Тэнэг Үүл (Бат)
Манай хотын дарга, энэ Бат-Үүл ёстой тэнэг дурак юм аа. Чамайг хотыг удирдаад жолоодоод аятайхан амьдар гэснээс Улаанбаатарыг хөгжүүлээд аль гэж хэн гуйсан юм бэ. Үе үеийн хотын удирдлага нь хувийн амьдралаа хөгжүүлээд болоод ирсэн байхад чи хотын амьдралыг хөгжүүлдэг хэн бугай билээ, аан?
Манай хотын дарга, энэ Бат-Үүл ёстой тэнэг дурак юм аа. Чамайг хотыг удирдаад жолоодоод аятайхан амьдар гэснээс Улаанбаатарыг хөгжүүлээд аль гэж хэн гуйсан юм бэ. Үе үеийн хотын удирдлага нь хувийн амьдралаа хөгжүүлээд болоод ирсэн байхад чи хотын амьдралыг хөгжүүлдэг хэн бугай билээ, аан?
Нийслэлийнхнийг итгэл найдвартай, Улаанбаатар хотыг мөрөөдөлтэй болго гэж чамайг хэн албадсан юм. Хотын намын хороо л найдвартай, хотын дарга нар мөрөөдөлтэйгээр арав хорь гуч, бараг зуун жилийг өнгөрөөгөөд болоод ирсэн байхад, чи юу ч билээ.
За яахав, даргатай даргагүй хөгжөөд ирсэн хот цаашаа явдаг л юм байгаа биз. Гэтэл айл бүрээс албаар хураадаг хогны мөнгийг хогтой хаячихсан гэж ойлгуулаад болоод ирсэн байхад чи тэрбум тэрбумын үлдэгдлийг зарлаж, илүүдлээр нь хогийн уут тараан гайхуулж гэнэ. Одоо энэ хотынхон чинь “хогны мөнгө ч хог юм болохоор Улаанчулуутад асгачихсан” гэхээр яаж үнэмших юм бэ? Хот цэцэрлэгжүүлэх мөнгөөр гудамж талбайд цэцэг тарьж онгирон амьтны дургүйг хүргэж гэнэ. Хотын цэцгийг хувийн амьдралдаа ургуулж болоод ирсэн байтал, үхсэндээ тэгж гайхуулсан юм бэ, хохь нь.
Гэр хорооллынхныг машин нүүрс, гэрийн давхрагаар аргалаад саналыг аваад ирсэн уламжлалыг нураахаар хаанаас ирсэн гай вэ, чи. Одоо тэд хашааны газраа үнэтэй гэдгийг ойлгоод, түүнийгээ орон сууцаар сольж болдгийг мэдчихлээ. Гэр хорооллынхныг байртай, хүчтэй болгодог хэн юм бэ чи.
Хүүхдээ хулгайд сургаж, гарыг нь төрийн халаасанд хүргэхийн оронд барилга бариулж сургаж байдаг яасан тэнэг эцэг гээч вэ. Тэгээд хүний нэрээр завшуулж, нууц дансаар хөлжүүлэхийн оронд ил тод тендерт оруулж энэ тэр. Юм буруугаар эргэхэд хүүхдийнхээ өмнөө шоронд орох золиосны хүнийг хүртэл бэлддэг байхад...чи яаж байна.
Тендерийг ил зарлаа л, ил шалгаруулаа л, миний хүүхдийг битгий сонгоорой гэж гэр хорооллынхонд хэлээд л...бүх юм шударгаар явуулчихвал болно гэж итгэж явдаг хүн байх гэж. Нийгэм шударга бусдаа дасаад ээнэгшсэн байгааг хараагүйн гай л даа.
Хүүхдээ юугаар амьдардгийг зарласнаараа олон амьтанд гай болсондоо чи. Олон түмэн гэнэтхэн сэхээ аваад цаадуулаас чинь “Танай хүүхэд юугаар амьдардаг юм бэ”, “ ямар бизнесээр ингэж баяжсан юм бэ” гэж асуухаар хариуд нь юу гэж хариулах болж байна.
Дээр нь алсын хараатай дарга нар хойч үеийнхнээ нураах, самрах, хөмрөхөд гаршуулж байхад хүүхдээ байшин бариулж сургаж суудаг, цъ! цъ! Үе үеийн сайхан удирдлага үр хүүхэддээ “зүлгүүр ч бариулалгүй зүгээр жаргааж”ирсэн байхад чи хүүгээ ажил сургаж, очиж очиж шавар нухуулж явдаг, яадаг садист вэ?
Чамаас хойшхи хотын дарга нар хүүхдээрээ ажил хийлгэж амьдрах юм уу? Дараа дараагийн дарга нарын гэр бүлийн амны хишгийг арчих хэн юм бэ, чи.
Чамайг 14 тэрбумыг үрсэн гэж МАН-ынхан буруутгаж байна. Тэднийг гүтгэлээ гэж уурлахаасаа өмнө ойлгох хэрэгтэй. МАН-ынхан улсын мөнгийг “идэж чадсан”, “идэж чадаагүй” гэж хоёр хуваадаг юм. Өөрийнхээ халаасанд ороогүй бүхий л хөрөнгийг яасан ч байг хамаагүй “үрэгдсэн” , “талаар болсон”д тооцон гуньдаг юм.
Хэрвээ тэр үрсэн гээд байгаа 14 тэрбумыг өөрөө идчихсэн болжгэм чамайг ижлээ хэмээн үзэж үүрсэх байсан даа, тэнэг минь.
Ер нь бол өөрсдийнхээ аманд нь байсан шар тосыг булаалаа гэж уурлаад байгаа юм биш. Харин өмнөх үед амандаа оруулсаар ирсэн шар тосыг чиний үед хэлээрээ түлхсэнд чинь үзэн ядаж байна. Үе үеийн удирдлагууд залгисаар ирсэн шар тосыг хэлээрээ түлхэх хэн юм бэ, чи.
Замын мөнгийг замаас нь хусаад болоод ирсэн байхад тэр их хөрөнгийг газарт нялаад аманд ч үгүй, хамарт ч үгүй болгочихоор чинь “мөнгө үрлээ” гэхгүй, яалаа гэх юм бэ? Зам нимгэрч хадгаламж зузаардаг зүй тогтлыг эвдэн зам зузаарч хадгаламж нимгэрдэг болгох гэж аль газраас ирсэн “мам бэ”, айн.
Хэрвээ өмнө нь засаглаж байсан МАН-ыхныг бүгдийг нь бариулж шоронд хийлгэчихээд өрөө тэднээс дутахгүй идэж уусан бол чамайг тэд уучлах байсан. Уучлах төдийгүй талархах байсан. Учир нь дараагийн сонгуулиар чамайг идсэн ууснаар дуудаж буулгаад эргэж ирэхэд идэх хоол баталгаатай учраас уучлах байсан. Гэтэл чи бусдын аманд үргэлж байсан бэлэн хоолыг бэрх хоол болгосон гэмтэй. Ер нь чиний араас юугаа бодож хотын дарга болох юм бэ?
МАН-ынхан хэзээ нэгэн цагт хотын удирдлагад эргээд сонгогдлоо гэхэд юугаа идэж хуйхаа мөлжих юм бэ? Энэ мөнгийг өмнө нь та нар яадаг байсан юм бэ гэсэн асуултад юу гэж хариулах юм бэ? Чамайг “Орших эс орших”-д тулгасан асуудал энд л байгаа юм.
Чи хотын иргэдийг ирээдүйтэй болгосон ч гэсэн хотын удирдлагыг ирээдүйгүй болгож байна. Дараа дараагийн хотын удирдлагыг хөдөлмөрлөж амьдрахаас өөр гарцгүй, бүтээн байгуулж байж тогтнохоос ондоо замгүй болгож байгаа чинь хорсолтой. Яагаад өмнөх удирдлага нь ингэж хөдөлмөрлөж, бүтээн байгуулж байгаагүй юм бэ гэсэн эргэлзээг нийслэлчүүдэд төрүүлж байгаа чинь бүр заналтай.
Удирдлага нь хотынхоо шүүсийг шимдэг тогтолцоог өөрчилж хотынх иргэд удирдлагынхаа авъяас чадварыг шимдэг болгох хэн юм бэ, чи. Хувалз хачиг устгалдаг дуст, креолин юмуу хаашаа юм бэ?
Бат Үүл минь дээ, чи хийсэн юмныхаа үр дагаврыг бодохгүй юм.
Тавьсан шинэ шинэ замаар явж байгаа хүн бүхэн чамд дуртай л байгаа байх. Гэтэл зам барина гээд мөнгийг нь хусдаг, дараа нь дахиад яг барина гээд авдаг ийм мөнхийн циклиэр амьдардаг бүлэглэлийг яаж аж төрнө гэж байгаа юм бэ.
Шинэ байрандаа орж, насны мөрөөдлөө биелүүлж эхэлсэн гэр хорооллынхон өөрснөө бол баяртай л байгаа байх. Гэтэл “Надад санал өгвөл орон сууц хуваарилна” гэж хуураад сонгогддог нөхдийг яаж амь зогооно гэж бодоов чи. Тэднийг хямд зардлаар гэрийн дулаалга, машин нүүрсээр аргалж болсоор ирсэн сайхан уламжлал яахлаараа чиний үе дээр тасрах учиртай юм бэ?
Нийтийн тээвэрийн шинэчлэлд нийтийн тээврээр явдаг хотын иргэд л дуртай байгаагаас биш нийтийн тээврээс тэвэр тэврээр нь сааж ирсэн саальчид дургүй байгаа. Тэд яах юм бэ, чамаас болоод ажил хийж амьдрах болж байна уу?
Хувийн нууцыг хуулиар хамгаалж нуудаг байтал “Хотын төсөв одоогийнхоос 10-30 хувиар илүү” байсныг зарлах хэн юм бэ,чи. Чи адилхан л өөр шигээ дарга байсан улсын идэж уусан юмны барагцааг зарлах АТГ юмуу, шүүх бохироор юм уу, даварцан гар вэ?
Бат Үүл ээ, чиний хамгийн тэнэг нь юу вэ гэхээр ийм байна. Байранд орсон гэр хорооллынхон, шинэ замаар давхих машинтайчууд, мөрөөдөлтэй, итгэлтэй болгосон хотын иргэд чинь чамайг хамгаална гэж итгэж байна уу? Чадвал алдагдсан эрх мэдлээ эргүүлж авах, чадахгүй бол хотыг чамтай хамт нураах гэж байгаа “улаан хамгаалагч” залуусаас тэд чамайг өмөөрнө гэж бодож байна уу. Ээ дээ юу л бол доо.
Монгол хүн сэтгэл хангалуун байвал дуугаа хураадаг, баярласан бол цаашаа хардаг юм. Харин сэтгэл дундуур байвал дуу шуу орж, гомдож байгаа бол наашаа эргэн хэрэлддэг. Тийм учраас ууртай цөөнх, хорссон баганхи нь баяр хөөртэй олонхи, сэтгэл дүүрэн ихэнхийнхээ өмнөөс хувь заяаг нь шийдсээр ирсэн монгол орон доо.
Жич: Чамаас болоод нийслэлийнхэн бид МАН-ы занаанд ороод байна. Тэд чамаас өшөөгөө аваад зогсохгүй чамайг сонгосон Улаанбаатарчуудаас хариугаа авна. Чамайг самраад зогсохгүй нийслэл хотоо хөмрөнө. Арай л бөмбөг дэлбэлэхгүй байх. Гэхдээ бөмбөг дэлбэлсэн бол хамаагүй бага хохирох байж дээ гэхээр юм ч олон гарна. Яана даа.
Чи улаанбаатарчуудыг хотоо, нийслэлийнхнийг мөрөөдлөө хамгаалахаас өөр замгүй болгож байна даа.