Ардчилсан намд нэр бүтэн хүн үлдсэн үү?
Хэн ч халдаж, нурааж чадашгүй бат цайз мэт 90 жил оршин тогтносон коммунизмыг дэвслэн хаясны дараа бид нэг хэсэгтээ тэрхүү үзэл суртлын нийгмийн хамаг муу муухайг хайр найргүй илчлэн хэлэх, хараан зүхэх байдлаар гомдол, хорслоо тайлсан юм. Худалч хүнд хорин хэдэн жил үглэн дуулж баймааж хорсол цөхрөлөө одоо л нэг мартаж байх шиг ээ…
Хэн ч халдаж, нурааж чадашгүй бат цайз мэт 90 жил оршин тогтносон коммунизмыг дэвслэн хаясны дараа бид нэг хэсэгтээ тэрхүү үзэл суртлын нийгмийн хамаг муу муухайг хайр найргүй илчлэн хэлэх, хараан зүхэх байдлаар гомдол, хорслоо тайлсан юм. Худалч хүнд хорин хэдэн жил үглэн дуулж баймааж хорсол цөхрөлөө одоо л нэг мартаж байх шиг ээ…
“Харвард төгссөн коммунист” Ц.Мөнх-Оргил улстөрөөс “оргон зайлснаар” ашгүй нэг юм коммунист намын хамгийн сүүлчийн “бэлгэдэл” олны сэтгэл зүйгээс арчигдав гэмээр. Энэ хүртэл коммунист намын үндэс суурин дээр өндийн боссон өнөөгийн МАН-ынхан хангалттай хараалгаж, ардчиллынханд жинхнээсээ Э.Бат-Үүлийн хэлсэнчлэн “Гитлерийн сүнс” мэт үзэгддэг байв.
Харин өнөөдөр нэг л мэдсэн чинь ардчилагчид маань өөрөө өөрсдөдөө “Гитлерийн сүнс” мэт үзэгддэг, “албан ёсоор” нэг нэгнээ тийнхүү нэрлэдэг болжээ. Явах тусмаа яг адилхан болж байгаа пролетарууд ба либертариуд… Сүүлийн хоёр ч сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Засгийн эрхэнд ажилласан Ардчилсан намынханд энэ явдал анхны ялалтаас нь хойш арайхийн олдсон хоёр дахь том боломж нь байв.
Албан тушаалыг дагалдан ирдэг хууль, шийдвэрт гарын үсэг зурах, захиран зарцуулах, төсөв мөнгө хуваарилах, бусдын гэм бурууг шүүх, яллах, шалгах шийтгэх гэх мэт эрх мэдлүүд үнэндээ тэднийг энэ жилүүдэд сорьж шалгасан юм. “Бал зарж буй хүн хуруугаа заавал долоодог” хэмээх эртний гүн ухаантны “нээсэн” хүний мөн чанарын томьёоллыг тэд нотлох уу, үгүйсгэх үү гэх сорилт. Сорилт тэдний “дотоод” дахь хомхой сувдаг сэтгэл, шунал хүсэл, атаа жөтөө, арга заль, зодоон тэмцэл гээд аль л сайн муу бүхнийг нь уудлан гаргасан гэлтэй. Хаа очиж хуучны коммунистууд шиг хамаг идээ бээрээ дотроо хадгалдаг тэсвэр тэвчээр тэдэнд үгүй юм.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг энэ хэдэн жилд эрх баригчдын дотоодын зөрчил тэмцэл л хөгжүүлэв. Эрх мэдлийн бялуунаас хувьгүй хоцорсон нь дээр байгаа хэдийнхээ гутлыг нь долоож, эсвэл улыг нь шагайж, үнэн худал нь хэвлэлийнхэнд байтугай хуулийнханд үл мэдэгдэх мэдээллийг сэтгүүлчид рүү барин гүйцгээх болсон. Сүүлдээ ч бүр “уран сайхны” кино шиг нийтлэл, нэвтрүүлгүүдээр олон нийтийн тархийг угаахдаа нэг хэсэг нь гаршиж, хуулиас гадуур мөрдөн шалгах, шүүхээс өмнө яллаж шийтгэх үйл явц руу шилжсэн гэхэд хэтрүүлэг болохгүй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин VTV телевизэд өгсөн ярилцлагадаа энэ талаар хөндөн эзэн биетэй ярьсан нь сошиал хэрэглэгчдийн дунд халуун сэдэв болж байна. Үнэндээ албан тушаалыг дагаж ирсэн үүрэг, хариуцлагыг үүрэхээсээ өмнө амин хувийн ашиг сонирхлоо тэргүүнд нь тавьсан алдаа дутагдал тэдэнд нийтлэг байж болох ч аль л нэр бүтэн, гар цэвэр гайгүй хэсгээ гутаан доромжилж, гүтгэн гүжирдэх үйл явц зэрэгцэн өрнөснийг Х.Тэмүүжин хөнджээ.
Нээрээ л УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Тайваний тагнуултай, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг мүүний шашинтай, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг хар тамхи, хүүхэнтэй, УИХ-ын гишүүн Л.Болдыг зэвсгийн наймаатай, Хотын мээр Э.Бат-Үүлийг 18 жилийн өмнөх аллагатай, Баабарыг хууль бус тэтгэвэртэй… гэхчлэн аль л нэр хүндтэй, хийсэн ажилтай хэсгээ муу зүйлд нэр холбон ил болон эчнээ байдлаар яллажээ. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээсээ эхлээд л зөвлөхүүд, сайдууд, гишүүд, тэрчлэн Ерөнхийлөгч нь хүртэл өнөөдөр бүтэн нэргүй үлдэж байна.
Ер нь Ардчилсан намд өнөөдөр нэр бүтэн хүн үлдсэн үү?! Бүтэн нэр, бүлээн зүстэй лидергүй болтлоо өөрсдийнхөө гарт гутаагдсан энэ нам ард түмний өмнө ахиад нүүр бардам, нуруу тэнэгэр зогсч чадах эсэх ч эргэлзээтэй. Нэгэн цагт коммунизмыг нураасан тэд өдгөө ардчиллаа нураахад ч бэлэн болтлоо өөрчлөгджээ. Шалтгаан нь ард иргэдээс тэдэнд итгэж өгсөн албан тушаал, эрх мэдэл үү? Яг одоо амжиж өөрсдийгөө өөрсдөөсөө аврахгүй бол ард түмэн ардчиллаа ардчилагчдаас хамгаалах хэрэг гарах вий…
иргэн