НЭГ. Өвгөн ингэж хэллээ.

Охин минь. Эхнэр хүн, ээж хүн ямар байх ёстой билээ? Энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй байх хэрэгтэй. Аливааг зөв талаас нь эхлээд хардаг. Ухаалаг өрөвчхөн нигүүсэх сэтгэлтэй байх хэрэгтэй. Бас зовлонд өвдөг сөхөрч нулимс дуслуулан суудаггүй хатан зоригтой байх ёстой. Бурхан шиг тэнгэрлиг сайхан эх хүн эхнэр хүн ийм байх ёстой юм. Бурхан өөрөө хүн болоод энэ етрөнцөд ирдэг гэсэн. БУРХАН ХҮН ГЭЖ ЯМАР БАЙДАГ БОЛ? ЯГ ИЙМ ЭЭЖ ХҮН ЭХ ХҮН БАЙДАГ БАЙХ ДАА гэлээ.

***

Миний хүү. Хэрвээ чи мөнгөтэй чадалтай байя гэж бодож байгаа бол. Зорилготой бай. Бас зоригтой бай. Зорилго чинь тодорхой. Тэгээд бас агуу байх ёстой. Ганцхан чамд биш. Өөр бусад олон хүмүүст хэрэгтэй тустай байх хэрэгтэй. Тэгээд чи өөрөө хөдөлмөрлө. Хэнээс ч илүү их хөдөлмөрч бай. Тэгэж хүмүүсийг хөдөлгө. Бүгдэд таалагдаж хэн ч чадахгүй. Тийм учраас: Бүгдэд ашигтай байлга. Гутрах халшрах үе гэж бий. Гэхдээ чи юуны төлөө ингэж яваагаа мэддэг бай. Чи ганцхан өөрийнхөө төлөө биш. Эцэг эх, хань ижил үр хүүхдийнхээ төлөө ингэж явах ёстой гэдгийг санаж яв. Үе үе санаж бай. Ингэж хүн өөртөө дахин эргэх хүч тамир, оюун ухаан тэсвэр тэнхээг бий болгодог юм. ХЭЦҮҮ БАЙХ ХАМААГҮЙ. ЯДРАХ ХАМААГҮЙ. ЗОРЬСОН ЗОРИЛГОТОЙ БАЙ. ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ БАТ ЗОГСОЖ ЧАДДАГ БАЙ. Гэж хэллээ.


***
Миний хүү. Хэрвээ чи зовж байгаа бол зовлогоос ангижрах арга зам эрэлхийл. Чадахгүй байгаа бол. Санаа зовох хэрэггүй. Орхи. Бодит байдалтайгаа эвлэр. Хэцүү байна уу? Сэтгэл зүрхээ сэргээ. Амьдралынхаа сайн сайхан тэр мөчийг эргээд нэг сана. Шинэ сэргэг оюун ухаан, хүч чадлаар өөрөө өөрийгөө чи цэнэглэ. Ингэж дахин нэг эргэх хүч тамир өөртөө чи бий болго гэв.

Миний хүү чи сонс. Муу зүйлс муу сэтгэл муу үйлээс үүдэлтэй гэдэг юм. Тийм учраас: Сэтгэл оюунаа номхруул. Хүч тамир тэсвэр тэнхээгээ аргад. ХАРИН ЧИ ҮНЭ ЦЭНЭ, ХҮН ЧАНАР ҮЗЭЛ БОДЛОО ХЭЗЭЭ Ч БҮҮ АЛД. ХЭНД Ч БИТГИЙ ХУДАЛД. ХАДГАЛЖ ҮЛД. Би ингэж бодож байна гэлээ.

***

Миний охин. Хэрвээ чи хүнд итгэж байгаа бол зүгээр орхи. Юу ч битгий хэл. Юуг ч битгий асуу. Түүнийг чи таних гээд хэрэггүй. Бүү эргэлз. Эргэлзвэл итгэл алга болно. Хэрвээ чи түүнд итгэж итгэж чадахгүй байгаа бол бас орхи. Юуг ч битгий ярь. Юуг ч битгий асуу. Түүнд чи итгэж чадахгүй. Итгэл үгүй бол эргэлзээ хэрэггүй. Хэрвээ чи эргэлзэж байвал түүнийг танихыг хичээ. ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙ ИТГЭЛ ҮНЭМШИЛ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ. Гэлээ.


***

Хүү минь. Хүн ганцхан өөрийнхөө төлөө биш. Бие биенийхээ төлөө. Гэр бүл хань ижил үр хүүхдийнхээ төлөө амьдрах ёстой. Тэгэж амьдарсан хүний амьдрал бол гайхамшигтай сайхан жинхэнэ хүний амьдрал байдаг юм. АМЬДРАЛЫН ЖИНХЭНЭ ҮНЭН ЭНЭ ТҮҮХИЙГ ХҮН БҮР ТЭР БОЛГОН ОЙЛГОДОГГҮЙ ОЙШООДОГГҮЙ НЬ ДААН Ч ХАРАМСАЛТАЙ ЮМ ДАА. Гэлээ.

***

Хүү минь. Би зовж байна гэж хүнд бүү ярь. Чиний зовлонг хэн ч өөртөө үүрэхгүй. Хүний зовлонг хүн ойлгодоггүй юм. Үгээр зугаацах хэрэггүй. Зөвхөн өөрөө өөртэйгөө ярилц.
Хүү минь. Чи бодолтой бай. Тэгэхдээ өөртөө хэрэг болох тийм юм бодож бай. Зүгээр нэг хийх юмаа олж ядсан тийм бодол хэрэггүй. Бодоод л байдаг. Бодоод л байдаг. Тэгээд юу ч шийдэхгүй бодол бас хэрэггүй. Зөвхөн чин сэтгэлээсээ чи өөрөө хүсэж байгаа. Тэр зүйлийг л бод. ТЭР БОДЛООРОО ЯВ. ТЭР БОДЛООР АМЬДАР. ТИЙМ БОДОЛ ХЭРЭГТЭЙ. Би ингэж бодож байна гэлээ.

ХОЁР. Өвгөн ингэж хэлэв.

Хүү минь. Мөрөөдөл хүнд жигүүр авч ирдэг. Мөнгө хүнд хүч чадал авч ирдэг. Хөдөлмөр хүнд аз жаргал авч ирдэг. Хүн сэтгэл хүнд хүн авч ирдэг. Гайхамшигтай сайхан Монголыг бий болгоё гэвэл. Гайхалтай хөдөлмөрч хүмүүс л хэрэгтэй дээ гэв.

***

Миний хүү. Чи хэлэх хэлэхгүй үгээр хүн бүү гомдоо. Ховдог шунахай сэтгэлд мөнгө битгий үзүүл гэлээ. Ухаан мулгуу хүнд үг бүү хэл. Уулзах ёсгүй хүнд очиж битгий уулз гэв.

***

Хүү минь. Би чадна гэдэг хүнд битгий их итгэ. Түүний үгийг нь сонс. Үйлийг нь шинж гэлээ. Би чадахгүй гэдэг хүнд битгий юм хэл. Орхи цаашаа. Хол алх хайран цаг байдаг юм гэв.

***

Миний хүү. Чи хүнд өгч чадахгүй юмаа хэлж чаддаг бай. Хүн гуйхгүй. Хийж чадахгүй зүйлээ бас хэлж бай. Хүн хүлээдэггүй юм гэв.

***

Миний хүү. Хүнийг бүү гомдоо. Битгий муул. Тэглээ гээд: Чи жаргахгүй. Тэр зовохгүй. Хүн бүү доорд үз. Битгий дээрлэх. Тэглээ гээд: Чи томрохгүй. Тэр жижгэрэхгүй. Хүнд бүү баярх. Битгий атаарх. Тэглээ гээд чи баяжихгүй. Тэр хоосрохгүй. Хүнд хүрэхийг хичээ. Түүнд ойр бай. Тэгээд чи хэн нэгнийг зүрх сэтгэлдээ тээж амьдар. Энэ зөв зам. Эр хүний эрхэм дээд чанар гэлээ.

***

Хүү минь. Амьдрал бол тоглоом. Юу хүснэ. Тэр ирнэ гэв. Ухаалаг бай. Өглөгч бай. Буян заяа хураана. Овсгоотой бай. Хөдөлмөрч бай. Элбэг дэлбэг ирнэ. Зоригтой бай. Зорилготой бай. Баян болно. Хайрлаж бай. Амьдралыг хайрла. Аз жаргал ирнэ гэв.

***

Хүү минь. Сэтгэл ариун бол. Оршихуй ариун. Сэтгэл бохир бол оршихуй бохир гэв.
Юу гэсэн үг вэ? гэвэл: Гаслаж суугаа бол мунхаг байгаагийн шинж. Гарах гарц хай гэсэн үг. Гадна ертөнцийг биш. Дотор ертөнцөө эхлэж судал. Өөрөөр хэлбэл. Аз жаргалаа өөрөө өөрөөсөө хай гэсэн үг гэв.

***

Хүү минь. Жаргаж буй нарыг бус. Мандаж байгаа нарыг харж бай гэлээ.
Юу гэсэн үг вэ? гэвэл: Хүмүүс чамайг анзаарч харахгүй өнгөрч болно. Тоохгүй болж мэднэ. Битгий тоо. Урагшаа хараад алх. Яаж амьдарснаа биш. Яаж амьдрахаа бод гэсэн үг гэв.

***

Миний хүү. Чи сонс. Хүмүүс нүдээ аниж залбирдаг. Нүдээ аниад тэвэрдэг үнсдэг. Хайрлахдаа уйлахдаа хүн нүдээ анидаг. Хамгийн цэвэр сайхан зүйлс нүдэнд бус сэтгэлд харагддаг юм.
Тийм учраас: Хүмүүс нүдээ аниад боддог, залбирдаг үнсдэг юм.
Тийм учраас: Хүү минь. Чи нүдээ аниад бодож бай. Сэтгэл зүрхээрээ хүн тэгэж боддог юм. Бас хайрладаг юм. Залбирдаг юм. Гэв.

***

Миний охин. Чи сонс. Амьдрал бол цэцэг гэлээ. Чи цэцэг. Амьдрал цэцэг. Орчлон ертөнц өөрөө цэцэг. Эрт орой хэзээг мэдэхгүй хагдарч унана.
Тийм учраас: Цэцгэнд чи яаж ханддаг билээ. Амьдралд тэгэж ханд. Юу гэсэн үг вэ? гэвэл. Юм бүхэн мөнх бус гэсэн үг. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна? Гэв.

Батжаргалын БАТБАЯР. “Хүүдээ бичсэн захидал”