Эхний хэсгийг уншихаар бол ЭНД дарна уу


    Бага сургууль дээр нь очсоны маргааш нь, Г.Гандэлгэрийн сурч байсан дунд сургуульд нь очиж Ким Кюн-Сү дээр багштай уулзав. Бага сургуулийн хөлбөмбөгт тактик, техникийн үндсэн чадваруудыг түлхүү заадаг бол, дунд насанд дасгалууд харьцангуй хүндэрсэн байлаа. Ер нь хөлбөмбөгийн дасгалууд хэлбэр нь өөр болохоос тийм ч олон биш. Дасгалуудыг нэгд нэгэнгүй бичиж буулгаад, энэ насанд ийм бэлтгэл хийнэ гээд өдөр өдрөөр нь товлочихсон байв. Хөлбөмбөгийн холбоо, дасгалжуулагчиддаа энэ талын хичээл, сургалт, зөвөлгөө өгч холбооноос өгсөн суурин дээр өөрсдийн арга барилаа оруулж өгнө. Ингээд л 18 нас хүртэлх бүх хүүхдүүдийн бэлтгэлийн дэс дараалал ойлгомжтой болж байгаа талаар бидэнд тайлбарлаж өглөө. Тэгэхээр дасгалжуулагчид цаанаасаа бодлогоор гаргаж өгсөн бэлтгэлийг хийлгэнэ. Европын клубууд адилхан дасгалууд хийлгэдэг боловч, аль бэлтгэлийг түлхүү хийлгэх болон дасгалжуулагчийн хүүхэдтэй уйгагүй ажиллах чадвар, зөвөлгөө өгөх нь ялгаатай.

    Солонгосын хамгийн том давуу тал бэлтгэлийг үнэхээр сайн хийлгэдэг. Үндсэн техникийг машин шиг болтол нь хийлгээд, 16 нас хүрэхээр нь хүчний бэлтгэлийг түлхүү хийнэ. Учир нь солонгосчууд бие бялдарын хувьд европуудын хаана ч хүрэхгүй. Эндээс л И Юн-Сү профессорын системд өөрчлөлт хэрэгтэй гэдэг үгийн зангилаа тайлагдах шиг болсон. Солонгосчууд үндсэн техник, тактик, хүчний бэлтгэлд хамаг анхаарлаа хандуулснаар толгой ажиллах болон тухайн нөхцөлд зохицох уян хатан тоглолтын тал дээр дутмаг байв. Яг л нэг ижил машинууд шиг. Г.Гандэлгэр солонгосын академид сурч байгаад, англид очоод эхний бэлтгэлийнхээ дараа толгойгоо барьсаар гарч ирсэн гэдэг. Учир нь английн Күинс Парк Рэйнжэрст хийсэн бэлтгэл дэндүү их толгой ажиллах шаардлагатай байсныг хэлж байлаа. Үйлдэл болгон хувь тоглогчийн чадвараас гадна толгойгоо ажиллуулахыг шаардана. Жоохон будилвал бөмбөг эсрэг багт. Харин солонгост хэвэнд цутгасан юм шиг үндсэн техник, хүчний бэлтгэл. Ямарч уян хатан чанар, шийдэмгий зоримог үйлдэл байхгүй. Гэхдээ солонгост үүнээс өөр сайн арга байхгүй. Эхний ээлжинд ингэж л европын багуудтай эн зэрэгцэнэ. Дараа нь дутуугаа нөхнө.

    Бага болон дунд сургуульд очсоныхоо дараа өөр нэг ажигласан зүйл гэвэл солонгосын соёл. Соёлоосоо болж амжилтанд нь нөлөөлдөг тухай Г.Гандэлгэрээс олон мэдээлэл сонсов. Насны ялгаа ихтэй, ах нар дээрэлхэх нь элбэг. Бага насны хүүхэд сайн тоглоод байвал, ах нар дургуйцах хандлагатай бөгөөд гол нь, дүү нар яаж ч чадахгүй. Өөрөөсөө ахмад хүнтэй заавал мэхийж ёсолно. Ах захаа хүндлэх ёстой гэсэн дээд хэлбэр энэ улсад оршин тогтнож байх шиг. Хүүхдүүд нь маш хүмүүжилтэй (магтмаар!), сургууль нь заримдаа оршуулганд байгаа мэт дуу чимээ багатай. Ийм орчинд өссөн хүүхдээс тэсэрсэн том юм гарах уу! Бүрэг, ичимхий, даруухан, ёсолсон, хүндэтгэсэн байдал үргэлж харагдана. Уг нь замбараагүй байснаас хамаагүй дээр боловч, эндээс тэсрэлт хүлээгээд нэмэргүй. Харин европт тоглож байгаа хэд нь сайхан эсэргүүнээд болоод ирнэ. Зан чанарын хувьд ч үйлдвэрийн бүтээгдэхүүн болох нь спортод сөрөг талтай. Сахилга бат хэт ихэдсэн гээд ойлгочиж болох байх. Энэ систем, энэ соёлоос тэсэрсэн тоглогч гарах нь эргэлзээтэйг, дунд сургуульд очих үедээ тодорхой олж харсан юм. Хэрвээ Г.Гандэлгэр англи руу яваагүй солонгост хөлбөмбөгөө үргэлжлүүлсэн бол энэ хэмжээнд хүрэхгүй гэдгээ хэлж байв. Английн хөлбөмбөг тэс өөр, хамаагүй ахисан шатны хөлбөмбөг тоглодгийг тайлбарлаж байлаа.

    Дунд ангийн (одоо ахлах анги) багийн ахлагчтай уулзаж байхад: "Багадаа атаман байсан одоо даруухан болж. Довтлогч байсан чинь одоо 6 номер өмсчихсөн байна, хагас хамгаалагч болсон бололтой” гэж хэлэв. Хэсэг ярилцахад ямар сургуульд орохоо шийдээгүй байгаа гэлээ. Тамирчин болно гэдэг ямар эрсдэлтэй зүйл болохыг солонгос хүүхдүүд сайн мэдэж байв. Мэргэжлийн тамирчин болвол төсөөлөшгүй их хөдөлмөр зарж, дээр нь аз туршсан том талбарт орно. Манайх шиг хүүхдүүдийг баруун солгойгүй тамирчин нэртэй болгож амьдралыг нь баллахгүй. Тамирчин болвол ямар хүнд зам туулах, 30 нас гараад кареер нь дуусахаар яах уу гэх мэт бүх мэдээллийг багш, эцэг эхтэйгээр ярилцана. Ер нь өндөр хөгжилтэй улсууд хүүхдийн ирээдүйг сэтгэлийн хөөрлөөр шийдэхгүй маш их анхаарч үзэж байгаа нь уулзсан хүн бүрээс харагдаж байлаа.

    Дунд сургуульд очсоныхоо дараа, БНСУ-ын бүх цаг үеийн шилдэгүүдийн нэг Пак Жи-Суны зодог тайлах тоглолтыг үзэхээр Сөүлийн Ворлд кап цэнгэлдэхийг зорив. 2002 оны дэлхийн аваргын нээлтийн тоглолт болж байсан уг цэнгэлдэх 66 000 хүний суудалтай. Пак Жи-Суны найзуудын баг, К-лигийн (Солонгосын хөлбөмбөгийн лиг) бүх оддын багийн эсрэг тоглох болж, Гүүс Хиддинк найзуудын багийн дасгалжуулагчаар ажиллав. Солонгосчууд хөлбөмбөгийн шоуг талбай дээр утгаар нь хийлээ. Бүх зүйлийг анхнаас нь бэлдэж найруулсан хөлбөмбөгийн тоглолт. Японы Мияамото, Хойд Солонгосын Жон Тэ-Си тэргүүтэй бусад азийн тоглогчид оролцсон энэ тоглолтыг үзээд, азийн хөлбөмбөг ямар өндөр түвшинд хүрснийг сайн харж авав. Өндөр зэрэглэлийн шоуг сайн тамирчид л хийдэг шиг, хамаагүй өөр байлаа. Европт тоглодог тамирчид харьцангуй их болсон байв. Тухайлбал Пак Жи-Суныг европт гарахад бидний уулзсан И Юн-Сү профессор гол нөлөө үзүүлсэн юм. Энэ тухай багахан түүх өгүүлье.

    2000 оны үеэс азийн эдийн засаг урьд өмнөхөөсөө өссөний нэг илрэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ази тивд өгсөн нь байлаа. Зохион байгуулагч Япон, БНСУ-ууд (БНХАУ анх удаа оролцсон) өндөр амжилт гаргаснаар ази тоглогчдын дэлхийд тоглох боломж үлэмж нэмэгдсэн юм. 1990-2000 оны үед Хидетоши Наката, Али Даей зэрэг тоглогчид европт тоглож байсан бол, 2002 оны дэлхийн аваргын дараа гарын арван хуруунд багтахааргүй тоглогчид европын талбайд тоглох болсон. Бүр хятадаас гэхэд Сун Жихай, Ли Тие, Ли Вэйфэн, Жэн Жи, Дон Фанжуо нар зөвхөн премьер лигт тоглох болсон юм. Англид тоглох нь европ тоглогчдын өөрсдийнхөн мөрөөдөл байхад, азиудын түрлэг илт түргэссэн. Япон, БНСУ-аас илүү олон тоглогч Европт гарсан нь ойлгомжтой. Азиуд хичнээн авьяас байгаад европт гарна гэдэг амар биш. Хөлбөмбөгчин сайн агентгүй бол цааш явахгүй. Европт авьяаслаг тоглогчид хэдэн мянгаараа бий. Дээр нь Балканы хойгоос дүрвэгсдийн үр удам баруун европоор нэг тарчихсан, урдаас африкууд олноороо цагаачлах болсон ийм талбар дээр, ганц хоёрхон чадварлаг ази (үнэхээр чадварлаг шүү), эсвэл багаасаа европт өссөн азиудад боломж олдож байсан юм. Азиудад (Япон, БНСУ, БНХАУ) харин хэд хэдэн давуу тал байсан нь, хөлбөмбөгийн холбооны ухаалаг бодлого, улсын эдийн засгийн өсөлт. Гүүс Хиддинк 2002 онд чансаа муу Өмнөд Солонгосыг дэлхийд таниулсныхаа дараа нутгийнхаа Айндховэнийг дасгалжуулахаар явав. Солонгосын Хөлбөмбөгийн Холбооныхон буюу И Юн-Сү профессор тэргүүтнүүд, Хиддинк болон БНСУ-ын томоохон компаниудтай тохирч ази тоглогчдыг Айндховэнд оруулахаар ярилцсан юм. Хиддинк тоглогчдоо сайн мэдэх учраас ирээдүйтэй залуу тоглогч Пак Жи-Сун, И Ён-Пё нарыг Айндховэнд авав (дараа нь Пак Жи-Суныг Манчэстэр Юнайтэд, И Ён-Пёг Тоттэнхэм авсан). Энэ хоёр тоглогч, чадварын хувьд ч муугуй байсан болохоор удалгүй гарааны тоглогчид болж, аваргуудын лигийн хагас шигшээ хүртэл гараанд тоглож байлаа. Япон, Солонгосын том компаниуд өөрсдийн тоглогчдоо худалдаж авах мөнгийг европын клубт шилжүүлж, клуб бараг үнэгүй шахуу шинэ тоглогчтой болж байлаа.

    Энэ талбарт азид хөгжөөн дэмжигч сайтай Манчэстэр Юнайтэд сайн тоглолт хийсэн. Мэдээж мундаг мэнэжэр Сэр Алекс Фэргюсонтой холбоотой. Юнайтэдийн азийн зах зээлийг авах бодлого, азиудын европт гарахтай “мөргөлдөж” Хятадын Дон Фанжуо, дараа нь Солонгосын Пак Жи-Сун нарыг клубтаа элсүүлэв. Энэ хоёр тоглогчийг авахад азийн том компаниуд үнэ болон цалинд нь оролцсон. Сүүлд Шинжи Кагаваг авахад японы компаниуд Манчэстэр Юнайтэдад худалдаж авах мөнгийг нь “төлсөн”. Зөв бодлогыг эдийн засагтайгаа уяж чадвал богино хугацаанд хөлбөмбөг хөгжих боломжтойг азиуд өндөр түвшинд харуулж байна. Манай хөлбөмбөг зөв бүтцэд шилжиж, лиг нь чанаржаад эхэлвэл том компаниуд тоглогчдын европын талбарт гарахад туслах байх. Туслах ч гэж дээ, бусад улс орон шиг харилцан ашигтай байдлаар ажиллана. Одоогоор дотооддоо системгүй байгаа нь азийн хэмжээнд тоглох тамирчдыг гаргах ч хэцүү байна. Харин Г.Гандэлгэр шиг багаасаа өндөр хөгжилтэй улсын академиар явсан хүүхдүүддээ түшиглэж, хөлбөмбөгийн шинэ од, шинэ нүүр царай, өндөр зэрэглэлийн тоглогчтой болох боломжуудыг хайж болох юм.

    Бидний ажил, уулзалт шахуу байлаа. Маргааш өглөө нь Хойд Солонгосын эргийн наах нь орших Пажу хотод байрлах хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн бааз, Үндэсний хөлбөмбөгийн төвд зочилов. Сургалтын баг, техникийн албаны ахлах Ким Жон-Юн биднийг бэлтгэлийн баазтайгаа танилцуулж монголоос өндөр зэрэглэлийн тоглогч гарч байгаад баяр хүргэлээ. Г.Гандэлгэрийн насыг асууж 19-тэй гэхэд, маш их ирээдүй хүлээж байна даа гэв. Зургаан том талбайд нас насны шигшээ багууд бэлтгэл хийдгийг танилцуулж, удахгүй болох 16 хүртэлх насны дэлхийн аваргад оролцох хүүхдүүд дээр авчирав. Дасгалжуулагч нь таньдаг хүн байлаа. 2002 оны дэлхийн аваргын гараанд тоглосон хамгаалагч Чой Жин-Чол. Гүүс Хиддинкийн арын гурван хамгаалагчийн баруунд тоглож, Хон Мүн-Бо, Ким Тэ-Юн нартай төвийн гурвалыг үүсгэж байсан юм. Энэ тухай ярилцахад сургалтын багийн ахлахын нүд нь гэрэлтээд явчихав. 2002 он бол солонгосын түүхэнд тодоор бичигдэх үе гэдгийг надад хэллээ. Бэлтгэл хийж байсан 16 насны шигшээгийн хүүхдүүд чадварын хувьд үнэхээр тасархай байв. Биднийг очиход төвөөс жигүүрийн довтолгоонд шилжиж, төв рүү хөндлөн дамжуулалт өгөх хувилбарыг хийж байв. Энэ насанд Барсэлонад тоглодог хоёр хүүхэд бий, нэг нь испани руу явсан гэж сургалтын багийн ахлах хэлэхэд, Г.Гандэлгэр: "Нэгийг нь Чэлси, Ливэрпүүл авах гээд их мөнгө санал болгосон, Барсагийн дараагийн Мэсси гэж яригдах болсон” гэж нэмлээ. И Сеүн-Вү (Lee Seung-Woo) гэж солонгос хүүг яах аргагүй дараагийн Мэсси гэж ярьдаг нь үнэн болж таарав. Бичлэгийг нь үзэж, интэрнэт ухасны дараа солонгос улс удахгүй дэлхийн сүпэр одтой болох нь ойрхон байгааг олж харлаа. И Сеүн-Вү биднийг ирэхээс хоёр долоо хоногийн өмнө дуудагдаад явсан ч, Жан Геол-Хи (Jang Gyeol-Hee) гэж нөгөө хүүхэд нь бэлтгэлээ хийж байв. Гэтэл Паик Сеүн-Хо (Paik Seung-Ho) гэж ахиад нэг хүүхэд Барсад тоглодог, өөр олон солонгос хүүхдүүд европт тоглож байгаа гэлээ. Жан Геол-Хигээс яриа авахыг хүсэхэд ердөө ганцхан асуулт гэж хэлээд түүнийг дуудав. Дараа нь дасгалжуулагч Чой Жи-Чолтой уулзаж ярилцсан юм. Г.Гандэлгэрийг Тоттэнхэмийн хөгжлийн багт тоглож байгаа гэхэд: "Манай олон солонгос хүүхдүүдийн тэнцээгүй шалгалтыг давсан байна” гээд амжилт хүсэв (Дэлгэрэнгүй ярилцлагыг та бүхэн удахгүй Боловсрол суваг телевизээр гарах “Тоттэнхэмийн монгол хүү” нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй). Солонгосын багууд европт хамтарсан бэлтгэл, нөхөрсөг тоглолт, жижиг тэмцээнд оролцох үед европын багууд хүүхдүүд сонгож, сүүлдээ скаутууд нь өөрсдөө солонгост ирж хүүхдүүдийг харах болсон гэж байв. Солонгосын хөлбөмбөг арван жил гарангийн хугацаанд европт тоглох хэмжээнд хүрчээ. Хөлбөмбөгийн холбоо болон хүүхдүүдийн бэлтгэл, сургуулиуд, дасгалжуулагч, мэргэжилтнүүдтэй уулзсанаар, Өмнөд Солонгос хөлбөмбөгийн хувьд европоос суралцах, хуулах үе нь дуусаад одоо өөрсдөө шинийг хийх шатандаа ирснийг ойлгож авсан юм. Дууриаж хуулна, дараа нь зэрэгцэнэ, сул талыг нь олж харна, гүйцэж түрүүлнэ, улмаар шинийг хийж эхэлнэ. Тэгэхээс шууд шинэ юм хийгээд явчихна гэж байхгүй. Гэтэл манайд хуулах, суралцах үе нь ч ирээгүй, эхлээ ч үгүй байгаад сэтгэл гонсойх шиг болсон. Системгүй сургалтаас сайн тоглогч гарч ирэхгүй нь ойлгомжтой. 

     Пажу дах бэлтгэлийн бааз 2001 онд ашиглалтанд орсон.  Биднийг очиход гурван талбайд тамирчид бэлтгэл хийж байв. Талбайнуудыг үзэж сонирхсоны дараа Инчоны наадамд оролцох Хонгкогийн эмэгтэй баг, Солонгосын 14, 16 насны шигшээ багуудтай хамт хоолонд орлоо. Тамирчдын хоол харьцангуй өөр байв. Г.Гандэлгэр ч гэсэн багаасаа тамирчин хүн ямар хоол идэх ёстойг сайн мэддэг учраас монголд очиход хоол нь хүнддэж, тахианы махнаас өөр хоол олдохгүй байсан юм. Зөв хооллолт амжилт гаргах чухал зүйлийн нэг гэдгийг Ким Жон-Юн мэнэжэр ч бидэнтэй хуваалцав. Манай шигшээ баг танайхтай хамтарсан бэлтгэл хийх боломжтой эсэхийг асуухад, бүх насанд ямарч асуудалгүй гэж байв. Хонконгийн баг ирж буцах онгоцны зардлаа даагаад үлдсэнийг нь солонгосын тал хариуцдаг гэж хэлээд танайхыг ч гэсэн урьж болно гэв.  Өдрийн хоолны дараа тамирчдын фитнэсс, массаж, амралтын өрөөгөөр орж үзэв. Гол гол дасгалуудыг Пак Жи-Сун, Пак Чу-Ён тэргүүтэй тамирчид нь өөрсдийн биеэр хийж буй дасгалыг зааж: Хүүхдэд урам зориг өгөх үүднээс алдартай тамирчдаар хийлгээд зураг авсан юм” гэлээ. Пажу бэлтгэлийн бааз 2001 онд байгуулагдснаасаа хойш шинэчлэгдсээр өдий зэрэгтэй болж, европын хэмжээнд ойртсон гэдгийг хэлж байлаа.

    Маргааш нь И Юн-Сү профессор бидэн рүү ярьж Ионсэй их сургуулийн багтай хамтарсан бэлтгэлд Г.Гандэлгэрийг оруулцуулья гэдэг саналыг тавив. Ионсэй их сургуулийн дасгалжуулагч хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн болохоор Г.Гандэлгэрийн тоглолтыг харахыг хүссэн юм. Ионсэй их сургууль 2012 оны их сургуулиудын аварга, 30-40 хувь нь К-лигийн тоглогч болдог хамгийн шилдэг хөлбөмбөгийн сургалттай сургууль байлаа. Солонгост шууд мэргэжлийн хөлбөмбөгчин болно гэдэг эрсдэл өндөр. Европ шиг хэдэн мянган клубгүй учраас их сургуулиар дамжина. Яг л NBA-гийн тамирчид шиг. Чаддаг нь клубт очиж гэрээ байгуулна, чадахгүй нь сургуулиа төгсөөд хөлбөмбөгийн мэргэжилтэн, дасгалжуулагч болно. Гадагшаа бусад лигт өөрийгөө сорьж үзэх тамирчид ч бий. Ки Сун-Юэн (Свонси), И Чун-Ён (Болтон) гэх мэт сүүлд гарсан залуу тоглогчид нь ахлах сургуульд байхдаа мэргэжлийн гэрээ байгуулж, улмаар европын багууд руу явдаг зам бий болжээ.

    Ионсэйгийн бэлтгэл “уламжлал” ёсоор хүчний бэлтгэл голлосон байлаа. Г.Гандэлгэрийн хувьд бэртэл илааршаад удаагүй байсан болохоор шууд хүнд бэлтгэлд оролцох хэцүү байв. Эсвэл бид хүнд бэлтгэлтэй үед нь ирсэн байж магадгүй гэж ярилцаж байсан ч, хөлбөмбөгийн улирал нь дундаа орчихсон үе шүү дээ. Г.Гандэлгэрийг танилцуулж солонгост суралцаж байгаад, англи явж Тоттэнхэмийн коллежид тэнцсэн тамирчин гэж хэлэхэд бүгд алга ташин угтав. Тамирчдаа хоёр хэсэгт хуваагаад нэг хэсэг нь жижиг талбай тоглолт, нөгөө хэсэг нь хүчний бэлтгэл рүү орж, улмаар хэсэг хугацааны дараа солигдож байлаа. Г.Гандэлгэрийг бэлтгэл муутай байгаа юм байна гэж асуугаад, ур чадварын бэлтгэлийг сайн хийж байгаа талаар ярив. Ионсэйгийн их сургуулийн хөлбөмбөгийн багт орж  болно шүү гэж хэлээд, шинэ тоглогчдоор хийлгэж үздэг дасгалуудыг сайн хийж байгаад нь багаараа баяр хүргэсэн юм. Шилбэний арын булчин дээр нь нэг нь дарж байгаад, өвдөглөөд биеэ шулуун урагш дөчин таван градус тогтох дасгал. Нэг секунд ч болтугай тогтох нь чухал энэ дасгалыг манай тамирчин шууд л эхнийхээр хийчихэв. Эхний бэлтгэлийн дараа Г.Гандэлгэртэй ярилцахад багадаа солонгост байхдаа иймэрхүү бэлтгэл их хийж байсан болохоор арай гэж давлаа гэдгээ хэлэв. Маргааш нь өглөөний бэлтгэл 9 цагаас эхэлж жижиг талбайд тоглолт хийлээ. Г.Гандэлгэр бэлтгэлгүй хэдий ч, тоглолтонд шал өөр харагдаж байв. Өөрөө англид довтлогчийн ард тоглодог учраас жижиг зайн тоглолт, нэгийн хүрэлт, байр эзлэлт сайн байхыг хараад яагаад Тоттэнхэмийн коллэжийн гараанд тогтмол гарч тоглодгийг ойлгов. Зан чанарын хувьд доголдолгүй, бэлтгэлээ маш сайн хийдэг чадвар нь хаана ч үнэлэгддэг гэдгийг ах нь хэлсэн юм. Бараг бэлтгэлгүй байсан тоглогч шууд хүнд бэлтгэлд ороход, хажууд нь байсан миний яс хавталзаж байсныг нуух юун. Ах нь зүгээрээ цаадах чинь даваад л гараад ирнэ гэж байлаа. Солонгост багадаа сурч байсны давуу тал эцсийг нь хүртэл, уйгагүй, зүрх алдалгүй бэлтгэл хийдэг зуршилтай болсон нь англид очоод ч давуу тал болсон гэв. Бидний хувьд солонгост удаан бэлтгэл хийх тохиромжгүй талаар удаан ярилцлаа. Нэг хэвэнд цутгасан юм шиг бэлтгэлд, Г.Гандэлгэрийн тоглолтын хэв маяг алдагдах аюултай. Тиймээс солонгос дахь бэлтгэл удаан байх шаардлагагүй талаар ярилцсан юм.

    Дээрх хоёр нийтлэлийн дэлгэрэнгүйг Боловсрол суваг телевизээр гарах “Тоттэнхэмийн монгол хүү” дөрвөн цуврал нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй. Ямарч л байсан Ионсэйн хөлбөмбөгийн сургуульд суралцахыг дасгалжуулагч нь урьсан. Солонгостоо Кореа их сургуультайгаа аваргын төлөө тоглодог энэ сургууль азидаа хөлбөмбөгөөрөө эхний тавд орно. Азийн том лигт тоглох бүрэн боломжтойг энэ санал харуулсан. Бидний хувьд үүнээс том харж байгаа  учраас европт мэргэжлийн гэрээ байгуулах боломжийг судлаж байна. Мэргэжлийн тамирчин гэж ямар байдаг, хоол унд, зан чанар, сэтгэл зүй, бие бялдар, ур чадварын хувьд ийм байх ёстой гэдгийг үлгэр жишээ харуулсан Г.Гандэлгэртээ баярлалаа. Эдгээр чадваруудаа олон жил тогтвортой барьж байгаад нь бүр ч их баярлаж байна. Тамирчин хүн ямарч сайн чадвартай байж болно. Харин тэр чадвараа  бүх талаар тогтвортой удаан барина гэдэг тэрнээс ч том зүйл. Өндөр зэрэглэлийн мэргэжлийн хөлбөмбөгчин болоход Г.Гандэлгэрийн зүгээс ямар ч асуудал байхгүй юм байна гэдгийг энэ 20 өдрийн хугацаанд харлаа. Мэргэжлийн хөлбөмбөгчинтэй хамт байсан өдрүүд үнэхээр сайхан байж, дээр нь европын том багийн коллежид тэнцсэн монгол тамирчинтай байх нь миний хувьд туйлын аз жаргал байлаа.



Алдартай хөлбөмбөгчдийн дасгал хийж буй зургууд



Ворлд кап цэнгэлдэх



Пажу дахь бэлтгэлийн бааз


Пак Жи-Суны зодог тайлах тоглолт


Тамирчдын массаж болон эмчилгээний өрөө


Фитнэссийн өрөө



2002 оны дэлхийн аваргад тоглосон хамгаалагч, 16 хүртэлх насны дасгалжуулагч Чой Жин-Чол


Барсэлонад тоглодог Жан Геол-Хи


Сургалтын багийн ахлах Ким Жон-Юн


Чой Жин-Чол ярилцлага өгч байна