уу?

Гэрэл гэгээ өөд одох уу, түнэр харанхуй руу талийх уу гэдгээ шийдэх учиртай цаг мөчид амжиж эрх чөлөө соёрхох үнэний замд юунд эс орно вэ?

Энэ хорвоогийн амьдрал салхинд туугдах үүл мэт өнгөрнө. Ижил нөхөд, элгэн садан гэвч их хөлийн газраар зөрөн өнгөрөх хүмүүсээс өөрцгүй. Өдрийн наран шингэхэд үдшийн бүрий нөмрөх шиг үхлийн сүүдэр дөхөн дөхсөөр. 

Амьд яваа насандаа амсаж эдэлсэн бүхэн чинь урд шөнийн зүүд шиг. Амтшин хөөрцөглөх зугаа цэнгэл бүхэн чинь хоосон төсөөлөл төдий. Дуусашгүй үйл, дундаршгүй ажил чинь нэгийн араас нөгөө нь нөмрөх давалгаан мэт.

Дахин сануулъя.

Үнэн мөрөөр явъя гэвэл мөрний урсгал мэт итгэлээргурван эрдэнийн сургаалыг дага. Бүгдэд нээлттэй, хүлцэл төгөлдөр байж, бусдад хор хөнөөл, гай зовлон яавч бүү тарь. Ухамсар сэхээгээ ямар ч тохиолдолд бүү алд. Бусдыг шүүмжлэхийн оронд өөрийгөө шүүмжилж бай. 

Хэн нэгний нас барахыг үзэх, сонсох бүртээ ертөнцийн мөнх бусыг заасан хичээл хэмээн санаж, гүн гүнзгий ухамсарла. Үр шимгүй элдэв ажил үйлээр өөрийгөө дарамтлалгүй, сэлүүн чөлөөтэй бай. Багш бурхадын заасан уран аргыг түлхүүр болгож, өөрийн сэтгэлд эзэн бол. 

Хэдий гачигдал амсавч башир хуурмаг аргаар эд, хүнс бүү эрэлхийл. Айдас хүйдэс төрүүлэвч ад зэтгэрт дайсагнаж бүү ханд. Үхэл болзоогүй тул дотоод чанадын эвдэршгүй цайздаа төвхнө. 

Ялгавар үзэл, ягшмал баримтлал бүхэн хорвоогийн хүлээс учир өөрийгөө чөлөөл. Хоёр нүүрт ховсоргон зан номч байтугай жир хүмүүсийн жигшил учраас дүр эсгэхийг цээрлэ. 

Үзэгдлийн илбэнд бүү хуурт, гагцхүү дотоод ухамсартаа итгэ. Бурханыг гаднаас хайх хэрэггүй. Эдгээр зөвлөгөөг өөртөө шингээж, авах гээхийг ёсчлон үйлдвэл ариун ном биелэх болно. 

Дахин сануулъя.

Ивээл гийсэн бурхад, энэлэнт хорвоогийн төрөлтөн хоёрын дунд ямар ялгаа байна вэ? Гагцхүү сэтгэлийн мөн чанарыг таньсан, таниагүйн ялгаа бий. Хорвоогийн төрөлтөн сэтгэлээ таниагүйн эрхээр зам мөрөөс төөрч, заяа тавилан буруудаж, гаслангийн эргүүлэгт унадаг. 

Авралыг холоос эрэх хэрэггүй. Ариун бурханы язгуур чанар өөрийн чинь дотор өнө эртнээс бий. Бие сэтгэлийн чөлөө бүрдсэн хүний төрөлд түүнийг нээх бүрэн боломжтой. Бурхан чанар эрэгтэй хүнд илүү, эмэгтэй хүнд дутуу заяагаагүй. 

Сэтгэлийг таних бурхадын сургаал найман түмэн дөрвөн мянган үүдтэй. Тэр бүхнийг гүрү багш энгүүн гурван үгэнд багтааж болно. Түүнийг хүлээж авахад чин зүрх хэрэгтэй болохоос, гойд мэргэн ухаан шаардлагагүй. Хамаг бурхадын номыг гурван оньсоор товчлон өгүүлсү:

Гадаад үзэгдлийг ариусгахын тулд: Элдэв тусгалтай бүү зууралд. Сайхан, муухай үзэгдэл бүхнийг зүүд зэрэглээ мэт ухаар. Дотоод сэтгэлдээ ялгаа хийж, ягшин зууралдахгүй л бол гадна талын үзэгдэл ариусна. 

Үзэгдэл ариусах нь хүртэх чадвараа алдахын нэр биш. Гагцхүү үзэгдлийн тунгалаг хоосон чанарыг ухаарч, түүнд уягдаж хүлэгдэхгүй эрх чөлөөтэй оршино гэсэн үг. Толинд элдэв тусгал тодровч тэр бүхнийг толь өөртөө нялзаадаггүй шиг. 

Дотоод сэтгэлээ чөлөөлөхийн тулд: Дурсамж, мөрөөдөл, дурлал, хорсол юу төрөвч зөнд нь орхиод ажиглах аваас аяндаа замхарна. Үүлэн хөшиг ярагдахад хөх тэнгэр гийх мэт бодлын бүрхээс сарнихад цэвэр ухамсрын огторгуй гийнэ. Угаас оршигч амар амгалан түүнийг Бурханы үнэн таалал, өөрийн мөн чанар хэмээн тань. 

Цэвэр ухамсартаа орших тусам сансрын илбэнд хууртахаа болино. Үнэмлэхүйн агаар, ухамсар нэгэн чанарт болохыг мэдсэн цагт дээд доод язгуур, сайн муу үйл, мэргэн мунхаг оюун, жаргал зовлонт заяаны ялгаа бүхэн сарниж, хамаг оршихуй гэгээн болно. 

Ухаж ойлгоход төвөггүй, өдөр тутам хэрэгжүүлэхэд хялбар, үр шим нь адис буянтай энэ сургаалыг дагавал амьд насанд зовлонгүй сайхан, үхэх цагт айдасгүй амгалан байна. Энэ номтой учирсан хүн эрхэм хувь ерөөлт учраас өөрөө ухаарч, өрөөл бусдад түгээхдээ бүү назгайр. Эргэж буцалтгүй урсгалд орж, энэлэнт орчлоос гэтлэх болтугай. 

Ум аа хум базар гүрү бадма сиди хум.


- АГНИСТЫН ГЭГЭЭ цувралаас