Хэрүүлийн алим гэх болж. Булаацалдах алимгүй өөрөөр хэлбэл маргах шалтаггүй хэрүүлд юу хожих вэ? Дөнгөж өндийж өөдлөх гэж ядаж буй бидэнд хэрүүлээс, хийх ажил чухал. Хийх ажлаа барахгүй, дийлэхгүй, гаднаас хүч хөрөнгө гуйж буйгаа тоохгүй дэмий юманд маргаад байх юм. Хийж бүтээж чаддаггүй хүн хий аяндаа бухимддаг бөгөөд хэрэлдэх донтой, гиеүрч суудаг. Залхуу хүнд бизнес хөөцөлдөж зовлогоо зовоож явснаас хэрэлдэх сэдэв хайж, хэвлэлийн хурал хэсэж, жагсаал цуглаанд хэрүүл өдөж явах, монгол хүний гангараа болсон цаг юм уу даа. Ингэвээс томорч нэрд гарна гэж үздэг хүмүүс бий болжээ. Энэ бизнесээр довтлоход мэдээж цэцэрхэх, эх оронч улаан хэнхэдгээ урах, шударгаа батлахын тулд томчуудыг харааж зүхэх урлагт мэргэжих хэрэгтэй. Юуны өмнө ард түмнийхээ төлөө гав ганцаар тэмцэж, их зовж буйгаа итгүүлэх нь нэн чухал. Тэгээд сонгуульд нэрээ чулуу болгох. Чулуужсан нэр луйварчин хулгайчаар дуудуулахыг тоохгүй.

Хэрүүлийн ээлжит алим Жанжин маань болдог юм байна. Хар нялхдаа сэжигтэй өнгөрсөн Жанжнаа бид эргэлзэх тээнэгэлзэх сэвгүй дээдэлдэг. Гэвч Жанжин маань хэрүүлийн алим болов. Ардын хувьсгалын анхны долоо гэж нэрд гарсан аавын хүвгүүд тусгаар тогнолоо сэргээхээр зориглосон. Гэтэл тэднийг Оросын болъщевикууд үгэнд орсонгүй гэж цаазлаад ганцхан Чойбалсанг уяаны нохойгоор үлдээв. Энэ түүх тов тодорхой. Хичнээн түм ч юм монголыг Чойбалсан хядсан. Чойбалсан нар буудсан авч оросууд ард нь зааварлаж байв. Ингээд явж байтал коммунист замналыг нийгмийн хувьсгалаар мандуулсан Монголд, суут жолоодогч гэж нэг хүн хэрэгтэй болжээ. Нөгөө цаазалсан хэдээс хэн нэгнийг жолоодогчоор тодруулах шоглоом тулгарав. Энэ бүгдийг Монгол бус Орос л хийгээд буй хэрэг шүү дээ. Эсэргүү Бодоо Данзанг суут жолоодогчоор сонголтой нь биш. Тэднийг улаан цайм буудсанаа цагаатгахад оросуудад эвгүй байв. Тэд бүгд улаан Оросод мэхлэгдээгүй егзөр халхууд. Тэдэн дотор арай хүүхдэрхүү нь Сүх боловч тэр Хүрээнээс Улаантныг дээрэм тонуул хийлээ гэж хөөж туусан задарсан тархи. Гэвч ардын хувьсгалын суут жолоодогчоор тодруулах өөр нэгэн олдсонгүй. Оросууд Монголын харанхуй гэнэн ард түмэнд тохируулсан түүх-ухуулга зохиож өгөв. Ухуулгад Сүхбаатар Чойбалсан хоёрыг зад магтаж, Монголд эрх чөлөө тусгаар тогтнол олгосон суут хоёр жолоодогч, бусад тав нь Монголыг устгах ардын дайснууд гэсэн заавар гаргажээ. Энэ заавраас өөрөөр яривал эсэргүү хэмээн нухаж байв. Ийм хороор хэдэн арван жил, хэдэн үеэр нь хордуулсны гор өдгөө бидний хэрүүлийн шалтаг болж буй нь ХХI зууны монгол хүний хувьд гутамшиг билээ.

Түүхээ хиргүй тунгалаг болгоё гэсэн хүмүүс, -Нэгд, Сүхбаатарыг үзэмчин гэсэн. Сүхбаатарыг хятад гэсэн хүн, сонин, телевиз, баримтат кино байхгүй. Сүх жанжин үзэмчин байж болдоггүй нь ямар шалтгаан байна? Монгол хэдхэн ястанаас бүрэлддэг. Тэдний нэг нь үзэмчин. Сүхбаатарыг хятад гэлээ гэж мушгаад буй хүмүүс үзэмчингээ хятад гэж гадуурхдаг нь ингээд илэрчихдэг байж. МАН-ын н\б дарга Ц. Сүхбаатар “Түүхийг засварлаж болохгүй. Түүх түүхээрээ байх ёстой” гэж тунхаглав. Богдын эмч Жанжинд хор өгч алсан гэсэн худал түүхийг залруулсан нь буруу байгаа юу? Дэмид жанжин хоёр орны найрамдлыг эвдэх гэж хор ууж амиа эгүүтгэсэн гэснийг залруулах ёсгүй гэх нь үү? Эцэг Сталины намтрыг Оросын түүхчид яалаа? Бодоо Данзан гэх журмын нөхөд Сүхбаатарын тойрон хүрээлэгчид төдий байсан гэж ардаар овоглосон энэ олигархи айлджээ. Нэг шүлэгч “жанжныг монгол хүн биш өвөр монгол” гэж агсрав. Түүнийхээр бол буриад халимаг ойрад бүгд монгол хүн биш байх нь. Нөгөө монгол туургатны элэг зүрх  яанан билээ? Улс төрийн хэрүүлийн тоосонд төөрсөн найрагч хөөрхий.

-Хоёрт, Сүх бусдыгаа толгойлж байгаагүй, ер нь бүгд адилхан, тиймээс улаантны үгээр 90 жил эсэргүүн, ардын дайсан гэж хараасан бусдыг ижил хэмжээнд дээдэлж байя гэсэн санал цухалзмагц түүхч докторууд бухимдаж, улаан оросын бичиж өгсөн ботио дэлгээд, эсэргүү Бодоо Данзан нартай Жанжнаа адилтгахгүй гэсэн далд санаагаа хамгаалахаар насан турш ард түмэн оюутан сурагчдыг мунхруулж, өндөр цалин хүртсэн хуучин лекцээрээ тургиж гарав. Тэр лекцэнд Сухбаатарыг Ленинтэй ижил коммунист болъщевик үзэлтэн байсан, Ардын хувьсгалын ялалт, капиталист бус хөгжлийн замаар феодлын Монгол коммунизмд орох суут онолыг Сүхбаатар зохиосон гэхчилэн Сүх хүүгийн намтрыг үнэмших аргагүй гуйвуулсан билээ. Тэр ч бүү хэл Сүх жанжны хувьсгалт онолоор хэдэн түмэн ардын дайсныг буудсан болж таардаг. Орос лекцээ хамгаалах докторуудын хэрүүлийн алим болохоос Сүх жанжин тэдэнд алим биш аж. Орос Хятад Ленин Мао хоёрыг хүн биш болтол нь магтсаар гутаасан. Жинхэнээсээ хайрлаагүйн шинж. Жанжнаа бид Орос Хятад хоёроос арай өөрөөр, хүн үнэмшмээр, монгол маягаар дээдэлье гэвэл бас буруудах уу? Жанжны үнэн намтраас муу юм илрэхгүй. Үүнд би итгэж байна. Үнэн намтраас улам эмгэнэлтэй, улам эх оронч Жанжны дүр тодорно. Жанжны журмын нөхдийг цаазалснаа зөвтгөх гэж Сүхбаатарыг болъщевик жороор түүхэнд хэт магтсан. Дэндүү дэвэргэн магтаал Жанжны хувьд хор болох нь эдүгээ сөхөгдөж эхлэв. Дэгс магтаал өнөө биш гэхэд маргааш дампуурна. Ямар ч буруугүй эрэлхэг хүүгийнхээ бодит дүр намтрыг тогтооход эмээх шалтаг бидэнд баймгүй. Худал магтаалаар цааш явбал Сүхбаатарын нэр төр ХХI зуунд онигоо болно. Маргааны алим ердөө энэ! Сүхбаатарыг өмөөрсөн дүрээр улаан оросын лекцийг хамгаалахаа ичилгүй орхи. Орос лекц уншиж гэдсээ тэжээсэн профессор буруугүй. Үнэн түүх заасан бол тэр цөлөгдсөн. Болъщевик лекцээ хая. Хойч үе таныг уучилна. Орос ах нар  аль хэдийнэ хаячихсан.

Сүхбаатарын намтраас хүн үнэмшимгүй орос магтаалыг цэвэрлэх гэснээс бус түүний гэгээн нэр төрд хэн ч халдаагүй. Энэ хэрүүл Сүх жанжныг бусад 6-гийн дор оруулах гээгүй. Сүхбаатарыг хятад гэсэн хүн байхгүй. Сүхбаатар бол хийморьтой гарамгай эх оронч баатар хүү. Тэр цэргийн эрдэм, эрэлхэг зоригоор бусдаасаа онцгой гэдэгт маргагч талууд нэг мөр ойлголттой. Оросын цаазалсан бусад нь мөн адил эх орончид явсан гэхээр л “Түүхийг засварлаж болохгүй, түүх түүхээрээ байх ёстой” хэмээн өрвөсхийгээд байх шиг. Эдүгээ Бодоо Данзан гэсэн нэр сонсуут битүүхэн дүрсхийдэг өвчтэй монгол байна гээч. Тэд энэ маргааны бөгснөөс хонзонтой төөнөж байх шиг. Жанжин улаантны бусармаг үйл ажиллагаанд дургүйцэж байж хар нялхаараа хамрын ханиадаар учир битүүлэг “үхсэн”. Тиймээс түүнийг улаантны тагнуул гэвэл нүгэл болно. Бүгд эх орныхоо төлөө буудуулсан тул Сүх жанжны адил хүндэтгэж, бүгдэд нь зориулсан цогцолбор босгоё гэсэн. Үүнд дургүйцсэн хүмүүс маргааны нэг тал болсон. Ардын нам ч яахав сэргэлээ. Харин онол нь хуучнаараа, анхны 7-гоо ялгаварласаар. Энэ маргаан 90 жил биднээр тохуу хийсэн оросын доромжлолын шавхруу. Орос ухаанаар мэхэлсэн түүхийн орооцолдоог бид өдгөө тайлж чадахгүй тэнэгтэж буй ичмээр хэрүүл. Сүхбаатарыг хэн ч мууд оруулах гээгүй. Үзэмчин гэсний төлөө түүний таван үеийн түүхээр хэрэлдээд байх юм. Таван үеийн үзэмчин хүн чинь Батмөнх даян хааны удам жинхэнэ цэвэр монгол хүн мөн биз дээ.

Дэмий хэрүүл үзэмчин чинь монгол юм уу, хятад юм уу? гэж эргэлзэхэд хүргэв. Тоглоом тоотой нь дээр гэдэг. Хэрүүл ч бас тоотой нь дээр байж таарна. Сонгуулийн удиртгал хөгжим болгон хэрэлдсэн биш үзэмчингээ л гомдоож орхих шиг. Хэрүүлээс олсон алим тэр шив. Үзэмчингүүд гомдлоо нэхвэл Сүхбаатарыг үзэмчин гэснийг хятад гэсэн үг хэмээн нотолсон түүхчид хариуцах болов. Том том доктор тэгж хэлээд буй юм чинь бүр дээгүүрээ үзэмчинг хятад гэж үздэг хар хайрцагны нууц бодлого байдаг юм биш биз? Ардын хувьсгалын худал түүхийг сурталчлахад яасан ч олон доктор төрсөн юм. Хэрэлдэх шалтаггүй хэрүүлд олон докторын хэрэг харин ч нэг гарах шив. Харин хэн нь ялав аа? Сүхбаатарыг хятад гэсэн хүн ялагдаж таарна. Гэтэл хэн ч тэгж хэлээгүй, үзэмчин гэсэн. Үзэмчинг хятад гэж албан ёсоор үзвэл Сүхбаатарыг үзэмчин гэсэн хүмүүс ял сонсож, үзэмчингүүд тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Үүнээс үзэхэд энэ бол маргаан бус цэвэр сонгуулийн шоу болох нь тодров. Хэрэв ардын хувьсгалын Оросод зохиогдсон түүхээр ялалбаас Бодоо Данзан Лосол Догсом Шагдаржав нарыг Сүх жанжинтай адилтгасан хүмүүс ял эдлэх болж байх шиг. Адилтгасан гэж! Тэдэнд нийт дунд нь нэг дурсгал босгоё гэсэн хүн шоронд орох болтой. Тулгарч ирсэн хурц асуудлын өрнөл бүрд улаантны хуучин лекц ялаад буйд эмзэглэх юм. Энэ бол зөнд нь орхиж боломгүй вирус. Үүнийг шинэ орос тулгаагүй. Манай архаг реваншистууд л жаалаад байх шиг. Залуусаа шинээр сэтгэхэд саад тотгор мөн ч их тарих юм даа, ахмадууд минь. Бодоо Данзан Сүхбаатар нараас эхлээд Чойбалсан Цэдэнбал Батмөнхөөр шувтрах удирдагч нараа энэ нь эх оронч, тэр нь дайсан гэж ялгалгүй бүгдэд адилхан хандвал яасан юм бэ? МАН-ын гүнгэрваанд болъщевик нарт хороогдсон анхны зургаа, МАХН-ын гүнгэрваанд Чойбалсан Цэдэнбал Батмөнх нар залагдах ёстой юм шиг ухаарсан минь буруу гэнэ ээ. Одоо л ойлгов.     
                                                                                                   2011-02-28