Улс төр улайсч эхэллээ. Сөрөг хүчний “генератор”-ууд ажилдаа орцгоож байна. Анхан шатны төвшинд тодорхой алхмууд хийж эхлэсэн болохоор ингэж дүгнэхээс өөр аргагүй.



Хаврын чуулганы нээлт дээр Монгол улсын Ерөнхийлөгч үг хэлж байтал МАХН, МҮАН-ын шударга ёс эвслийн гишүүн Л.Цог, Б.Баасанхүү нар эсэргүүцлээ илэрхийлэн босч ирэнгүүт МАН-ын гишүүд тэднийг даган чуулганы танхимыг орхисон юм. Харин тус эвслийн бусад гишүүд буюу МҮАН-ын гишүүд нь суудалдаа суун үлдэв. Энэ үйл явдлаас харахад эвслийн гишүүд хурал хаях асуудлаар нэгдмэл тохиролцоонд хүрч чадаагүй нь ил байна. Харин ч дотроо зарчмын зөрөлдөөнтэй байгаа нь батлагдах шиг боллоо. Тэдний энэхүү ялгарал хийгээд хагарал нь аль хүртэл наасан цавуутайгаа барьцалдахыг хэлж мэдэхгүй юм. Угаасаа хэлэхэд хэцүү зүйлсээр улс төр дүүрч эхэллээ.

Ерөнхийлөгчийн үг нэлэнхүйдээ өнгөрсөн дөрвөн жил гарсан ололт, өөрчлөлтүүдийг цэгнэхэд чиглэгджээ. Урьд нь хатуу хөтүүгээр шүршиж байдаг Ерөнхийлөгч энэ удаа эргэцүүлж үзэхийг, бодит амьдралдаа гарсан өөрчлөлтүүдийг тэмтэрч үзэхийг, бас өмнөх үеүдтэй харьцуулж харахыг ард иргэддээ санал болгож байна.  Харин гарт баригдаж байгаа зүйлд илүү ач холбогдол өгдөг манай прагматик иргэд хэрхэн үзэж байгаа нь одоогоор нэг их мэдэгдэхгүй байна. Түүний хийж эхлүүлсэн хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого нэлээд их эсэргүүцэл дагуулж байгааг бид харж байна. Энэ рүү чиглэсэн үгний түрүүчээр л улс төрийн хүчнүүдийн ил далд амбиц хөдөлж, үс нь өрвийн босч ирж байна. Уг нь ил өнгөн дээрээ МАН руу заагаагүй. МАХН руу зангаагүй. Гэвч үгэн доторх үг, өөхөн доторх чулуунд хэзээний мэдрэмтгий монгол араншин дүрсхийв бололтой. Ийм л юм болов.

МАХН-ын хэд гурван гишүүд ч яахав. Эзнийг нь хар гэрт аваачаад хийчихсэн. Тэрнээсээ болоод дотор нь шатаж яваа. МАН-ынхан харин арай л хөнгөдөж үзэгдлээ. Хэд гурван минутын дараа гарсан бол илүү тулхтай харагдах байсан ч байж мэдэх юм. Аргагүй л өнөөдөртөө хөөрхөн тонгочуулаад яваа МАХН-аа царайчлангуй суугаа нь мэдрэгдэж байна. Цаст уулын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулах тухай нэг эвгүй үг байдаг. Бас ч гэж хоржоонтой үг бололтой. Бусдаар бол элдэв цаас наах, жагсаал цуглаан хийх, өргөх бичиг барих мэт нь байдаг л зүйл, болдог л явдал. Сүртэй юм биш. Сөрөг хүчний амьдрах хэлбэр угаасаа л сөрөх, шаардах, үгүйсгэх, тэмцэх шүү дээ. Ялангуяа өнөөдрийнх шиг илтэд хазаарлуулж, хязгаарлуулж байгаа цөөнх дуугүй суугаад л, суусан чигтээ нэрмүүлээд байхгүй нь ойлгомжтой.

Одоо тэдэнд эрх баригч АН-ын нэгэн тод лидер С.Баярцогттой холбоотой дэгдсэн дуулиан сайхан өгөөш болох биз. Дээр нь УИХ дахь МАХН-ын гишүүд энэ долоо хоногт Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах шаардлагыг хүргүүлэхээр боловсруулж байгаа юм байна. Мөн С.Баярцогт гишүүнд Ардчилсан намын зүгээс ямар хариуцлага хүлээлгэхийг харна, хэрэв Ардчилсан намын зүгээс хариуцлага хүлээлгэхгүй бол МАХН-ын зүгээс огцруулах саналыг хүргүүлнэ гэж “заналхийлж” байна.



Тэд Хууль зүйн сайдыг хуулийн үндэслэлтэйгээр огцруулахыг шаардана гэж мэдэгдэж байгаа нь харин анхаарал татаж байна. Тэдний байр суурийг хоёргүй нэг утгаар шоронд хоригдож байгаа даргынх нь асуудалтай л холбож олон түмэн үзэж байгаа. Өөрөөр үзэгдэх бодит шалтгаан үнэндээ харагдахгүй байгаа юм. Харин хуулийн үндэслэл байгаа гэж мэдэгдэж буй нь одоогоор “шинэ” зүйл болоод байна. Гэтэл тэдэнд маань шинэ “юм” байгаа болов уу. Үнэхээр нөхөр Х.Тэмүүжин сайд нь МИАТ-ийн хэргийн гол эзэн Ч.Хоролсүрэнгээс сая доллар “авчихсан” нь батлагдлаа гэх жишээний сенсааци дэлгэвэл огцруулъя гээд орилход байж болох төвшний асуудал болоод явчихна.Тийм юм байхгүй бол энэ хүнтэй яаж “байлдах” нь сонин байна. Жишээ нь, гэмт хэргийн гаралт өнгөрсөн оныхтой харьцуулахад 84 хувиар нэмэгдсэн. Гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн хоёрдугаар сард 139 байсан бол гуравдугаар сарын 6-ний байдлаар 326 болж нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ. Ийм байдал нарийн яривал манай бүх үед байсан. Амьдрал байгаа учраас элдэв статистик өсч бууран гарч л байдаг. Зөвхөн энэ үзүүлэлтээс үүдэж салбараа удирдаж чадахгүй байна гэж үзэж байгаа бол тэдний санаархал нэг их дэмжлэг авахгүй болов уу. Хууль хүчний салбарын ажил үндсэн тэнхлэгээрээ явж л байгаа. Цагдаа нар шөнийн бор хоног хэзээ эхэлж, хэзээ дуусч буйг умартах шахан ажилладаг нь хэвээрээ. Энд тэнд гэмт хэрэг гардаг нь хэвээрээ. Илрүүлж, тогтоож, ард иргэдээ сэрэмжлүүлж, урьд өмнө нь ажил яаж явдаг байсан тэр хэвээрээ л явж байгаа. Тэдний хувьд хэн гэдэг сайд ирж, хэн явж байх чухал биш. Тэдний хувьд үүрэг, тангараг хоёр нь л үйлчилдэг. Энэ утгаараа энд сүртэй шинэчлэгдсэн юм ч байхгүй. Сүйдтэй зогссон юм ч байхгүй. Цагдаа бол бүх төрийн үед нохойд барьдаг мод нь л байдаг. Энэ тавиландаа ч сүрхий дассан улс.

Улс төрийн хүрээнд дэгдсэн өөр нэг том шуугиан УИХ-ын дэд дарга С.Баярцогттой холбоотой байлаа. Тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаадад бүртгэлтэй байсан компанийхаа нэрийг дурьдаагүй байснаасаа болж хэл үгэнд ороод байна. Гадаадад байгаа тэрхүү дансанд нь монгол төрөгөөр гурван сая төгрөг байгаа юм байна. Тэрийгээ гишүүн Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлж байсан ч, компанийн нэрээ дурьдаагүй нь асуудал үүсгээд байгаа юм. Үнэн хэрэгтээ Монголын төрийн албан хаагч гадаадад ямар нэг хэлбэрийн данстай, бүртгүүлээгүй компанитай байж болох эсэх тухай манай хуулинд ямар ч заалт байхгүй. Эрхэм гишүүн өөрөө хэрэв УИХ ёс зүйн хариуцлага хүлээ гэж үзвэл хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Энэ явдалд бид зүгээр л баярласан хэрээ бахирна гэдэг шиг хандаж болохгүй санагдана. Сайтар тунгаах хэрэгтэй. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагад манай жижигхэн Монголын нэг улстөрчийг мөшгиж, энэ хямдхан баримтыг дэлгэх шаардлага бий гэж үү. Би бол байхгүй л гэж харж байна. Харин ч энэ бол “Хэлсэн ярьсандаа, хийсэн баталгаажуулсандаа байгаач ээ. Хохь чинь шүү” л гэсэн сануулга юм биш үү. Сануулга гэж хэрэв үзвэл энэ нь ганцхан С.Баярцогтод үзүүлж байгаа ч юм биш шүү дээ. Бай л Баярцогт болж байгаа болохоос.

2013 онд Монгол улсыг ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд тэргүүлнэ гэж дэлхийн супер ажиглагчид зарлаж байна. Мэдээж энэ өсөлтийн үндэс Оюутолгой анхны экспортоо гаргахтай холбоотой. Хэдийгээр дэлхийн эдийн засгийн хамгийн том хүчин зүйл нефть байгаа ч удахгүй нүүрс энэ байр суурийг эзлэнэ гэж судлаачид үзэж байна. Ийм үед бидний дотоод байр суурь хэт тархай бутархай хэвээрээ. Бид дотооддоо дүрэмгүй тоглодог шигээ гадагшаа дүрэмгүй тоглож байхаа болих цаг болсон шүү дээ. Тийм учраас энэ дуулианд монголчууд бид маш няхуур хандах ёстой гэж бодном.

Өөр нэг яриа улс төрийн хүрээнд чимээгүй газар авсан нь МАН-ын генсек асан У.Хүрэлсүхийг тойрсон яриа байлаа. Тэрбээр эхнэр нь хүнд өвчин туссаны улмаас төрийн хүчир албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдье гэж өргөдлөө өгөөд гарсан. Эрхэм уншигч авхай санаж байгаа бол араас нь баахан уянгын халилтай, “төлбөртэй хайр” явсан даа. Төвийн хэвлэлүүдэд төлбөр төлсөн баримтуудтай юм цацагдаад байхаар улс төрийнхөн өөр зуураа “яах нь вэ дээ” л гэж байсан. Энэ явдлаас хойш хэдэн сар өнгөрчээ. Үнэхээр түүнд гачигдал тохиолдсон нь үнэн. Харин ч эрт оношлуулсны ачаар аврагдсан байна. Харин одоо түүний хаа яваа сонин байна. Энэ долоо хоногт түгсэн яриагаар бол тэр Сиднейд суралцаж байна. Энэ юу гэсэн үг вэ. Нэг талаас нам нь энд навсартлаа ядарчихаад гудамжинд жагсаж байна. Ядарч явахад тэр тэнд сурч боловсорч явдаг. Чадарч явахад тэр энд дарга даамал байдаг юм уу гэж гишүүд нь ил далд ярьцгааж байна. Бас ч гэж буруутгах аргагүй гомдол биз. Нөгөө талаас бид ер нь ямар нөхдүүдийг дарга, сайд болгоод байдаг юм бэ гэх асуулт зүй ёсоор гарч ирж байна. Боловсрол, мэдлэг дутуу, боловсорч гүйцээгүй байхад нь л өргөж аваачаад оройдоо залчихаад байдаг юм уу. Тийм болоод л манайд Төрд өндөр алба хашч байсан улсууд нь буухаараа сурахаар явцгаагаад байдаг юм биш үү. Өөр ийм жишигтэй улс орон хаа байна гэж залуус асууцгааж байна. Асуулт нэгэнт гарч ирсэн учраас андад хаяглан аймшиггүй ийн дамжуулж буй хэрэг.

Өнгөрсөн долоо хоногийн улс төр иймэрхүү үйл явдлуудаар өрнөлөө. Сөрөг хүчин хөдөлгөөнд орж эхэллээ. Тэдний улс төр архитекторчгүй байдлаасаа гарах гэж оролдож байна. Улс төрийн архитекторч гэхээр хүн эдний намд ганц нэгхэн л бий. Тийм ч учраас пиар нь энд тэнд тарамдсан, нэгдмэл зорилго чиглэл муутай, гүйцэтгэл нь хайнга явагддаг. АН бол энэ тал дээр цэгцэрсэн нам. Тэд шинэ соргог технологи нэвтрүүлэхдээ гаргуун. Хөнгөн аргачлал, хямд зардал, гүн агуулга, хурдтай “борлуулалт”-аараа тэд ялгардаг юм. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль угтсан их пижигнээн эхлэнэ. Бэлэн үү, намууд аа?