Монгол Улсын түүхнээ тод үсгээр бичигдэн үлдэх энэ өдрийн түүхт үйл явдлыг хоёр жилийн тэртээ зохиогч Д.Баярхүү хэрхэн үнэлэж дүгнэж, басхүү энэ талаархи мэдээллийг монголын уншигчдад хэрхэн хүргэж байсныг www.news.mn 2014.10.21 сайтын архиваас сөхөж үзье – baabar.mn

-Эхлээд энэ АСЕМ гэдэг байгууллагаас эхлэе. Ази-Европыг холбосон тив дамжсан томхон байгууллага бололтой. Үүсэл хөгжил, ялангуяа онцлогоос нь Та тодруулна уу?

АСЕМ (ASEM–Asia-Europe Meeting) бол тив дамнасан байгууллага гэж шууд нэрлэхэд түвэгтэй. Байнгын ажиллагаатай олон улсын Засгийн газар хоорондын байгууллага биш, НҮБ шиг, эсвэл Европын Холбоо шиг хэмээн адилтгаж ойлгож хараахан болохгүй. АСЕМ-ын нарийн бичгийн дарга нарын газар гэж байхгүй. Энэ бол ерөөсөө л олон улсын форум юм. Гэхдээ Евразийн форум гэж нэрлэж болохгүй. “Евразийн” гэвэл өөр утга дагалдана. Анхлан Европын Холбоог төлөөлөн Франц, АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн улсуудын холбоог төлөөлөн Сингапур санаачилга гарган 1996  онд Бангкокт хуралдуулсан форум. ЕХ+АСЕАН=АСЕМ гэсэн бүтцээр анхлан буй болсон тив хоорондын санал солилцох яриа хэлэлцээний механизм. Тэр үед “АСЕАН+3” буюу АСЕАН-ы гишүүдээс гадна Өмнөд Солонгос, Хятад, Япон гурав нэмэгдэж анхны уулзалтаа хийсэн. Анхнаасаа л хоёр жил тутамд хоёр тивд ээлжлэн дээд хэмжээнд уулзалдаад байя хэмээн тохирсноороо өнөөг хүртэл ажиллаж байна. 1998 онд Лондонд, 2000 онд Сөүлд, 2002 онд Копенхагенд гэхчлэн түүчээлэн явсаар өнөөгийн Милан руу ирсэн. Эрчимтэй хөгжиж буй бүс нутгийн улс төр-эдийн засгийн хоёр том эвслийг нэгтгэсэн энэ форум 2004 оноос тив дамнасан гэх утгаа олсон гэх үү дээ. Өнгөрсөн 10 жилд форумыг шинэ гишүүдээр өргөжүүлэх үйл явц 5 үе шаттай явж иржээ. Ханойд болсон дээд хэмжээний 5 дахь уулзалтаараа эгнээгээ анх удаа тэлсэн. Европын Холбооны шинэ 10 гишүүн улс (БНЧехУ, Словак, Польш, Унгар, Эстон, Латви, Литва, Словен, Кипр, Мальта), мөн АСЕАН-ы шинэ гурван гишүүн (Лаос, Камбож, Мъянмар) нэмэгджээ. 2006 онд Хельсинкэд явагдсан АСЕМ-ын 6 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар эл форумыг Монгол Улс, Энэтхэг, Пакистанаар өргөжүүлэх тухай шийдвэр гарч, эгнээгээ тэлэх хоёр дахь алхам 2008 онд Бээжинд явагдсан 7 дахь дээд хэмжээний уулзалтаар Азиас Монгол, Энэтхэг, Пакистан, мөн АСЕАН-ы нарийн бичгийн дарга нарын газар, Европоос Болгар, Румын элсэж гишүүдийн тоо 45-д хүрчээ. Ингэснээр  тив дамнасан гэх утга нь бүрэн илэрхийлэгдсэн. АСЕМ-ын гурав дахь тэлэлт нь 2010 онд Брюссельд болсон 8 дахь дээд хэмжээний уулзалтаар дахин гурван улсаар (ОХУ, Австрали, Шинэ Зеланд) нэмэгдсэнээр Ази, Европ, Номхон далайг хамарсан том эвсэл болж өргөжсөн. Гэхдээ Австрали, Шинэ Зеландыг Зүүн Азид хамаатуулан авч үзэж байна. 2012 онд Вьентьянд 9 дэх хэмжээний уулзалт чуулах үеэр Азиас Бангладеш, Европоос Европын Холбооны гишүүн бус Норвег, Швейцарь хоёр элсэж 51-үүлээ болсон бол сая Миланы 10 дахь уулзалтаар Азиас Казахстан, Европоос Хорват хоёр элсэж, эдүгээ 53-уулаа болоод байна. Энд тэмдэглэхэд Ази, Европоос ямагт зэрэгцүүлэн хувь тэнцүүлэх маягаар элсүүлсээр ирсэн байгаа юм. Статистик тоо байна. Энэ 53 улсад дэлхийн худалдааны гуравны хоёр, дэлхийн ДНБ-ий 60 гаран хувь ногддог гэж үзвэл эл форумын жин нөлөө, үүрэг өнөөгийн дэлхийд хэр байгаа нь ойлгомжтой.

-АСЕМ өргөжин тэлэх үйл явцын хоёр дахь шатанд манай улс гишүүнчлэлтэй болжээ гэж ойлголоо. Дээд хэмжээний уулзалтаас гадна өөр ямар механизм байдаг бол?

Би дээр хэлсэн, байнгын ажиллагаатай олон улсын байгууллага биш ээ гэж. АСЕМ-ын үйл явц гэж нэрлэж, түүнийгээ гурван тулгууртай (three pillars) хэмээн үздэг юм билээ. Энэ нь улс төр; эдийн засаг; нийгэм, соёл ба боловсролын тулгуур. Тэгэхлээр дээд хэмжээнд уулзахдаа энэ гурван тулгуурынхаа хүрээнд хуралданаа гэсэн үг. Дээд хэмжээний уулзалтаасаа цаашаа салбарлаад олон улсын харилцаа, эдийн засаг, санхүү, хүрээлэн буй орчин, боловсрол гэхчлэн чухал асуудлаар Сайд нарын түвшинд уулздаг механизм дагалдаж гарч ирсэн. Жишээ нь Гадаад хэргийн сайд нарын уулзалт 2007, 2009, 2011, 2013 онд 4 удаа явагдахад  8 дахь уулзалт (Герман, Хамбург), 10 дахь уулзалтад  (Унгар, Будапешт) манай улс оролцсон байдаг юм.  Ер нь АСЕМ-ийн бүтэц нь энгийн, одоо олон улсын харилцаанд хэрэгждэг олон талт форумуудын тэр л бүтэц харагддаг юм. Пирамидаар зүйрлэе л дээ. Мэдээж дээд түвшний уулзалт пирамидын оройд байна. Дор нь Гадаад хэргийн сайд нарын уулзалт байна. Түүний дор АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт, түүний дор зохицуулагчид гээд, тэндээсээ дээрхи гурван тулгуур нь гурван тусдаа салж салбарлана. Эдийн засгийн тулгуур гэхэд л Эдийн засгийн сайд нарын, Сангийн сайд нарын, доошоо худалдаа хөрөнгө оруулалт хариуцсан ахлах албан тушаалтнуудын, Ази-Европ Бизнес форум, удирдах хороод, ажлын хэсгүүд гээд салбарлана. Соёл, боловсрол, оюуны гээд явбал соёлын өв, Ази-Европын залуу лидерүүдийн симпозиум, боловсролын солилцоо, залуу парламентчдын уулзалт, Ази-Европ Сан гэж салбарлах жишээтэй. 

-За, АСЕМ-ын 11 дэх хэмжээний уулзалтыг Улаанбаатарт авахаар болжээ. Энэ талаар Та ямар үнэлэлт дүгнэлттэй байна вэ?

Нэгэнт л Ази, Европт ээлжлэн хоёр жил тутамд дээд хэмжээний уулзалтаа хийнэ гэж анхнаасаа тохиролцож хэвшүүлсэн тул Азийн аль нэг улсын нийслэлд, эсвэл аль нэг том хотод ээлж ирэх л байсан. Бангкок, Сөүл, Ханой, Бээжин, Вьентьян гээд Улаанбаатарт ирж байгаа гэсэн үг. Азидаа 6 дахь дээд хэмжээний уулзалтын зочин улсаар Монгол, зочин хотоор Улаанбаатар хот маань тодорчээ. АСЕМ-ын дээд хэмжээний анхны уулзалт Азид болж, түүчээлсээр 6 дахь нь Улаанбаатарт болж таарч байна. Үнэлэлт дүгнэлт гэж ярьвал их зүйл ярьж байна. Манай төрийн гурван өндөрлөг ярьж дүгнэчихлээ. Нэгэнтээ хөгжлөөр ойролцоо, хөгжиж буй жижиг улс Лаос энэ том арга хэмжээг хоёр жилийн хүлээн авч зохион байгуулж чадсан байхад гэж бодохлоор Монгол яагаад болохгүй гэж хэмээн хэнд ч  бодогдож болноо доо. Нөгөө талаасаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн онож хэлсэн нэгэн дүгнэлт байна. “Миний гадаад бодлого дээр барьж байгаа гол бодлого ерөөсөө Монголын жинг нэмэх юмсан гэсэн  зорилго. Олон улсын хэмжээнд ч, бүс нутгийн хэмжээнд ч, хоёр хөрштэйгөө ярьдаг энэ ярианы төвшинд ч. Монголын жин л нэмэгдээсэй. Энэ жинг нэмж үлдээх юмсан гэсэн чин хүсэл эрмэлзэл л надад байдаг” хэмээн Төрийн тэргүүн маань хэлсэн байсан. Ерөөсөө жинг нэмэх томхон, түүхэн, бүр цорын ганц нь ч байж болохоор маш том тийм алхмыг бид хэрэгжүүлэх гэж байна л даа.

-Энэ том арга хэмжээг зохион байгуулж чадах уу, тийм хүч нөөц бололцоо нь байна уу гэх яриа хөөрөө бас дагалдаж байна. Энэ талаар?

2016 оны АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг оролцуулбал  манай улс олон улсын гурван том форумын зохион байгуулагч улс болж таарч байна. Холын түүх ярих гээгүй. Угаасаа ч түүхнээ тийм үйл явдал тохиож байгаагүй. Ерөөсөө XXI зуун гараад тохиосон гурван том чуулга уулзалтыг би жишээлж ярьж байна. Хүмүүс мартчихаагүй байгаа байх.  Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурлыг “Ардчилал, сайн засаглал, иргэний нийгэм” гэсэн сэдвийн дор 2003 оны 9 дүгээр сарын 10-12-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байсныг санаж байна уу? Энэ бага хуралд дэлхийн 119 улс орны төлөөлөгчид оролцсон. Ардчиллыг төлөвшүүлэх чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгээс цаашид явуулах үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон хоёр чухал баримт бичиг – Улаанбаатарын Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлан гаргаж байсан. Энэ бага хурлын өмнөх өдөр нь Олон улсын иргэний нийгмийн чуулга уулзалт Улаанбаатарт тусдаа хуралдаж байсан түүх хуучраагүй байгаа. Тэгвэл жилийн өмнөх түүхэн арга хэмжээг сануулъя. Дэлхийн 140 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн ардчиллын төлөөх хөдөлгөөн – Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг манай улс даргалж, Сайд нарын VII бага хурлыг 2013 оны 4 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсныг бүр саяхны ил тод жишээ болгож нэрлэе. Энэ хоёр чухал уулзалт манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөсөн чухал арга хэмжээ болсон. Тэгэхлээр манай улсад олон улсын томхон форумыг нэр төртэй зохион байгуулж ирсэн туршлага байна гэж үзээд л манай төр, Ерөнхийлөгч, манай гадаад харилцааны төв байгууллага – ГХЯ нэн идэвхтэй хөөцөлдсөөр 2016 оны АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг өөртөө авлаа шүү дээ.

-Ийм шийдвэр Миланд гарахад манай улсын өөрийнх нь нэр хүнд нөлөө, Монголыг сонирхох сонирхол бас нөлөөлсөн байх даа?

Мэдээж тийм. Монголын мал сүрэг 60 сая хүрлээ, уул уурхайн хөгжлийн тэсрэлт явагдаж байна. Хөрсөн дороо асар их баялагтай, гадаад худалдаа нь 10.6 тэрбум ам.долларт (2013 он) эргэлдэж, 135 улстай худалдаа хийдэг, дэлхийн 180 орчим улстай дипломат харилцаатай, далайд гарцгүй, хоёр их хөршөөр хүрээлэгдсэн, Азидаа ардчилал ба хос шилжилтээрээ хошуучилж үлгэрлэж яваа, дээр дурдсан ардчиллын чиглэлээрхи хоёр том форумыг эх орондоо амжилттай зохион байгуулсан, Чингисийн өлгий нутаг, нүүдлийн иргэншил соёлтой гээд жагсаагаад байвал Монголыг сонирхох явдал мэдээж өснө. Энэ бүхэн нөлөөлсөн л дөө. Хамгийн гол нь эргэн тойрондоо таатай гадаад орчныг бүрдүүлж чадсан, улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадсан, жижиг улс хэрнээ oлон улсын харилцааны зөв тоглогч болж төлөвшсөн, Ерөнхийлөгч, Засгийн газар нь гадаад бодлого дээрээ нэн идэвхтэй гэдгээр хандсан болов уу гэж үзэж байна.

-2014 он манай улсын гадаад бодлого, дипломатын түүхнээ алтан үсгээр бичигдэх он болж орох болов уу, Та юу гэж үзэж байна вэ?

Би байнга ярьдаг нэг зүйлээ л энд дахин давтах хэрэгтэй болж байна. Монгол Улсын гадаад харилцаа хэлбэрэлтгүй урагшлан хөгжиж ирсэн, манай үе үеийн Төрийн тэргүүн, удаа дараагийн УИХ, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, нээлттэй, олон тулгуурт, прагматик гадаад бодлогоо явуулсаар байна. Манай аль ч Засгийн газрын үед Монголын гадаад бодлогын залгамж чанар хадгалагдаж, харилцаа өргөжин тэлж иржээ л гэх байна. Үүн дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын идэвхи чармайлтыг тэмдэглэх хэрэгтэй.  Би өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагад тэмдэглэж байсан шүү дээ. Юу гэхлээр дэлхийн бодлогыг тодорхойлолцдог, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний хоёр нь болох хоёр том гүрний удирдагчдыг богино хугацаанд, бараг зэрэг шахуу айлчлуулаад, дараа нь тийм богино хугацаанд гурван талын дээд хэмжээний уулзалтад уриад, тэр уулзалтаа амжилттай хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын түүхнээ, тэр дундаа гадаад бодлогын түүхнээ нэрээ үүрд мөнхжүүлээд тавьчихлаа  хэмээн хэлсэн дээ. Тэгвэл нэмээд хэлчихье. Анх 2008 онд Бээжинд Ази-Европын уулзалтад (ACЕМ) уригдаж гишүүн нь болж байсан энэ Монгол Улс 6-хан жилийн дотор түүний идэвхтэй гишүүн болоод, 8 жилийн дараа гэхэд дээд хэмжээний уулзалтыг нь эх орондоо хийлгэхээр түүхэн шийдвэр гаргуулснаараа гадаад бодлогын түүхнээ нэрээ үүрд мөнхжүүлэхээр барахгүй, мөнхжүүлэхийн цаагуур мөнхжүүлчихлээ гэж хэлэх байна. Ерөөсөө улс төрч Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний хэвшмэл имижийг зоригтой өөрчиллөө шүү дээ. Ерөнхийлөгчийн цоо шинэ имижийг бүрдүүлчихлээ. Гадаад бодлогыг гартаа атгаад, ҮАБЗ-ийн тэргүүнийхээ хувьд, уг зөвлөлийн хоёр гишүүн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт үлгэр болоод тэр гадаад бодлогоо хэрэгжүүлж болдог юм аа гэдгийг харуулчихлаа хэмээх өмнөх дүгнэлтээ л давтая даа.