ОХУ-аас авах 300 сая ам.долларын зээл арилжааных уу?
Монголын эдийн засаг алт, зэсийн гадаад зах зээл дээрх үнийн өсөлт, бууралтаас үлэмж хамаардаг эмзэг тогтолцоо болж хувираад буй билээ.
Бидэн шиг зэсийн экспортоор эдийн засгаа тэтгэдэг Чили гэхэд энэ талаар тун консерватив бодлого баримталдаг аж. Төсөвтөө зэсийн үнийг маш болгоомжтой тогтоож, үнэ нь тогтоосон хэмжээнээс өсөх тохиолдолд түүнийг хуримтлалын санд оруулдаг байна. Жишээлбэл, тухайн онд зэсийн үнийг 3000 ам.доллар гэж төсөвт тооцоолсон бол үнэ нь 6000 ам.доллар хүрсэн тохиолдолд зөрүүг эрсдлийн санд хуримтлуулдаг аж. Харин бид зэсийн үнэ өсч, орлого төлөвлөснөөс давах бүрт төсөвтөө тодотгол хийгээд л, зараад л байсан. Харин өнөөдөр Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагчдаас мөнгө хүсч, чингэхдээ "Бидний алдаа, дахиад тэгэхгүй ээ" хэмээн ам өчиг өгөхдөө хүрч байна. ОУВС-тай хөтөлбөр тохирсны дараахан хандивлагч орнуудын чуулга уулзалт дээр Ерөнхий сайд С.Баяр чухам л тийн ам өчиг өгчээ. Алт, зэсийн үнэ өндөр хурдаар өссөн нь "манай бодлого боловсруулагчид, тодорхойлогчид төсвийн сахилга бат, хязгаарыг хутуу чанд сахих үүрэг, хариуцлагаа хэсэг хугацаанд мартахад хүргэсэн нь өнөөдөр ил тод боллоо" гэж тэрбээр учирлаад "Энэхүү хямрал нь бид цаашдын хөгжлийн бодлогоо бүхэлд нь дахин шинэ өнцгөөс, шинэ байр сууринаас харж, тодорхойлох шаардлагатай болохыг ойлгуулж, мэдрүүллээ" гэжээ. Бас хямралын дараах дэлхий ертөнцийн банк, санхүүгийн тогтолцооны дэг жаягт нийцэн ажиллана гэсэн утга агуулгатай өгүүлбэрийг нэг бус давтсан байна. Нэг үгээр бол энэ бүхэн нь "бид дахиад тэгэхгүй" гэсэн амлалт юм.
"Арилжааны зээл авахгүй ээ"
Засгийн газрын тэргүүний өчиг үүгээр хязгаарлагдахгүй. Тэрбээр "Цаашид бид бусад гадаад түншүүдээс дэмжлэг, туслалцаа авах асуудлыг тавихдаа ОУВС-тай тохирсон чиглэл, нөхцөлийг чанд баримтлан ажиллах болно" гэсэн юм. Тэрхүү тохирсон нөхцөлийн нэг нь "арилжааны зээл" авахгүй байх. Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа эхэлсэн айлчлалынхаа хүрээнд тэрбээр ОХУ-аас 300 сая ам.долларын "хөнгөлөлттэй" зээл авах санамж бичиг байгууллаа. Засгийн газрын нэрийн өмнөөс байгуулсан санамж бичгийн талаар Монгол талын эх сурвалж мэдээлэхдээ "хөнгөлөлттэй" гэж тодотгосон болохоос бус ОХУ-ын мэдээллийн агентлагийн дамжуулсан мэдээнд "энэ зээлийг хэдэн хэсэг хувааж өгнө" гэснээс өөрөөр зээлийн нөхцөл, хугацааны талаар "а" ч үгүй. Магадгүй энэ бүхэн нь дараа яригдах техникийн шинжтэй асуудал байж болох ч үндсэн зарчмаа эхлээд тохирохгүйгээр өгөө, аваа ярилцана гэдэг юу л бол?
Мөн Монгол талын мэдээлэлд бөөрөнхийлж орхисноос бус тэрхүү зээлээр бид Оросоос хөдөө аж ахуйн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, үр бордоо, үхэр зэргийг авах ёстой юм байна. Тэгэхээр эргүүлээд ОХУ руу хөрөнгө оруулалт болон гарах "болзолтой" гэсэн үг. Хөршөөсөө авахаар болсон тэрхүү 300 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг ОХУ-ын "Россельхоз" банк гаргах юм байна. Түүнчлэн тус банк уг зээлийг хэсэгчлэн гаргахдаа Монголын арилжааны банкуудад өгөхөөр хоёр талын Засгийн газар хоорондын санамж бичигт тусгажээ. Банкнаас гарч, банкаар дамжиж байж Монголын хөдөө аж ахуйн салбарт хүрэх зээл тэгэхээр "хөнгөлөлттэй" байж чадах, эсэх эргэлзээтэй л хэрэг юм.
Арилжааны банк гэдэг бол төв банк шиг бодлого тодорхойлогч бус бизнес эрхлэгч, ашгийн байгууллага. Гадаадаас авсан хөнгөлөлттэй зээлийг Монголын арилжааны банкууд дамжуулан зээлдүүлж байсан тохиолдлууд бий. Гэхдээ тийн дамжуулан зээлдүүлэхдээ хүүг тохиролцож байж тогтоодог ч тодорхой хэмжээнд өсгөдөг. "Хөнгөлөлт"-тэй зээлийг "таних" шинж тэмдгийн нэг нь жилийн гурван хувиас ихгүй хүү юм. Харин үүнийг дамжуулан зээлдүүлэх тохиолдолд арилжааны банк сар бүр хүү бодох нь бараг л гарцаагүй үнэн биз ээ. Нэгэнт л бизнес учраас авсан эх үүсвэрээсээ илүү хүүг тогтоож таарна. Тэгэхээр ОХУ-аас авахаар болж буй 300 сая ам.долларыг одоогоор л лав иргэдийн гар дээр "хөнгөлөлттэй" очно гэж хөөрцөглөхөд эртдэж байна.
Юутай ч "Бид дахиж тэгэхгүй, ингэхгүй, дэлхий ертөнцийн шинэ дэг жаягт нийцнэ, барина" гэж өмнөх алдааны төлөө өнөөгийн Ерөнхий сайд ам өчиг өгөн зээл, тусламж тийн гуйж байгаа ч авах зээлийн хэмжээ бас хязгаартай юм. Уг нь шаардлагатай хөрөнгийн хэмжээ гэвэл төсвийн алдагдлыг нөхөх 200 гаруй сая ам.доллараас гадна хямралыг туулахад хэрэгцээтэй 1.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй. Гэвч хүссэн хэмжээгээрээ зээл авах боломж төр, засагт байхгүй. Бодит байдал, бололцооноосоо хэтийдсэн зээл авч болзошгүй учраас л ОУВС санхүүгийн хөтөлбөр тохирч 224 сая ам.долларыг олгохдоо, хандивлагч руу чиглэсэн зээлийн line нээхдээ "арилжааны зээл авахгүй байх" болзол хүлээлгэсэн гэж УИХ-ын гишүүдээс мэдэгдэж байгаа. (арилжааны зээл гэдэг нь богино хугацаатай, өндөр хүүтэй)
Үүнтэй зэрэгцээд "ОУВС 200 сая ам.долларын арилжааны зээлийн эрх өгсөн" гэж Засгийн газар талаас тайлбарлаж буй. Гэлээ гэхэд л бидний авах зээл хязгаартай, юун 1.5 их наяд төгрөгийг босгох. ОУВС-тай чиглэл, нөхцөл тохирсныхоо дараа арилжааны зээл болон санхүүгийн бусад аргаар босгохоор төлөвлөж байсан 1.5 их наяд төгрөгөөсөө буцаж байгаагаа С.Баяр сайд бараг хүлээн зөвшөөрсөн билээ. Тэрбээр валютын сангийн тохиролцооны дараахан хандивлагчдын чуулга уулзалт дээр "ОУВС-тай хөтөлбөртэй болсноор бид оны эхээр боловсруулж УИХ-аас батлан гаргасан Хямралыг даван туулах төлөвлөгөөндөө бодлогын өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо. Бид зөрчилтэй бодлого, хөтөлбөрөөр хямралыг амжилттай даван туулах боломжгүй учир ОУВС-тай тохирсон хөтөлбөртэй банк, санхүүгийн салбарын бодлого, төлөвлөгөөгөө нягт уялдуулж ажиллах болно гэдгээ Засгийн газрын нэрийн өмнөөс мэдэгдэж байна" хэмээсэн байх юм. Зөрчилтэй бодлогоор хямралыг туулахгүй гэж…