Япон хэмнэл-2
Саппоро аялал жуулчлалын томоохон бүс болж хөгжжээ. Өвөлдөө цас ихтэй хүйтэн, зундаа хэт чийглэггүй дулаахан цаг агаар нь жуулчдыг татах соронз юм байна. Жилдээ хоёр сая жуулчин хүлээн авдаг гэхээр нэлээд бодлоготойгоор хөгжүүлж чадсаных ажээ.
Саппоро аялал жуулчлалын томоохон бүс болж хөгжжээ. Өвөлдөө цас ихтэй хүйтэн, зундаа хэт чийглэггүй дулаахан цаг агаар нь жуулчдыг татах соронз юм байна. Жилдээ хоёр сая жуулчин хүлээн авдаг гэхээр нэлээд бодлоготойгоор хөгжүүлж чадсаных ажээ. Хуучин хотын захиргааны улаан тоосгон байшин музей болж, тэр хавиар битүү жуулчид. Бараг л Хятадад яваад байгаа юм шиг санагдсан нь хятад жуулчид олон байсных биз ээ. Мөн Саппоро хотын Цагт цамхаг дээр жуулчид заавал очдог. Үнэндээ цамхаг гээд байхаар өндөр биш л дээ. Ердөө хоёр давхар модон байшин, дээрээ цаг болгонд дуугардаг том цагтай. Гэхдээ 1870-аад онд америкчуудын дэмжлэгтэйгээр Саппоро хотыг байгуулж байх үеэс үлдсэн барууны загвартай цөөхөн барилгуудын нэг учраас үнэ цэн нь оршдог гэсэн. Гадаадын жуулчид төдийгүй япончууд хүртэл өөрсдөө энэ модон байшингийнхаа өмнө зургаа авахуулдаг нь Саппоро хотын насыг илэрхийлэх барилга учраас тэр биз ээ. Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн коллеж анх байсан энэ газар одоо музей нь оржээ. Хоккайдо муж бол хөдөө аж ахуйн нутаг. Тэр ч үүднээсээ Хоккайдо мужийнхан мэддэг чаддагаа хэлж, нэвтрүүлэн Монголтой хамтран ажиллах өргөн боломжтой гэж үздэг нь анзаарагдаж байсан. Ер нь олон улсын харилцаа, хоёр улсын харилцаа л гээд байдаг. Гэхдээ нэг хоёрхон сэтгэлтэй хүний идэвх зүтгэлээс бүх зүйл эхтэй байдаг шүү дээ. Сүүлийн үед Хоккайдогийнхон монголчуудтай ойр ажиллах болсон гол шалтгаан бол Цутому Такэбэ гуайтай холбоотой. Олон жил парламентын гишүүнээр ажиллаж байсан Монголд элэгтэй энэ хүнийг манайд таних хүмүүс олон. Японы Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг 2004-2006 онд хашиж, Ж.Коизуми Ерөнхий сайдын үед сайдаар томилогдож байсан тэрбээр одоо тэтгэвэртээ гарсан хэдий ч завгүй. Бас түүний хүү аавынхаа ажлыг үргэлжлүүлж гишүүн болсон гэсэн. Такэбэ сан хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тал дээр анхаарч Хоккайдо Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийг байгуулан ажиллаж буй. Энэ нутгаас гаралтай тэрбээр олон жилийн турш хоккайдочуудыг төлөөлөн парламентад суужээ. Анх Монголд 1991 онд гишүүнийхээ хувиар ирж байсан гэдэг. Бидний сайн мэдэх картын барааны үе. Тэр үеэс япончууд бидэнд гар сунган туслах болж, хоёр орны төрийн далбаатай хуурай сүүний тухай дурсамж үе дамжин яригдаж ирлээ. Монголд олон удаа ирсэн, манай дарга удирдагчдыг бага залуу байх үеэс нь мэднэ гэхэд хилсдэхгүй нэгэн бол Такэбэ сан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг тангараг өргөх үед Японы Засгийн газрыг төлөөлж ирсэн юм билээ. Монголыг, монголчуудыг сайн мэддэг ийм хүн нутгийнхаа зон олныг Монголтой холбох гүүр болохоор ажиллаж байна. Өнгөрсөн намар олон хүн дагуулж манайд ирж, харин намайг очиход Монголоос олон төлөөлөгч ирэх бэлтгэл ажил ид хийгдэж байсан. Эрхэм Ц.Такабэ сантай Токиод уулзсныхаа дараа нутагт нь очин Хоккайдо Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийнхэнтэй уулзсан билээ. Ц.Такабэ гуайн итгэмжит хүн болох тус холбоог хариуцдаг даруухан, ясны хөдөлмөрч зан чанар нэвт үнэртсэн япон настны удирдлагад монгол бүсгүй Г.Өсөхбаяр ажиллана. Тэд энэ нийгэмлэгийг гол авч явдаг хүмүүс. Г.Өсөхбаярын хувьд Хоккайдогийн Их сургуулийн хөдөө аж ахуйн факультетэд магистр улмаар докторын зэргээ хамгаалжээ. Монголдоо Хөдөө аж ахуйн яаманд ажиллаж байгаад арлын орныг зорьсон болохоор дөнгөж сургуулийн ширээнээс хилийн чинадыг зорьсон олон залуусаас өөр. Аль болох Монголдоо үүнийг суурьшуулахсан ялангуяа хөдөө аж ахуйн салбарт уур амьсгал адил газрын хувьд тэрийг ч, энийг ч авчрахсан гэж мөрөөдөж шатаж явдаг нэгэн санагдсан. Өвдөж зовоод очсон хэнийг ч бай, өөрийн гэртээ хүртэл байлгаж, хоол унд зөөгөөд гүйдэг сайхан сэтгэлтэй гэж түүний талаар дуулж байлаа. Огт танихгүй хүмүүс хүртэл интернэтээр холбогдож, хүүхдээ эмчлүүлэх тухайд түүнээс дэмжлэг авч, эмнэлэг рүү холбогдож байжээ. Үнэндээ хоёр улсын харилцаа гэж дээр дурдснаар эгэл жирийн ийм олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн итгэл, зүтгэл дээр тогтдог. Энэ нийгэмлэгийн үйл ажиллагаанд байнга дэмжиж тусалдаг олон хүн, бас нийгэмлэгийн нарийн бичгийн даргын албанд сэтгэлээсээ гүйх монгол бүсгүй гээд тэдний зүтгэл удахгүй их амжилтыг дагуулах биз ээ.
Хоккайдод болсон нэгэн арга хэмжээ анхаарал татсаныг бас дурдах нь зөв болов уу. Хоккайдогийн олон улсын нийгэмлэг гээд нэгэн байгууллага 2012 оноос Японы БОЯ-ны захиалгаар судалгаа хийж эхэлжээ. Энэ нь Японы техник, технологийг ашиглаад Монголд хүлэмжийн хийг багасгах зорилготой. Уг байгууллагын хувьд судалгаа хийдэг байгууллага бөгөөд улмаар хоёр орны хувийн хэвшлүүдийг холбож өгөх үүрэгтэй. Тус нийгэмлэгийн гадаад байгаль орчны төвийг хариуцдаг Нишимура сангийн мэдээлэл сонирхолтой байв. Тэрбээр “Монголд өвөлдөө -30 хэм хүйтэрдэг. Үүнийг дагаад агаарын бохирдол маш их болсон. Тэгвэл хүйтэн цаг агаартай газарт агаарын бохирдлыг арилгасан жишээ гэвэл Хоккайдо тэр дундаа Саппоро байна” гэж байлаа. Тус нийгэмлэгийнхэн энэ жилээс хот хоорондын хамтын ажиллагаанд анхааран ажиллаж байгаа ажээ. Манай нийслэлийнхэн энэ тал дээр хүч тавиад ажиллаад өгвөл боломж их байгаа санагдсан. Мэдээж, япончууд өөрсдөдөө ял болгоод манай утааг арилгана гэж зүтгээд байгаа юм биш л дээ. Цаанаа дэлхийн өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд энэ чиглэлд ажиллах ёстой болоод тэгэхдээ Монголтой хамтаръя гэж байгаа юм байна. 2015 оны арваннэгдүгээр сард Парист болсон олон улсын хурлын үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ хөгжиж буй орнуудын ялгаруулж буй нүүрс хүчлийн хийг багасгах дээр дэвшилтэт технологио нэвтрүүлж, техникийн хувьд дэмжин ажиллахаар амласан байна. Дэлхийн томоохон улс орнууд олон улсын гэрээ конвенцид нэгдэхдээ ийм байдлаар үүрэг хүлээх болсон. Маш тодорхой тоон үзүүлэлттэй үүрэг авах бөгөөд биелүүлсэн тохиолдолд хоёр улс хамтдаа нүүрс хүчлийн хийгээ багасгасан гэж тооцогдох хэрэг л дээ. 2030 он гэхэд 2013 оныхтой харьцуулахад нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг 26 хувиар бууруулах буюу 50-100 сая тонноор бууруулах аж. Манай улстай Япон 2013 оны нэгдүгээр сард гэрээ хийж, цаашлаад Бангладеш, Этиоп, Кени, Молдав, Вьетнам, Лаос, Индонез, Коста-Рика, Палау, Камбож, Мехсик, Саудын Арави, Чили, Мьянмар, Тайланд, Филиппин гээд гэрээнд үзэглэсэн юм билээ. Хөрөнгийг нь Японы Засгийн газар гаргана гэж байгаа. 2013 оноос манайх энэ төсвийг ашиглах боломжтой байсан ч шалгарах газрууд гарч ирээгүй гэж тэд ярьж байлаа. 2016 оноос гурван жилийн хугацаанд ашиглах хөрөнгийг 6.7 тэрбум иен гэж баталсан гэсэн. Агаарын бохирдол гэж ам амандаа гомдоллох болсон манайд нүүрс хүчлийн хийг багасгахад япончууд туслах бодит боломж нь байгаа ч одоо судалгааны түвшинд л байна. Утаанаасаа гамшгийн байдалд орсон бид энэ боломжийг алдахгүй хичээх л ёстой санагдсан. Япончууд манайд хийсэн судалгаагаараа нар, салхинаас эрчим хүч гарган авснаа том хэмжээний аккумляторт нөөцлөх, нийслэлийн дулааны дэд станцын зарцуулж буй эрчим хүчийг хэмнэх, Шувуун фабрикаас гарч байгаа сангасыг эрчим хүч болгох зэргээр хамтрах боломж бий гэж үзэж байгаа аж. Тэнд цугларсан, энэ чиглэлд бизнестэй хүмүүс ч манай талаар ихэд сонирхож асууж байна лээ.
Ер нь Хоккайдогоос нутагшуулах технологи, туршлагууд их байгаа анзаарагдаж байсан. Газрын дулаан ашиглан хүлэмж барин хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх саналыг тэд тавьдаг ажээ. Бүтээгдэхүүний үнэ өртөг манайханд үнэтэй тусч болох ч газрын гүний дулааныг ашиглах санаа манайх шиг уур амьсгалтай газар тун чухал. Мөн ЖАЙКА-гийн шугамаар манай хөдөө аж ахуйн чиглэлийн багш нарыг сургах олон жилийн үйл ажиллагаанд дандаа Хоккайдогоос багш нар ирдэг байсан нь цаг агаарын нөхцөл байдал ойролцоотой хамаатай. Зөвхөн хөдөө аж ахуйн гэхгүй мэдээллийн технологийн салбарт ч хамтрах боломж байгааг E-Craftsman компанийн удирдлагууд хэлж байсан. Дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, захиалга өгөх, авах болон бусад зүйлсийг хянах системийг боловсруулсан энэ компани Вьетнамд салбартай. Тэд энэ салбарт монгол хүн ажиллуулах сонирхолтой байгаа бөгөөд япон хэл соёлыг мэддэг энэ мэргэжлийн хүмүүст боломж нээлттэй гэж байна лээ. Ямартай ч Хоккайдо, Монголын эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн хүрээнд эхний монгол хүн энэ компанид ажиллаад эхэлжээ. Хамтрах чин хүсэл, нээлттэй элгэсэмүү Японы хойд нутгийн хүмүүс сайхан санагдсан. Мэдээж энд байдаг Чингисийн тогоо хэмээх мах шарж иддэг сайхан зоогийн газар, Саппоро шар айраг, бас Японы Парламентын залуухан эмэгтэй гишүүн Такако Сүзүкигийн “Манай Хоккайдод очихоороо заавал ороорой” гэсэн нутгийн өвөрмөц рамены амт сайхан байсныг нуухын аргагүй ээ.