Хүнд нь OK, хэлэнд нь NO
Хээгүй, хийгүй хоёр экс Ерөнхийлөгч маань дахин хэвлэлийн баатар боллоо.
Хээгүй, хийгүй хоёр экс Ерөнхийлөгч маань дахин хэвлэлийн баатар боллоо. Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-д Монголын талыг төлөөлөх гурван эрхэмд Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди нарын нэр хүчтэй яригдаж буйг хэвлэлүүд мэдээлж байна. Харин гурав дахь нь ТӨХ-ны дарга Д.Сугар өөрөө байх гэнэ. Гэхдээ энэ нь Д.Сугар гэдэг хувь хүнд биш, ТӨХ-ны дарга гэдэг албан тушаалд ирэх квот бололтой. Хамтарсан засагтай учраас МАХН-аас Н.Багабанди, АН-аас П.Очирбатыг санал болгосон гэх мэдээлэл ч байна. Эдгээр мэдээлэл нь албан бус ч, ТУЗ-ийн гишүүдийг томилох хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа, дээр нь сураг алдарсан экс Ерөнхийлөгч нар ойрмогхоноос Төрийн ордноор гүйдэлтэй болсон зэрэг нь ийм хардлага төрүүлж, хэвлэлийнхнийг таамаг дэвшүүлэхэд хүргэв. Оюутолгойн гэрээгээр бол гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 20 хоногийн дотор ТУЗ-ийн гишүүдийг томилох учиртай. Оюутолгойн гэрээ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. Түүнээс хойшхи ажлын өдрүүдийг тоолбол яг 20 дахь хоног нь энэ сарын 28 буюу өнөөдөр тохиож байна. Тийм учраас ТУЗ-ийн гишүүдийг томилох эрхтэй Төрийн өмчийн хорооныхон сүүлийн хэдэн өдөр яг энэ асуудлаар Засгийн газартай зөвшилцөж, сэтгүүлчдээс зугтаж явна.
Оюутолгой ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй. Хөрөнгө оруулагч талаас зургаа, Монголын талаас гурван хүн байх юм. Энэ нь тус ордод Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох квот ажээ. Есөн хүний гурав гэдэг тоогоор бол цөөхөн л дөө. Ердөө гуравны нэг. Тэд таслах эрхтэй ч, санал хураалтын дүн, шийдвэрт төдийлөн нөлөөлж чадахгүй. Гэхдээ баялгийн эздийн төлөөлөл гэдэг утгаараа Монголын гурван гишүүн хүчтэй. Хөрөнгө оруулагчид өмчийн эздэд хүндэтгэлтэй хандахаас өөр аргагүй.
Оюутолгойн гэрээ монголчуудад ашигтай болсон гэж эрх баригчид мэдэгддэг бол “бид хоосон хоцорсон”-ыг иргэний хөдөлгөөнийхөн сануулдаг. Энэ хайныг хагалах, гэрээ ашигтай болсон бол түүнийг бататгах, ашиггүй заалтыг илчлэхэд Монголын 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гурван гишүүн чухал үүрэгтэй. Монголчуудад ашигтай сайн гэрээ байгуулах нь Засгийн газрын үүрэг байлаа. Энэ ажил хэл амтай ч гэсэн хийгдэж гэрээг баталснаар галт тэрэг хөдөлсөн. Одоо гэрээг яг таг мөрдүүлэх, Оюутолгойн төслийг монголчуудад ашигтайгаар хэрэгжүүлэх дараагийн буухиаг ТУЗ, түүний дотор Монголын гурван гишүүн үүрэг болгон авч байна. Уурхайг дагасан дэд бүтцээ хөгжүүлж, нийт ажиллах арваад мянган ажилчдын 90 хувь нь монголчууд байх, тэдний авах сарын дундаж цалин 1500 ам.доллараас буухгүй байх гээд гэрээний заалтуудыг амьдрал дээр мөрдүүлэх, хөрөнгө оруулагчдыг шахаж ажиллуулах нь ТУЗ-ийн Монголын гурван төлөөллийн үндсэн ажил. Монгол Улс 45 сая тонн зэс, 1800-гаад тонн алтны нөөцтэй ордынхоо баялгаас хараал бус, хөгжил хүртэх нь ч ямар нэгэн хэмжээгээр ТУЗ дэх Монголын гурван төлөөллөөс хамааралтай боллоо.
Ийм л хариуцлагатай, Монголын хөгжил, монголчуудын амьдралтай шууд холбоотой албан тушаалд улсын Ерөнхийлөгч байсан хүмүүсээ томилох гэж байгаа нь сайн хэрэг. Дээр өгүүлсэн шалгууруудыг бүрэн хангах хүмүүс бол яахын аргагүй хоёр Ерөнхийлөгч мөн. Тэдэнд төрийн хүний ноён нуруу, ажлын туршлага, улстөрчийн зангараг, олон түмний итгэл даах чадвар, авлигад аавтахгүй байх найдвар гээд сайн тал олон бий. Хийгүй тодотгол, шударга имижтэй Н.Багабанди гуайг, уул уурхайн унаган мэргэжилтэй П.Очирбат гуайг сонгосон нь бүр ч болж байна. Энэ бүхнээс харвал хүнийх нь хувьд тэднийг сонгоход эргэлзээгүй “Ок” гэмээр. Гэтэл экс Ерөнхийлөгч нарын маань бүх сайн талыг нийлүүлээд ч баллуурдаж дийлэхгүй нэг шалтгаан байна. Энэ бол хэлний бэрхшээл. Зургаа буюу олонхи гишүүнээ дагаад ТУЗ-ийн хурал англи хэл дээр явагдана. Тэр бүрт хоёр асан Ерөнхийлөгчийн маань англи хэлний мэдлэг хүрэлцэх болов уу. Англи хэл дээр хэвлэсэн хэдэн хуруу зузаан цаасан дотор хэний эрх ашигт нийцсэн тоо, хэнд үйлчилсэн бизнес төлөвлөгөө байхыг тэр болгонд мэдэж чадах болов уу. Бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад төгс сурчихаагүй бол П.Очирбат, Н.Багабанди гуай нар хөрөнгө оруулагчидтай шууд ойлголцох тийм хэмжээний англи хэлний төгс мэдлэггүй л болов уу. Учир нь тэд Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ албан ёсны намтар дээрээ “англи хэлтэй” гэж бичиж байгаагүй, сонгогдсон хойноо төрийн алба залгуулаад хэл сурахгүй завгүй явсан. Компанийн дотоод асуудал учраас ТУЗ-ийн хурал мэдээж хаалттай явагдана. Тэр болгонд манай хоёр хажуудаа орчуулагч дагуулж орох боломжгүй. ТУЗ-ийн хурал бол синхрон орчуулгатай болдог төрийн тэргүүний уулзалт биш. Харин ч синхрон орчуулгагүйгээр шууд ойлголцдог, ярилцдаг, бас бичгээр харилцдаг компанийн дотоод хурал. Тийм учраас хажуудаа орчуулагч дагуулаад яваад байж болохгүй. Хурлаар хэлэлцэх материалыг гэртээ харьж орчуулуулаад ирье гээд аваад гарч болохгүй. Энэ бүх бэрхшээлийг ТӨХ, Засгийн газар яаж зохицуулах юм бол. Хэрвээ хоёр асан Ерөнхийлөгчийг, ер нь англи хэлийг төгс эзэмшээгүй хэн нэгнийг ТУЗ-д оруулбал шүү дээ. Тэгэхээр Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнд англи хэлний мэдлэг хамгаас чухал. Сайн англи хэлтэй, тэгээд шударга л бол нэгэнт бүхэл бүтэн улсыг төлөөлж байгаа юм чинь ойлгохгүй, салбарын мэдлэг дутсан, стратегийн юмнуудаа мэргэжлийн хүмүүсээс асуугаад, зөвлүүлээд явж болно. Харин англи хэлгүй бол хэчнээн сайн зөвлөгөө өгөөд ч түүнийгээ ойлгуулахгүй, ТУЗ-ийн бусад гишүүддээ Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж чадахгүй.
Харин ТУЗ-ийн гурван гишүүний нэг нь ТӨХ-ны дарга байж болохыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл ТӨХ бол Засгийн газрын төлөөлсөн төрийн өмчийн эзэн. Тийм учраас “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанийн Монголын хэсгийн дарга нь ТӨХ-ны дарга байдаг уламжлалыг Оюутолгой ХХК дээр хадгалж болох л байх. Гэхдээ бас л хэлний мэдлэгийн шалгуур байх ёстой. Үүнээс гадна П.Очирбат гуайг хувьдаа уул уурхайн компанитай гэж ярьдаг. Лав л тэрээр төрд буцааж авахаас өмнөх үеийн Тавантолгойн ордын хувьцаа эзэмшигчдийн нэг байсныг мэдэх юм. Энэ эзэмшил нь төрд хураагдсан уу, “Энержи ресурс”-т шилжсэн үү, мэдэхгүй. Н.Багабанди гуайн охин Оюутолгойд том албан тушаал хашдаг тухай ч хэвлэлээр олонтаа бичсэн харагддаг. Энэ бүхнийг ч нягтлахад буруугүй санагдана. Мэдээж энэ нь хэлний мэдлэгээс илүүтэйгээр хүндэтгэх татгалзах шалтгаан болохгүй шүү дээ. Гэхдээ л дараа нь хардлага дагуулж, сонирхлын зөрчил үүсгэх нь ажил хийж байгаадаа ч саадтай, итгэж харж байгаа ард түмэндээ ч эргэлзээ үүсгэхийн л нэмэр. Ер нь хэнийг ч томилсон хэлний мэдлэгээс гадна сонирхлыг зөрчил бий эсэхийг давхар харах ёстой. Оюутолгойнхон саяхан ханган нийлүүлэгчдээс зарласан. Тэдэн дунд хувийн, хувьцаа эзэмшдэг компани багтчихсан нэгнийг бол ТУЗ-ийн гишүүнээр томилж болохгүй байх аа. Сонирхлын зөрчил үүснэ. Харин ТУЗ-ийн Монгол талд ногдох гурван суудал билгэдлийн чанартай албан тушаал юм бол өмнөх хоёр Ерөнхийлөгчөөс өөр сайн сонголт байхгүй ээ. Хэрэв тийм биш, хэлний мэдлэг хамгийн чухал, төрийн тэргүүний албанаасаа буугаад анли хэл сураагүй л бол хоёр Ерөнхийлөгчийн саналд тал засалгүйгээр шууд no гэвэл яасан юм. Тэгээд ч Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн бол хүндэт Ерөнхийлөгч нарын суудал, эсвэл төрийн тэргүүний албанаас буухаар нь төрөөс барьж орон сууцтай адил нэг хүний тусгай хангамж биш шүү дээ. Нийтийн эрх ашиг, нийгмийн хөгжлийн төлөө ажиллах чухал албан тушаал юм.
Зочин
hel
dambar
dambar
Хурал Монголоор явдаг болзол тавья
Багабанди, Очирбатыг дэмжиж байна
цолмон
v
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мэддэг нэгт нь