“Ocean Partners Uk Ltd” гэх компани нь Эрдэнэтээс зэсийн баяжмалыг Хятад руу зардаг трейдер компани. Тэд Стандарт банкны 112 сая ам.долларын авлагыг 40 сая ам.доллараар худалдаад авчихлаа. Одоо бид санаа зовниод байгаа Стандарт банкинд төлөх өрөө “Ocean Partners”-т төлөх болж байна. Дээр нь хуулийн зөвлөх үйлчилгээний зардалтай нийт 140-өөд тэрбум төгрөгийн хохирол Төрийн мэдэлд 100 хувь очсон “Эрдэнэт үйлдвэр”-ээс гарах нь тодорхой болоод байна. Гэтэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Бидэнд ирсэн мэдээллээр Ш.Батхүүд 40 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө байгаа. Есөн сарын дотор "Эрдэнэт" үйлдвэрийг хохиролгүй болгох тал дээр шахаж ажиллаж байна” гэж мэдэгдлээ. Л.Оюун-Эрдэнэ сайд яагаад хохирлыг 40 сая ам.доллароор л хэмжээд байгаа юм бол? Ер нь Ocean Partnersе-тай ямар гэрээ хийсэн бэ. Хэн гэдэг хүнтэй хийсэн бэ? Энэ бүхэн одоогоор нууц байгаа нь “луйвар үргэлжилж байна уу” гэх хардлагыг төрүүлсээр байна. 

Үүний өмнө Оcean Partners компанийн хувьцаа эзэмшигчээр нь АНУ-д амьдардаг, Монголд ирж очиж ажилладаг Мөнхбаяр гэдэг монгол хүний тухай, тэр хүн “Таванбогд групп”-ийн ерөнхийлөгч Ц. Баатарсайханы маш ойрын хамаатай тухай нийтлэл бичсэн. Тэгэхэд Ц. Баатарсайхан захирал надтай утсаар ярьж “Тийм хүн танихгүй. Огт холбоогүй” тул нийтлэлээсээ тэр хэсгийг хасч өгөхийг хүссэн. Би дахин нягталъя, одоо хасъя” гэсэн.

 

Дахин нягталлаа. Надад ийм баримт олдлоо. Юуны өмнө Дамдинсүрэнгийн Мөнхбаяр бол Ocean Partners Uk Mongolia-ийн зэс хариуцсан захирал. МУИС, Одессийн их сургуульд олон улсын худалдааны чиглэлээр суралцаж байсан гэж Ocean Partners албан ёсны вэб хуудсандаа танилцуулжээ. 

http://oceanpartners.com/about/the-op-team/ 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn цахим хуудаст дурдсанаар Дамдинсүрэнгийн Мөнхбаяр Монголд хоёр компани эзэмшдэг юм байна. Эхнийх нь Прайм софт ХХК. Программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2011 оны хоёрдугаар сарын 1-нд байгуулагдсан энэ компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр иргэн Дамдинсүрэнгийн Мөнхбаяр, хуулийн этгээд “Таванбогд трэйд” гэсэн байгаа юм. Эхнэр нь найман жилийн турш Д.Мөнхбаяртай хамтарч компани эзэмшсэн байхад Ц.Баатарсайхан захирал мэдэхгүй байна гэдэг эргэлзээтэй. 

Харин Ц.Баатарсайханы гэргий Дашдаваа овогтой Хулангийн хувьд энэ компанийг нуудаггүй. Таванбогд трейдийн дэд ерөнхийлөгчийн хувиар өөрийгөө танилцуулахдаа салбаруудаа танилцуулахад Прайм софтыг дурдсан байдгийг нь http://100women.mn/vote/profile/84 эндээс харж болно. Кубын нийслэл Гаванад төрсөн, өндөр мэдлэг боловсролтой, орос, англи, испани, япон хэлтэй, чадварлаг удаирдагч бүсгүй. Эх сурвалжийн мэдээлснээр түүний аав Дашдаваа, Ocean Partners-ийн Мөнхбаярын аав Дамдинсүрэн нар ах дүүс гэх боловч ураг төрлийн холбоог нарийвчлан судалъя гэсэнгүй. 

http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5445922 

http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5454662  эндээс харж болно. 


Харин Ц.Баатарсайхан яагаад Д.Мөнхбаярыг танихгүй гэв. Яагаад эхнэртэй хамтарч салбар байгуулчихаад байхад Мөнхбаярыг Таванбогдтой хамаагүй гэх болов гэсэнд эргэлзсэндээ л үүнийг хэлэхийг хүссэн юм.

Д.Мөнхбаярын дараагийн компани нь иргэн З.Буяннэмэхтэй хамтран байгуулсан Алтай Ассет Менежмент Монголия гэдэг компани. Мөн л 2011 оны гуравдугаар сарын 4-нд байгуулагдан. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийг Д.Мөнхбаяртай хамтарч эзэмшдэг З.Буяннэмэхийг “2012 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн Тайланд-Хонконгийн чиглэлийн СХ712 дугаартай нислэгээр эх орон руугаа ниссэн. Онгоц буухаас 20 гаруй минутын өмнө амиа золиослогч онгоцны аюулгүйн хаалгыг нээхийг оролдож байхыг харсан. Ингээд тэр хүнийг араас нь боож унагаж, аюулгүй болгосон” гэдгээр нь хүмүүс эргэн санаж магад. Жирийн бизнесмэн залуу бөгөөд тухайн үе хэвлэлд “Алтай Ассет Менежмент Монголия гэдэг компани 2011 онд байгуулаад ажиллаж байгаа” хэмээн ярьсан байдаг. 

Тэгвэл яагаад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Ocean Partners-ийн ард байдаг байх гэсэн хардлага төрөх болов. Юуны өмнө “Идэш Линч” хуулийн фирмтэй холбоотойгоор хардагддаг. Улс төрд орохоор шийдсэн Ц.Мөнх-Оргил “Линч махион”, “Махионы лиотто” болон “хувирах”-ын хэрээр “Ц.Мөнх-Оргил хамаагүй” гэх тайлбар хийхэд ч амархан, захирал, удирдлагууд ч өөрчлөгдөж, үйл ажиллагааны хүрээ нь ч тэлсэн байдаг. 

Жишээ нь “Махионы лиотто” хуулийн фирм “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан “Стандарт банкнаас зээл авах үед гэрээнүүдэд хуулийн зөвлөгөө өгөх ажил хийсэн байдаг бол хожим Монголын Засгийн газар, “Стандарт” банк Арбитрын шүүхийн маргаанд дахин хуулийн зөвлөхөөр ажилласан байдаг. Харин энэ талаар “Өдрийн сонин” 2018 оны хоёрдугаар сарын 22-ны дугаартаа мэдээлсэн. Үүнээс дөрөв хоногийн дараа 2018 оны хоёрдугаар сарын 26-нд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мэдэгдэл гаргасан. Үүнд “2000 онд ХЗДХ-ийн дэд сайд болохдоо компанийн хувиа зарж гарсан. Нэгэнт хөдөлмөрийн оролцоо байхгүй болсон учраас тус компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй болно” гэжээ. Тэгэхээр хөдөлмөрийн бус нөлөөллийн оролцооны тухай ярьж болох байх. Эсвэл Эрдэнэт үйлдвэр, Өмнөд Африкийн “Стандарт” банктай холбоотой асуудалд “Идэш Линч” оролцсон, эс оролцсон тухайд тайлбар хийсэнгүй гэж ойлгогдлоо. 

Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын гэргий Д.Бадамцэцэг 2013 онд “Гоёо” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Үүний дараахан 2016 оны аравдугаар сарын 26-нд тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдэл хийхдээ “2013 оны 4 дүгээр сард манай гэр бүлийн хүн “Гоёо” компанийг "МСS холдинг"-оос худалдаж авсан. Ингэхдээ 25 хувийн төлбөрийг бэлнээр төлж, 75 хувийг зээлээр авсан. Өнөөдөр манай гэр бүлийн хүн ямар ч өргүйгээр “Гоёо” компанийн 25 хувийг эзэмшиж байгаа” гэж мэдэгдэж байлаа. 2017 онд “Таванбогд трейд” ХХК нь MCS группээс Гоёо компанийг худалдаж авсан байдаг. Эндээс харахад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Таванбогд”-ыг огт танихгүй, холбоогүй гэж үзэх нь өрөөсгөл. 

Ocean Partners-ийн Д.Мөнхбаяр гэдэг хүнтэй Таванбогт трейд гэдэг хуулийн этгээд болон Ц.Баатарсайханы гэргий Д.Хулан хамтарч компани эрхэлдэг юм байна. “Таванбогд”-ын “Гоёо” ХХК-иас Ц.Мөнх-Оргилын гэргий хувь эзэмшдэг юм байна. Мөн Ц.Мөнх-Оргилын анх байгуулаад хожим хувиа зараад гарсан ч тэр компани нь Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж Стандарт банкнаас зээл авахад эрх зүйн туслалцаа үзүүлсэн байж болзошгүй гэж хуулийхан үзээд байгаа юм байна.

Энд хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Ц.Мөнх-Оргил хуульчийн хувьд, улстөрчийн хувьд, иргэнийхээ хувьд Ocean Partners гэгчээс болоод “Эрдэнэт үйлдвэр” өрөнд унаад хохирогч болчихоод байхад санаа тавих эр зориг гаргаач гэж хүсвэл буруудахгүй болов уу. Мөн Монголын топ бизнесмэн Ц.Баатарсайхан Дамдинсүрэнгийн Мөнхбаярыг танихгүй гэхийн оронд үнэн зөв мэдээлэл өгч болох байсан. Одоо танд танихгүй гэж хэлэхэд амаргүй л болов уу. Таньдаг байснаараа ч ямар нэг хор хохиролгүй бөгөөд хамтарч бизнес эрхэлдгийн хувьд “огт хамаагүй” гэх нь зохимжгүй байлаа. 

Цаашид Ocean Partners болон түүний бизнесийн түнш, тус компанийн алт, зэсийн бүлгийн худалдааны ахлагч Дамдинсүрэнгийн Мөнхбаяртай хэн хамтарч ажиллаж байгаа, ямар улстөрчидтэй холбоотой байсан болон байгаа тухайд мэдээлэхээс аргагүй. Учир нь тус компани Эрдэнэт үйлдвэрт болон Монголд гавьяа байгуулсан бус хохирол учруулсан баримтууд л олдоод байгаа учраас үргэлжлүүлэн эрэн сурвалжлах болно. /Үргэлжлэл бий/


















.