Дөрөвдүгээр сарын 5 гэхэд тодорхой болсон байх ёстой нэр дэвшигчдийн асуудлаар МАХН таг чиг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ Бага хурлаасаа гаргаж ирнэ гэсэн мэдээллээс өөр албан ёсны болоод ам дамжсан ярианы аль нь ч алга гэхэд болно. Яг өдийд нэр дэвшигчийн тухай яриа намын хүрээнээс хальж гараад язганаж байх учиртай мэт боловч яагаад ийм нам гүм байгаа хэрэг вэ?
Яагаад гэвэл С.Баяр дуугүй байна. Дуугарах ёстой намын удирдлагууд болох намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар яг энэ үед дөрөө харшуулан холын замд одоод буй. Энэ сарын эхний хагаст эхэлсэн гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлал гуравдугаар сарыг дуустал Европт үргэлжилнэ. Гэтэл дөрөвдүгээр сарын эхний тав хоног намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хууль ёсоор нэхэх хариуцлагатай хугацаа.

“Нохойн дууг” ойртуулж байгаад нэр дэвшигчийн асуудлыг нэг л өдөр сөхөж, нөгөө өдөр нь баталж орхихоор МАХН зэхээд буй бололтой. Тэр тусмаа гол өрсөлдөгч АН-ын шийдвэрийн дараа, парламентад суудалтай нөгөө хоёр нам аль блок руу хэрхэн хуваагдахыг харсны дараа. Эдгээр намуудын шийдвэр хэрхэн гарахаас хамаарч МАХН нэр дэвшигчээ шодно гэвэл худлаа л даа. Харин ч АН МАХН-аас нэр дэвшигч хэн байхыг харж байж өөрийн нэр дэвшигчээ шодно гэвэл үнэнд ойртох байх.  

МАХН ийнхүү таг чиг байхын хэрээр олон хувилбар таамаглал тал бүрээс босч байна. Намынх нь дарга С.Баяр нэр дэвшихгүйгээ мэдэгдсэн. Өнөөгийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр дахин нэр дэвших хувийн бэлтгэлээ базааж, хөдөө орон нутгаар сонгуулийн багаа нэгэнт бүрдүүлж эхэлжээ. Эдгээр мэдээллийг үгүйсгэхүйц өөр баримт гарч ирээгүй байгаа болохоор АН-ын хувьд Н.Энхбаяртай өрсөлдөх лидерийг л нэр дэвшүүлэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой юм байна.

Бас С.Баяр өөрөө нэр дэвшихгүй гэж мэдэгдсэнээс биш нам нь ийм шийдвэр гаргаагүй байгаа. Тэгэхээр Бага хурлын шийдвэр С.Баярыг дэмжигчдийн нөлөөллөөр Н.Энхбаярын эсрэг талд гарах ч магадлалтай. С.Баяр Н.Энхбаяртай намын даргын суудлаа Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээр наймаалцаж болох таамаглал эртнээс сонсогдсоныг ч энэ удаад мартаж болохгүй.

Долдугаар сарын 1-ний үйл явдлаар хүний амь үрэгдсний хариуцлагыг гүйцэтгэх засаглалтай тооцох учраас АН-ын амыг барих, улмаар уг асуудлыг дарах, сонгуулийн засварлагдсан дүнг хэвээр зүтгүүлэх, хэдэн он дамнаад батлагдаагүй томоохон хуулиудыг батлах зэрэг шаардлага С.Баярт байсан учир тэрбээр сөрөг хүчинтэйгээ хамтарч Засгийн газар байгуулсан гэж  ажиглагчид үздэг. Түүнээс биш АН-тай дөрвөн жил хамтарч засгийн эрх барихыг МАХН-ын толгой улстөрчдийн хэн нь ч үнэндээ хүсэхгүй гэж ажиглагчид удаах дүгнэлтээ дэвшүүлж буй. Өнөөгийн Засгийн газарт буй ардчиллын сайдуудтай хүч чадлаар өрсөлдөх, бас тэдэнтэй барьцах хэмжээний МАХН-ын боловсон хүчнүүд намын даргын суудлыг С.Баяраас Н.Энхбаярт шилжүүлэх, Засгийн газрыг дахин шинээр байгуулах сонирхолтой байгааг ч анзаарч болох гэнэ. Энэ сонирхол намыг дотроос нь тэсэлж, эв нэгдлийг нь эвдлэн бусниулахыг лидерүүдийнх нь хэн нь ч хүсэхгүй биз. Бас өмнөх Ерөнхийлөгч нар эргэж намдаа ирээгүйгээс харвал энэ эрхэм суудал нам дахь нөлөөг нь сулруулдаг бололтой. Дахин намын дарга болох, Засгийн газрыг тэргүүлэх нь илүү алсын хараатай нүүдэл гэж тооцоолбол Н.Энхбаяр С.Баяртай нэр дэвших эрхээр наймаа хийж магадгүйг олон хүн үгүйсгэхгүй байна.

 

МАХН баадуудаж байна

Энэ мэт элдэв таамаглал МАХН-ыг тойрч байх үед хоёр дарга нь холын айлчлалд гарсан нь бүүр ч олны сонирхлыг татаж буй. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд багтаж, зардлаа татвар төлөгчдөөр даалган намын ажлаа амжуулж явааг нэг хэсэг нь шүүмжилж байна. Үнэндээ зардлаа хэнээр даалгаснаас илүүтэй юу хийж яваа нь сонирхууштай асуудал юм.

Ирээдүйн Ерөнхийлөгчийг ардчиллынхны талд өгөх үү, эс өгөх үү гэдэг асуудал цэнэгтэй бөмбөг шиг эмзэг байгаа энэ үед МАХН-ын удирдлагууд Улаанбаатарт бус хөгшин Европт яваа нь санамсаргүй зүйл гэж харагдахгүй. Нам дотор араар юу ч болсон хамаагүй гэж үзэж, нэр дэвших эрхийг өнөөгийн Ерөнхийлөгчид өрсөлдөгчгүй өгсөн хэрэг ч байж болох юм.

МАХН намын байраа шинээр босгох, ингэхдээ өмнөхөөс өндөр, өнгөлөг барилга бүтээх эрмэлзэлтэй. Энэ бүтээн байгуулалтад болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд хөрөнгө шаардлагатай. Намын удирдлагуудын хувьд энэ шаардлага яах аргагүй цаг үеийнх.

МАХН-ын удирдлага ОХУ-ын Нэгдсэн Орос намынхантай гүйцэтгэх засаглалын тэргүүний айлчлалын үеэр уулзаж, хамтран ажиллах гэрээг үзэглэжээ.

МАХН ямар ч асуудлаар олон ургальч бус, яг л нэг хүн шиг байдаг. Хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон гишүүнтэй энэ нам гаднаасаа яг л нэг хүн шиг цул харагддаг гэсэн үг. Ямар ч зөрчилтэй асуудалд ганцхан тархиар сэтгэсэн юм шиг ганц л шийдвэр гаргаж, бүгд нэгэн зэрэг гараа өргөдөг. Бас үүн шигээ нам, төр хоёрыг нэг л зүйл гэж боддог нь амь бөхтэй хэвээр.

Төрийн төвшний айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд намын даргын хувиар “Нэгдсэн Орос” намтай хэрхэн түншлэхээ ярилцжээ. Эл явдлыг эрх барьж буй гол нам  “Нэгдсэн Орос”-той тохироо хийлээ гэж хөрвүүлэн ойлгож болох биз. “Нэгдсэн Орос” нам Орост эмх замбараагүй байдлыг зогсоосон гэж үнэлэгддэг ч энэ их гүрэнд эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт хэвлэл, ардчиллыг боомилж буй гэж гадаад ертөнцөд тодорхойлогддог. Эрх мэдэл, засаглалыг төвлөрүүлэх хэлбэрт шүтэлцсэн Путины засаглал ардчилсан байгаагүй гэдэг барууны үнэлгээ ч “Нэгдсэн Орос” намын нүүр царайны нэг хэсэг. Гээд энэ бүхэн тэдний л хэрэг. Харин МАХН юу хийж буй нь л бидний хэрэг юм.

Удирдлагууд нь эзгүй ч энэ үеэр МАХН баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын явцыг баадуудаж байна. Засаг даргыг томилох ёстой Иргэдийн нийтийн хурлыг МАХН-ын үүрийн гишүүдийн ирцээр зохион байгуулж, улмаар МАХН-ын гишүүдээ Засаг даргаар томилох үйл явц сүүлийн өдрүүдэд ил тод үргэлжилж байна. Уг нь баг, хорооны Засаг даргыг “намын батлах”-аас нь салгах, иргэдийн нийтийн хурлыг “иргэдийнх” болгох агуулгаар батлагдсан Төрийн албаны тухай хуулийн заалтыг Үндсэн хуулийн Цэц саяхан хүчингүй болгосон. УИХ ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Энэчлэн МАХН-ын арга барил хүссэн ч эс хүссэн ч бидний амьдралыг баадуудан түлхэж буй учраас л МАХН-ын улс төрийн алхам, нүүдэл бүр нь бусдын явдал бус бидний хэрэг болчихоод буй юм.