Оршил буюу Рамстедтийн дургүй ном

Нэрт эрдэмтэн Густав Йон Рамстедт Монголд анх удаагаа 1898 онд айлчилсан юм. Казань хотноо Монгол явах бэлтгэлээ базааж, Монгол хэл сурахаар ном, сурах бичиг, толь бичиг цуглуулж эхэлжээ. Казаньд байсан түрэг судлаач Катанов Ковалевскийн алдарт гурван боть толийг, Орловын Буриад хэлний зүйтэй хамт олж өгч. Номын сангаас аяллынхаа туршид хэрэглэнэ хэмээн Ховортын “Монголын түүх”, Позднеевийн “Монгол ардын дуу” хоёрыг авхуулж. Харин номын дэлгүүрээс нэгэн сонирхолтой ном олсон нь хурандаа Н.А. Волошиновын бүтээл “Русско-монголо-бурятскiй переводчикъ” гэж ном байжээ. Анхны хэвлэл нь хэзээ гарсныг мэдэхгүй, Рамстедтын олж авсан эх бол 1898 онд Санкт Петрбург хотноо хэвлэгдсэн, 1 рубль 25 копейкийн үнэтэй ном байв.

Рамстедт хоёр зүйлийн шалтгаанаар уг номд дургүй байгаагаа тэмдэглэн үлдээсэн байдаг. Армийн хурандаа цолтой хүн зохиосон, цэргийн зориулалттай ярианы дэвтэр учраас “Зэр зэвээн хэн өгсөнгүй хүн буудаж алагдах... Улсад номхон байтун гэж хэл, чи... Эхнэрт хүрэхгүй, бид” гэх мэт үг хэллэг байсанд нэгд эрдэмтэн судлаач, хоёрт Монголд элэгтэй хүний хувьд таатай биш байж. Өөр нэг зүйл юу гэвэл Рамстедт ард олны чухам яг тэр үед хэлэлцэж асан ярианы хэл буюу Хүрээний Халхын аман аялгууг сонирхож байв. Гэтэл Волошиновын ном дахь үгсийг Өргөө дэх монголчууд бараг ойлгохгүй байжээ. Рамстедтын сурвалжлан тогтоосноор Волошинов монгол үгсийг кирил үсгээр галиглахдаа эрдэмтэй лам нараар хэлүүлсэн, тэд эртний ном бичиг уншдаг учраас монгол бичгийн хэлээр дуудаж өгөөд байсан аж.


Номын дотор хавтас.

Жеремиа Куртины захиалж авсан ном

Рамстедтын халаасалж аваад Монгол авч явж байсан энэхүү ярианы дэвтрийг олохоор сонирхон хөөцөлдсөний дүнд Харвардын их сургуулиас сургийг нь гарган, нэг хувийг олж авдаг юм байна. Харвардад тэр номыг АНУ-ын анхны монгол судлаач хэмээгддэг Жэрэмиа Куртин авгай гэрээслэн үлдээжээ. Жэрэмиа Куртин нутгийн индиануудын соёл, слав хэлийг судалж байгаад, Монгол судлалд татагдан орсон, АНУ-д анх удаагаа Монголын түүхийг нэн дэлгэрэнгүй бичиж хэвлүүлсэн хүн. “The Mongols: a History”  бүтээл нь 1907 онд хэвлэгдэн гарахад Ерөнхийлөгч Теодор Рузвельт өмнөх үгийг нь бичиж байв. Жэрэмиа Куртины өөр нэг чухал бүтээл бол Сибириэр аялж, буриадуудын дунд амьдран, ёс заншил, аман зохиолыг нь судлан тэмдэглэсэн ном юм. Ольхон арал дээр очсон, адуугаар тайлга өргөх ёсыг зургийг нь аван, нарийн дэлгэрэнгүй сурвалжилсан зэрэг нь их сонирхолтой. Сэдэвтээ эргэн ороход Волошиновын номыг монгол хэлний сурах бичиг, толь ховор байсан тэр цагт тэртээ АНУ-аас Куртин захиалан авч, судалгаа бүтээлдээ хэрэглэж байжээ. Тэр нь өдгөө Харвардын номын санд үлдээд байгаа аж.


Харвардын их сургуулийн 1863 оны төгсөгч Жэрэма Куртины өвлүүлэн үлдээсэн номыг 1913 онд номын сан нь хүлээн авсан болохоо баталсан тамгыг ном дээр дарсан нь.

Позднеевийн удиртгал

Хурандаа Волошин бүтээлийнхээ талаар ийн бичжээ: “ Байгалын чанад дахь Буриадын нутгаар явж, монголчуудтай нүүр тулан уулзсан маань сайн муу алин ч болов, ямар нэг орчуулгын дэвтэр бичгээр гаргах ёстой юм байна хэмээх итгэлийг өгсөн билээ. Энэ ажлаар хэд хэдэн хүнтэй уулзаж, ярилцсан боловч санаанд үл хүрэв. Хоёр жил гаруй хөөцөлдөн явсан ажил маань харин П.А. Бадмаев, Монгол аман зохиолын профессор А.М. Позднеев нартай уулзсанаар бүтэх нигууртай байжээ” хэмээн бичээд ялангуяа Позднеевийг хамаг гол ажлыг нь нугалсан гэдгийг өгүүлээд түүний захидлыг бүтнээр нь Удиртгалдаа оруулж. Позднеевийн захидал гэдэг нь монгол хэлний зүй, нэр үйлийн хувиллыг товч багцлан бичсэн тайлбар юм.

Номын бүтэц

Ийнхүү Рамстедт, Куртин нар сонирхон судалж, Позднеев хянан тохиолдуулсан гэх мэтээр дан агуу судлаач нартай холбогдсон боловч зохиогчийнх нь талаар хэн ч, юу ч үл дурсан энэхүү номын бүтцийг авч үзвэл, өмнө дурдсан Удиртгал хэмээх хэлзүйгээс гадна хоёр үндсэн бүлэгтэй.

Нэгдүгээр бүлэг нь Чухал хэрэгцээт үгсийн толь бичиг юм. Энэхүү бүлэг нь дотроо Тооны нэр, Төлөөний нэр, Жинхэнэ нэр, Худалдаа наймаа, Адуу мал, гэр орон, Хувцас хунарын зүйл, Тэмдэг нэр, Үйл үг... гэх мэт 27 хэсэг, хэлзүйн дасгал, үйл үгийн хувилал зэргийг багтаажээ.

Хоёрдугаар бүлэг нь Ярианы дэвтэр болно. Монголчуудтай уулзах үед хамгийн түрүүнд хэрэг болох яриаг Газарчин авах, Тагнуул, Оршин суугчидтай ярих, Дархантай ярих, Зах зээл дээр... гэх мэтээр 23 хэсэг болгон хуваасан байна. Цэрэг армийн зориулалттай ярианы дэвтэр учраас байцаах, асуух, нэхэмжлэх, шаардах яриа голдуу оржээ.

Та бидний мартсан үгс

1890-ээд он, зуу гаруйхан жилийн өмнөх монгол хэл. Энэ зуур та бидний хэрэглээнээсээ зайлуулж, өөр үгээр орлуулсан үгс олон буй ажээ. Тийм үгс байсныг чухам энэ мэтийн ном судар, эртний толь сануулан харуулах бөлгөө. Жишээ татан ярья.

Амьтны нэрс хэмээх бүлэгт “медведь – хар гөрөөс” гэсэн нь маш сонин үг юм. “Өтөг, баавгай” зэрэг нь бүгд цээрийн улмаас эерүүлэн нэрлэсэн үгс. Яваандаа эерүү үгс нь уг үгээ шахдаг аж. Хэрэглээ ихтэй нь үлдэнэ гэсэн үг. Алмасыг “хүн хар гөрөөс” гэдэг нь тэгэхээр “хүн баавгай” гэсэн үг болж таарах нь ээ.
 “Голубь”-ийг “тагтаа” гэсэнгүй, “хөхөлжиргэнэ” хэмээж. “Байцай”-г нанхиад үг гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл манайхан зуу гаруй жилийн өмнө шууд авалгүй, орчуулан “цагаан ногоо”гэдэг байсан баримт чухам энэ номд үлджээ. Манж Хятадын “Шинэ” хэмээх бодлогоос өмнө тэгэхээр яаж ийгээд орчуулаад хэрэглээд байдаг байсан юм биш биз? “Огурцы”-г харин “өгөрций” гэхээсээ өмнө бид “ханх” хэмээдэг байсан бололтой юм. Одоогийн “хэмх” гэдгийн нэг хувилбар ч байж болно.

“Пистолет”-ыг “гар буу” гэсэнгүй, “ташуур буу”хэмээсэн нь ташуур мэт ташаандаа авч явдгийн учир биз. “Өрөө” гэж үг ер хэрэглэдэггүй байж. Өрөө гэж хэлчихмээр газар бүр нэг бол “гэр”, үгүй бол “тасаг” гэжээ. Тухайлбал “спальня” нь “унтлагын өрөө” биш, “нойрсох тасаг”, “кухня”нь “гал тогооны өрөө” биш “тогооны гэр”, “столовая” нь “идээний тасаг” ажээ.

Зарим нэг мартагдсан үгийг нь одоо сэргээгээд нэр томьёонд ашиглаж болохоор. Жишээлбэл, Худалдаа наймаа гэсэн бүлэгт “убыток” буюу одоо бидний “алдагдал” хэмээн хэрэглэж байгаа үгийг, “гарз” гэснээс гадна “хомсвор” хэмээх нэн сонирхолтой үгээр орчуулсан байна. Энэ үгийг жишээ нь эдийн засгийн ямар нэг шинэ нэр томьёонд сэргээгээд хэрэглэчихэд тун гэмгүй.


Улс орны нэрс сонирхол ихээхэн татна.

Бичгийн ба ярианы хэлний харилцаа, хамаарал

Рамстедт монголчуудын чухам тухайн үед хэлэлцэж асан ярианы хэлийг сонирхож байсан, тэгтэл энэхүү номд мэдээ өгсөн монгол хүмүүс, ялангуяа лам нар эрдэм боловсролтой, монгол бичигтэй хүмүүс байж, бичгийн хэлний дуудлагаар хэлж өгөөд байсны учир энэ номд дургүй байсан тухай би өмнө өгүүлсэн буй. Үнэхээр олон үгийн хувьд бичгийн хэлний дуудлагаар нь оруулжээ.

Жишээлбэл, Я возвращусь в одну минуту гэсэн өгүүлбэрийг “Нигэ кшаанар буцах, би” хэмээжээ. Агшин хэмээх үгийг энд самгарди уг эхээр нь (kshan) өгсөн нь тодорхой байна. Жирийн монголчууд хэрхэвч хоёр гийгүүлэгчээр үг эхлэн дуудахгүй. “Царил”-ыг “цалир” хэмээсэн нь “гурил” нь “гулир” байсантай яг ижил хувьсал болно. Мөсийг “мүлсүн” гэх нь ч амьд ярианы хэл гэхээсээ илүү бичгийн хэлний хэлбэр биз. “Сад – Цэцэглик” гэсний хувьд харин тухайн үед “цэцэрлэг” болчихсон байсан, өөрөөр хэлбэл Г нь аль хэдийн Р болон хувирсан байсан нь бол баталгаатай зүйл. Лавтайяа Цогтын хадны бичээсийг сийлэх үед (1621 онд) “цэцэглиг” бус “цэцэрлиг” болсон байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг билээ.

“Гүүр”-ийг “хөөрөг”-өөс гаралтайг батлах сонирхолтой хэлбэр энэ номд бас буй. Судовый мост гэсэн хэлцийг “онгоцо хүүргэ” хэмээжээ. Эртний монголчууд голыг хэрхэн гаталдаг байв, битүү өвчиж хий дүүргэсэн савыг юу гэх вэ, эцэстээ гол дээгүүр давж гардаг хэрэгслийг юу гэдэг болсон бэ гэх зэргийг энэ удаад нарийн тайлбарлахаа азнаж, дээрх “хүүргэ” гэсэн үг хариуг нь хайхыг эрхэм уншигчдадаа сануулаад, дараагийнхаа асуудалд орьё.

“Зүгээр таныг урвахлаар тэд алагдана” буюу ярианы дэвтэр

Удиртгал нь хэлзүй, 1-р бүлэг нь толь бичиг, харин 2-р бүлэг нь ярианы дэвтэр юм. Армийн хурандаа цолтой хүний зохиосон, цэргийн зориулалттай гарын авлага гэдгийг өмнө хэлсэн билээ. Монголчуудтай нүүр тулахад хамгийн хэрэгцээт үг яриаг оруулав гэсэн тайлбар буй. Тэр хамгийн хэрэгцээт үг яриа гэдгийг нь харахад “ах нар”-ын маань хүсэл зорилго, аяг ааш тун илэрхий.

Жишээлбэл: 2-р бүлгийн 1-р хэсэг, Газарчин авах тухай.
Знаешь ли ты дорогу к Керулэну?- Хэрүлэн-дү очиху зам мэдэнэ-ю чи?
Веди нас так, чтобы никто не видел – Манийги хэн чиги үзэхү үгэйгээр хүргэ.
Если изменишь, убьем – Хэрбэ урбубала чини алаху, бид... гэх мэт.

3-р бүлэг нь Оршин суугчидтай хэлэлцэх үгс.
Есть ли у вас оружие – Танд зэр – зэбэ байну?
Снесите сюда тотчась все оружие – Зэр-зэбэ бүгүдээн энд ацараджи орхитун.
Кто не отдасть оружие- будеть разстрелян – Зэр-зэбээн хэн үгэсэн үгэй хүн буудаджи алагдаху.

4-р бүлэг, Барьцаанд хүн авах тухай
Приведи ко мне твоего младшего брата – Чи нада дүүгээн дагуулджи ацара.   
Приведи ко мне твоего сына – Чи нада хүбүүгээн дагуулджи ацара.
Я беру этих людей заложниками – Би эдэ хүмүүнийги барица абуна, би.
Не, бойтесь, мы их отпустим домой – Та битэгэй ай. Бид тэдэнийг гэртээн буцаах, бид.
А если вы измените, они будуть убиты – Зүгээр, таний урбухулааран тэд алагдаху болху... гэх мэт.

Ер нь л хэл найуулга нь их ширүүн талдаа. Заавал дээрх мэт дайн байлдааны холбогдолтой яриа бус, гудамж зах дээрх яриа л гэхэд “Чи нада худалаар хэлсэн, чи. Чи эндүүрсэн, чи” гэх буюу Гуталчин, оёдолчинтой ярилцах 8-р хэсэг нь л гэхэд “Миний хубцасу засаджи үгөй -чи. Түргээр бүтээ”, Буурчийн газрын эзэнтэй хэлэлцэх 4-р хэсэгт “Нада хоол үгөй -чи” гэж зандарснаа “Баса нигэ өг” гэж ахин нэхэхийнхээ өмнө “Урид өөрөө амсаджи үз” хэмээн хардан, сэжиглэсэн янзтай аж.

Гэвч бас эелдэг харилцааны үгс бий. Ялангуяа бидний өдгөө өдөр тутмын хэрэглээ болсон “Сайн байна уу, Баярлалаа, Баяртай” гэх мэт үгс чухам хэдийнээс монгол хэлнээ энэ янзаар хэрэглэгдэх болсон нь их сонирхолтой асуудал билээ. Тэгвэл энэхүү номд “Здраствуйте – Мэндү сайн байна уу?” гэсэн бол “Спасибо” гэхийг “Сайн даа”, “Прощайте”-г харин “Сайхан мэндү байтун” хэмээн буулгасан нь маш сонин юм.


Хоёрдугаар бүлгийн дөрөвдүгээр хэсэг. Буурчийн газрын эзэнтэй ярилцах нь.

Хурандаагийн номоос олсон эрдэнэ

Монгол хэлэнд “совесть” гэж үгийг хэрхэн буулгах тухай орчуулагч, хэл шинжээч, зохиолч, найрагч улсууд байнга хэлэлцэж, мэтгэлцэж явдаг билээ. Бараг хориод жилийн өмнө байх аа, С. Галсан багшийн “Монгол хэлэнд совесть гэж үг байхгүй, учир нь монгол хүнд совесть байдаггүй юм” гэсэн ярилцлагыг уншиж байлаа. Тэр цагаас л хойш сонирхон хайх болсон юм. Саяхан тэгтэл уг алдартай үгийг С. Галсан гуай биш, анх Ц. Дамдинсүрэн багш хэлсэн болохыг Мөөмөө багшийн охин надад Нүүр номоор мэдээлэв.

Орос хэлний урдаа барих мэргэжилтнүүдийн нэг, нэрт орчуулагч Ц. Гомбосүрэн гуайтай ярилцахдаа энэ талаар бас асуугаад л авч байлаа. Эрхэм гүүш надад ийн хариулж байв:

“Би чамд ярьж байсан даа, нэг толины С үсгийг хийсэн гэж. (Гомбосүрэн гуай Орос Монголын хоёр ШУА-ийн хамтарсан багийн төслөөр хийгдэж буй Орос-Монгол толины С толгойт үгсийг гардан аваад хийж дууссан тухайгаа өмнө ярьж байсан юм). Тэнд би “совесть” дээр нэг арван хэдэн үг тавьсан байдаг юм. Өөрөөр хэлбэл “совесть” гэдэг үг манай хэлний тэр арав гаруй үгийн санаануудаас өөртөө агуулсан мэт ойлгогдож байгаа. Тэр өнөө “ханш хунш” ч орно, “жудаг” ч орно, “хүний үнэр”, “хүний мөс” ч орно. Толин дээр бол тэр мэтээр боломжтой бүх үгсийг л тавьчих нь зөв юм л даа. Харин орчуулагчид яг тэр сэдэв дээр, тэр өгүүлбэрт ямар үг нь илүү дүйж байгааг өөрөө мэдэрдэг байх хэрэгтэй. Тэгээд л энэ дээр бол “жудаг” нь таарч байна, “жудаггүй нөхөр” гээд явъя ч гэх юм уу....”

Совестийн асуудлыг саяхан Аюур бас нэгэнтээ сөхөж. Тангадын Галсан гуайтай таараад энэ талын яриа өрнүүлтэл Өөлд өвөө “нүнжиг” хэмээсэн тухай бичсэн байлаа.

Гэтэл энэхүү ярианы дэвтэрт мөнөөх олддоггүй, эсвэл олон өөр янзаар орчуулаад байгаа “совесть”-ийг ганц үгээр оноон нэрлэсэн байгаа нь ёстой л элсэн цөлд явахад аяга ус таарах мэт бодов. Тэр нь “зэтхил буюу зэдхил” хэмээх үг. Үнэхээр ийм үг байсан эсэх талаар олон асуулт ургах нь зүй.

“Сэдхил”-тэй андуурсан юм биш биз?

Үгүй, учир нь яг тэр хэсэгт “мысль – сэтхил”, “милосердие – энэрихү сэтхил”, “злоба – хорт сэтхил” гэх мэтээр “сэтхил” гэж үг тов тодорхой, андуурагдахааргүйгээр байгаа болно.

Толь бичгийн алдаа биш биз?

Аль ч толь бичигт алдаа байх магадлал буй. Тэр магадлалыг нь бусад үг, хэллэгийн алдаатай эсэх дээр нь суурилан үнэлж болно. Тэгвэл энэхүү үг багтсан 18-р хэсэг буюу “Душа и ея проявления” гэсэн бүлэгт нийт 36 үг орсон нь, өөрөөр хэлбэл “зэтхил”-ээс бусад 35 үг бүгд үнэн зөв байгаа нь андуурсан алдсан байх боломжийг бараг үгүй болгож байна гэсэн үг. Мөн дээр нь нэмэхэд толь бичигт үг, хэллэгийг дуудаж өгсөн улс, монгол бичгийн хэлтэй, эрдэм номтой лам нар байсныг Рамстедт баталсан тухай өмнө өгүүлснээ энд давтъя.

Нутгийн аялгууны үг байж болох уу?

Тийм. Энэ үг буриад аль нэг аялгууны үг байх боломжтой. Монголын бүх аялгуун дахь үг бол монгол үг билээ. Ганц халх нь хэл, бусад нь аялгуу гэсэн ойлголт үгүй, бүх аялгуудын хэлтэйгээ харилцах харьцаа адил тэгш. Тиймээс үнэхээр буриадын аль нэг аялгуунд ингэж хэлдэг байсан нь батлагдвал, монгол хэлэнд “совесть”-ийг хэлэх ганц үг байжээ гэж ойлгож болно.

Гарал үүслийн хувьд с- з сэлгэцээр харьцангуй хожуу үүссэн үг байж болох юм. Учир нь дариганга, үзэмчин тийшээ “сахал”-ыг “захал”, “сэтгэл”-ийг “зэтгэл” маягаар хэлдэг ёс буй. Нэг үг хоёр хэлбэртэй болсноор яваандаа хоёр өөр утга илэрхийлэх өөр өөр үг болон хэвших, монгол хэлний аяндаа цэгцрэх тогтолцоо бас буй.

Хурандаа Волошинов бидэнд хуучирч мартагдсан олон сайхан үг хэллэгийг маань эх сурвалж болгон үлдээж дээ. 


 Совесть – Зэтгил буюу Зэдхил

2016 оны 10 сарын 7