Будда ийн өгүүлжээ: “Хэдий муу төрлөөс хэлтрэвч хүний төрлийг олох нь ховор завшаан. Хүний төрлийг оловч зургаан мэдрэхүй бүрдэх нь ховор завшаан. Зургаан мэдрэхүй бүрдэвч Буддагийн цаг үед мэндлэх нь ховор завшаан. Буддагийн цаг үед мэндлэвч гэгээрсэн багштай учрах нь ховор завшаан. Гэгээрсэн багштай учравч зүрхний угаас итгэх нь ховор завшаан. Зүрхний угаас итгэвч билиг ухаан сэрэх нь ховор завшаан. Билиг ухаанаар сэрэвч сахил дадлаас хэтийдэх нь ховор завшаан.

Буддагийн үрс ээ! Та нар надаас түмэн бээрийн хол байвч миний сургаал зарчмыг санаж бясалгаваас гэгээн хутгийг олох нь гарцаагүй. Дэргэд минь байж, дүрийг минь үргэлж хардаг ч гэлээ сургаал зарчмыг огоорсон хүн хэрхэвч гэгээрэхгүй.”

(Дөчин хоёр бүлэгт судраас)


Энд долоон ховор завшааныг дурджээ. Эдгээрийг ухаарах нь гэгээрлийн замд жигүүр болох учраас Будда олон хэлбэрээр дахин давтан өгүүлдэг. Эхнийх нь: Хүмүүн төрлийг олох ховор завшаан. Яагаад нохой, үхэр, илжиг, эсвэл мод, чулуу болсноос хүн болох нь эрхэм дээд хувь заяа вэ? Хүн төрлөөс бусад бүх байгаль гүн нойронд умбаастай. Хэдийгээр чи сэрээгүй ч гэсэн сэрүүн, унтаа хоёрын завсар байгаа юм. Зарим өглөө орондоо эргэж хөрвөн хэвтэх үе байдаг шүү дээ. Босох цаг болсныг мэдэж байгаа ч нойрноосоо салж ядах. Эргэн тойрон хүмүүс босч, ажил амьдрал эхэлж байгаа чимээ шуугианыг сонсох мөртлөө нүд чинь аниастай, нойрмог хэвээр. Нойрондоо нэг орж, нэг гарсан янзтай. Хүний төрөл үүнтэй адил. Бүхий л байгаль “сушупти” буюу зүүд ч үгүй нойронд байхад хүн харин зүүдний төлөвт байдаг. Зүүдэлж байгаа бол чи бөх унтаагүй гэсэн үг. Мэдээж бас сэрж амжаагүй байна. Зүүд нойрноос бүрэн сэрсэн нь Будда юм. Харин чи адгуус амьтан, Будда хоёрын дунд оршном.

Жаахан чармайх юм бол сэрэх боломжтой учраас Будда хүн төрлийг аз завшаан гэж хэлдэг. Нохой чармайсан ч сэрж чадахгүй. Мод хэдий хичээсэн ч сэрж чадахгүй. Мод хичээсний үрээр нохойн төрөлд дэвшиж болно. Нохой хичээсний үрээр хүн төрлийг олж болно. Жинхэнэ сэхээрэл хүн болсон үед л боломжтой. Бурханд хүрэх зам хүн төрлөөс эхэлдэг. Тэнгэр төрөлтөн – дэва нар ч хүн шиг завшаантай биш гэж Дорно дахинд үздэг нь гүн утга учиртай.  Адгуус амьтад бөх нойронд живдэг бол тэнгэр төрөлтнүүд есөн шидийн амтат зүүдэнд умбадаг. Тэнгэрийн ертөнц бол зүүдний ертөнц. Амтат зүүдний ховсоос гарах туйлын хэцүү. Тэг дунд нь орших учраас хүний төрөлд гэгээрэх боломж бусад төрлөөс хавьгүй их ажээ.

Хэдий муу төрлөөс хэлтрэвч хүний төрлийг олох нь ховор завшаан.

Асар их хичээл зүтгэлийн эцэст чи хүн болж төрсөн. Энэ төрөлд хүрэхийн тулд сая сая амьдралыг туулсан. Тэгчихээд идэх, уух, зугаацах төдийхнөөр энэ чөлөө учралыг үрвэл дэндүү харамсалтай. Залбирал, бясалгал ярихаар л “Тийм зав хаа байна?” гэж хүмүүс толгой сэгсэрдэг. Тэгсэн хэрнээ ууж идэх, унтаж хэвтэх, хэсүүчлэх болохоор цаг зав нь мундахгүй. Хэчнээн ч цагаар зурагт ширтэж, хэрэгтэй хэрэггүй хов жив хөөцөлдөнө. Шалдар булдар зугаа эргүүлдэж суухад нь “Юу хийж байгаа юм бэ?” гэвэл “Цаг нөгчөөж байна” гэж хариулах. Цагийг та нар нөгчөөдөг үү, цаг хугацаа та нарыг нөгчөөдөг үү, бодож үзээрэй. Урсан өнгөрөх хором бүрээр үхэл рүүгээ дөтөлдөг болохоор уг чанартаа цаг хугацаа та нарыг нөгчөөдөг юм. Энэтхэгт цаг хугацааг “Кал” гэж дууддаг. Үхлийг ч бас “Кал..”. гэсэн язгуурт үгээр нэрийддэг. Цаг хугацаа бол эрлэгийн элч юм. Хүн болж төрөх нь ховор завшаан боловч түүнийг алдахад маш амархан учраас Будда бидэнд сануулж байна.

Хүний төрлийг оловч зургаан мэдрэхүй бүрдэх нь ховор завшаан.


Хэдийгээр хүн болж төрсөн ч мэдрэх, сэтгэх эрхтэн дутуу байж болох. Оюуны хомсдолтой хүн яагаад ч Будда болж чадахгүй шүү дээ. Будда болохын тулд агуу билиг ухаан хэрэгтэй. Мэдрэхүйн эрхтэн аль нэг нь дутмаг бол тун хэцүү. Сэхээрэлд мэдрэхүй суурь болж өгдөг. Хараатай, харалган хоёр хүн тэс өөр төлөвт оршдог. Хараатай хүний мэдрэмж хавьгүй илүү. Учир нь, нүд бол биеийн хамгийн мэдрэг хэсэг. Мэдрэхүйн наян хувь нь нүдэнд хамаардаг. Тэгэхлээр сохор хүний хүртэмж хорин хувьтай л гэсэн үг. Сохор хүн маш уйтан, харанхуй шоронд амьдардаг. Түүнээс хэлтрэхэд тун бэрх. Гадна талын нүд чинь тодорхой дохио, гялбааг хүртээдгээс улбаалж чи дотоод нүднийхээ тухай бодож эхэлдэг. Гадна талыг харах нүдгүй хүн дотоод үзэхүй, гуравдахь нүдийг ч ойлгож сэхээрч чадахгүй. Түүний бүх амьдрал өнгөгүй байна. Өөр дээрээ төсөөлөөд үз. Хэрвээ чи сарнай цэцэг, солонгын өнгө, ургах жаргах нарны туяаг хэзээ ч үзээгүй, хайртай хүнийхээ дотно харц, гоо үзэсгэлэн, хүүхдийн хиргүй тунгалаг нүд, эсвэл гэгээрсэн нэгний сүр жавхланг огтоос хараагүй бол ямар байх вэ?

Будда сэрэл мэдрэмжийг буруушаадаггүй нь эл үгээс харагдаж байна. Сэрэл бол муу зүйл биш, гагцхүү шунал тачаалд хүлэгдэх нь муу гэж Будда хэлдэг. Хэрэв чи нүдээ шунал тачаалын хэрэгсэл болгож ашиглах аваас нүд чинь будангуй болно. Тачаалд автсан будангуй нүдэнд гоо сайхан үгүй. Нүдээрээ чи хүчирхийлэл үйлдэж байгаа тул хүнлэг биш, адгууслаг болж байгаа юм. Шунал тачаалгүйгээр сэргэг, мэдрэг байх юм бол нүд чинь тунгалаг болж, хараа чинь гүнзгийрнэ.

Бусад мэдрэхүйн хувьд ч адилхан. Өглөө эртийн шувуудын жиргээ, хөхөөн донгодоо, хулсан жимбүүрийн эгшиг, хайрын дуу, гунигийн аялгууг дуулж байгаагүй хүн хэчнээн ядмаг билээ. Хүн болж төрөх, тэр тусмаа мэдрэхүйн эрхтэн бүрэн бүтэн байх нь ховор нандин завшаан шүү гэж Будда сануулж байна. Өөрт олдсон энэ аз завшааныг ашиглаж, илүү сэргэг мэдрэг бай. Шуналд авталгүй сэрж мэдрэхийн хэрээр өөртөө энерги хуримтлуулна. Шуналын тоос, хүслийн манан үгүй бол мэдрэхүйн цонх тунгалагшиж, тэрхүү тунгалаг мэдрэхүйгээр гадаад, дотоод ахуй учралдана.

Зургаан мэдрэхүй бүрдэвч Буддагийн цаг үед мэндлэх нь ховор завшаан.


Хүн болж, эрхтэн бүтэн байлаа ч Буддагийн үед мэндлээгүй бол чанадын нууцтай холбогдож чадахгүй. Гэгээрсэн нэгэн бээр эгэл ертөнцөд үл мэдэгдэх чанадыг илэрхийлэгч юм. Тэрээр Бурханы гэрлийг хорвоогийн түнэр харанхуйд авчирдаг. Тэр бол ухамсрын үнэмлэхүй цэцэглэл. Бодоод үз. Хэрвээ Будда мэндлээгүй бол энэ дэлхий тэс өөр байх байсан. Түүнийг ирснээр түүх шинээр эхэлдэг. Буддаг байх үед бясалгал хийхэд туйлын дөхөм. Дээдийн хүч чамайг аяндаа л адислана. Төгс гэгээрсэн багшийг эзгүй үед бясалгал хийх гэвэл асар их бартаатай орь ганцаар нүцгэн гараараа тулалдахад хүрнэ. Тэр бүхнийг давж гарах боломж барагтаа байхгүй.

“Зөв зүгт салхи үлээж байх үед завиндаа суугаад, хүлээж байхад л болно. Зовж зүдрэхгүйгээр чи зорьсон газраа хүрнэ” гэж Рамакришна хэлдэг байсан. Будда бол бүх ертөнцийг Бурхан зүгт туугч хүчит салхи, эрчимт урсгал юм. Тэр урсгалд завиа оруулчихад л болно.

Буддагийн цаг үед мэндлэвч гэгээрсэн багштай учрах нь ховор завшаан.


Гэхдээ энд бэрхшээл бий. Буддатай нэг үед амьдарч байсан ч учрахгүй өнгөрч болно. Гол нь чиний эгосадаа болдог. Хэн нэгнийг гэгээрсэн буюу өөрөөс нь хэтийдсэн гэдэгт эго итгэхийг хүсдэггүй. Тийм учир Будда дээр очихгүй байх мянга нэгэн шалтгийг сэдэж, түүнийг хууран мэхлэгч гэж нотлохыг оролдоно. Хүмүүс Буддагаас “Танд нотолгоо байна уу? Хэн таны гэгээрлийг гэрчлэх вэ?” гэж асуудаг байсан. Энэ бол мулгуу асуулт. Буддаг хэн баталж нотлох юм? Дотоод чанад, орь ганцаар ахуйд болсон тэр явдлыг өөрөөс нь өөр хэн ч харахгүй шүү дээ. Энэ бол хорвоогийн явдал биш, хорвоогоос хэтийдсэн явдал. Тийм болохоор Будда өөрөө өөрийгөө л гэрчилж чадна. Хэлж ярьж байгаа нь судар номтой нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар хүмүүс Буддаг үгүйсгэдэг. Яаж нийцэх билээ дээ? Хэн нэгэн гэгээрэх аваас энэ дэлхийд урьд өмнө байгаагүй цоо шинэ билгүүн харааг тусгадаг. Буддагийн хэлж байгаа зүйлийг чи Вэд, Упанишадаас эрээд олохгүй. Гэгээрсэн хүн уламжлалаас хол хөндий, хувьсгалч байдаг. Учир нь, үнэн өөрөө уламжлалт бус, хувьсгалч чанартай.

Христийг ирэхэд Жүүдүүд хуучин судраасаа лавласны эцэст өөрсдийнх нь хүлээж байсан Мэссия биш гэж үзээд цовдолж орхисон. Тэдний төсөөлсөн дүр зурагт Христ нийцээгүй хэрэг. Хүмүүс судар бичигт найддаг. Гэтэл судар бичиг нь үхмэл. Та нар өөрсдөө тэдгээрийг цуглуулж эмхтгэж, тайлбарладаг болохоор тэр. Судар дотор үг л бий. Үгээс жинхэнэ утгыг та нар олж чаддаггүй. Хэвшмэл үзэл, хийдэм төсөөллөө л юүлж орхидог. Харахыг хүссэн зүйлээ л та нар хардаг. Хүсээгүй зүйлээ олж харахгүй. Хэн нэгнийг гэгээрсэн байдлаар харахыг эго хүсэхгүй нь мэдээж.

Таних, танихгүй хэнийг ч буруутгаж яллахад хүмүүс дуртай байдаг. Баталгаа нотолгоо тэдэнд сонин биш. Хэрвээ үнэхээр баталгаа эрдэг байсан бол энэ дэлхий юунд ийм их хов живэнд живэх билээ дээ? Гол нь өрөөлийг буруутгах далимд өөрийгөө чи илүү дээр гэж мэдэрч, эгогийн таашаал эдэлдэг юм. Тийм болохоор бусдын муу муухайд шууд л итгэдэг. Харин бусдыг гэгээрсэн юм уу, агуу бясалгагч болсон талаар сонсох юм бол даруй эргэлзэж, үгүйсгэнэ. Сонсох мөртлөө сонсохыг хүсэхгүй. Өрөөлийг өөрөөсөө илүү гэж сонсох нь эгод ичгүүр гутамшиг болдог. Ийм учраас Будда энэ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх туйлын бэрх.

Цөөхөн хүн л түүнийг харж чаддаг. Энэ бол усан нүдээр харах явдал биш. Шавь болж, зүрхээ нээхгүйгээр Буддаг харах боломж байхгүй. Түүнийг нэгэнтээ харсан бол урьдын хүн биш болно. Асар хүчтэй таталтын нөлөөгөөр чиний бүх амьдрал хаос төлөвт орно. Тэгээд тэр хаосоос шинээр төрнө. Өнгөрсөн амьдрал, шинэ төрөл хоёрын дунд галав юүлэхээс аргагүй.

Гэгээрсэн багштай учравч зүрхний угаас итгэх нь ховор завшаан.

Буддатай учирсан ч зүрхний угаас итгэж чадахгүй өнгөрч болно. Итгэл гэдэг үгийг үзэл суртлын итгэл үнэмшлээр ойлгуузай. Христианчууд Эцэг, Хүү, Ариун сүнс гэсэн гурвалд итгэдэг, эсвэл Хиндүчүүд Бурханы гурвал дүрд итгэдэг гэх. Энэ бол таамаг тооцоо болохоос итгэл биш. Чинхүү итгэл нь хайр дурлалтай адил зүрхний мэдрэмж. Үзэл суртал, теологи түүнд хамаагүй.

Мэжну хайрт Лэйлаг нь гоочилж, хаант улсынхаа сувд эрдэнэ шиг хүүхнүүдээс дуртайгаа сонгохыг санал болгосон хаанд хандан “Та үнэхээр Лэйлаг харъя гэвэл миний нүдээр харах хэрэгтэй. Мэжнугийн нүдээр харахгүй л бол Лэйлагийн сайхныг мэдрэхгүй” гэж хэлдэг. Шавь хүн Мэжнутай адил. Тэрээр хайрандаа хөлчүүрч, дурлалдаа мансуурсан нэгэн. “Энэ бол ховор завшаан” гэж Будда хэлжээ. Шавь хүн Буддагийн оршихуйд татагддаг. Түүнээс цацрах гэрэл гэгээг зүрхэн тольтдоо хүртдэг. Тэр гэрэл бол Буддагийн логик биш, философи биш. Будда дув дуугүй байсан ч шавийн хувьд ялгаагүй. Эсрэг, тэсрэгээр ярьж байсан ч мөн хамаагүй.

Зүрхний угаас итгэвч билиг ухаан сэрэх нь ховор завшаан.

Зүрх чинь хайр, сүсгээр бялхавч энэ бол төгсгөл биш, зөвхөн эхлэл юм. Чиний өмнө үүд нээгдлээ гэсэн үг. Одоо дотогшоо орох хэрэгтэй. Эс бөгөөс чи бурханы өргөөг танихгүй хэвээр үлдэнэ. Буддад итгэх сайн хэрэг. Гэхдээ итгэх төдий нь туршлага биш. Буддад учирсан тэр зүйлийг чи өөрөө амсах учиртай. Тэгж гэмээнэ үндэс суурьгүй байсан итгэл чинь өвтэгш болно. Уг суурийг логикоор бүтээхгүй, бодит амсуургаар л бүтээнэ. Өөрөө амсч мэдсэн цагт чи “Би Буддад итгэдэг” гэж хэлэхгүй. “Би мэддэг” гэж л хэлнэ.

Сүсэг бол жинхэнэ мэдлэгийн орлогч юм. Гэхдээ эхлээд сүсэглэх хэрэгтэй. Хэтийдсэн нэгэнд сүсэглэснээр чи түүнээс ирээдүйн хувь заяагаа олж харна. Өчүүхэн үр аварга мод болон ургах боломжоо сэхээрнэ. “Би ч гэсэн цагтаа чам шиг үр байсан юм” гэж модыг хэлэхэд үр дотор урам зориг бадардаг. Хэрэв модыг хараагүй бол тэр хэзээ ч мод болохыг мөрөөдөж зүрхлэхгүй. Буддагийн цаг үед мэндлэх нь зол завшаан гэдгийн учир энэ. Аварга модны долгион өчүүхэн үрэнд хүрснээр түүнийг цочроон сэрээдэг. “Би бол тохиолдлын нэг тоосонцор биш. Дотроо агуу их илгээлтийг тээж яваа нэгэн юмсанж. Одоо түүнийгээ задалж нээх л хэрэгтэй. Би найлзуур болон цэцэглэж, анхилгаа арван зүгт түгээх болно” гэж анх удаа амьдралынхаа утга учрыг харж, баясан догдлох болно.

Буддаг харснаар Будда болох өөрийн боломжийг ухаарах нь итгэл сүсгийн утга учир. Гэхдээ сүсэг төдий нь хангалтгүй. Боломжийг бодит биелэл болгохын тулд маш их хичээн зүтгэх учиртай. Үр хөрсөнд орж, задарч байж нахиа болон мэндлэх ёстой. Үер ус, жавар салхи, аянга цахилгаан, хүн амьтны хөл үймээн гээд үй түмэн саад тотгор бий. Аварга мод болох боломжийг агуулсан хэдий ч шинэхэн нахиа яг одоогоор сул дорой, эмзэгхэн билээ. Түүнд ивээн халамжлагч, цэцэрлэгчин хэрэгтэй. Багш ийм л утгатай. Багшийг сонгож байгаа нь цэцэрлэгчийг сонгож байна гэсэн үг. “Биеэ дааж хүчирхэг болох хүртэл минь намайг асран хамгаалж өгөөч” гэж чи түүнээс гуйж байгаа юм.

Билиг ухаанаар сэрэвч сахил, дадлаас хэтийдэх нь ховор завшаан.

Бүх сахилын зорилго нь сахилаас гэтлэх, бүх дадлагын зорилго нь дадлагаас ангижрах. Жишээ нь, чи өдөр тутам бясалгаж байснаа нэг өдөр таслахдаа сэтгэлийн тойрогт эргэн орж байгаа бол үлэмжийн төлөвт хүрээгүйн шинж. Бясалгал үйлдсэн ч, эс үйлдсэн ч ялгаагүй бясалгагч хэвээр байх тийм төлөвт хүрэхийн төлөө яв. Бясалгал чиний оршихуй болж хувирах үед сайныг бүтээж, саарыг тэвчих хичээл зүтгэл шаардлагагүй болно. Үүнийг Будда ‘чанадад хүрэхүй’ гэж нэрлэдэг. Энэ бол долоодахь буюу хамгийн сүүлчийн, үнэмлэхүй зол завшаан. Эхлэл нь хүн болох байсан бол төгсгөл нь бурхан болох. Бурхан болох гэдэг нь байгаль шиг энгүүн, хүүхэд шиг цайлган агаад хүчин чармайлтгүй төгс төгөлдөр сэрүүн тунгалаг байхыг хэлнэ.

Буддагийн үрс ээ! Та нар надаас түмэн бээрийн хол байвч миний сургаал зарчмыг санаж бясалгаваас гэгээн хутгийг олох нь гарцаагүй. Дэргэд минь байж, дүрийг минь үргэлж хардаг ч гэлээ сургаал зарчмыг огоорсон хүн хэрхэвч гэгээрэхгүй.

Сахилгүй сахил, хүчлэлгүй төвшин - Дао буюу Дармагийн төлөв, Кабирын хэлдгээр “Сахаж” – Аясаараа байхуйд хүрэн хүртлээ бүү зогс. “Миний дэргэд байлаа ч сургаалыг минь зүрх сэтгэл, буй байдалдаа нэвчээн шингээхгүй бол чи надаас түмэн бээрийн хол байх болно. Хэдий түмэн бээрийн хол байлаа ч сургаалыг минь дагах юм бол чи надтай хамт байж, гэгээрэх нь эргэлзээгүй” гэж Будда хэлжээ.

Буддад ойртох цорын ганц арга нь түүний зам мөрийг дагах. Энэ бол хором тутам сэхээлэг байхын нэр. Эцсийн дүнд чи өөрөө Будда болно. Тэгж байж л гэгээрэхийн цог жавхлан, утга учрыг жинхэнээсээ ойлгоно. Энэ ухамсар яг одоо чиний дотор байгаа. Чи харахгүй байж магад, би харж байна. Энэ бол толь мэт тунгалаг чанар. Толин дахь тусгалаар л өөрийгөө төсөөлж яваа чинь эндүүрэл. Өөрийгөө бие цогцос гэж бүү хар. Оюун бодол, сэтгэл хөдлөл гэж бүү бод. Өвчин шаналал, баяр таашаалтай бүү ижилс. Тусгалыг биш, тунгалаг гэрчийг ямагт санаж бай. Тэр хэрээр толь мэт чанар оршихуйд чинь түгэх болно. Өөрийгөө билгүүнтоль хэмээн бүрэн ухамсарласан өдрөө чи эрх чөлөөтөн болно. Гэтлэхүйн хутаг – Нирваан гэж түүнийг хэлдэг.

Эх сурвалж: “Discipline of Transcendence” by Osho.