Баримтат киногүй улс орон гэдэг гэрэл зургийн цомоггүй айлтай адил.


Итали улс Венец хот

Мөнхөөг онгоцноос буухад жирийн л нэг нисэх онгоцны буудал байсан ч эндээс гараад л нэлээд гайхшран зогслоо. Тэрээр саарал өнгөтэй сайн даавуун костюм өмсөж, гартаа багавтархан цүнх барьжээ. Бугуйнаас нь швейцарь алтан цаг гялалзаж байлаа. Гадаа харуй бүрий болж байв. Агаараас нь далайн чийг илт ханхална. Тэрээр ийш тийш харсаар нэгэн усан буудалд ирэхэд өмнө нь гоёмсог хийцтэй завин таксин дотор Петер Бросенс инээмсэглэн зогсоно. 

Тэр цайвар жинс, хүрэндүү өнгөтэй хүрэм өмсчээ. Харанхуйгаас Петерийн цагаан царай, шаргал үс гэрэлтэн харагдана. Гуч гарч байгаа ч хэзээнээсээ нэг их гоёх дургүй нэгэн бөгөөд тэрээр бугуйдаа цаг ч зүүдэггүй хүн билээ. 

Мөнхөө завинд үсэрч ороод түүнийг тэврэхэд Петер сурсан зангаараа нүүр рүүгээ унжсан цайвар шар үсээ байн байн үлээж зогслоо. Тэр халхаараа дандаа ингэдэг, нэг ёсондоо түүний сэтгэл хөдөлж байгааг ийм рефлексээр нь мэдэрч болдог байлаа. 

-Саараа яасан ирээгүй юм уу? Билет бүх юм уг нь ок байсан юм. Танай Монгол хүүхнүүд Венецэд ирье гэж мөрөөддөггүй юм уу? гэж Петер инээмсэглэн яриагаа эхэллээ. 

Мөнхөө тансаг зэрэглэлийн бололтой дотоод чимэглэл нь бенц машиных шиг үнэтэй модоор хийсэн завин дотроос шөнийн Венецийг харж явна. Хаашаа л харна ус, нарийн гудамж шиг хонгил, түүн дундаас сүүмийх хуучин, бүр өгөрч муудсан барилгууд ихэнх нь гэрэлгүй байх нь хүн амьдардаггүйг илтгэх. Гэтэл хожим мэдэх нь ээ, айл бүр цонхоо банзан хаалтаар хааж унтдагтай холбоотой аж. Манай өвөг дээдэс Атилла хаан Европыг эзэлж эхлэх үед энэ намагт газар нуугдсан хүмүүс ийм хот барьсан юмсанж. Далайн дунд харанхуйд бол харагдахгүй нууц агаад бүр 13 дугаар зуунаас 17 дугаар зуун хүртэл дэлхийн хамгийн баян чинээлэг хот байсан газар. Тэр хоёрын завь нарийвтар гудмаар явж байснаа нэг их цэлийсэн усан дунд орж ирэхэд, 

-Ха ха, Сүхбаатарын талбай нь гэж Петер инээв. 

Тэр их талбай дүүрсэн усан дундуур гарч ирэхэд хойд талд маш том сүм байх юм. Италийн сэргэн мандалтын үеийн тэр сүрлэг уран хийцтэй, том сүмийн үүдэнд зассан чулуун талбайд гэрэл дор настай хоёр хүн инээлдэн баянхуур хөгжмийн эгшигт бүжиглэж байх нь үлгэрийн орон мэт харагдаж байлаа. Шөнө дунд аль хэдийнэ өнгөрсөн байхад энэ хоёр хөгшин бүжиглэсээр. Тэдний хажуугаар гарахдаа сайтар ажвал үнэхээр л баяр цэнгэлд умбан бүжиж байх нь ер бус санагдав. Мөнхөө ийм юмыг эмээгийнхээ гэрт хананд өлгөсөн байдаг хивсэн дээрээс л харсан нь санаанд бууж, тэр бүжигчид самбэреро малгайтай испаничууд байсныг зэрвэс санаад гайхан харсаар өнгөрөхөд өнөөх хоёр хөгшин инээмсэглэж, эмгэн бүжиглэх зуураа нэг гараараа даллаж хоцорлоо. 

Завь такси тэдний хажуугаар хурдлан өнгөрч баруун урагш эргээд нэгэн зочид буудал, дэлгүүр хоршоо байх эрэгт хүрч, арай ядан завины зогсоол олоод зогсоход Петер, Мөнхөө хоёр инээлдэн усанд норсон хуучин чулуун зам дээр буув. 

Хуучны барилгууд сүүмийж, энд тэнд баар, сав нээлттэй, олон хүн холхилдож байх. Петер тэр хоёр Сан Маркогийн талбайд ирж, хоолны задгай газрын гадаах ширээнд тухлав. 

­Энд агаарыг хүртэл зардаг юм. Дотор суувал арай хямд гадаа суухаар уух дарс хүртэл үнэтэй болчихдог юм... Гэхдээ өнөөдөр бол хамаагүй гэж Петер инээмсэглэн хэлэв. Тэр хоёрын өмнөхөн Венецийн их наадмын цомонд орших баруун хөлөндөө ном барьсан, жигүүртэй арслан гантиг баганан дээр харагдана. 

Наадмын хугацаанд просеко хэмээх оргилуун дарсыг л дагнаж ууцгаая гэж тэд тохиров. Яагаад гэвэл энэ дарс хямд бөгөөд энэ газрын гол ундаа гэнэ. Тэгээд өнөөх хоёр, хоёр хундага просеко хэмээх зөөлөвтөр “шампаан” дарсаа тулгалаа. Мөнхөө балгаж үзээд гайгүй юм байна гэвэл Петер энд ирчихээд зүгээр л пиво гүзээлэх биш энийг л ханатлаа ууцгаая гэж байлаа. 

Тэдний хажуу голоор өнөөх алдартай гондола хэмээх суман онгоцонд хүмүүс хос хосоороо сууж, эрээн хувцастай голдуу заримдаа цагаан цэнхэр 

хөндлөн судал бүхий усан цэргийн гэж нэрлэж заншсан цамцтай нэгэн сэлүүрдэж, хажууд нь нутгийн аялгуу дуулаач дуулж, эрхэм хосууд тансаглан өнгөрөх нь ар араасаа ажээ. 

­Ийм завинд суухад их үнэтэй юу? гэж Мөнхөө асуув. 

­Тэрийг март. Зүгээр л завиар явна биз, аймаар үнэтэй гэж Петер хэлэв. 

­Дэлхийд эртний дууны хоёр л соёл байдаг. Нэг нь яах аргагүй энэ. Алсдаа үүнээс л дуурь хэмээх урлаг хөгжсөн, харин нөгөөх нь танай уртын дуу гэж Петер хэллээ. 

Хэдэн хундага просеко уугаад гайгүй халж, энэ одоо ер нь би хаана ирчихээд сууж байна аа. Хажууд жаргаад байгаа хүмүүс бодит үнэн юм уу? Ер нь яахаараа хүн урдаа амьд хүн дуулуулаад завиар явах ёстой юм бэ? Эсвэл үлгэр үү гэж бодож суулаа. Тэр нээрээ л нэг хачин зүүдний ч гэмээр эсвэл үлгэрийн оронд ирчихэж. Усан дээрх энэ хотод нэг ч машин, тэр ч бүү хэл унадаг дугуй ч байхгүй дандаа завиар явна. Бас эртний Монголд очиж байсан Марко Поло эндхийнх шүү дээ... Бараг гэрэлтэй цонхгүй шахам шөнийн хотоос нэг л үхэл ханхлаад байсан аргагүй ажээ. Бараг мянга шахуу жилийн түүхтэй хотод үхлээс өөр ямар дурсамж байх билээ дээ... хэмээн тэр бодож суулаа. 

Уртын дууны тухайд энд захгүй их усан дундаас ийм цараатай дуулдаг бол харин манайд хараа гүйцэмгүй асар уудам тал нутагтаа дуугаа хадаадаг болохоор эднээс ч илүү цараатай юм гэх ухааны юм толгойд нь анх удаа орж ирнэ. 

Мөнхөө хачин баяртай байв. Петер тэр хоёрын кино дэлхийн хамгийн өндөр настай, анхдагч кино фестивальд оролцож байгаа нь энэ. Тэд хоол идэж, оргилуун дарс баахан уугаад хотоор зугаалж үзэв. 

Оросууд энд тэндгүй таарна. Мөнөөх л зангаараа эр нь бэлтгэлийн хувцас эсвэл хар савхин цамц өмссөн байх бөгөөд хүүхнүүд нь эрээн даавуугаар гоёсон нь шал өөр ертөнцөөс ирсэн улс шиг ялгарна. Хоорондоо оросоор чанга чанга ярина. Магадгүй шинэ оросууд гэх баян цатгалан улс бололтой ч гаднаасаа нэг л зовлонтой, минчийж улайсан харагдах нь хачин. 

­Энд хоол их үнэтэй юм. Зүгээр гаднаас пицца энэ тэр авч идвэл хямд л даа. Маргааш хоёулаа Лидо орно. Энэ бол Венец. Тэнд фестиваль болно. Зочид буудал бэлэн. Би чамайг том буудалд оруулсан. Чиний хажуу өрөөнд Анджэй Вайджагийн эхнэр байна билээ. Вууди Ален бас танай давхарт байсан. Би доор арай жижиг буудалд буусан. Гол нь чамайг жинхэнэ одуудтай хамт оруулмаар санагдаад. Петер нь өөр буудалд буусан гээд жоохон шаймийчихаад өнөөх л зангаараа нүүр лүүгээ унжих үсийг үлээж инээж суулаа. 

Венецийн гудамж гэгч нь чулуун засмал бөгөөд хуучны гүүрээр хэд алхаад л нөгөө талд нь гарахаар хийсэн явган хот ажээ. Байр байшингийн дугаар ямар ч замбараагүй. Төөрөөд сүйд болохооргүй ч их адармаатай. Харваас энэ хот жинхэнэ оршин суугчгүй болоод удсан түрээсийн байрууд бүхий ердөө л зочид буудлын хот болсон нь мэдрэгдэнэ. Тэд нэлээд хамт явж энэ тэрийг ярилцаад буцаж, анх буусан газраа ирээд, жаахан уруудсаар хүрэн улаан тоосгоор барьсан маш хуучны байрны орцоор орж, хэт нарийхан босоо шатаар дээш явсаар нэг айлд оров. 

Маш жижиг хоёр өрөөтэй бөгөөд нэг өрөөгөө Мөнхөөд зориулан засжээ. Ор, жижиг шүүгээ, телевизор тэгээд л болоо. Том өрөөнд хэдэн урт үстэй оюутан байрын залуус байв. Петер Мөнхөөг эхний шөнөө Венецэд хоног гэж бодоод ийм айл түрээсэлсэн аж. Залуустай гар бариад Петер буудал руугаа явах болж, өглөө шууд завь таксинд Лидо гэж хэлээд хүрээд ирээрэй гээд гарч одов. 

Мөнхөө айхтар ядарсан тул орондоо шууд орж хэвтэх гэснээ өнөө залуучуудтай хамт суулаа. Тэд нэг л хачин, юм ч нуугаад байх шиг. Тэгснээ нэг нь ороомог тамхи гаргаж ирээд инээснээ түүн рүү сарвайв. 

Мөнхөө өнөөх ороосон өвснөөс нэг сайн сорчихоод өрөө рүүгээ зүглэхэд, дөрвөлжин хээтэй Канад түлээчин маягийн цамцтай, цонхигор туранхай ч нэлээд царайлаг, сэхээтэн төрхтэй залуу инээмсэглээд, 

­Ашгүй, ашгүй зарим хүн энийг нэг их таашаадаггүй юм. Хүсвэл виски ууж болно шүү, би цуглуулдаг юм гээд гал тогооны жижиг өрөөнд дагуулж ороод шилтэй баахан вискиний зүг заалаа. Мөнхөө “баярлалаа”, би их ядарч байна олон цаг ниссэн” гээд өрөөндөө оров. 

Өнөөх залуус чимээгүй шивнэлдэх бөгөөд тэр өрөөнөөс марихуаны үнэр ханхална. 

Түүний өрөө мөн л хуучных бололтой. Тааз нь бүр хуучирч, ан цав гарсан, бараг л тавин жил будаг хүрээгүй гэмээр харагдав. Өрөөнөөс чийгний үнэр ханхлах ажээ. Аргагүй ч биз дээ, усан дунд бараг мянган жил болсон байшин. Мөнхөө ДУДС­д сурч байсан болохоор энэ улсын талаар багагүй мэднэ. Леонарда да Винчи, Микеланжэло гээд олон зураачийн ажлыг мэдэх болохоор их сонин санагдана. Энэ өрөө ч тэр үеийн уран зураг дотор хэвтэж байгаа юм шиг санагдах нь жигтэй. 

Цаг хугацааны машинаар ирчихсэн юм шиг эргэн тойронд байх эдлэл тавилга бүгд эртний, яг л Рембрандтын үеийн юмс тул ер бусын санагдаад байлаа. Хажуу өрөөнөөс өнөөх залуус италиар ярих нь тодхон сонсогдоно. 

Тэрээр босч умгар тэгсэн хэрнээ сүмийн цонх мэт дээшээ шовх үзүүртэй цонхоор шагайв. Саяхны сорсон тамхинаас ч болов уу эсвэл асар их ядарсан болоод ч тэрүү толгой эргэж, хоосон зүүдний ертөнцөд байгаа мэт санагдах тул биеэ чимхээд үздэг юм билүү гэсэн мулгуу бодол орж ирнэ. Цонхоор ус л харагдах. Хажуу байшингаас ч мөн л хуучирсан гуниг ханхлах бөгөөд шууд гол ч гэх үү, гудамж ч гэх үү тийм нарийхан усан сувгаар цаад байшингаасаа тусгаарлагдсан нь нүдэнд нэг л баяргүй тусах аж. Байшингууд нь хачин хөгз даасан, ус нь ч булингартай заваан харагдах. Цонхоор орчин цагийг санагдуулах юм ганц ч үзэгдэхгүй. Хуучин гүүрээр хааяа нэг гарч өнгөрөх хүнээс өөр юу ч үл үзэгдэх нь сонин. Бараг мянган жилийн өмнө ирчихсэн мэт сэтгэгдэл төрөхийн хажуугаар мөнөөх л үхэл хаанаас ч юм бэ ханхлаад мэдрэгдээд байх. Магадгүй их урт нислэг цагийн зөрүү, дээрээс нь залуусын тамхинаас хэтэрхий шунахай сорсноос ч болсон уу ер бусын, олон зуун жилийн өмнө ирчихсэн мэт мэдрэмж огт салахгүй байлаа. Тэрээр цонхоор шагайнгаа тамхи татчихаад орондоо орж, адар ширтэн хэвтэхэд ортойгоо доош живэх шиг эсвэл бүр байшинтайгаа усан дээр дайвалзаад байх шиг санагдах ажээ . Энэ хот тэр чигээрээ усан дээр дайвалзана гэж баймааргүй юм аа... 

Мөнхөө өчигдөр худалдаж авсан Карте хэмээх Щвейцарь алтан цагаа тайлаад, харж хэвтлээ. 

Тэрээр Бээжингээс онгоцонд суух ёстой байсан ч Монголын онгоцноос буугаад сольж суух гэтэл онгоц хөөрчихсөн гэжээ. Мөнхөө урилга билет энэ тэрээ үзүүлж Бээжинд бөөн хэл ам хийжээ. Бээжингийнхэн сандарч түүнийг буудалд хонуулаад өглөөний онгоцоор нисгэхдээ нэгдүгээр зэрэглэлийн суудал өгчээ. “Swiss Air” компанийн онгоцны багийнхан замдаа Цюрихээр дайрч, зогсоод бас л уучлал гуйж. Онгоцонд бага зэрэг хяналт хийх шаардлагатай болсон тул өдөр буусан онгоц орой болтол зогсох болов. Тэгээд бүх зорчигчдод Цюрих руу чөлөөтэй нэвтрэх тамга паспорт дээр дарж өгөөд тэндхийн дютифрий шопоос 50 хувийн хөнгөлөлттэй юм авах эрх болон хоолны талон, хүн бүрт 300 швейцарь франк тарааж өгсөн аж. Тэрээр хажуудаа сууж явсан франц залуутай хамт гарч ирэхэд япончууд цагны тасагт очиж бөөн дараалал үүсгэж харагдав. 

Өнөөх франц залуу надад мөнгө алга, хэрэв мөнгөтэй байсан бол Щвейцарь цаг тал үнээр нь авах нь шүү дээ гэхэд 3 мянга орчим доллартой явсан Мөнхөө нэг цаг авчээ. Энэ цаг дөнгөж шинээр гарсан учраас 3000 доллар. Зорчигчид тал үнээр буюу 1500 доллараар авч болох байсан тул өнөөх замын ханиасаа асуувал, 

­Аваач энэ их хямд байна. 24 каратын алт шүү дээ. Энэ цаг татвартай бол 5000 болно гэхээр нь авчээ. Түүний амьдралдаа хийсэн анхны хамгийн том худалдаа нь энэ байлаа. 

Тиймээс л орныхоо хажуугийн шүүгээн дээрх зотон шиг даавуун дээр байх цагаа харж хэвтлээ. 

Алтан цаг... Венец... Рембрандтын зураг дунд байгаа мэт хуучны умгар өрөө. Нэг л итгэмээргүй санагдаж, ортойгоо доош живээд байх шиг болсноо тэр унтаж орхив. 

Хорвоо гэдэг үнэхээрийн бөөрөнхий ажээ. Цаг хугацаа ч ялгаагүй шулуун зам биш тойрог шиг байгаа юм... Тэгээд ч цаг бүхэн дугуй байдаг биз... 

***