Супер “СҮГ”-үүд
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 7-нд Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн “Үүрэг хариуцуулах захирамж” гаргасан.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 7-нд Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн “Үүрэг хариуцуулах захирамж” гаргасан. Захирамжийн дагуу Шадар сайдын үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд, Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод, Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд, Зам, тээврийн сайдын үүргийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад, Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хариуцуулсан юм. Энэ захирамжаар дараагийн сайд томилогдох хүртэл хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан үүрэг гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт даалгаснаар зургаан сайд 12 сайдын ажил хийж 20 гаруй хоног ажиллалаа.
Үүрэг гүйцэтгэж буй сайд нарын хувьд ярих юм алга. Тэднийг товчлоод “СҮГ” гэчихье. Сайдын үүрэг гүйцэтгэгч гэж ойлгоорой. Нүдээ олсон ч гэж жигтэйхэн. Үнэхээр “Супер СҮГ”-нүүд аж. Ер нь цаашид ингээд явбал эдийн засаг үнэхээр хүндэрсэн юм бол харин ч хэмнэлттэй. Дээр нь улс төрийн талцал эцэслэн шийдэгдэж, АН-ын төдийгүй УИХ-ын нэр хүнд аврагдаж мэдэх биш үү гээд олон нийт ч таалах шинжтэй.
Түүх сөхвөл 1990 оноос хойшхийг яривал 1996 оны есдүгээр сарын дундуур “Ард”, “Даатгал” банкуудын “амыг барьж”, одоогийн “Голомт”, “Хас” банкууд төрөхөөр дуншиж эхэлсэн. УИХ-ын олонхийн бүлэг нь ч идэвхтэй оролцсоны дүнд Сэргээн босголтын банкийг Голомт банктай нийлүүлсэн Засгийн газрын 80 дугаар тогтоолыг үйлдүүлээд
Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч, тухайн үеийн Төв банкны ерөнхийлөгч Ж.Үнэнбат эрүүл мэндээрээ хохирч билээ.
Өмнөх жил нь буюу 1997 онд Азийн санхүүгийн хямрал болсныг ашиглан Монголын банкны хямрал гэгчийг “зохиож” одоогийн “Голомт”, “Хас” зэрэг банкуудыг төрүүлсэн энэ үйл явдлын цаана манай үеийн суут эх орончид, тэр үеийн УИХ-ын дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд М.Энхсайхан, Сангийн сайд П.Цагаан нар байсан юм. Харин тэр үеийн тэргүүн баячууд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын эхнэрүүд “Ард” банкнаас бушуухан хадгаламжаа татаж авснаас хожим мэдээд хямралаас хэдхэн гэр бүл хохиролгүй үлддэгийг харж билээ.
Ингээд 1998 оны зургадугаар сард Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцорч дараагийн Ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшүүлсэн хүмүүсийг ерөнхийлөгч Н.Багабанди тухай бүрт нь янз бүрийн шалтгаанаар буцаасаар Ц.Элбэгдоржийн Засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор зургаан сар ажилласан. Энэ хооронд С.Зоригийн амь насыг хөнөөснөөс эхлээд сайн мэдээ огт дуулдаагүйг тод санаж байна. Ц.Элбэгдоржийн Засгийн газар тэр үед гол зорилгоо “авлигын эсрэг”, “эдийн засгийн, ялангуяа банкны реформыг хийж улсаа аврах” гэж тодорхойлсон ч яг энэ зорилгоосоо болж огцорсон юм.
Тэр үеийн “СҮГ”-нүүд нь Сангийн сайд Б.Батбаяр, Гадаад хэргийн сайд Р.Амаржаргал, Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, ХХАА-н сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаяр, Батлан хамгаалахын сайд Р.Одонбаатар, Гэгээрлийн сайд Ч.Сайханбилэг, Байгаль орчны сайд С.Баярцогт нар байлаа. Хожим нь энэ танхимаас гурван Ерөнхий сайд төрснийг ч харсан яах аргагүй часхийсэн баг байсан байгаа биз.
Гэвч ордны хуйвалдаан хийгээд том эрх ашгийн өмнө ямар ч шилэгдмэл баг тэсдэггүй л юм билээ. Тэд 1998 оны зургадугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл зургаан сар үүрэг гүйцэтгэсэн. Харин түүнээс хойш үүрэг гүйцэтгэгчтэйгээр удаан явахыг үл тэвчих болсон болохоор хориод хонож байгаа СҮГ-үүдийг азтай гээд байгаа юм.
Мөн Ц.Элбэгдоржийн Засгийн газарт найман супер СҮГ байсан бол Ч.Сайханбилэгийн Засгийн газарт зургаан СҮГ 12 сайдын ажлыг хийж байгаа, танхим нь нийт 19 гишүүнтэй гээд бодохоор үнэхээр “рахиттай” хүүхэд шиг данхайсан байгаа биз. Одоо их хэрүүлийн дараа ямар сайдууд нөхөн томилогдож орж ирэхийг та бид байтугай Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ч тааж хэлж мэдэхгүй боллоо. Тэгэхээр гар, сэтгэл нийлж амжих уу.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дахин зөвлөхөд ерөөсөө Засгийн газраа шинээр зохион байгуулах шийдвэрийг зоригтой гаргаад ажлаа өгчих хэрэгтэй. Цаашдын карьерт нь энэ нь хэрэгтэй. Хэрэв өөрөө огцрохгүй, заавал Ерөнхий сайд баймар байгаа бол Засгийн газрынхаа бүтэц, орон тоог багасгалаа гээд хямрал, хүндрэлээр шалтаглан зургаан сайдын суудал тасхийтэл хэмнээд өргөн барьчих. Үнэхээр одоо байгаа бүтцээрээ ажиллаад “төрийн машин” гацаагүй, ажил хэвийн үргэлжилж байна хэмээн уламжилсан чинь үнэн бол яагаад болохгүй гэж. Энэ нь өөрийн тань нэр хүндэд ч, намын эв нэгдэлд ч хэрэгтэй. Харин тавьсан саналыг тань УИХ эсэргүүцвэл та хэлдгээ хэлсэн. Хэмнэх гэж оролдсон. Хүлээж аваагүй гэсэн тэмдэглэл түүхэнд үлдэнэ. Хүлээж авбал одоо байгаа бүтцээрээ ажиллахад “дайсагнал” багатай, бүтээмж ихтэй, хэн нэг цөс ихт сайдаасаа зүрхшээж явахгүй, болж л байна.
Зуу гаруй жилийн өмнө таван яамтай байсан, одоо 15 яамтай болсноо дэвшил гэж үзэж байгаа бол эндүүрэл. Дээр нь 17 дэд сайдтай. Мөн л зургаа нь дэд СҮГ. Дашрамд сонирхуулахад манай Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчдийн хугацаа харин богинохон байдаг юм. Тухайлбал, Ерөнхий сайдын СҮГ-ээр 1911 онд Да лам Цэрэнчимэд нэг жил, хожим нь Н.Туяа 1999 онд долоо хоног, Н.Алтанхуяг 2009 онд 30 минут, 2014 оны арваннэгдүгээр сард Д.Тэрбишдагва арав гаруй хоног ажилласан. Хамгийн сүүлчийнх дээр Ерөнхий сайдаас огцорч буй Н.Алтанхуяг дараагийн Ерөнхий сайд томилогдтол өөрийгөө Ерөнхий СҮГ болгох гэж оролдсон ч УИХ холбогдох хуулийн дагуу Шадар сайдад хариуцуулж байв.
Ийнхүү 100 гаруй жилийн настай СҮГ буюу сайдын үүрэг гүйцэтгэгчдийн цуваа цаашид хаа хүрэхийг таашгүй. Ямартай ч сайн СҮГ-ээс салж ядан харамсаж, муу СҮГ-ийг холдуулж ядан аргаа барсаар ирж. Эрээвэр хураавар СҮГ-үүдтэй ажиллах л хамгийн амаргүй даваа. Талын нэг тараагаад хаясан 15 яамны хаана юу болж буйг нягтлахын сацуу “Чоно борооноор” гэдэгчлэн онц чухал шийдвэр, томилгоо хийгээд байгаа гэж дуулдах одоо цагийн СҮГ-үүдийн сайн, эсвэл муу байсныг хожим харах биз ээ.