Сайн байна уу. Миний хүү.

Хүний амьдрал их баян байдаг юм. Хүнд сайн муу, сайхан муухай олон юм тохиолдоно. Дандаа сайхан эсхүл дандаа азгүй байдаггүй. Нэг ухаантай хүн хэлсэн байдаг. “Чиний амьдрал чиний гарт байгаа. Хуйлж явах, дэлгэж явахаа чи өөрөө мэднэ.” гэж. Эндээс хэдэн зүйл их чухал.

Нэгдүгээрт:

“Хувь заяа чиний гарт байгаа.
Хуйлж явах, дэлгэж явахаа чи өөрөө мэднэ.”


Та нар аав ээж хоёрыгоо мэднэ. Ямар хэцүү амьдралаас яаж босч чадлаа. Тэр үед бид хоёрт юу ч байгаагүй юм. Ээж аав, эд хөрөнгө, эрдэм чадал, эрх мэдэл аль нь ч байгаагүй. Байгаагаас аавд нь ээж нь, ээжд нь аав нь л байсан. Тэгээд аав нь ээжийнх нь төлөө ээж нь аавынх нь төлөө амьдарсан юм. Хийсэн бүтээсэн хэлсэн ярьсан бүхэн минь зөвхөн тийм л зорилготой байсан юм. Учир ийм.

Тэгэхээр хүү минь. Чи амьдралынхаа ханийг зөв сонгох хэрэгтэй. Хүн орчлонд ханиа сонгоно гэдэг амьдралынхаа талыг сонгоно гэсэн үг. Энд эд хөрөнгө, эрдэм чадал, үндэс угсаа, үзэсгэлэн гоо ерөөсөө хамаа байхгүй. Ганц л зүйл байхад болно. Чамтай хамт тоост орчлонгийн сайн мууг туулах бүсгүй тань. Чиний төлөө амьдарч чаддаг байх ёстой юм. Яаж явах чамаас өөрөөс чинь шалтгаална. Өөрөөр хэлбэл: Хувь заяа чинь чиний гарт байгаа. Хуйлж явах, дэлгэж явахаа чи өөрөө мэднэ гэдгийг л санаж явах ёстой доо. Би ингэж бодож байна.

Хоёрдугаарт:

“Энэ биеэ зээлийн оромж мэт батгүйд санаж бай.
Энэ насаа зүүдний үзэгдэл мэт үнэгүйд бодож бай”.


Ийм нэг үг байдаг юм. Юу гэсэн үг вэ? гэвэл: юм бодож бай л гэсэн үг. Амь амьдрал гэж юу болохыг бодож бай гэсэн үг. Зовлон зовлонгийн шалтгаан. Жаргал жаргалын үр хөврөл гэж юу байдгийг бодож мэд гэсэн үг. Олон юм бод гэсэн үг. Олон юм бодно гэдэг олон тийш нь чулууд гэсэн үг биш. Олон зүйлийг нэг цэгт хумиж бод гэсэн үг. 
 
Аливаа юмыг бодож бай. Бодол бол оюун ухаан. Бодол бол тэсвэр тэнхээ. Бодол бол ухаарч ойлгох эхлэл. Бодол бол эхлэл төгсгөл үгүй, хэмжээ хязгаар үгүй асар их хүч чадал. Юу ч бодохгүй бол. Юу ч хийхгүй бол. Юу ч байдаггүй юм. Тийм учраас: Хүү минь. Чи юм бодож бай.
Би ингэж бодож байна.

Гуравдугаарт:
“Хайрлаж бай. Амьтныг хайрла.
Амьдралыг хайрла. Аз жаргал ирнэ.”


Бүх юм элэгдэж дуусаад мууддаг юм. Энэ биенд ч эцэс төгсгөл гэж бий.гэдгийг бүү март. Сайндаа л бид нар нэг зуу наслана. Эрт орой хэзээг би мэдэхгүй. Үхэх л болно. Үхэх цаг болсон бол. Эрх мэдэл, эд хөрөнгө юу ч хэрэггүй. Үзсэн мэдсэн дуулсан юу ч тус үгүй. Үхэх л болно. Үхэх цаг ирсэн бол цаст уулын цагаан арслан байгаад ч нэмэргүй. Үхэх л болно.

Тиймээ. Хүү минь хүний амьдрал богинохон шүү дээ. Гэхдээ чи хааяа нэг амьдрал мөнх гэж бас бодож бай.  Амьдралд асуудалд хандахдаа амьдрал мөнх гэж бодож бай. Тэгээд хүү минь инээж бай. Инээмсэглэ. Чи эхэл. Эхлээд инээмсэглэ. Эхлэж уучил. Эхлээд магт. Эхлэж хайрла. Хайр энэрэл баяр баясгаланг өөрөөсөө чи цацруул. Яагаад гэвэл: Ертөнцөд чи байхгүй болсон ч чиний гаргасан зам мөр тодоос тод зурайж харагдах ёстой юм. Би ингэж бодож байна.

Дөрөвдүгээрт:
“Мунхаг чанар. Мунхаг сэтгэлээс үүсдэг.”

Хүү минь. Хүн алддаг. Алдаж болно. Алдахгүй хүн гэж байдаггүй юм. Гэхдээ алдсан алдаагаа  чи ухамсарлаж ойлго.  Гэмшиж шаналаж чаддаг байх хэрэгтэй. Гэмшил шаналал гэдэг өөрөө ухамсарт хүргэх зам гэдэг юм. Тэгэж чадаж гэмээнэ  алдааг давтахгүй. Гэмшиж шаналах зовлон хоёр янз.

1. Мунхаг ухааны зовлон.
Энэ бол мунхаг сэтгэлийн үүднээс  үйлдсэн зовлон. Үйлдсэн үйлийн үрээ хүн өөрөө эдэлдэг зовлон. Шаналан зовох нь мунхагийн зовлон. Үүнээс сэрэмжил.

2. Мэргэн ухааны шаналал.
Хүн өөрийнхөө хийж амжаагүй. Хийж чадахгүй зүйлээ хүсэмжлэн шаналдаг. Энэ бол мэргэн ухааны зовлон. Шаналан зовж буй нь мэргэн хүний сэтгэл. Түүний ухаан нь урт. Үйл нь цэвэр. Гэмшин шаналаж чаддаг бай. Тиймээ. Мунхаг чанар мунхаг сэтгэлээс л үүсдэг юм. Би ингэж бодож байна.

Тавдугаарт:
“Жинхэнэ гэгээрэл бол Би - үгүйг таних”

Бурхан багш ингэж хэлсэн гэдэг юм. Юу гэсэн үг вэ гэвэл. Өөрөө чи өөрийгөө ялж дийлэж чадах ёстой гэсэн үг. Орчлонгийн жам ёсыг ухаарч бод гэсэн үг. Сэтгэл зүрхээ чандлан захир. Хүлцэн уучлах сэтгэлээ үүсгэ. Дотоод сэтгэлээ хурцал. Итгэл найдвараа бүү алд. Битгий гээ гэсэн үг. Товчлоод хэлвэл:

Нойрыг сэрж ял. Уурыг барьж ял. Өвдвөл тэсэж ял. Өлсвөл гүрийж ял. Зовлонг сөрж ял. Жаргалыг ухаарч ял. Хайрыг хайрлаж ял. Атаа хорсол бардамналыг аргадаж ял гэсэн үг. Энэ бол эр хүний эрхэм дээд чанар мөн. Би ингэж бодож байна.

Зургаадугаарт:
“Зам асуух хэрэггүй. Зовлон ярих хэрэггүй.”

Юу гэсэн үг вэ гэвэл. Эхлээд сайн бод. Тэгээд эхэлсэн бол дуусга. Замын дундаас битгий буц гэсэн үг. Тооцоо судалгаа хий. Тэгэхдээ тийм юманд цаг алдахгүйг хичээ. Зөв гэж чи өөрөө бодсон бол бушуухан эхэл гэсэн үг. Алдаж болно, алддаггүй хүн гэж байдаггүй юм. Алдсан алдаагаа шат шатанд нь зас. Тэгээд урагшил гэсэн үг. Бүгдийг урьдчилан харж хэн ч чадахгүй. Тийм учраас. Зоригтой бай. Зорилготой бай. Бас жавхаатай бай. Тийм хүнээс хүн айдаг юм. Тийм байж чадаж байж хүн бизнес хийдэг юм.

Тиймээ. Зам асуух хэрэггүй. Зовлон ярих хэрэггүй. Би ингэж бодож байна.

Долдугаарт:
“Аливаа сайн муу аль алинийг нь тэсээд өнгөрөөж сур.”

Хүү минь: Тэсвэртэй бай. Тэсвэрт суралц. Хүн нэг л юмыг сайн сурвал бусад бүх юмыг сурдаг юм. Тэр нэг юм бол тэсвэр. Чи түүнд суралц.

Тэсвэр бол амьдрах эхлэл. Тэсвэр бол амьдралын төгсгөл. Бүх юмс үүгээр эхлээд. Түүгээр дуусдаг юм. Тийм учраас: Чи өөрөө зүтгэ. Тэсээд зүтгэ. Бусдыг бас зүтгүүл. Зүтгэж чадахгүй нэгнийг нь орхи хая. Мөнгө олоход чинь туслаж чадах бүхэнтэй нөхөрлө. Хэзээ хэрэгцээ дуусна. Тэр болтол тэсээд нөхөрлө. Аль болох хурдан томрохыг бод. Цаг зав, эрч хүч, эрүүл мэнд юугаа ч бүү хайрла. Үхэр шиг зүтгэ. Шоргоолж шиг ажилла. Боол шиг амьдар. Юу хийж чи чадахав. Түүнийхээ төлөө зүтгэ.

Тиймээ. Хүү минь. Чи тэвчээртэй бай. Аливаа сайн муу аль алиныг нь тэсээд өнгөрөөж сур. Би ингэж бодож байна.

Наймдугаарт:
“Их ажилла. Их аз ирнэ.”

Цаг хугацаа эрч хүчийг хайрлаж бай. Түүнийг хайрлана гэдэг өөрийгөө хайрлана гэсэн үг. Өөрийгөө хайрладаг хүнийг билгүүн хүн гэдэг юм.  

Юу гэсэн үг вэ? гэвэл ажил чинь тогтмол байх ёстой гэсэн үг. Нэг өдөр үхтэлээ ажиллаад хэд хоног хаядаг. Дахиад хийдэг. Тэгээд тасалдаг. Ийм байж болохгүй гэсэн үг. Чи шөнө бүхэн унтдаг. Өдөр бүр хоол иддэг. Хором тутам амьсгалдаг. Яг үүн шиг ажиллах ёстой гэсэн үг. Цаг зав, эрч хүчээ илүү их хэрэгтэй юманд үрж зарж бай. Тэгэж яадвал: Чи илүү их үр бүтээлтэй ашигтай ажиллаж чадна гэсэн үг. Амжилттай ажиллаж сайхан амьдаръя гэж бодож байгаа бол асар их эрч хүч цаг хугацаа хэрэгтэй. Цаг хугацаа, эрч хүчээ хайрлана гэдэг амьдралыг хайрлана гэсэн үг. Амьдралыг хайрлах нь өөрийгөө хайрлана гэсэн үг. Өөрийгөө хайрладаг хүнийг билгүүн хүн гэдэг юм. Их ажилла. Их аз ирнэ. Би ингэж бодож байна.

Есдүгээрт:
“Мөнгө бол эрх мэдэл. Мөнгө бол хүч чадал.
Тийм учраас мөнгөнд дургүй хүн байдаггүй.”


Тооцоотой бай. Мөнгийг хайрлаж бай. Тэгэхгүй бол цаана чинь задгай мөнгө тоолж хүргэх амьдрал хүлээж байгаа гэдгийг сана. Хайрлаж байгаа гээд өөрөөсөө, эцэг эх, гэр бүл, хань ижил, үр хүүхдээсээ харамла гэсэн үг биш. Найз нөхөд, тэгээд ялангуяа чамд хэрэгтэй тус болдог тэр хүмүүсээс нарийл гэсэн үг бас биш. Хаана хэнд хэдийг зарцуулж чадах билээ гэдгийг бодож бай гэсэн үг. Бас юуны учир яагаад чи зарцуулах ёстойгоо санаж байх хэрэгтэй. Ер нь бол хүн хүндээ туслах хэрэгтэй. Гэхдээ хэмжээ бий шүү дээ. Хэрвээ та хоёр байраа сольчих юм бол цаадах чинь чамтай адилхан байх болов уу? Гэхдээ яахав ээ. Хүнд туслана гэдэг муу юм биш л дээ. Ер нь тэгээд хүн бэлэн мөнгө ихтэй байх дэмий. Хэрэгтэй хэрэггүй юманд үрж илүү зардал их гаргадаг. Мөнгийг хайрлаж бай. Тэгэхгүй бол цаана чинь задгай мөнгө тоолж хүргэх амьдрал хүлээж байгаа гэдгийг санаж бай. Мөнгө бол эрх мэдэл. Мөнгө бол хүч чадал. Мөнгөнд дургуй хүн байдаггүй юм. Би ингэж бодож байна.
 
Аравдугаарт:

“Бүгдэд таалагдаж чадахгүй.
Бүгдэд ашигтай байлга.”


Би чамд нэг түүх ярья.
1990-ээд оны эхээр барууны нэг бизнесмэн монголд ирсэн. Тэр их баян хүн байсан. 

Тэр надаас:
-   Нэг кг ноолуур дөчин доллараар авмаар байна. Та хэд гэх вэ? гэсэн.
Би түүнд:
-    Би таньд бол гучин есөөр өгнөө гэв.
Тэр хүн их мундаг хүн байлаа. Инээгээд ...
- Үгүй дээ би таниас бол дөчин нэгээр авна гэсэн. Тэгээд хэдүүлээ инээлдсэн...
Би гучин ес гэж гүрийгээд... Тэр дөчин нэг  гээд л зүтгээд... Бөөн инээдэм.
Тэгэхээр ийм юм. Найрсаг зорилго гэж энэ. Англиар бол NICE гэдэг. Хэдий их том зорилго чи өмнөө тавина. Төдий их найрсаг бай. Тэгэж чадвал төдий их мөнгө хүнээс чи салгаж чадна. Би ингэж бодож байна.

Бас аливаа юманд алтан дундаж гэж байдаг. Алтан орой эсвэл алтан хормой гэж би дуулаагүй юм байна. Юу гэсэн үг вэ? Гэвэл: Юманд хэт бүү шуна гэсэн үг. Чи амжилтаасаа биш алдаанаасаа эхлэж хар. Олохоос биш. Алдахаасаа эхлээд тооц гэсэн үг. Бусдад бас ашиг үлдээ гэсэн үг. Тийм байж чадвал: Чамайг олон хүн дагана. Хэдий олон хүн байна. Төдий их мөнгө чи олж чадна. Бүгдэд таалагдаж хэн ч чадахгүй. Бүгдэд ашигтай байлга. Энэ бол зарчим. Би ингэж бодож байна.

Арваннэгдүгээрт:

“Том юм хүс. Жижиг юмнаас эхэл.”

Юмыг багаас нь эхлэх хэрэгтэй. Олон жижиг юмнаас их үйлс эхэлдэг. Юу гэсэн үг вэ? гэвэл: Ухаан нь: Хэрвээ чи том дэлгүүртэй больё гэж бодож байгаа бол эхлээд жижигхэн мухлагтай бол гэсэн үг. Тэгээд түүнийгээ том дэлгүүр болтол торд. Арч зүлгэ. Өнгө оруул. Цаг зав, эрч хүчээ бүү хайрла. Битгий хэмнэ гэсэн үг. Судал суралц. Бие сэтгэлээ бүрэн дайчил гэсэн үг. Зовлон бэрхшээл байгаа. Тэр бүгдийг даван туул. Тэгж чадвал: Чи муу жижигхэн мухлагаа томоо дэлгүүр болгож чадна. Хэдэн жилийн дараа чи арван том дэлгүүртэй болохыг хэн байг гэх билээ. Чи л өөрөө мэдэх хэрэг. Товчлоод хэлбэл: Муу жижигхэн мухлагаа том дэлгүүр болгох хэцүү байна гээд хаяж болохгүй гэсэн үг.

Тэгэхээр ийм байна.

Хүү минь. Чи гэнэт их баяжна гээд битгий хүлээ. Бэлэн юм амар ажил битгий эр. Чи өөрөө баялаг. Тийм учраас сэтгэл зүрхээ сонс. Утга учир үнэ цэнээ зөв тань. Зөв мэдэр. Хүн чанар хүч чадлаа болгоо. Сэрээ. Зорьсон зорилгоо бүхний өмнө тавь. Тэгээд урагшаа алх. Эргэж битгий хар. Алхаад бай. Тэгж чадвал чи зорьсон зорилгодоо хүрнэ. Тэгж чадвал: Чи жирийн нэг харандааны балыг Очир алмааз болгож чадна. Тэгж чадвал чи: Эцэг эх, хань ижил, үр хүүхэд, найз нөхдийнхөө бахархал болж үлдэнэ. Орчлонд чамд өөр юу хэрэгтэй гэж. Өөр юу ч хэрэггүй. Би ингэж бодож байна.

БАТЖАРГАЛЫН БАТБАЯР – ХҮҮДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ.