Холлиувүүдийн нэрт найруулагч Гэйвин О’Коннор өнгөрсөн Пүрэв гараг буюу 10 сарын 7-ны өдөр Вашингтон Ди Си хотноо хүрэлцэн ирж, сэтгүүлч голдуу цөөхөн хүний хүрээнд “Нягтлан бодогч” киногоо үзүүлэн, уулзалт ярилцлага хийлээ. Бэн Аффлекийн тоглосон уг кино 10 сарын 14-ний өдөр нээлтээ хийж, дэлхий даяар кино театруудад нэгэн зэрэг эхлэх боловч түүнээс өмнө ийнхүү сэтгүүлчдэд үзүүлсэн нь хүмүүсийн санаа оноог сонсох, мөн хэр кино болсныг нь цааш олон хүнд хүргэж, үзэгч татах давхар бодлоготой ажээ. Дэлхийн кино урлагаас монголчууд бид үл хоцрон, Улаанбаатарт киноны нээлтийг Холливүүдтэй зэрэг хийдэг цаг нэгэнт ирснийх, миний бие бас “Өдрийн сонин”-оо төлөөлөн, нэрт найруулагчтай уулзлаа.  

Гэйвин О’Коннор гэж хэн бэ?

Бидний уулзсан хүндэт зочин бол Америкийн кино найруулагч, кино зохиолч, жүжгийн зохиолч, продюсер, жүжигчин хүн юм. Холливүүдэд бүтээсэн хамгийн анхны томоохон кино нь 1980 онд Америкийн оюутнуудын алдарт ЗХУ-ын хоккейчдийг буулган авч, улмаар Олимпын аварга болсон тухай өгүүлсэн “Miracle” буюу “Зүүд зэрэглээн” хэмээх бүтээл ажээ.

2011 онд найруулан гаргасан “Дайчид” буюу “Warriors” кино нь кино судлаачдаас өндөр үнэлгээ авсан байдаг. Мэргэжлийн зодооны рингэнд ах дүү хоёр тулалдах болсон тухай уран нарийн өгүүлэмж бүхий бүтээл. Ер нь О’Коннорын бүтээлд ах дүүгийн харилцаа их гардаг, өөрөө ихэр ахтай, хамтран олон бүтээл дээр ажилласан хүн аж. Бидний доор өгүүлэх “Нягтлан бодогч” киноны нэг гол шугам нь мөн ах дүүгийн харилцааны асуудал билээ.

2013 онд жүжигчин Наталие Портмантай хамтран ажиллаж, “Jane got a gun” буюу “Жэйнд буу бий” хэмээх киног нь найруулжээ. О’Коннорын кинонууд мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг боловч мөнгө их хийдэггүйгээрээ онцлогтой. Харин энэ удаад “Нягтлан бодогч” кино нь тун их орлого хийх төлөвтэй байгаа юм.

Нягтлан бодогч, Уорнер бродерс, 2016

Жич: Эрхэм уншигч танд юуны өмнө нэг зүйлийг анхааруулъя. Би өөрөө сайн киног ямар нэг хүний тайлбаргүйгээр, урьдчилан үйл явдлыг нь мэдэлгүйгээр үзэх дуртай хүн. Та миний адил бол энэхүү тайлбар, ярилцлагыг маань хойш тавиад, киногоо үзсэний дараа уншина биз ээ.    

О’Коннорын найруулсан энэхүү кинонд Бэн Аффлек, Анна Кендрик хоёр гол дүрд нь тогложээ.  Аутизмд нэрвэгдсэн хүү тооны ухаандаа гарамгай. Аав нь түүнийг ахтай нь хамт багаас нь Индонезийн пенчак силат хэмээх тулааны урлагаар хичээллүүлнэ. Ингэснээр өвчтэй хүү тоо, анализдаа гарамгайгаас гадна тулааны урлагийн төгс мэргэжилтэн болон хүмүүжнэ. Том болоод хэдэн сая, тэрбум доллар орооцолдсон гэмт хэргийн нууц бүлэглэл голдуу улсын тайлан тооцоо зэргийг бодож өгөн, мөнгө хийх болжээ. Нэг том компани түүнийг сох дутсан олон сая долларынхаа учрыг олж өгөхийг хүссэнээр жинхэнэ адал явдал эхэлнэ...

2 цагийн турш сэтгэл түгшин, бас догдлон, заримдаа чанга инээж, заримдаа бүр алга ташин үзсэний эцэст танхимд Гэйвин О’Коннор орж ирлээ.

Асуулт хариулт

Ер нь таны энэ кино ямар төрлийн кино вэ? хэмээн асуусанд О’Коннор “Триллер мөн, адал явдалт кино ч мөн, дүрийн судалгаа, илэрхийлэл буй, бас учир явдлын гогцоог хөөцөлдөн тайлдаг кино ч мөн, дундуур нь хайр сэтгэлийн жигтэй түүх ч орсон” хэмээн хариулж байна.

Таны кинонд ах дүүгийн сэдэв их гарах юм. Warriors кинонд тань ахтайгаа тулалдах хэрэгтэй болдог. Та ихэртэйгээ их зодолдож өссөн үү?

Тийм ээ, гэхдээ киноны зодооноос огт өөр. Байнга тулгарч, байнга зөрөлдөж байсан, тэр маань кинонд өөр хэлбэрээр илэрч байгаа нь тэр.

Аутизмтай хүн ийм чадвартай байх талаар, ааш авирынх нь талаар судалгаа хийсэн үү?

Найруулагчийн хувьд би ч тэр, жүжигчний хувьд Бэн Аффлек ч тэр, маш нарийн, урт удаан судалгаа хийсэн. Эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгч нартай уулзлаа. Калифорнид судалгааны хүрээлэнгүүдээр явлаа. Гол нь 18-30 насны аутизмтай маш олон хүнтэй биечлэн уулзаж, туршлагаас нь хуваалцсан юм. Тэд аутизмтай хүн сайн талын баатар болон гарна гэдэгт ихэд баярлан, үнэнээсээ тусалж байлаа.   

Нягтлан бодогч аймаар цустай атлаа нирхийтэл инээх зүйл ихтэй кино юм. Цус, инээд хоёрыг ингэж нийцүүлэх сонин юм байна.


Биднийг судалгаа хийж дөнгөж эхэлж байхад “Asperger’s are us” – “Аспергерийн синдром гэдэг чинь бид шүү дээ” гэж баримтат киноныхон монтажилж янзлаагүй 3 цагийн эх бичлэгээ үзүүлсэн юм.  Аутизмтай, Аспергерын хам шинж бүхий дөрвөн жүжигчний тухай баримтат кино л доо. Хошин шогийн жүжигчид. Гэрт нь хамт сууж үзээд, 3 цаг үхтлээ инээлдсэн. Энэ бол үнэхээр зүрх сэтгэл тайвшруулсан, тийм өвчин, өвчтөнд хандах хандлагыг маань суллаж, зүгшрүүлж өгсөн мөч байлаа. Инээж дооглож, хошигнож болно гэсэн нээлт болсон юм. Кинон дахь инээд хошигнол бүгд тэндээс үүдэлтэй.

Цусны тухайд бол би зүгээр нэг санамсаргүй, кинонд зорилгогүй гардаг хүчирхийлэлд дургүй. Харин шангаа хүртдэг, үр дагавар нь араас нь гардаг тийм хүчирхийлэлд дуртай. Миний кинонд хэн ч, хэзээ ч, ямар ч утгагүйгээр зүгээр нэг цусаа асгаруулаад үхээд өгдөгүй. Кристиан Волф буюу Бэн Аффлекийн тоглосон тэр дүр ч утгагүй хүчирхийлэлд уг нь оролцдоггүй хүн. Энэ удаад хөөрхий гэм зэмгүй охин, Анна Кендрик л хэцүү байдалд орсон учраас л эргэж тулалдах ёстой болж байгаа юм.   

Аутизмтай хүн гэхээр ихэвчлэн бие хөгжлийн бэрхшээлтэй хүн төсөөлөгддөг. Бэн Аффлекийн дүр тэгтэл огт өөр байх юм?

Ер нь бол аутизмтай хүмүүс бүгдээрээ хүчирхэг, хурдан улс биш гэдэг нь тодорхой. Гэтэл харин бидний уулзаж судалсан хүмүүсийн дотор нэг бахим залуу сууж байв. Огт ярихгүй. Тэгсэн чинь гар барилдааны мужийн аварга хүн байж билээ. Тэр хүн бидэнд энэ санааг өгсөн юм. Зодооны хэв маягийн тухайд бол зарим аутизмтай хүн тоондоо гаргууд, маш хурдан сэтгэж бодож чаддаг. Тэгэхээр яг тэр шинжид нь тохирсон, маш хурдан бодож, сэтгэж зодолддог, математик шиг зодооны хэв маяг юу байхыг судалсан л даа. Тэгээд Индонезийн пенчак силатыг сонгосон юм. Бэн Аффлек өөрөө хэдэн сар тэр тулааны урлагаар хичээллэсэн. Тэр нэг нэг их өндрөөс унаж байгаа хэсэг байна аа даа, тэрнээс бусад бүх тулаан, зодоонд Бэн Аффлек яг өөрөө тоглосон шүү дээ. Орлон тоглогч аваагүй.       

Алуурчинтай ах дүүгээ мэдэлцдэг хэсэг үнэхээр гэнэтийн юм уу? Угаасаа мэдрэгдээд байсан уу?

Би таны асуултыг сайн ойлгосонгүй. Гэнэтийн байлгах л гэж бодсон хэсэг. Хэрээ та киноны эхнээс мэдэж байсан бол миний хувьд дүүрлээ л гэсэн үг. Үзэгчийн хувьд бол гэнэт л байх ёстой юм.

Үгүй ээ, киноны хувьд. Ах дүү хоёр нэгнээ мэдэрч байсан бол уу гэж?

Аан ойлголоо. Ах нь дүүгээ бол давхар бодоод яваад байгаа өгүүлэмжтэй юм. “Нэг муу мэдрэлгүй амьтан хамаг хүмүүсийг маань алчихлаа” гэхэд дотроо бас “Миний дүү ч бас мэдрэлгүй амьтан даа” гэж бодно. “Нягтлан бодогч ингээд түйвээгээд байгаа хэрэг үү” гэхэд аанай л “Дүү бас тоондоо сайн даа” гэх бодол байгаа. Гэхдээ яг хараад танихдаа бол мэдээж гайхаж, шооконд орсон л доо.

Таны киноны өгүүлэмж, арын түүх нь их гоё байх юм. Онгод чинь хэзээ орж, ямар сэдвийг сонгохоо хэрхэн шийддэг вэ?

Гадуур зүгээр явж байхад л сайхан түүх, сэтгэлд хүрэм явдал олон тохионо шүү дээ. Сонссон, уншсан бүхэн маань цаанаа өвөрмөц сонин түүхтэй. Эхнэр маань надад дэндүү сайхан өгүүлэмж, үүх түүх мөн ч олон байна даа гэж дандаа хэлдэг. Миний хувьд тэр олон явдал түүхээс намайг орхихгүй байгаа, эргээд намайг ээрсээр байгааг нь сонгоод, бариад авдаг юм.

Бэн Аффлек Бэтмэний дүрд тоглосон. “Нягтлан бодогч” дээр тэгтэл нүүхдээ комик ном авч байгаа харагдах юм. Албаар тэгж хийв үү?

Манай Урлагийн хэлтэсийнхэн бүр Бэтмэний комик авч байгаагаар хийх гээд. Би тэр ч арай хэтэрнэ ээ гээд. Суперманы комик бариад явахад бол гэмгүй.

Ийм том хэмжээний кино найруулахад, олон хүнийг удирдаж ажиллахад маш хэцүү байдаг уу? Уурлаж бухимддаг уу?

Хэцүү байгаагүй. Бид өдөр бүр хөгжилдөн инээлддэг байлаа. Би найруулагчийн үүргийг арай өөрөөр хардаг юм. Бүх хүнд нийцтэй, эевэргүү сайхан орчин үүсгэх нь найруулагчийн хамгийн чухал үүрэг. Сайхан кино хийх, сайхан түүх бүтээхээд тэнд ажиллаж байгаа хүн нэг бүрийн хөдөлмөр шингэсэн байгаа шүү дээ. Энэ бол багийн ажил. Тийм учраас би хүн бүрийг айж эмээх аюулгүй, сэтгэл тайван, энгийн сайхан ажиллаасай гэж хүсдэг. Алдаж болно, алдааг бол байх л ёстой юм гэж харах хэрэгтэй. Зөвхөн жүжигчин ч биш, бусад бүх ажилтны хувьд ч алдаанаас айж болохгүй. Ийм найрсаг, айдасгүй орчин бүрдэхэд сайн бүтээл төрнө.

Гэх мэтээр бидний хэдэн сэтгүүлч найруулагч Гэйвин О’Коннортой хууч хөөрөөд, зураг хөөргөө авхуулан уулзалтаа өндөрлөв. Би түүнд Монголын түүх, Монголын амьдралаас олон сайхан кино төрөх, сонин сайхан өгүүлэмж бий шүү хэмээн нэмж хэлсэн, өөр ул үндэстний сонин сайхан түүх бас сонирхон хайж яваа, Монголыг заавал сонирхоно хэмээн амласан билээ.

Эцэст нь найруулагч бидэнд киноны нэр үг бүхий албан ёсны футболка бэлэглэв. Киног нээгдэхээс нь өмнө үзэж, найруулагчтай нь уулзан ярилцан завшаан олохын нэг гол зорилго нь киноны тухай үг, сэтгэлээ бусдад түгээхэд оршино хэмээн өмнө өгүүлсэн билээ. Тэр үүргээ одоо харин биелүүлье. 10 сарын 14-ний өдөр нээлтээ хийх “Нягтлан бодогч” киног үзээрэй. Адал явдал, тулаан зодоон, инээд хошигнол, уянга драм, гэнэтийн шийдэл бүхнийг та нэг дор үзэх мэдрэх болно.        



Найруулагч Гэйвин О"Коннор, жүжигчин Бэн Аффлек хоёр, "Нягталн бодогч" киноны зураг авалтын үеэр.


Нэрт найруулагчтай уулзан ярилцах завшаан тохиов.


Гэйвин О" Коннор Монголын үзэгчид киног нь таашаан үзнэ гэдэгт итгэлтэй байгаагаа өгүүлэв.


Бэн Аффлек, Анна Кэндрик: Киноны хоёр гол дүр.