В.Ганзориг: Өнгөрсөн дугаараар ярилцсан хүүхдийн хүнс, шим тэжээлтэй холбоотой сэдвийг үргэжлүүлэн хөндөж байна. Яг энэ асуудлыг шийдэхээр “Beyond Nutrition” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн хоёр ч гишүүн энд уригдаж ирсэн учраас энэ төслийн зорилго, үндэслэл, хүлээгдэж буй үр дүнгийн талаар асуумаар байна.

Д.Ургамал: Австралийн Засгийн газар ба “Зориг Сан” хамтраад Австрали Улсад мастер, докторын зэргээ хамгаалсан хүмүүст зориулсан “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг жил болгон зохион байгуулж, нийгэмд тустай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ жилийн хөтөлбөрт нийт 20 оролцогч шалгарсан. Дөрвөн баг болж хуваагдаж ажиллаж байгаагийн нэг нь манай “Beyond Nutrition” төслийн баг юм. Бид нийгэмд тустай ямар төсөл хэрэгжүүлэх тал дээр нэлээд нухацтай ярилцсан. Улмаар сүүлийн үед нэлээд яригддаг хэдий ч нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны шим тэжээл, гал тогооны нөхцлийг сайжруулах төсөл дээр тогтсон. 

Ц.Гэрэлчимэг: Бидний хүүхдүүд өдрийн дийлэнх цагийг цэцэрлэг, сургууль дээрээ өнгөрүүлдэг. Эдгээр хүүхдүүд маань чанартай, шинэ, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, эрүүл өсч торниосой, эцэг эхчүүд нь хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь өнөөдөр хүүхэд минь юу идэх бол гэж санаа зовохгүй явуулдаг болоосой гэж хүсдэг учраас “Beyond Nutrition” төслийг эхлүүлсэн. Эрүүл мэндийн яам Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлын судалгааг таван жил тутам хийдэг. Хамгийн сүүлд 2017 онд тавдугаар тайлан нь гарсан. Энэ тайланд дурдсанаар хоолны шим тэжээлийн дутагдал, эрүүл бус хооллолтоос үүдэлтэй асуудал эрүүл мэндийн салбарын зардлыг үлэмж нэмэгдүүлж, маш том дарамт болж буй дүгнэлт гарсан. Иймээс манай төслийн хэрэгцээ шаардлага өндөр байгаа. 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!

Ялангуяа хүүхдийн хоолны хүнсний шим тэжээлийн дутагдал, илүүдэл жингийн асуудал хурцаар тавигдаж байна. 6-11 насны сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй болжээ. Бага насны хүүхдийн таргалалт хоолны шим тэжээл, зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй. Эрүүл бус хооллолт, таргалалт зүрх, судасны өвчний суурь шалтгаан болдог. Эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн 55%, нас баралтын 37% зүрх, судасны өвчнөөс үүдэлтэй гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Эдгээр судалгаатай танилцаад бид төслөө заавал хэрэгжүүлэх ёстой юм байна гэж шийдсэн. 

Цэцэрлэг, сургуулийн гал тогооны эрүүл ахуйн асуудалд эцэг, эх хүний хувиар санаа их зовдог. Ялангуяа цэцэрлэгт автомат аяга таваг угаагч байдаггүйгээс болж нян бактер үржих, бусдад халдах өндөр эрсдэлтэй. Иймээс өндөр хэмд аяга таваг угааж ариутгадаг автомат угаалгын машиныг цэцэрлэг, сургуулийн орчинд стандарт болгон нэвтрүүлэх ёстой гэж үзсэн. Иймээс бид “Beyond Nutrition” төслийнхөө хүрээнд сонгогдсон сургууль, цэцэрлэгийн гал тогоонд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, автомат аяга таваг угаагч суурилуулах, шим тэжээлтэй хоолны цэс зохиох, шинэ цэсээр хоол хийх чадварыг тогооч нарт суулгах, эцэг эх, сурагчид, сургууль, цэцэрлэгийн удирдлагад сургалт хийх, хүүхдүүдэд амны хөндийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх замаар асуудлыг аль болох цогцоор шийдвэрлэхийг зорьж байна. Мөн бодлогын зөвлөмжийг боловсруулж холбогдох яамдуудад хүргэж, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахаар ажиллана. 

Богино хугацаанд гал тогоонд нь автомат аяга таваг угаагч суурилуулж, хүүхдүүдэд шим тэжээлтэй хоолны цэсийг шинээр зохиож өгөх, энэ цэсийн дагуу хоол бэлтгэх арга аргачлалыг тогооч нарт зааж мэргэшүүлэх сургалтыг хүүхэд болон эцэг эхчүүдэд хамтад нь хийнэ. Мөн шүдний эмчийн үзлэг, зөвлөгөөг төслийн эхэнд хийх юм. Харин дунд болон урт хугацаандаа энэ төслөө бодлогын түвшинд нөлөөлөх хэмжээнд хүртэл хэрэгжүүлнэ. Үүний тулд бодит нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлж, нийгмийн анхааралд хүргэнэ. Танай нэвтрүүлэгт орж байгаа нь энэ ажлын нэг хэсэг. Бид 5 сар гэхэд төслийнхөө эхний үр дүнг гаргасан байх ёстой. Тэр үед бид төслөө үнэлэн цаашид хэрхэх ёстой тухай бодлогын зөвлөмжийг холбогдох яам, хууль тогтоогчид, шийдвэр гаргагчдад хүргүүлнэ. 

В.Ганзориг: Өмнөх дугаарт ЭМЯ-ны төлөөлөл болон мэргэжлийн тогооч Буян орсон. Тэр нэвтрүүлгээс би эрүүл хоол хүнс, шим тэжээлийн дутагдал зөвхөн хүүхэд биш улсын хэмжээнд эрүүл Монгол хүн байх эсэх тухай боловсрол, эрүүл мэнд, тээвэр, ложистик, агуулах, малчид, тариаланчид, төрийн худалдан авалт, мэргэжлийн лаборатори, хоол зүй, амны хөндийн эрүүл ахуй гээд маш олон салбарыг дамнасан цогц асуудал гэдгийг ойлгосон. Оролцогч талууд энд тэнд олон ажил хийж байгаа дуулдсан. БШУЯ-ны зүгээс энэ асуудал дээр ямар ажлууд хийж байгаа вэ?

Т.Түмэнжаргал: Энэ сэдвийг хөндөж хийсэн танай нэвтрүүлгийн өмнөх дугаарыг үзсэн. Хүүхдийн хоолны асуудал эцэстээ нийт хүн амын хүнсний асуудал болж хувирдаг. Иймээс энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Сая манай бүсгүйн дурдсан тавдугаар судалгаа гэдгийг бид 1990 оноос хойш хийж байгаа. Таван жил тутам хийдэг энэ судалгааны зургаа дахь нь удахгүй хийгдэнэ. 2006 оны судалгаагаар хүүхдийн эрүүл мэндийн асуудал хүндэрсэн дүн гарсан. Ийм учраас 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн эхэлсэн. Үүгээр хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, амин дэм, эрдэс бодисоор баялаг үдийн цайг өдөрт нэг удаа хүүхдүүдэд өгөхийг зорьсон. Нэгжийн төсөв нь 300 төгрөгөөр анх эхэлж байв. 2013 онд дөрөв, 2017 онд тавдугаар судалгаа хийгдсэн. Энэ жил буюу 2024 онд зургадугаар судалгаа дуусч үр дүн нь гарна. 

“Үдийн цай” хөтөлбөр эхлүүлсэн юм чинь хүүхдийн эрүүл мэндийн асуудал тодорхой хэмжээнд дээшилсэн байх ёстой гээд 2013 онд уг судалгааг дахиж хийсэн. Гэтэл үр дүн нь эсрэгээр буюу өмнөхөөсөө буурч гарсан. Эрдэс, шим тэжээлийн дутагдлаас болоод хүүхдүүдийн таргалалт, нөгөө талдаа хэт туранхай хүүхдүүдийн тоо нэлээд нэмэгдсэн байв. Үдийн цай хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжиж чадаагүй, нэг талдаа хэт их бизнес тал руу хөөсөн асуудал гарсан. Нөгөө талдаа үдийн цайгаар сурагчдын өдрийн шим тэжээлийг хангаж чадахгүй нь харагдсан учраас үүнээс хойш хоол үйлдвэрлэлийн хуулийн асуудал яригдаж эхэлсэн. Учир нь хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийг хангахын тулд халуун хоолоор үйлчлэх ёстой гэж үзсэн. Дэлхийн олон орны жишиг сургуулийн үдийн хоол байдаг гэдгийг бид бас судалсан. Ингээд 2019 онд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль” батлагдсан. Энэ хууль батлагдсанаар үдийн цайгаар хүүхдийн өдөрт авах ёстой хоол хүнсний илчлэг шим тэжээлийн 15 хувь нь хүүхдийн нас, биений онцлогт тохирсон халуун үдийн хоол болсноор 30-35 хувь болгож өсөх ёстой гэж зорьсон. Иймээс хүүхдийн хоол тэжээлийн асуудал дээр Монгол Улс 2019 онд бодлогоо гаргасан гэсэн үг. 

2019 онд батлагдсан хууль 2020 оноос хэрэгжиж эхэлсэн ч тэр үед цар тахал болж хоёр жил бүх үйл ажиллагаа нам зогссон. Тэр үед бид хуулийн хэрэгжилтээ хойшлуулах уу, сургуулиудын гал тогоо, хүний нөөц бэлэн үү, үдийн цайгаа үдийн хоол болгох гээд бүр унагачих вий дээ гээд эдийн засаг хүндрэлтэй байсан учраас санаа зовж байв. Цар тахлын үеэр бэлтгэлээ хангаж байгаад 2021 оноос ямар ч байсан бага ангиудаар эхлүүлсэн. Тухайн үед 900 төгрөг байсан үдийн хоолны мөнгийг 1,500 төгрөг болгон анх удаа нэмэгдүүлж чадсан. Үдийн хоол хөтөлбөрийг ингэж эхлүүлсний дараа та бүхний сая дурдсан олон асуудал гарсан. Энэ хуулийг дагалдаад 20 гаруй Засгийн газрын тогтоол, шийдвэр, журам, дүрмийг манай яам бэлтгэн гаргуулсан. Одоо бид эдгээр бичиг баримтуудын хэрэгжилтийг л хангуулах ёстой. Бодлого, дагалдах хууль эрх зүйн бүхий л баримт бичгүүд хангалттай гарсан. Энэ хооронд Алсын Хараа 2050 хөгжлийн баримт бичиг гарснаас гадна жил бүрийн улсын хөгжлийн төлөвлөгөөнд энэ асуудлыг оруулж батлуулдаг. 

Цар тахалтай холбоотойгоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлаад “Сургуулийн хоолны дэлхийн эвсэл”-ийг байгуулсан. Энэ эвсэл анхны хурлаа 2023 онд Франц Улсад хийсэн. Франц Улсад суугаа манай элчин сайд У.Нямхүү шуурхай ажиллаж энэ мэдээлллийг бидэнд өгсөн. Улмаар 2030 он хүртэл Монгол Улс сургуулийн хүүхдийн хоол хүнсний асуудал дээр ямар арга хэмжээ авах талаарх амлалтыг энэ эвслийн өмнө өгч, манай яамны сайдын зүгээс олон улсад үүрэг хүлээж, Монгол Улс дэлхийн 95 улс нэгдсэн энэ эвслийн гишүүн болсон. Тэгэхээр хүүхдийн хүнс, сурагчдын үдийн хоолны хувьд бид дотооддоо төдийгүй дэлхийн хэмжээнд хэдийнэ үүрэг хүлээсэн гэсэн үг. Одоо бидэнд ухрах зам байхгүй. Иймээс хувийн хэвшил, төрийн байгууллагууд бүгд хамтран ажиллах ёстой. Одоогоор бид 1-5 дугаар ангийн 380 мянган хүүхдэд үдийн хоол өгч байгаа. Яваандаа улсын хэмжээнд бүх ангийн хүүхдүүдийг хамруулахаар зорьж байна. 

В.Ганзориг: Дараагийн асуултыг хүнсний инженерт тавъя. Сүүлийн хэдэн сар та яг энэ асуудлыг хөндөж нэлээд олон сургууль, цэцэрлэгээр явж сошиал медиагаар мэдээлэл түгээсэн. Төрийн бодлого гарсан энэ асуудлын бодит нөхцөл байдал сургууль, цэцэрлэгүүд дээр ямар байна вэ? Богино хугацаанд хамтдаа шийдэж чадах зүйлс юу харагдсан бэ?

О.Гал-Очир: Энэ хэлэлцүүлэгт би нэгт хүнсний инженерийн мэргэжлийн үүднээс, хоёрт цэцэрлэг, сургуулийн насны гурван хүүхдийн аавын хувиар эцэг, эхчүүдээ төлөөлөн оролцож байна. 2006 оноос эхлүүлээд маш их ажил хийсэн тухай ярилаа. Хүүхдүүд яг юу идэж байгааг нь судлах зорилгоор би саяхан 60 гаруй сургууль, цэцэрлэгээр явж үзлээ. Бүх эцэг эхчүүд хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн гал тогоотой танилцах ёстой. 2019 онд тогтоосон 2,475 төгрөг гэдэг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн төсөв бий. Энэ төсвөөр хүүхэд бүтэн өдөр хооллох ёстой. Том бодлого ярьж, олон ажил хийж буй мэт боловч энэ төсөв өнөөдөр яг хэвээр байна. Ийм мөнгөөр хүүхэд өдөржин хооллох ямар ч боломжгүй байхад хүнс нийлүүлдэг компаниуд нэмээд өөрсдийн зардал, ашгаа эндээс суутгаж авдаг.

Хүнсээр дамжуулж хүн уураг, тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодис, бусад биологийн идэвхт бүтээгдэхүүнийг авдаг. Нүүрс усны илүүдлээс болж таргалалт, тураал үүсдэг. Төсөвтөө тааруулаад хүүхдүүд сургууль, цэцэрлэг дээрээ жаахан сүү, мах аваад голцуу гурил, будаа, гоймон л идэж байна. Юун жимс, ногоо! Энэ асуудлыг ямар ч мундаг чадвартай тогооч байлаа гээд, эсвэл гал тогооны сүпер тоног төхөөрөмж аваад дангаар шийдэж чадахгүй. Үүнээс үүдээд шим тэжээлийн дутагдал үүсдэг. 

Улсын ба хувийн цэцэрлэг, сургуулиудын хооронд боловсролын ялгаанаас гадна хүүхдийн хоолны шим тэжээлийн ялгаа гараад эхэлсэн. Хувийн цэцэрлэгийн хоолны төсөв улсынхаас 2-5 дахин өндөр байдаг. Нэг ба хоёрдугаар шатлалын эмнэлгийн ачааллаас үүний үр дүнг харж болно. Ханиаданд хамаг анхаарлаа төвлөрүүлээд байдаг ч цаад шалтгаан нь хүүхдийн дархлаа, хоолны шим тэжээлийн асуудал байдаг. Иймээс одоо чиний эсвэл миний буруу гэлгүйгээр асуудлаа нэгэнт олж харж чадаж байгаа бол нэн даруй хамтран ажиллах нь хамгийн зөв. “Beyond Nutrition” төслийн мэдээллийг сая гишүүдээс нь сонслоо. Маш гоё төсөл байна. Нэг ч гэсэн цэцэрлэгийг аятайхан болгочих юмсан гээд явж байгаа залуучуудад маш их баярлалаа!

В.Ганзориг: Би энэ төслийн хүрээнд Дархан-Уул аймагт гурав хоног ажиллаж тусгай хэрэгцээт болон ердийн сургууль, цэцэрлэгүүдээр нь явж байгаад ирсэн. Баялгийн, орлогын, боломжийн ялгаа гэж ярьдаг байсан бол одоо хоолны шим тэжээлийн ялгаа бодитоор гараад эхэлсэн гэж та хэллээ. Хувийн цэцэрлэг, сургуулиудын хоолны төсөв улсынхаас хэд дахин өндөр байдаг вэ?

О.Гал-Очир: Хувийн цэцэрлэгүүдийн хүүхдүүдийн өдрийн төсөв дөрвөөс 10 мянган төгрөгийн нэмэгдэлтэй байдаг. Эцэг, эхчүүд нь энэ зөрүүг төлдөг гэсэн үг. 2,475 төгрөгийг улс өгч байгаа нь зөв. Учир нь ямар ч улсад хүүхдүүдээ гэсэн бодлого байх ёстой. Нөгөө талдаа эцэг, эхчүүд хүүхдийн хоолны мөнгө дээрээ нэмэрлэх боломжийг олгох ёстой. Энэ боломжийг бий болгох үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БШУЯ буюу Л.Энх-Амгалан сайдад аль жилийн өмнө өгсөн. Тэр нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх аргачлал боловсруулан баталж хэрэгжүүлэхийг даалгасан. Өнөөдрийг хүртэл энэ асуудал хэрэгжээгүй явж байна. Энэ даалгавар хэрэгжвэл цэцэрлэгийн хүүхдийн хоолны төсөв бараг 5 мянган төгрөг болж хүүхэд өнөөдрийнхөөс хоёр дахин чанартай хооллох боломжтой. 

Хэрэв эцэг, эхчүүд хүүхдийн хоолны төсвийг бүрдүүлэхэд оролцоод эхэлбэл цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, хүнсний чанарыг хянаад эхэлнэ. Одоо ихэнх эцэг, эхчүүд хүүхдээ өглөө ангид нь оруулж өгөөд л хаалга бариулаад гарч байгаа. Сошиал медиа хөгжсөн учраас зарим цэцэрлэгүүд тухайн өдрөө хүүхдэд өгсөн хоолоо эцэг, эхчүүдийн группт тавьдаг. Бэлдэж авсан зураг мэдэгддэг. Яг хүүхэд идээд сууж байгаа хоолны зураг шал өөр байдаг. Энэ бүхнийг бид олж харж байж л шийднэ. Хэрэв хүүхэд шим тэжээлийн дутагдалтай өсвөл сүүлд нь нөхөж авна гэдэг ойлголт байдаггүй. 

В.Ганзориг: Муухай асуулт асууж байгаад уучлаарай. Чанаргүй хоол хүнс идсэнээс болж сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхэд өвдсөн, эндсэн тохиолдол байдаг уу?

Т.Түмэнжаргал: Цэцэрлэг, сургуулийн хоол ялгаатай гэдгийг ойлгох ёстой. Цэцэрлэгийн хувьд өдрийн найман цаг буюу хүүхэд өдрийн хоол хүнсний 80 хувийг тэнд авах ёстой. Иймээс цэцэрлэгийн хоолон дээр онцгой анхаарах ёстой. Учир нь хүүхэд тэр хоолоор л хүн болж байна гэсэн үг. Түүнчлэн бага насны хүүхдүүд өөрсдөө хоолоо нэмж идэж мэдэхгүй, сургуулийн хүүхдүүд шиг гараад өөрсдөө хооллож чадахгүй. Өгсөн хоолыг л иддэг, хүний асаргаанд байдаг жаахан хүүхдүүд. Харин сургуулийн сурагчид үдийн хоолноосоо 30-35 хувийн шим тэжээлээс авахаас гадна үлдсэн 65-70 хувийг нь эцэг, эхчүүд гэр ахуйн орчиндоо хангах ёстой. Дан ганц сургуулийн үдийн хоолоор хүүхдийн эрүүл мэндийг төр дангаараа хангаж хариуцах боломжгүй. Иймээс сурагчдын хувьд хоолны шим тэжээл, эрүүл аюулгүй хооллолтынн 70-80 хувь нь эцэг эхчүүдээс хамааралтай гэж хэлж болно. Гэр бүлийн хэмжээнд эрүүл хоол тэжээлийн мэдлэгтэй байх ёстой. 

Үдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхчүүдээс авах замаар сургуулийн хоолны шим тэжээлийг сайжруулах аргачлал боловсруулсан. 2022 оны 10-р сард гарсан Засгийн тогтоолоор дотуур байрны хүүхдүүдийн хоолны төсвийг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ тогтоолын хоёр дахь заалт нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхчүүдээс нь авах аргачлалыг баталж хэрэгжүүлэх тухай байсан. Энэ хүрээнд нэлээд судалгаа хийсэн. Учир нь энэ шийдэл эцэг, эхчүүдийн амьжиргааны асуудлыг шууд хөндөх учраас нарийн судалгаагүй шийдэж болохгүй байсан. Судалгааны үр дүнд эцэг, эхчүүдийн 60 орчим хувь нь өдрийн 1000-1500 төгрөгийг өгөх боломжтой гэж гарсан. 

Гэхдээ нөгөө талд эмзэг болон зорилт бүлэг буюу өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, ядуурлын шугамнаас доогуур амьдралтай өрхийн асуудал хөндөгдсөн. Үүнийг төр 100 хувь хариуцах ёстой гэж шийдсэн. Үүнээс цааших асуудлыг эцэг, эхчүүд хариуцах нь зүйтэй гээд яг төсөв хэлэлцэж байх үед буюу найман сард бид Засгийн газарт энэ асуудлыг оруулсан. Дахиж нарийвчилсан судалгаа хийх үүргийг Засгийн газраас өгсөн. Тэр нь нэг айлын нэгээс дээш олон хүүхэд цэцэрлэгт явж байгаа нөхцөлд хүүхэд бүрийн тоогоор эцэг, эхчүүдээс нэмэлт мөнгө авах уу, тэр нь өрхийн амьжиргаанд хэрхэн нөлөөлөх юм, энэ мөнгийг төлж чадахгүйн улмаас нэг хүүхдээ цэцэрлэгт явуулаад бусдыг нь гэртээ үлдээснээс болж хүүхдийн эрх, аюулгүй байдал зөрчигдөх, цэцэрлэгт хамрагдах хувь буурах тохиолдол гарвал яах вэ, ямар шийдэл байх ёстойг нэмж судал гэсэн учраас эдгээр нарийвчилсан судалгааг бид хийж байна. 

Бодит байдал дээр зорилтот бүлэг дээр нэмэгдэх хоолны төсвийг бүтнээр нь төр даахад хүнд байгаа. Нөгөө талдаа сургууль, цэцэрлэгийн эцэг эхчүүийн зөвлөл хуралдаад өөрсдөө шийдээд явах бүрэн боломжтой, энэ эрх нь байгаа. Үдийн хоол хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулж чадахгүй байгаа. Олон улсын байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар эцэг, эхчүүд хүүхэддээ хоол, халаасны мөнгө гээд өдөрт 3,000 хүртэлх төгрөг өгч явуулдаг нь харагдсан. Хамгийн гол нь энэ өгсөн мөнгөөр нь хүүхэд нь хаанаас, юу авч идэж байгааг мэддэггүй. Гэхдээ тэр мөнгөө сургуульд өгөөд хоол хийе гэхээр эсэргүүцдэг. Гэхдээ зарим аймгууд, Нийслэлийн 151-р сургууль эцэг, эхчүүдээс мөнгө цуглуулаад дунд, ахлах ангийн хүүхдүүддээ дотроо хооллоод эхэлсэн. Уг нь хүүхэддээ өгдөг халаасны мөнгөө сургуульд өгөөд эргээд сургуулиасаа манай хүүхдэд ямар хоол өгсөн вэ гэж асууж шаардаад, хянаад сууж байвал эцэг, эхчүүдэд илүү амар болох юм. Халаасны мөнгөөр хүүхдүүд нөгөө нэг чипс, чихэр, ундаа, бургер гээд дураараа юм авч идэж байгаа шүү дээ. Энэ асуудал ийм хоёр талтай байгааг хэлэх гэсэн юм. 

Ц.Гэрэлчимэг: Цэцэрлэг хамгийн чухал гэж ярьж байгаа атлаа цэцэрлэгээ хаяад байгаа мэт санагдаад байна. 2019 онд гарсан “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуул”-ийн хүрээнд 300 гаруй сургуулийг хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр хангасан байх ёстой гээд төлөвлөгөө, төсөв гараад явж байгаа. Өөрөөр хэлбэл, бүх нөөцөө сургууль дээр төвлөрүүлээд байгаа юм биш үү? Цэцэрлэгүүдийн гал тогооны шинэчлэлийг хамгийн сүүлд хэзээ хийсэн бэ? 2024 онд ямар ажлууд хийгдэхээр төлөвлөсөн юм бол?

Т.Түмэнжаргал: Цэцэрлэгийн асуудлыг бид орхиогүй. Цэцэрлэг социализмын үеэс харьцангуй тогтолцоо нь бүрдсэн, бүгд гал тогоотой, хүний нөөцтэй байгууллага. Сургуульд үдийн хоол хөтөлбөр анх удаа хэрэгжиж эхэлсэн болохоор гал тогоо, хүний нөөц бэлэн байгаагүй. Жишээ нь, нийслэлийн сургуулиудын бараг тал нь түрээсийн гал тогоогоор явж байна. Учир нь төр ажиллуулж чадахгүй байна. Ийм учраас төр сургуулиуд руу илүү анхаараад байгаа мэт харагдаж байж магадгүй. Хүнсний хангамжийн асуудлыг бид цэцэрлэг, сургуулийн аль аль түвшинд авч ярьж байгаа. Хүнсний хангамжийг дагаад гал тогоо, тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал давхар шийдэгдэнэ. Хонины гулууз аваад эвдээд хоол хийх тогоочийн тоог нэмж, цалинг нь өсгөж чадахгүй байгаа учраас ажлын ачааллыг нь нэмэгдүүлэхгүй цэцэрлэг, сургуулийн хүнсний нийлүүлэлтийг савлаж, хэрчсэн хагас боловсруулсан байдлаар хийе гэж ярьж байгаа. Ийм байдлаар аж ахуйн нэгжүүдээс авах хүнс баталгаатай байх ёстой. Үүнийг ХХААЯ, Төрийн худалдан авах газартай хамтраад ерөнхий гэрээнд оруулж, цахим дэлгүүрт эхнээс нь байршуулсан. 

Цэцэрлэг, сургуулийн хоолны төсвийг үнэхээр нэмэх шаардлагатай. Одоогийн төсөв хүүхдийн өдөрт авах ёстой хоолны шим тэжээлийн дөнгөж талыг нь хангаж байгаа судалгааны үр дүн гарсан байгаа. Гэхдээ үүний төсөв мөнгийг манай яам дангаараа шийддэггүй. Бид өнөөдрийг хүртэл 10 гаруй тогтоол, шийдвэр Засгийн газар руу оруулж энэ асуудлыг шийдэхээр хичээн ажилласаар ирлээ. БШУЯ төсөв мөнгө байхгүй гээд зүгээр суугаагүй. Энэ асуудлаар нийт 12 сая ам.долларын 3 том төслийг олон улсын байгууллагуудтай хамтраад хэрэгжүүлж байна. Нэмээд НҮБ-ын Хүүхдийн сан, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, танай төсөл гээд орж ирж байна. Хүүхдийн хоолны зардлын асуудлыг олон тал хамтран ажиллаж, ийм хэлэлцүүлэг хийж төр засагт дуу хоолойгоо хүргэхтэй санал нэг байна.

Ц.Гэрэлчимэг: Цэцэрлэгийн хүнсийг нэр бүхий дөрвөн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар л нийлүүлэх ёстой юм билээ. Үүнээс болоод үнийн хөөрөгдөл, чанаргүй хүнс, сонголтгүй түүхий эд материал гэсэн гурван том асуудал үүсдэг. Эдгээрийг өмнөх нэвтрүүлгээр Нийслэлийн засаг дарга орлогч улсын төсвийн байгууллага болгож статусыг нь өөрчлөх замаар шийднэ гэж хэлсэн. Ингэлээ гээд асуудал яг шийдэгдэх үү?

Т.Түмэнжаргал: Үүний хариулт бэлэн байгаа. Өнгөрсөн оны 6-р сард ЭМЯ, БШУЯ, ХХААЯ, олон улсын байгууллагууд хамтраад хүүхдийн хоолны чуулган зохион байгуулсан. Олон хурал чуулган болж, зөвлөмж гаргадаг ч үр дүнгүй байдаг гээд шүүмжлүүлж байсан. Гэхдээ энэ сэдэв үнэхээр эрэлттэй, хэрэгцээтэй зөвлөгөөн байсан нь 1,000 гаруй хүмүүс ирсэн чуулганы үеэр мэдрэгдсэн. Бид олон хурал хийдэг ч хүүхдийн хоолны талаар хэзээ ч ингэж чуулж байгаагүй. Энэ чуулганаас 27 заалттай зөвлөмж гарсан. Чуулганы үеэр сургуулийн үдийн хоол, цэцэрлэгийн одоо мөрдөгдөж буй нэг өдрийн төсвөөр хоол хийж үзүүлж, төсөв нэмэгдүүлбэл ийм хоол хийж хүүхдүүддээ өгөх боломжтойг харуулж, төсвийг нэмэх ёстойг ойлгуулсан. 

Д.Ургамал: Сургууль, цэцэрлэгийн хоолны төсвийг нэмэхэд жилд хэдэн төгрөг төсөв дээр нэмэгдэх талаар тооцоо гарсан байгаа юу?

Т.Түмэнжаргал: Гарсан. Энэ асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд бид оны өмнөөс Нийслэлтэй тулж ажиллаж байгаа. Учир нь цэцэрлэг, сургуулийн тал нь нийслэлд байдаг. Нийслэлийн асуудлыг шийдэж чадвал хүүхдийн хоол хүнсний асуудлын 50 хувийг шийднэ гэсэн үг. Цэцэрлэгийн хүүхдийн хоол дээр дөрвөн компани бараг 20 жил монополь байдалтай ажиллаж байгаа нь үнэн. Тэд нэг газраас хүнсний материал аваад нийлүүлэхдээ дунд нь мөнгө нэмээд дамжуулдаг бизнесийн байгууллага болчихсон. Үүн дээр яам маш хатуу байр суурийг илэрхийлсэн. Хүүхдийн хоолны мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй байхад энэ мөнгөнөөс төрийн байгууллага ашиг хүртээд сууж байж болохгүй. Ийм төрийн бодлого байж болохгүй. Энэ дөрвөн компанийн асуудал өмнө ч яригдаж байсан юм билээ. Оны өмнө нийслэлтэй хамтран ажлын хэсэг байгуулж энэ дөрвөн компанийн менежментийг өөрчлөх эсвэл татан буулгах асуудлыг шийдэхээр ажиллаж байна. 

Энэ процедур угаасаа хууль зөрчиж байгаа. Одоогийн хуульд улсын өмчит компани эсвэл тендерээр хүнс нийлүүлэх заалттай юм. Гэтэл эдгээр аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд хүүхдийн хоолоор үйл ажиллагаа явуулж, ашиг хийж, орон нутгийн төсөвт бүр орлого төвлөрүүлж мөнгө өгдөг байж болохгүй. 2020, 2022 онд хийсэн аудитын тайлангаар хүртэл энэ дүгнэлт гарч, хууль зөрчиж байгааг тодорхой дурдсан байдаг. Үндсэн асуултанд хариулахад цэцэрлэгийн хүүхдийн хоолыг 2,475 төгрөгөөс 4,000 төгрөг болж нэмэгдүүлэхэд нийтдээ 147 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан. 

Д.Ургамал: Тогооч нарын цалин бага учраас хүний нөөцийн багагүй асуудал үүсдэг. Хоолны төсвөөс гадна сургууль, цэцэрлэгийн тогооч нарын цалинг нэмэх төсөв яригдаж байгаа болов уу?

Т.Түмэнжаргал: Энэ асуудал мөн яригдаж байгаа. Өнгөрсөн оны 7-р сард “Боловсролын ерөнхий хууль” батлагдсан. Энэ хуульд бид нэг том заалт оруулж өгсөн. Тэр нь орон нутгийн багш нарын авдаг нэмэгдэл дээр тогооч, хоолзүйчдийг нэмж оруулж өгсөн. Эдгээр хүмүүс орон нутагт таван жил ажиллавал зургаан сарын цалингийн нэмэгдэл, үүнээс цааш гурван жил тутам ийм нэмэгдэл авах эрхтэй болсон. 

О.Гал-Очир: Цэцэрлэгийн хүнс нийлүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын талаар би саналаа илэрхийлж байсан. Үхрийн махыг нэг кг-ийг нь 16,200 төгрөгөөр цэцэрлэгүүдэд нийлүүлдэг байх жишээтэй. Эдгээр компаниудын удирдлагын заримтай нь би уулзсан. Тэгэхэд махны энэ үнэ бол бууз, гуляш зэрэг хоолонд нь зориулж хэрчиж татаад, яснаас нь салгаад бэлтгэсэн үнэ гэж ойлгуулсан. Цэцэрлэгийн хүүхдийн бүтэн өдрийн хоолны 2,475 төгрөгнөөс орон нутгийн өмчит тооцоот газрууд хүмүүсийнхээ цалинг өгч, үйл ажиллагааны зардлаа гаргаж явдаг. Хүүхэд хооллож хүрэхгүй байгаа мөнгөнөөс энэ компани нэмж суутгаж авдаг. Эдгээр байгууллагууд 40 гаруй нэр төрлийн хүнс цэцэрлэгүүдэд нийлүүлдэг. Гэтэл хүүхдүүд 200 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдхүүнээс шим тэжээлээ авах ёстой байдаг. Одоогийн төсвийн тал нь маханд зарцуулагддаг. Үлдсэн мөнгө нь гурил, будаа, тосонд явдаг. 

В.Ганзориг: Цэцэрлэгт хүнс нийлүүлдэг энэ дөрвөн компанийн асуудал 2024 онд багтан шийдэгдэж чадах уу?

Т.Түмэнжаргал: Нийслэлийн Засаг даргын орлогч энэ ондоо багтаан шийднэ гэж танай өмнөх дугаарт оролцохдоо хэлсэн. Хуулиараа бол аж ахуйн тооцоот биш орон нутгийн өмчит компани буюу ашгийн төлөө бус төсвийн байгууллага байх ёстой. Нийслэл удахгүй шийдвэрээ гаргах байх аа.

В.Ганзориг: Эдгээр байгууллагыг шууд байхгүй болгохоор хүнс бэлтгэл, түгээлт, агуулах гээд бөөн асуудал үүснэ. Үүнийг ямар ч сургууль, цэцэрлэг дангаараа удирдаж чадахгүй. Үүний оронд CU, GS25 зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах дундын шийдэл байж болдоггүй юм уу?

О.Гал-Очир: Яг үнэн. Америкт жишээ нь CU шиг найдвартай хоол үйлдвэрлэлийн газар сургууль, цэцэрлэгийн хачиртай талхыг нь бэлдээд савлаад өгдөг. Ногоо, жимс тарьдаг газрууд, сүүний ферм, эрдэст усны үйлдвэрүүд зориулалтын дагуу хүүхдийн хэмжээгээр савласан бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Эдгээрийг багцлаад сургуулийн хүүхдийн үдийн хоол болгочихдог. Монголд сургуулийн сурагч 1,500 төгрөгөөр нэг л удаа хооллож байгаа. Гэхдээ түрээсийн гал тогоотой сургуулиуд энэ мөнгөнөөс үйл ажиллагааны зардал, ашгаа хийж байгаа. Ингэсээр байгаад сурагчдад яг хоол болоод очиж байгаа мөнгө нь 500-600 төгрөг болоод жижиг мантуун бууз болоод дуусдаг. Иймээс сургуулийн гал тогоог түрээсгүй болгох, нэмээд дунд, ахлах ангийн сурагчдад үдийн хоол өгөх хэрэгцээ шаардлага байгаа. Учир нь бага ангийн сурагчид харьцангуй эрт тардаг. Харин дунд, ахлах ангийхан бараг өдөржин сургууль дээрээ өнжиж, өөрийгөө хөгжүүлэх гээд хичээлийн дараах секц дугуйландаа яваад орой тардаг. 

Эцэг эхчүүд нь хоолны мөнгө өгч явуулдаг хэдий ч хүүхдүүдийн хүнсний боловсрол хомс хэвээр байгаа. Нэмээд хүүхэддээ хоолны мөнгө өгч явуулж чадахгүй эцэг, эхчүүд ч зөндөө бий. Өсвөр насны хүүхдүүдийн өсөлт эрчимтэй явагддаг. Иймээс энэ насны хүүхдүүдийг орхиж болохгүй. Улс энэ төсвийг гаргах боломжгүй бол Нийслэлийн 151-р сургуулийн жишгээр эцэг эхчүүд ажиллах хэрэгтэй. Өмнөговь аймаг жишээ нь энэ дээр маш сайхан манлайлал үзүүлж, өөрсдөө төсвөө шийдээд явж байгаа. Тэнд сургуулийн бүх ангийн хүүхдүүдийг хооллодог. 

Т.Түмэнжаргал: Энэ загварыг бид бодож байгаа. Давхар эрсдлийг ч тооцоолно. Ерөнхий гэрээнд өөрчлөлт оруулахаас гадна байгууллагуудын менежментийг нь сайжруулах шийдвэр гаргаж байна. Гадна, дотны зөвлөхүүдтэй энэ асуудал дээр ажиллаж байна. Тэд энэ асуудлыг шийдэхийн тулд Нийслэл хот хүнсний хангамж, ложистикийн төвүүд байгуулах ёстой гэж хэлдэг. Энэ төвүүд сургууль, цэцэрлэгийн хүүхдээс гадна нийслэлийн хүн амын хүнсний хангамж, түгээлтийг хийх ёстой юм билээ. Хоол үйлдвэрлэлийн процессийг нь төр хариуцаад харин хоолонд орох хүнсний материал, сүү, ус, хөлдөөсөн бууз, татаж бэлдсэн мах зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүний түгээлт, татан авалтыг CU зэрэг газруудтай гэрээлэн авах хувилбарууд яригдаад явж байгаа. 

В.Ганзориг: Баталгаат хүнс гэж дурдлаа. Энэ баталгааг гаргаж шинжилдэг лаборатори Монголд байна уу? Энэ асуудлыг одоо хаана, хэн хариуцаж явдаг вэ?

О.Гал-Очир: Хүнсний түүхийн эдийн асуудлаас эхлээд лаборатори орж ирэх ёстой. Сургууль, цэцэрлэгийн гал тогоо руу хүнсний материал оруулахаас өмнө чанарыг нь баталгаажуулж, энэ ажлыг чанарын менежер хүн хийж дүгнэлт шийдвэр гаргах ёстой. Өнөөдөр энэ хэрэгжиж байна уу гэвэл үгүй. Би нэр заагаад хэлье. Төмөр замын харъяа 180-р цэцэрлэг дээр наанаа шинжилгээний бичигтэй шуудай манжин орсон атлаа шалгаад үзэхээр хөгцөрсөн байсан. Үлдсэн манжингаа яасан гэхээр ялгаж аваад хүүхдэд хоол хийгээд өгсөн гэдэг. Шуудай манжин хөгцрөхөд дотор нь байгаа зөвхөн нэг нь хөгцөрсөн гэдэг ойлголт байдаггүй. Хөгц бие биенээ хамарч ургадаг. Энэ мэтийн хүнсний хяналт шалгалтын процесс ор тас хийгдэхгүй байгаа. Цаашлаад гал тогоо, ажилчдын ариун цэвэр, агаар солилцоо, тоног төхөөрөмжийн ариун байдлыг арчидас шинжилгээгээр хянаж шалгадаг. Энэ процесс ор тас хийгдэхгүй байгаа. Би үүнийг хариуцлагатайгаар хэлнэ.

В.Ганзориг: Хийгдэхгүй байгаа шалтгаан нь юу юм бэ?

О.Гал-Очир: Хүнсний шим тэжээлийг одоо гар тооцооны аргаар гаргадаг. Уг нь үүнийг мэргэжлийн лаборатори уураг, тосны килокалориг нь гаргаж, амин дэмийг нь шинжилж байх ёстой. Монголд Улсад амин дэм шинжилдэг лаборатори байхгүй. Ийм шаардлага гарвал гадагшаа явж шинжилгээ хийлгэдэг. Хүүхэд хоолонд хордсон тохиолдол л хоолны дээж ХӨСҮТ-ийн лаборатори руу явдаг. Өөрөөр сургууль, цэцэрлэг дээр лабораторийн менежмент огт хэрэгжихгүй байгаа. Улсын лабораторит найдах шаардлагагүй болсон. Учир нь Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори маргаан таслах, хяналтын шатны шинжилгээ хийх ёстой ч өнөөдөр шинжилгээний хариугаа буруу гаргаад сууж байна. Одоо хүртэл тэд хүлцэл ч өчихгүй, уучлал ч гуйхгүй явж байгаа. 

Т.Түмэнжаргал: Өдөр болгон лабораторийн хяналт хийх албагүй. Хүнсний сүлжээний үе шат бүрт хяналт тавих ёстой. Гэхдээ аль нь лаборатори, аль нь дотоод хяналт байх вэ гэдэг нь тусдаа асуудал. Эрүүл ахуй ба үйлдвэрлэлийн зохистой дадал гэж бий. Энэ дагуу сургууль дотоод хяналтаа хийгээд явдаг. Мэдээж хөндлөнгийн хяналтыг мэргэжлийн байгууллагууд улирал бүр лабораторийн түвшинд хийх ёстой. 

Ц.Гэрэлчимэг: Манай төслийн хийх гээд хичээгээд байгаа ажил уг нь бол улсын хийх ёстой ажил юм. Гэхдээ бид төр хийхийг нь хүлээгээд суумааргүй байна. Иймээс иргэд, хувийн хэвшил нэгдээд төслөө эхлүүлсэн. Бидний зорилго ижил буюу хүүхэддээ шим тэжээлтэй, эрүүл, аюулгүй, чанартай хоол өгөх. Иймээс бидний төслийг дэмжээд, хамтраад ажиллаасай гэж бодлого боловсруулагчдаас хүсч байна. Мөн бидний төслийг дэмжих хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдэд бүх талаар хамтран ажиллахад нээлттэй байгаа шүү гэж хэлмээр байна. Заавал мөнгөн хандив байх шаардлагагүй бөгөөд сошиал медиа дээр бидний мэдээллийг олон нийтэд түгээхэд туслан дэмжихэд том тус болно шүү.

Д.Ургамал: Сургууль, цэцэрлэгийн гал тогооны цаана маш олон асуудал хөндөгддөг. Үдийн хоолны цэсийг шинэчлээд жишиг гал тогоо болгохоор зорьсон хэдий ч энэ ажлыг дангаар нь хийгээд ямар ч үр дүнд хүрэхгүйг ойлгосон. Хүүхдийн эрүүл мэнд, боловсролын салбарын хүний нөөц, сургууль, цэцэрлэгийн хүнсний бэлтгэн нийлүүлэлт, хоолны шим тэжээлтэй холбоотой бодлогын асуудлыг төр, хувийн хэвшил хамтран ажиллах замаар шийдэж үр дүн гаргана. Хүүхдийн хүнс, сургууль, цэцэрлэгийн гал тогоо, үдийн хоолны шим тэжээлийн асуудлыг нэг удаа яриад өнгөрөх эсвэл нэг удаагийн төслөөр шийдэх асуудал огт биш. Ухаад байх тусам улам их асуудал ундардаг тул цогцоор нь та бид хамтдаа шийдэх ёстой шүү гэж хэлмээр байна. 

В.Ганзориг: Баярлалаа та бүхэнд. Бид бүгд аав, ээжүүд учраас энэ асуудлыг хувь хүн талаасаа нэлээд нухацтай хөндлөө. Үргэлжлүүлээд энэ асуудлыг хөндөж нэвтрүүлгээ хийх болно оо.