Нэг: Манай байнгын шигшээ багтай байдаг хэдэн төрлөөс биеийн тэнцвэрийн шалгалт авчээ. Гэтэл 150 орчим тамирчнаас 2-3 нь биеийн тэнцвэртэй гэсэн хариу гарав. Биеийн тэнцвэр гэдэг нь баруун зүүн талын булчин, шөрмөс тэнцүү буюу тамирчин байх шаардлагыг хангасан гэсэн үзүүлэлт юм байна. Орчин үед биеийн тэнцвэргүй тамирчин амжилт гаргах боломж тун хомс болсон гэнэ. Шинжлэх ухаан сайн хөгжсөн учраас тамирчдын биеийг дээд зэргээр судалж, ялангуяа тэнцвэр муутай тамирчныг буулгаж авах нь амархан болжээ. Манайхны амжилт гаргадаг тулааны төрлүүдэд энэ бүр ч илүү хамаатай. “Миний баруун гар ч барагийн юманд дийлдэхгүй дээ, баруунаараа бариад авах л юм бол” гэдэг хэллэг ч няцаагддаг болсон гэнэ. Дунд болон доод түвшинд одоогоор хамааралгүй боловч, өндөр түвшинд өөрчлөлтүүд гараад ирж. Үүний тод жишээ саяхан болж, францийн жүдогийн шигшээ баг монголд ирж хамтарсан бэлтгэл хийхэд харагдав. Харахад жоохон сонирхогчийн аппарат шиг мөртлөө, секундэнд гучин зураг буулгах чадалтай мундаг технологийг ашиглаж, манай тамирчдын үйлдэл бүрийг буулгаж авсан байна. Дараа нь олон улсын тэмцээн болоход ээлжлээд л шидээд байсан манай хоёр бөх, африк гаралтай францыг барсангүй. Тухайн франц бие бялдар, техник гээд голлох үзүүлэлтээр манай хоёроос муу, гол нь тактикын хувьд давуу байсан юм. Ямар ч мундаг бөхөд сул тал бий, тэр сул тал дээр нь тоглолт хийнэ. Тэргүүлэх улсууд бөхөө судлуулахгүйн тулд багаар бодоход таван бөхийг ээлжлэн олон улсын тэмцээнд явуулдаг. Нөгөө франц бөх баруундаа дийлддэггүй манай бөхийн зүүн талтай нь хоёр гараараа ноцолдоод л байж. Зүүн талаа хамгаалахын тулд, ганц баруун гараа ажлуулахаар баруун тал нь хичнээн мундаг байгаад цуцдаг гэдгийг тогтоочихжээ. Ямар барьц аваад яаж цуцаах нь гараад ирж. Баруун гарыг нь ажилгүй болгосон франц дараагийн тактиктаа шилжээд, ганц хөөб гээд л үнэлгээ авчихав.  Бөхийн хөгжил жигд болж, бөхчүүд нь ялгаагүй болсон учраас хамгийн чухал нь тактикын барилдаан болсныг батлах мэт. Гол нь тактик боловсруулахдаа шинжлэх ухаанд түшиглэнэ. Энэ мэхээ хийхийн тулд ийм алхалт хийдэг юм байна, шилжихдээ ингэдэг юм байна гээд бүгдийг нь судлаад тогтоодог болж. Бөх барилдах нь зөвхөн зааланд бэлтгэл хийхээс гадна, судалгааны ажил гээд техник, технологитой харьцах болсон гэнэ дээ. Дархан мэх гэх ойлголт ч байхгүй болох шинжтэй. Бүх мэхийг хоёр талдаа сайн хийх нь дэлхийн хэмжээний бөх болох үүд хаалга болжээ. Биеийн тэнцвэргүй тамирчний сул талыг бие физилогиор нь судлаад тогтоочихдог учраас ямар тактикаар, биеийнхэн аль хэсэгт ачаалал өгвөл ялж болохыг дор нь гаргадаг болсон байна. Шинэ дүрэм батлагдангуут судалж байгаад, энэ мэхийг хийхийн тулд энэ жижиг булчин ажилдаг юм байна, хөгжүүлэхийг тулд ийм дасгал хийнэ гээд бүхнийг тооцоолж байна цаана чинь. Хүүхэд байхад нь биеийн онцлогийг нь судалж үзээд энэ дугуйчин болох юм байна, энэ угаасаа спорт тоглоомын хүн болно, усанд сэлэлтийн тамирчин болох бүх нөхцөлийг хангасан байна гээд тогтоох болжээ. Шинжлэх ухаанаас зөрөх тохиолдол гардаг боловч, тэр нь бага хувь эзэлнэ.

Маикл Жордан яаж агаарт удаан тогтдог юм бол гэсэн асуултын хариуг гаргаад ирж. Хүний гэдэсний зургаан толгойтой булчингийн ард, дотор эрхтнийг ороосон булчин байдаг бөгөөд дотор эрхтнийг хамгаалах үүрэгтэй энэ булчин үсрэлтэнд чухал нөлөө үзүүлдэг юм байна. Дээшээ үсрэхэд агшиж байгаад тавьдаг учраас Маикл Жордан агаарт 1.9 секунд хүртэл хэмжээнд тогтож чадахуйц үсэрдэг. Жорданы энэ булчин сайн хөгжсөн нь, хөнгөн атлетикийн уртын харайлт, өндөрийн харайлт зэрэг зарим төрөлд өрсөлдсөн ч амжилт гаргах боломжтой. Гэдэсний энэ булчингаа сайн хөгжүүлсэн өөр нэг хүн бол зүүн европын баллэтчин. Жорданаас дутуугүй үсэрдэг боловч төрөл нь өөр. Тэгэхээр өндөр үсрэхийн тулд хөлөө хөгжүүлэхээс илүү гэдэсний булчингаа хөгжүүлэх хэрэгтэй болох нь. Яаж хөгжүүлэх вэ гэдэг дасгал нь ч гараад ирж. Тэгэхээр дараа дараагийн үсрэлт шаарддаг төрлийн тамирчид бүр ч өндөр цойлох нь тодорхой болжээ гэх мэт, гэх мэт...

Хоёр: Энэ жил Япон, БНСУ-ын дасгалжуулагчид манай бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийхээр ирж гэнэ. Шигшээ багийн ирээдүй болсон хүүхдүүдийн бие бялдрыг хараад гадаад дасгалжуулагчдын арааны шүлс нь гоожиж: Надад ийм тамирчин байвал шууд олимпын аварга болгоно” гэж хэлж байна гэнэ. Мөрийг нь хараад, өвдөгийг нь хараад л толгой сэгсэрдэг гэнэ. Спортын бие физиологиор доктор хамгаалсан танилын маань хэлдгээр арааны шүлс асгармаар. Бараг л амьтандаа гэх нь холгүй. Байгаль дээр байдаг эрдэнэс гэсэн үг. Тэгсэн мөртлөө ийм сайхан ундаргатай байж яагаад олимп, дэлхийн аварга олноороо төрөхгүй, амжилт тогтворгүй байгаад гайхдаг гэнэ. Судлаад үзэхээр манай тамирчдыг хойш татдаг зүйл нь бэлтгэлийн явц, хооллолт, хүчний дасгал гэдгийг шинжлэх ухаан, анагаах ухааны үндэстэйгээр тайлбарлажээ. Манайхан яахав тэрийг тоох биш, хуучнаараа л үзнэ. Өмнө нь болоод л байсан юм, цаашдаа ч болно гэдэг харанхуй нөхдүүдийн амны уншлага, бүхнийг тагалдаг алдарт үгээ хэлнэ. Монгол хүн дэлхийн бүх хүмүүстэй адил бие бялдар, мах цустай учраас шинжлэх ухаанаас холдохгүй. Бага зэрэг ялгаа байдаг нь системээр яваагүй бие бялдар. Энэ ялгаагаа бид бүх юм гээд ойлгочихдог. Оросын уулархаг нутаг, Кавказ, дундад азиас манайх шиг бие бялдартай хүүхдүүд гараад л ирнэ. Иран, Түркээс ч хайж болж байна. Зүүн азийн улс болохоор манайхантай ойр байдаг биз. Жин хасна гээд бүгдийг нь хөөгөөд саунд оруулчихдаг, хүчний бэлтгэл гээд баахан гантил өргүүлээд байдаг, хоол гээд баахан махаар бөмбөгдөөд байдаг. Зүйрлэвэл, бүх хүнд толгойны эм өгөөд, зарим нэгэнд нь таараад эхлэнгүүт, за тээр харж байна уу? гэдэгтэй адил харанхуй байгаа юм. Тамирчин бүрийн бие бялдар өөр. Зарим нь булчингийн дороо өөхтэй байхад, жин хасна гээд саунд оруулаад байдаг, жин нь хасагддаггүй ээ. Хоолыг нь сойлоо болдоггүй ээ. Тэгээд тэмцээн болоход хөнгөн жингийн тамирчнаас хамаг юмыг нь ховх сорчихно. Жингээсээ шалтгаалж жин хасах нь өөр өөр. Цаас шиг хөнгөн юмнаас жин хасахаар тэр хүн зодолдож, барилдаж чадахгүй. Тэгсэн мөртлөө дэлхийн дэвжээнээс медальтай ирнэ. Дараад байхад дийлдэхгүй байнаа гэсэн үг. Уг нь булчингийн дороо өөхтэй байвал тодорхой хэдэн дасгал хийгээд жингээ буулгадаг номтой. Хэрвээ ингэсэн бол алтан медаль авч түрүүлээд дараагийн том тэмцээний үеэр ч формоо хадгалж чадна. Дээр авсан толгойны эмний жишээ бол ерөнхий ойлголт. Гэхдээ манайд бол нарийн даа орно. Цаашаа задрах юм бол толгой нь таллаж өвдөж байна уу, дагзаараа өвдөж байна уу, мигрен үү, гэмтэл үү, төрөлхийн үү, хөдөлсөн үү, хавдар уу, шартсан уу, ядарсан уу, стресс үү гээд онош болгон өөр. Онош бүрт тохирсон эмийг нь өгнө.

Зохион байгуулалтгүй бэлтгэл, хоололт нь манай тамирчдыг тогтвортой амжилт гаргахад саад болдог. Заримдаа гэнэт тэсэрнэ, заримдаа таг болно. Манай бүх тамирчин зүрхний асуудалтай. Тогтмол бэлтгэлээ хийж, биеэ нөөж, хоолоо хянаж байх ёстой байтал, тэмцээн дөхөөд ирэхээр учир зүггүй нүдэж байгаад, тэмцээн дуусаад таг. Амарч амарч байгаад тэмцээний сургаар дахиад л пижигнээд эхэлнэ. Ийм бэлтгэлийг зүрх яаж даахав дээ. Манай тамирчдын олон жил тогтвортой амжилт гаргадаггүй шалтгаан энэ. 20 настайдаа дэлхийн тамирчин болсон бол зодог тайлтлаа дэлхийн хэмжээнд өрсөлдөнө гэж байхгүй. Бэлтгэл буруу, хоололт буруу учраас амжилт нь хэдхэн жилийн настай. Одоо байгаа хүүхдүүдээ, залуу аваргуудаа шинжлэх ухааны үндэстэй бэлтгэл, сургуулилт хийлгэх хэрэгтэй.

Гурав: Сүмо бөх бол үр дүн нь гарсан, жишээ авахад хамгийн тохиромжтой сонголт болоод байна. Монгол, Япон нэг систем, нэг сургалттай боловч монголчууд нь ялгараад амжилт гаргадаг. Бүхний учрыг олж чадах япончууд яах аа мэдэхгүй аргаа барж буй. Монгол аваргууд олон жил босоо байна. Япончууд хэдэн жил аваргагүй, түрүүгүй явсаар, сүмогийн дараагийн арван жил ахиад биднийх болох төлөвтэй. Үүнд монгол хүний тусдаа онцгой “ген” ямар ч хамаагүй гэдгийг онцгойлон хэлье. Энгийн юмнаас хайя, бидний амьдралын онцлог, газарзүйн байрлал, амьдралын хэв маяг, цаг агаартай холбоотой.

Эдийн засгийн өсөлтийг дагаад 2008 оны Бээжингийн олимпоос хойш баахан дэлхийн тамирчидтай боллоо, бид. Гэхдээ эдийн засгийн өсөлт өөрийн гэсэн сул талтай. Боловсролын түвшин дээшилж хотжиж, иргэнших тусам байгалиас төрдөг тамирчдын тоо буурах хандлагатай болно. Хөдөө орон нутгаар яваад үзээрэй. Бүх сум спорт заал, бөхийн багштай. Бөхийн багшгүй сургууль олдохгүй. Хангай газар заал, багш хоёр байхад манайх шиг улсад бөхчүүд шижигнээд л гараад ирнэ. Хөрс бол бэлэн гэсэн үг. Гэхдээ суурин газар бараадах болсон их нүүдэл яваандаа энэ тоог багасгаж магадгүй.

Улаанбаатар хотод захын гэр хорооллоос сайн бөх, боксчид төрдөг бөгөөд шархадны (энгийн сургууль шүү, буруугаар ойлгов) 79-р сургуулиас миний мэдэхийн гурван том тамирчин бий. Нэг нь сүүлд дэлхийн аварга боллоо. Цаана нь миний мэдэхгүй өөр хүүхдүүд байгаа л байх. Багаасаа орон сууцанд өссөн хөдөө гадаа явж байгаагүй нөхдүүдээс сайн бөхчүүд гараад ирвэл тухайн систем сайн байнаа гэсэн үг. Үүнээс харвал манай систем сайнгүй, бэлэн боловсорсон хөрсөн дээр тоглолт хийж буй. Хотын бүсээс л тамирчин бэлддэг Япон, БНСУ-ын дасгалжуулагчид манай хүүхдүүдийг сонирхох нь ойлгомжтой. Бид байгалийн эрдэнэсээрээ л нүүр тахлаж байгаа болохоос өөрсдөө тийм хэмжээний бүтээл туурвиж чадахгүй байна. Тэгээд бүр байгалийн эрдэнэсээ дараад дараад гаргасан амжилт нь шүү дээ. Одоо бид спортыг систем, дэд бүтэц, шинжлэх ухаан, анагаах ухааны салшгүй нэг хэсэг болгох хэрэгтэй. Спортын бие физилогиор өндөр хөгжилтэй улсад доктор хамгаалсан мундаг мэргэжилтэн эхнээсээ төгсөөд ирчихсэн байна. Боловсон хүчин (сайн боловсон хүчин) бага ч болтугай нэмэгдэж байна. Спортод зориулах мөнгөний хэмжээ жоохон нэмэгдэнгүүт, тамирчдын амжилт суга өсч байна. Одоо дэлхийн стандартаар бэлтгэл хийж, хооллож, жингээ хасвал сүмогийн жишээ жүдо, чөлөөт, бокс дээр давтагдах боломжтой. Өмнө нь болоод байсан гэж бүдүүлэгтэхээ больё. Манайхан бяр хүч, сургалтаар илүү байгаа бол дутуу олж харая.

Дөрөв: Спортын амжилтыг хоёр ангилж болж байна. Эхнийх нь систем, бодлогод түшиглэсэн. Хоёр дахь нь амьдралын хэв маяг, газарзүйн байрлал, орчин, цаг агаараас шалтгаалсан амжилтын эх үүсвэр. Эхний ангиллын улсуудад спорт жигд хөгжсөн, мэргэжлийн спортын системийг босгосон АНУ, Канад, Европ, Зүүн Хойд Азийн хэсэг улс. Систем болон бодлого нь улсын эдийн засагтай холбоотой бөгөөд хүн ам нь голдуу хотжсон учраас, цаг агаар, газарзүйн байрлал онцгой нөлөө үзүүлэхээс илүү бага зэрэг давуу тал болдог. Ийм төрлийн улс орнууд спортын салбарт манлайлдаг. Амжилт нь тогтвортой. Тэд энэ системийг босгох гэж хэдэн арван жил эсэн бусаар туршиж, спортыг хөгжүүлэх үүнээс өөр арга байхгүйг гаргаад ирсэн. Тиймээс ихэнх дасгалжуулагч, тамирчид эдгээр улсын том лигүүдэд тоглохыг хүсч, спортын чадварлаг мэргэжилтэн, мэнэжмэнтийн тэргүүнд явдаг. Бүгд тэднээс суралцахыг хүсдэг.

Хоёр дахь ангилалд нь амьдралын хэв маяг, газарзүйн байрлал, орчин, цаг агаараас шалтгаалсан тодорхой хэдэн спортод амжилт гаргадаг улс орнууд харьяалагдана. Африкчууд голдуу том биетэй, хүчтэй, хурдтай боловч толгой сайн ажилладаггүй. Энэ нь африк болохоороо тэнэг биш, амьдралын хэв маяг нь өөр юм шаардаж байх шиг. Гэхдээ африк гаралтай ухаантай хүмүүс олон байдгийг мэднэ. Азиуд бие бялдар муу ч гэсэн улс орнууд нь тодорхой хэд хэдэн спортын төрөлд давамгайлдаг. Зүүн өмнөд ази боксын хөнгөн жин, бадминтон гэх мэт төрлүүдэд тэргүүлдэг. Удмаараа загасчин, тариачин ард түмэн өөрсдийн жижиг биенд тохирсон спортод амжилт гаргах нь ойлгомжтой. Европтой холилдсон Филиппин сагсанбөмбөгөөрөө том баг. Дундад ази болон манай улс тулаан, хүчний төрлүүддээ давамгайлдаг. Альпаас, Хималай (Карпат, Пирин, Качкар, Кавказ, Армений өндөрлөг, Ираны өндөрлөг, Алтай, Хангай, Тиан Шан, Каракорам) хүртэл сунаж тогтсон уулархаг нутгууд бөхийн төрөлд амжилт гаргадаг. Бөмбөрцөгийн бөхчүүд энэ хавиас нээх холдохгүй. Амьдралын хэв маяг, хүмүүсийн бие бялдар эдгээр спортод зохицсон гэсэн үг. Эрс тэс цаг уурт амьдардаг хүмүүс бие бялдар сайн байх нь ойлгомжтой. Сүүлд хотжоод зарим нь бялдар муу ч, өсгөлүүн болж байна. Энэ бол байгаль, амьдралын өгөгдөл болохоос давуу тал биш. Давуу тал нь бүх спортод биш тодорхой хэдэн спортуудад харагддаг. Мэргэжлийн спорт хөгжсөн улс орнууд бүх төрөлд давамайлж, бидний давуу талыг ч амархан гүйцдэг болсон.

Африк тив амьдралын хэв маяг, газарзүйн байрлал, орчин, цаг агаараасаа шалтгаалан гүйлт, тэсрэлтийн төрлийн спортод илүү амжилт гаргадаг. Хэрвээ системээ босгохгүй бол АНУ, Европ, Азиудад удахгүй гүйцэгдэнэ. Цаанаасаа өгөгдсөн “өгөгдөл” сайн болохоос тэд насаараа энэ чигээрээ үлдэхгүй. Жил ирэх тусам хөнгөн атлетикийн төрлөөс африкчууд шахагдах болж, африк гаралтай тамирчид африкаас өөр газраас тодрох болсон. Цагаан, шарууд ч голлох тоглогчдын нэг болсоор байна. Хөлбөмбөг, сагсанбөмбөгөөр азийн багууд, сүүлийн хэдхэн жилийн дотор африкийг ардаа орхилоо. Африкын эдийн засаг сүүлийн тавин жил бараг өсөөгүй. Мавритан, Гана, Ботсвана гэх мэт гарын таван  хуруунд багтахуйц улс нэмэхтэй гарсан. Бусад нь дандаа хасах. Энэ тивд Өмнөд Африкыг (энэ тивийн ганц сондгой улс) эс тооцвол мэргэжлийн спортын систем босно гэдэг ойрын 50 жилдээ худлаа. Үүнээс харвал тэд спортод тэргүүлдэг төрлөө бага багаар алдаж болзошгүй юм.

Бид нэгдүгээр ангиллын улсуудын араас явахаас өөр аргагүй. Ингэж байж л хөгжинө. Инчоны азийн наадамд сагсанбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг амжилт гаргах хүртэл чаддаг хэдэн төрлөө дэмждэг байсан. Одоо салхи эргэж байна.

Тав:  Монголын хөлбөмбөгийн лигийн аварга баг олон улсын тэмцээнд оролцдог болоод хоёр жил өнгөрөв. Тийм ч утгаараа энэ жил аваргын төлөө тоглосон Хоромхон – Эрчим клубуудын хожсон нь AFC cup тэмцээнд оролцох эрхийг авах байлаа. Өмнө нь AFC president cup нэртэй зохиогддог байсан энэ тэмцээний чансаа дээшилж, мэнэжмэнтийн хувьд харьцангуй сайжирчээ. Нэг ёсондоо азийн аваргуудын лигийн дараах европа лиг нь юм.  Цомын тэмцээний эрх авсан Хоромхон клуб лигийн аварга болохдоо 8 сая төгрөгийн шагнал авч, харин лигт оролцохдоо 42 сая төгрөг зарцуулав. Ирэх хоёрдугаар сараас эхлэх AFC cup тэмцээн, оролцож буй клубуудын зардал болгож тодорхой хэмжээний мөнгийг Хоромхон клубт өгнө. Хөлбөмбөгийн ямар ч том тэмцээнд клубыг алдагдалтай ажлуулж болохгүй алтан дүрэм бий. Байхдаа тулвал сонирхогчийн талбарт л байх боломжтой бөгөөд мэргэжлийн талбарт клуб удахгүй дампуурлаа зарлана. Одоогоор 50 000 доллар өгөх сураг бий. Ядаж л клуб ашигтай биш юм гэхэд, балансаа барина.

 Азийн хөлбөмбөг хурдацтай хөгжиж, хэдхэн жилийн дотор амжилтаараа африкыг ардаа орхилоо. Мөнгө санхүү, мэнэжмэнт, шигшээ багуудын амжилт олон тоглогчдыг соронзон мэт татаж байна. Удахгүй азийн лиг арабын хөгжилтэй орнуудыг хамарсан баруун бүс, зүүн хойд азийг түшиглэсэн зүүн бүс гэсэн хүчирхэг хөлбөмбөгийн лигтэй болох байх. Ирээдүйд европтой өрсөлдөхүйц ийм прогноз харагдаад байгаа юм. Эхнээсээ араб, зүүн хойд азийн улсуудад гадны том тамирчид ирж, одууд зодог тайлахаас өмнө АНУ-аас гадна, азийг зорих боллоо.

Дэлхийн хөлбөмбөгийн ноён оргилуудад мэнэжмэнтийн шинэчлэл бүр ч хүчээ авчээ. Өнгөрсөн жилийн английн премьер лигийн 20-р байранд орсон Кардифф Сити 62 сая фунтын (200 орчим тэрбум төгрөг) шагналыг байр эзлэлт, телевизийн мөнгө зэргээс авсан нь, өмнөх жилийн аварга Манчэстэр Юнайтэдийн шагналаас даруй 2 саяар илүү байгаа юм. Харин 97 сая фунтын шагналаар дэд байранд орсон Ливэрпүүл дотоодын лигээс хамгийн том мөнгийг авав. Үзэгчийн орлого, сургалтын зардал, реклам сурталчилгаа, ивээн тэтгэгч гээд бусад мөнгөний эх сурвалж энд ороогүй. Хөлбөмбөгийн мэнэжмэнтийн тэргүүнд явах болсон английн лиг энэ эрчээрээ улам урагшилж, тамирчдын цалин өссөөр байх болно. Клубын ашгийг нэн тэргүүнд тавьсан учраас топ-4 гэдэг нэршил хэдэн жил оршино тогтноод алга болсон. Эхний 7-8 байрын багууд ялгаагүй топ түвшинд очсон бөгөөд удахгүй энэ тоо хоёр оронтой тоог давах байх. Испанийн лиг хүчтэй юу, английн лиг хүчтэй юу гэдэг асуулт утгагүй болж байна. Клубууд ийм ашигтай байгаа нөхцөлд английн лиг рүү ивээн тэтгэгч, тоглогч, дасгалжуулагчид хошуурах нь ойлгомжтой. Клуб оршин тогтнох эрх зүйн орчин, шагналын хангалттай мөнгө нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа бизнесмэнүүдийг премьер лигийн багтай болох хүслийг өдөөж, дараагийн Абрамович, Аль Мубаракыг бий болгоно. Дунд гарын бизнэмэнүүд нэг, хоёрдугаар лигт арав гаран багтай болж, жил ирэх тусам нэмэгдсээр байна. Нэмээд аваргуудын лигийн эрх авчихвал хэсгийн шатанд оролцоход 8.6 сая евро, нэг тоглолтонд хожиход 1 сая евро болж, хасагдах шат руу орвол энэ мөнгө хэд дахин өснө. Мөн л үзэгчийн орлого, ивээн тэтгэгч, реклам сурталчилгааг оруулаагүй. Азийн хөлбөмбөгийн лиг энэ мэнэжмэнтийн араас явж байна. Дотоодын лигүүдээс Япон, Өмнөд Солонгос, Хятадын лигүүд тэргүүлэх байр сууриа хадгалж, араб, зүүн өмнөд азийн лиг араас шил даган явж буй. Клубуудыг ашигтай ажлуулах нэг л зорилготой. Клуб ашигтай ажиллавал хөлбөмбөг хөгждөг гэсэн бүх жор нэгэнт тодорхой болжээ.
Хойд Америкийн сагсанбөмбөгийн лиг NBA телевизийн гэрээгээ шинэчлэж 24 тэрбум доллар болголоо. Багуудын орлого үлэмж нэмэгдэнэ, тамирчдын цалин өснө. Эргэлдэж байгаа мөнгөний тоо санаанд багтамгүй. Мэргэжлийн спорт гэж ийм байдаг. Спорт бол зугаа цэнгээн. Дэлхий нийтээрээ амьдралын түвшин дээшилж зугаа, цэнгэлдээ их мөнгө зарцуулах болсон. Мэргэжлийн спорт гэх аварга зах зээл цаашдаа улам томрох болно.

Зургаа: Салхи эргэлээ. Багийн спорт буюу цаашдаа мэргэжлийн болж хөгжих боломжтой төрлүүд бидний анхааралд ороод ирлээ. Инчонд үзүүлсэн сагсчдынхаа амжилтанд гадныхан битгий хэл бид өөрсдөө ч гайхав. Сагсанбөмбөгт жоохон суурь тавиад өгөхөд амжилт нь шал өөр болж байна. Хөлбөмбөг ч ялгаагүй. Жоохон суурин дээр өндийж чадна. Спортыг хөгжүүлье гэдэг улс энэ хоёр спортыг хамгийн түрүүнд барьж авдаг. Хүмүүс хамт сагс, хөлбөмбөг тоглохоос бөх барилдаж, бокс тоглоё гэдэггүй. Үзэхдээ тоглодог спортуудаа л үзнэ. Хөлбөмбөг их гардаг болсон нь хөлбөмбөг тоглох сонирхолтой хүмүүсийг нэмсэн. Сүүлийн хэдэн жил арав орчим талбай нийслэлд бий боллоо. Ерээд онд Жордантой зэрэгцээд байрны гадаа олон шийд боссон. Жорданыг дуурайх гэж тэр шүү дээ.

Сүүлийн жилүүдэд улс мөнгөтэй болж компаниуд томорсноор сагсанбөмбөгт дуртай мөнгөтэй хүмүүст хөрөнгө оруулах боломж гарч ирсэн. Зарим нь дэргэдээ клуб байгуулж, лигийн багтай болсноор тамирчид цалинтай хагас мэргэжлийн ангилалд шилжсэн юм. Одоо сагсанбөмбөгт хамгийн сүүлийн хэцүү даваа үлдсэн. Тэр нь клуб ашигтай ажиллах. Тамирчдад өгч байгаа цалин дур сонирхолтой хувь хүн, компаниудаас гарч байгаа ч, энэ тогтвортой биш юм. Тухайлбал сагсанбөмбөг өөрөө өөрийгөө аваад явах хэмжээнд хүрэх болоогүй байна. Гэхдээ том даваагаа аль хэдийн давчихсан. Клуб ашигтай ажиллаад эхэлвэл мэргэжлийн талбарт шилжиж тамирчдын амжилт, цалин өснө. Одоо байгаа цалин нэг үеэ бодвол өндөр ч, цааш нэмэгдэх дээд хэмжээндээ бараг л дөхөөд оччихсон. Нэг утгаараа цалин цаашдаа нэмэгдэж шалихгүй гэсэн үг. Клуб ашигтай ажиллах анхан шатны процесс хүүхдүүд дээр амархан босдог. Энэ нь Япон, БНСУ гээд азийн өндөр түвшинд очсон улсуудын сонгодог арга барил. Хүүхдийн лиг нь том мөнгө эргэлддэггүй ч, үйл ажиллагаа нь идэвхжээд ирвэл асар нь том бааз суурь болдог. Иймээс тухайн холбоо нь хүүхдийн лиг гэдэг ирээдүйд мэргэжлийн лигийн суурь болдог лигтээ анхаараал хандуулж, гол нь клубуудыг ашигтай ажлуулах зарчимтай (хүүхдийн лигийн нийтлэл Хөгжих гарц). Энийг манайхан тойроод байх шиг. Шинэ юм хийх шаардлага байхгүй, гол гол үндсэн зарчимуудыг нь мөрдлөгө болгочихвол амархан. Ганц, хоёрхон системийн загвар байгаа ч, ерөнхий бүтэц нь ойролцоо. Бидэнд шинэ юм хийхээс илүү нэгэнт бэлэн болчихсон жорыг яаж буулгах вэ гэдэг нь хамгийн чухал болоод байна. Тэгж байж бид дэлхийд өрсөлдөнө. Спорт өндөр хөгжсөн улсаас суралцаж, дуурайж, хуулах ёстой. Дараа нь зэрэгцэж, улмаар алдаа дутагдлаа олж харна, тэгээд гүйцэж түрүүлнэ. Амжилт, хөгжил бүхэн ийм л замаар ирж, өрсөлдөөн бүхэн нийтлэг нэг дүрэмтэй.

Спортын салбар тохиолдлын шинжтэй үеэ аль хэдийн өнгөрөөсөн. Спортын салбарт тодорхой систем, сургалтаар дамжин очихгүй бол баримжааг нь авч чадахгүй болтлоо хөгжиж байна. Тиймдээ ч манай спортын салбар өөрсдөөс минь тасран одож буй мэнэжмэнт, бодлого, системийн хажуугаар яваад байна. Бодлого нь эрүүл байвал спортод хөрөнгө оруулагч дороо гараад ирнэ. Уул уурхайгаа хар л даа. Эрүүл биш учраас л хөрөнгө оруулагчид зугтаад байна шүү дээ. Үүнтэй л адил. Эрүүл саруул системд хэн ч мөнгөө оруулахыг хүсдэг. Сагсны эхлэл бол үүний сонгодог жишээ. Хувийн хэвшил босгоод ирлээ. Цаашдаа бидэнд шинэ юм бүхэн амжилт юм шиг харагдах болно. Бидний амжилт хүртэл бодитой байх ёстой. Салхи эргэж байна.

http://toimsetguul.mn