“Засгийн газрын мэдээ”, 2016.06.10 № 129 (407)

НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт хугацаа 2016.12.31-ний өдөр дуусгавар болно. Бан Ги Мүн бол НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд өмнө нь энэ тушаалд Трюгве Ли (Норвегийн иргэн, 1946-1952 онд ажилласан), Даг Хаммаршөльд (Швед, 1953-1961 онд), У Тан (Мьянмар буюу тэр үеийн Бирм, 1961-1971 онд), Курт Вальдхайм (Австри, 1972-1981 онд), Хавьер Перес де Куэльяр (Перу, 1982-1991 онд), Бутрос Бутрос-Гали (Египет, 1992-1996 онд), Кофи Аннан (Гана, 1997-2006 онд) тус тус ажиллаж байсныг эргэж сануулъя. Эдний 4 нь хөгжиж буй “Өмнөд” ертөнцийг, гурав нь хөгжингүй “Умард” ертөнцийг төлөөлж байсан ба энэ удаа өндөр хөгжилтэй, шинээр аж үйлдвэржсэн улсын (Өмнөд Солонгос) төлөөлөгчийг дэвшүүлэн гаргаж ирсэн сонин дүр зураг эндээс харагддаг.


Харин 9 дэх ЕНБД-аар хэн гэгч аль ертөнцийн төлөөлөлт гарч ирдэг бол? Түүнийг сонгох, томилох үйл явц НҮБ-ын хүрээнд өрнөж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы дарга, Аюулгүйн Зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын дарга нар хамтран НҮБ-ын ЕНБД-ын албан тушаалд нэр дэвшүүлэхийг уриалж, хамтарсан захидлаа 2015.12.15-нд НҮБ-ын гишүүн бүх улсад илгээснийг эргэж саная. НҮБ-ын Дүрмийн 97 дугаар зүйл болон Ерөнхий Ассамблейн 69/321 тогтоолын холбогдох заалтын дагууд нэр дэвшүүлэх үйл явц энэ хаврын байдлаар Македон (2015.12.30), Хорват (2016.01.14), Монтенегро буюу хуучнаар Черногор (2016.01.15), Словен (2016.02.09), Болгар (2016.02.11), Молдова (2016.02.19), Португал (2016.02.29), Шинэ Зеланд (2016.04.04) нэр дэвшигчээ албан ёсоор зарлаж, НҮБ-ын ЕА-н 70 дугаар чуулганы дарга, Аюулгүйн Зөвлөлийн дарга нарт захидлаар мэдэгдсэн байдалтай байв. Үүнд:

  1. Македон улсын Сиржан Керим нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 62 дугаар чуулганы дарга (2007-2008), НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч (2001-2003), Гадаад хэргийн сайд (2000-2001) байсан баялаг намтартай нэгэн эхэнд нь бичигджээ. Араас нь
  2. Хорватын Весна Пүсич–Тэргүүн шадар сайд (2013-2015), Гадаад хэрэг, Европын асуудал эрхэлсэн сайд (2012-2015), Парламентын дэд спикер (2003-2007)
  3. Монтенегро улсын Игор Лукшич–Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын интеграц эрхэлсэн сайд (2012 оноос), Ерөнхий сайд (2010-2012), Сангийн сайд (2004-2010)
  4. Словен улсын Данило Тюрк–Ерөнхийлөгч (2007-2012), НҮБ-ын Улс төрийн асуудал эрхэлсэн туслах ЕНБД (2000-2005)
  5. Болгарын Ирина Бокова–ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал (2009 оноос), Парламентын гишүүн (1990-1991; 2001-2005)
  6. Молдова улсын Наталья Герман–Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын интеграц эрхэлсэн сайд (2013-2016.01), Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч (2015.06-07)
  7. Португалын Антонио Гутеррес–НҮБ-ын Дүрвэгсдийн асуудлаарх Дээд комиссар (2005-2015), Ерөнхий сайд (1995-2002)
  8. Шинэ Зеландын Хелен Кларк–НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч (2009 оноос), Ерөнхий сайд (1999-2007)

Балканы хойгийн төлөөлөгчид голлосон ийм 8 нэр дэвшигчээс дараагийн ЕНБД тодорно гэх хүлээлт байсан ба сүүлд ирсэн мэдээллээр энэ 8 нэр дэвшигч дээр Словакийн Гадаад хэрэг, Европын асуудал хариуцсан сайд Мирослав Лайчак, Аргентины Гадаад харилцааны сайд Сюзана Малкорра нар нэмж нэрээ дэвшүүлжээ. Ийнхүү нэмэгдэж хасагдсаар эднээс хэн үлдэх, хэн дахин нэмэгдэх, тэднээс оны төгсгөлд хэн үлдэхийг өнөөдөр тааж мэдэх боломжгүй. Шинэ ЕНБД 2017.01.01-нээс үүрэгт ажилдаа орсон байх учиртай. НҮБ-ын Дүрмийн дагуу ЕНБД-аар томилох хүнийг Аюулгүйн Зөвлөл Ерөнхий Ассамблейд зөвлөмж болгож шийдвэрлүүлнэ.

Эдүгээ халаагаа өгөхөөр зэхэж буй, цаашдаа БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулчих боломжтой Бан Ги Мүн оноо цуглуулах их ажилдаа шилжжээ. Оноо цуглуулна гэдэг нь өнгөрөгч 10 жилд дэлхийн хамтын нийгэмлэгийг толгойлсон их ажлаа үнэлэж дүгнэнэ, дүгнүүлнэ гэсэн үг юм. Тэрээр 2007 оноос одоогийн үүрэгт ажилдаа орсон. Чухам түүний аз байж үү, эз байж үү, яагаад 10 жилийн тэртээ түүн дээр сонголт буух болсныг эргэж тодруулах нь зөв байх.
 
“Хүйтэн дайн”, хоёр туйлт ертөнцийн зөрчил тэмцэл, “Хүйтэн дайны” төгсгөл ба дэлхийн коммунист эвслийн задрал, олон улсын харилцааны шилжилтийн зааг үе гэхчлэн социализм, капитализмын аль руу нь ч туйлширж үл болох тийм цаг үеийг хүн төрөлхтөн туулахад (1980-аад оноос XXI зууныг гартал) гуравдахь ертөнцийн төлөөлөл (Перу, Египет, Гана) зайлшгүй чухал байсныг эдүгээ түүхчид, олон улсын харилцааны шинжээчид нэгэн зэрэг тэмдэглэдэг.

Тэгвэл Бан Ги Мүнийг гаргаж ирсэн 10 жилийн өмнөх тэрхүү цаг үе өөр эриний эхлэл байлаа. XXI зуунд дэлхийн дийлэнх хэсэг нь хөгжлийн жам ёсоор зах зээлийн эдийн засаг, ардчиллын замд орж, улс орон хоорондын харилцан хамаарал гүнзгийрч, бүс нутаг, салбар бүсийн хэмжээнд улс төр, эдийн засгийн интеграц өрнөж, даяршлын үйл явц хөгжлийн нийтлэг хандлагыг тодорхойлж, даяршил гэгч нь улс түмний өмнө нийгэм-эдийн засгийн хөгжил дэвшил, мэдээллийн хязгааргүй боломж, хүмүүнлэгийн харилцаа өргөжин тэлэх шинэ бололцоо, цоо шинэ орчин, гарцыг нөхцөлдүүлжээ. Үүний сацуу олон улсын терроризм гэх шинэ аюулын харанга дэлджээ. Энэ бүхэнд хөгжиж буй ертөнцийн төлөөллийн биет төлөөлөгч хүч хүрэхгүй, эсвэл хэргээр буруугаар залах магадлал өндөр байсан гэж үздэг. Тийм учраас АНУ-ын холбоотон бөгөөд шинээр аж үйлдвэржсэн Өмнөд Солонгосын төлөөлөгч дээр сонголт буусан болов уу.

Эдийн засаг-технологийн хувьд үсрэнгүй яваа, ардчиллын үнэт зүйлсийг дээдэлсэн БНСУ-ын төлөөлөгч чухам тийм үндэслэлээр НҮБ-ыг удирдсан гэх дүгнэлт гадаадын хэвлэлүүдэд үзэгдсэн. Энэ томилгоо агуулга, бэлгэдэл аль аль талаасаа зүй ёсны сонголт байсныг чухам нийтээрээ хүлээн зөвшөөрчээ. Тэр дундаа арван хэдэн жил Африкийнхан НҮБ-ыг удирдахад энэ тив ядуурал, угсаатны цэвэрлэгээ, шашны мөргөлдөөний голомтоосоо салж чадаагүйгээс гадна Африк руу НҮБ-аас чиглүүлсэн тусламж, урсгасан зардал, илгээсэн энхийг сахиулагчид, зуучлал талийж өгсөн байв. Одоо ч хэвээрээ дээ.

Олон улсын хямрал судлах “Crisis Watch” сэтгүүл Бан Ги Мүнийг үүрэгт ажилдаа орсон тэртээх 2007 оны 1 дүгээр сарын байдлаар хамгийн ноцтой хямрал дагуулсан улс орнуудыг ийн нэрлэж байжээ. Үүнд улам дордсон гэдгээр Испанийн Баскийн нутаг, Боливи, Eгипет, Фижи, Иран, Израилийн эзэлсэн нутаг, Kиргизстан, Сомали, Судан, Tуркменистаныг нэрлэж, бага зэрэг наашилсан гэдгээр Гвинейг, огтын өөрчлөлтгүй гэдгээр Aфганистан, Aлбани, Aлжир, Aнгол, Aрмен, Aзербайжан, Бaхрейн, Бангладеш, Беларусь, Босни & Хeрцеroвинa, Буркино-Фасо, Бурунди, Төв Африкийн БНУ, Чад, Чечень (Оросын), Колумб, Коморын арлууд, Кот д’ивуар, Кипp, Ардчилсан Конго, Эквадор, Этиоп, Эритрей, Гүрж, Гаити, Индонез, Ирак, Энэтхэг, Kaшмир, Kaзахстан, Koсoвo, Ливан, Либери, Maкедон, Maдагскар, Maвритан, Moлдовa, Mьянмар, Нагорно-Карабах (Aзербайжан), Балба, Нигериа, Умард Кавказ (Чечениэс бусад), Умард Солонгос, Умард Ирланд (Их Британи), Пакистан, Пeру, Филиппин, Руанда, Саудын Араб, Сенегал, Серби, Сьерра Леон, Соломоны арлууд, Сомали, Шри Ланка, Сири, Taйванийн хоолой, Taжикистан, Taйланд, Tимор-Леште, Toнга, Tурк, Уганд, Украин, Узбекистан, Венесуэл, Баруун Сахар, Зимбабве гэсэн жагсаалт гаргасан байжээ. Энд Африкийн 26 улсын нэр жагсаж байна.

Нэгэнтээ хямралаас салах найдваргүй, НҮБ-ын зардал мөнгө хий үрэгдэж байдаг Африкийг тэгсгээд орхих санаа сэдэл туссаных гэж таамаглаж болох Бан Ги Мүний тэрхүү шинэ томилолт нь дэлхий нийтийн анхаарлыг Арфик, Ойрхи Дорнодоос холдуулж, эрчимтэй төлөвшин буй Зүүн Азийн хамтын нийгэмлэг руу төвлөрүүлэх, цаашлаад өндөр технологи бүхий аж үйлдвэржсэн хөгжингүй АНУ, Европ, Япон, Австрали, Сингапурын хэрэгцээ, хэрэгцээгээ хангах бодлогыг НҮБ-д авчирч тохох эхлэл байж болох талтай гэж үзэж болохоор байв. Эрчим хүч, нефть, байгалийн баялгийн гол түүхий эд нийлүүлэгч Африк-Ойрхи Дорнодыг бодвол тийм нөөцийг өндөр технологи бүхий бүтээгдэхүүн болгож хувиргадаг тийм бүс нутгийн төлөөлөгчөөр Бан Ги Мүн гарч ирсэн нь тэр байв.

НҮБ хойшид даяаршлыг түргэсгэх, өндөр технологи түгээх хөгжүүлэх, хүлэмжийн хийг багасгах, озоны давхаргыг хамгаалах (Киотогийн протокол) гэхчлэн дэлхий нийтийн чанартай асуудалд анхаарлаа төвлөрүүлнэ хэмээн тэр үед үзэж байв. Бүс нутгийн асуудлаас хамгийн их анхаарал татах нь Солонгосын хойг байна гэсэн нь яг 10 жил нотлогдсоор ирсэн нь парадокс юм.

БНАСАУ-ыг тойрсон үйл явдлуудын 10 жилийн хроникийг авч үзвээс солонгос үндэстэн Бан Ги Мүнийг сонгож ажиллуулсан нь онцгой ач холбогдолтой ч юм шиг. Учир нь түүний эх орон хоёр хуваагдсан, өмнөд умард хоёр талаасаа сөргөлдсөн, Пхеньян дахь үл ойлгогдох, ирээдүй нь бүрхэг (эхлээд Ким Чен Ирийн) Ким Чен Уны одоогийн дэглэмийг олон улсын хамтын нийгэмлэгт татан оруулах, олон улсын харилцааг бодитой, эрүүлээр хардаг болгоход Бан Ги Мүний үүрэг асар их байх болов уу гэсэн хүлээлт хааяагүй бүрдсэн байв. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлыг Аюулгүйн Зөвлөл чухам одоо л бодит бодлого болгоно гэж нийтээрээ хүлээж байлаа. Хойд Солонгосын тоталитари дэглэмийг ая эвтэй зохицуулахад Өмнөд Солонгосын төлөөлөл–НҮБ-ын тэр үеийн шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг ролийг баруунд хэт дөвийлгөж ойлгосон нь харин алдаа байсан байж болно.

Үүн дээр өрнийнхөн гэнэдсэн. Польшийн кардинал Войтыла гэгчийг Ромын Папаар сонгосноос үүдэн Польшид “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл хүчээ авч, улмаар Польшид коммунизмыг булшлаад зогсохгүй СССР-ийг, нийт Зөвлөлийн лагерийг нураасан түүх Солонгосын хойш дээр давтагдана гэсэн харьцуулалтыг баруунд зарим судлаачид хийгээд байсныг санаж байна. Тэд Бан Ги Мүнд дааж давшгүй ачаа үүрүүлээд хариуд нь их шан амлахад бэлэн байв.

Өлсгөлөнгөөр сая гаран хүнээ алдсан, эдийн засаг нь мухардсан, элдэв хориг тавиулсан Хойд Солонгосын дэглэмийг тогтоож байх сонирхол мэдээж хөрш Орос, Хятадад байсан, байгаа. Гэвч Өмнөд Солонгостой түүнээсээ хавьгүй өргөн харилцаатай, хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн асар их сонирхлоор Хятад нөхцөлдсөний хувьд Бан Ги Мүнд хэт хүнийсэхгүй хэмээн үзэж байв. Бан Ги Мүнийг ЕНБД-аар сонгож байх үед НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн даргаар Орос ажиллаж, Оросын вето тавих эрхийг зөөлрүүлэх, нөгөө талаар Хойд Солонгосыг баланслуулах зорилго тэр үед өрнийнхөн агуулсан байж болох юм. Гүрж, Хойд Солонгосыг нэгэн зэрэг буруушаасан тогтоол батлуулах мэт алхмыг Орос сонирхоно хэмээн хүлээж байв. Хятадын хувьд Бан Ги Мүний өнгөн дээр юу хүссэн, юу хожсон, энэ нь Хятад-Өмнөд Солонгосын харилцаанд хэрхэн туссан зэргийг хожим дүгнэж болно.

Лав тэр үед “Наймын бүлэг” (“G-8”) хэмээх клуб рүү аажмаар болгоомжтой ойртох Хятадын сонирхол явсаар “G-9” болж хувирбал модернизац хийхийг үл сонирхогч Пхеньяны дэглэмийг тэр клубынхээ хүрээнд хуйвалдаанаар шийдвэрлэх магадлалтай гэж таамаглаж байв. Тиймдээ ч Өмнөд Солонгосын тэр үеийн Гадаад хэргийн сайдыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар өрсөлдөхөд Хятадын зүгээс үг дуугүй дэмжиж байв.

Зөвхөн АНУ-тай л хэлэлцээ хийж, үл довтлох хоёр талын гэрээ байгуулна гэсэн Хойд Солонгосын байр суурийг Хятад анхнаас нь үл дэмжсэн ба цөмийн зэвсэгтэй бүс нутгийн гүрний хувьд тоглолтын гадна ажиглагчаар үлдэх хүсэлгүйгээ энэ 10 жилд Хятад хангалттай харуулж чадлаа. Чухам Бан Ги Мүний өнгөн дээр Хойд Солонгосын талаархи Хятадын чиг шугам үлэмж прагматик болж чадлаа. Пхеньяны эсрэг өргөн хэмжээний олон улсын хориг тавихыг Хятад дэмжлээ.

Бан Ги Мүнийг ацан шалаанд оруулсан үйл явдал энэ 10 жилд хангалттай өрнөлөө. Орос-Гүржийн, Орос-Украины харилцааны хурцдал, Крымын хойг, Донбасс гээд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн Оросыг тойрсон, хөндсөн асуудалд тэрээр төвийг сахихаас аргагүй байлаа. “Арабын хавар” Араб ертөнцийг нөмөрч, бүхэл бүтэн тогтворгүй бүс нутгууд үүсч, ISIL гэх алан хядах бүлэг дэлхийг цочоон, Афганистанд дайн самуун үргэлжилсээр байгаад хамгийн ихээр “хэлмэгдсэн” албан тушаалтан бол Бан Ги Мүн мөнөөсөө мөн. Олон улсын терроризмоос ангид хол оршиж ирсэн, энэ талаар төдийлөн төсөөлөлгүй Өмнөд Солонгосын энэ төлөөлөгч ийм гамшигтай шууд тэмцэхэд мэдлэг хүчин мөхдсөөгүй. Талибан, Хезболла, Хамас, Аль-Каида, ISIL-ийн талаар өмнөх хоёр Ерөнхий нарийн бичгийн даргаасаа тэрээр мэдрэмж дутсангүй. АНУ, Орос, Британи, Франц зэрэг Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд энэ тал дээр түүний том ар тал нь болж байлаа.

Эрчим хүчний аюулгүй байдал, ялангуяа нефть-байгалийн хийгээр улс төрийн шахалт үзүүлдэг байдал (Орос, Иран, Венесуэл) НҮБ-ын анхаарлын төвд байнга байх болно хэмээн Бан Ги Мүнд анхааруулагчид тэр үед олноороо тодорсон нь яалт ч үгүй нотлогджээ. Европын эрчим хүчний харти маягийн олон улсын эрчим хүчний хууль тогтоомж (унирверсал дүрэм) боловсруулах үүрэг шинэ Ерөнхий нарийн бичгийн даргад ногдож байв. Эрчим хүчний түүхий эдийн хэрэгцээ байнгын өсч, ноцтой хэмжээндээ тулсныг Бан Ги Мүний өнгөн дээр зохицуулах гэж дэлхий нийтээрээ 10 жил чардайлаа. Атомын эрчим хүчний олон улсын агентлаг Венад ажилладагийн нэгэн адил Сэргээгдэх эрчим хүчний олон улсын агентлаг Абу-Дабид (АНЭУ) ажиллаж байгаа нь НҮБ-ын ЕНБД-ын оролцоо байсных биз ээ.

Бан Ги Мүний өөрийнх нь эх орны туулсан зам, туршлага дээр үндэслэн НҮБ-ын улс төрийн үйл ажиллагааг эдийн засагжуулах, өндөр технологи түгээх, банкны даяаршил, эдийн засгийн өсөлтийг хангах дэд бүтэц, глобал сүлжээ НҮБ-ын дэргэд байгуулахад шинэ Ерөнхий нарийн бичгийн дарга үлэмж анхаарна гэсэн нь хэрэгжсэнгүй. Сүүлийн 25 жилд НҮБ-аас Африк, Өмнөд Америк, Азийн зарим улс орнуудыг ядуурлаас нь гаргах талаар чамгүй хүч чармайлт тавьсан боловч зорилгодоо хүрээгүй байна. Харин ч ядуурлаар гул барьсан террорист бүлэглэлүүд нөлөөгөө тэлж, дэлхийн баялгийг тэгш хуваах “шударга ёсны” террорист дайнд босох дээрээ тулжээ. Энэ бүхнийг эдийн засгийн дипломатийн бодлогоор зохицуулахыг Бан Ги Мүн зорино хэмээн улс төрчид, судлаачид үзэж байсан. Тэрээр ажилласан, төгс амжилтад хүртэл зай байна. Дараагийн ЕНБД нь ажиллаад ч цаана нь гарч чадахгүй.

Өмнөд Солонгосыг харцгаа, хөдөлмөр, нийгмийн ёс зүйгээрээ ийм лут амжилт олжээ хэмээн Бан Ги Мүнийг Ерөнхий нарийн бичгийн даргаар дэмжиж сонгуулсан их гүрнүүд даян дэлхийгээр нэг мессеж тарааж байв. Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжих хугацааг наашлуулах талаар ч ихээхэн чармайлт гаргана гэсэнсэн. Одоо түүндээ хариулах л үлдлээ!