“Михайл”-ын санаа
Ч.Улаан өөрийгөө Михайлтай зүйрлэжээ. Яаж ч бодсон байж боломгүй зүйрлэл болсон шиг. Хүмүүс толгой сэгсрээд байхыг бодоход бүх амьдрал нь бидний алган дээр өрнөж ирсэн энэ улстөрчийг сэтгэлд хоногшсон киноныхоо нэгэн тод дүр Михайл хэмээх тэр хайрлам сайхан орос эртэй жишиж дүйх гэхээр дотоод мэдрэмж нь хүлээж авахгүй байгаа бололтой.
Харин мань Улаан гэж хэн бэ. Ханилснаа хаяж, харснаа хадарч явдаг ханилгаагүй улстөрч. Үнэн хэрэгтээ тэр бол өнөөгийн улс төрд нэг их чухал дүр биш. Дүр гэвэл Н.Энхбаярыг хэлнэ. Ц.Элбэгдоржийг хэлнэ. Н.Алтанхуягийг хэлнэ. Уг нь сэтгүүлч бид эднийг л барьж авч бичиж байх ёстой юм л даа. Гэхдээ урвалт шарвалтыг уучилж болохгүй. Уудалж л байх ёстой. Энэ нь хүн чанар суурилсан улс төрийн төлөө бидний оруулж буй хувь нэмэр болох юм. Улаан бол урвалтын сонгодог жишээ. Шарвалтын шанага жишээ. Саяхан даа, насаар нь хар шил зүүлгэж, хар машин унуулж, сайд л байлгаж саарал ордонд тухлуулж ирсэн намаа хаяад явсан. Шалтгаан нь намынх нь өмнөх удирдлагууд сууж сурсан сайдынх нь суудлыг өгөөгүйгээс болсон. Н.Энхбаярыг орон шоронгийн хаалга татахдаа тулан “байлдаж” явахад эхнээс нь тэр дагаагүй. Шалтгаан нь сайдаа авчихаж магадгүй горьдлого байсан. Тэрнээс биш Тэрбишдагва шиг Энхбаярыг эхнээс нь дагаагүй. Ийм л юм.
Сү.Батболдод үнэн хэрэгтээ Ч.Улаан шиг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийн чихарсан дугуй хэрэггүй байсан нь ойлгомжтой. Мэдлэгт суурилсан эдийн засаг, эдийн засаг суурьтай улс төрөөр эргэчих хэмжээний дугуй хэрэгтэй байсан нь тодорхой. Ч.Улаан МАН-аас тасарсан МАХН-аас зөвхөн сайд авах тохироотой л гүйж орсон. Тэрийгээ чуулганы нээлтээр харууллаа. Одоо тэр уурандаа харсан болгоноо загнаж байна. Бүтээн байгуулалтын ажил ерөөсөө явахгүй байна, яах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Тийм шүүмжлэл гараа л биз. Ямар хамаатай юм бэ” гэж хариулж байна. “Засгийн газарт орж ажиллаж байгаа сайдын хувьд танхимынхаа үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ “ гэсэн асуултад “Ирэх намар гэхэд та нар ийм асуулт тавх чадваргүй болно. Засгийн газрыг огцруулах гээд яваа улсуудад хэлчихье, жаахан холыг хар” гэж хариулж байна. “Хаврын чуулганы нээлтийг МАН, МАХН-ын гишүүд орхиж гарахад та яагаад гарсангүй вэ” гэсэн асуултад “Ер нь хэн нь гарсан, хэн нь үлдсэн ямар хамаатай юм.Тэр бас ямар нэг юмны шалгуур юм уу. МАН-ыг дагаж хошуураагүйгээрээ нэг шалгуурыг давж чадаагүй болчих гээд байгаа юм уу” гэж загнаж байна. “Танай намын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмон чуулганыг хаяж гараагүй гишүүдийг дарамтлаад байгаа гэсэн. Энэ үнэн үү” гэсэн асуултад “Механикаар дагаад гүйх байсан юм бол би яах гэж МАН-аас гарах байсан юм. Михайлд өөрийн бодол байна шүү дээ. Би хэн нэгний санаанд тааруулж ажил амьдралаа зохицуулдаг хүн биш гэдгээ хатуу, чанга хэлчихье” гэж гэдийжээ. О.Цолмонгийн зүгээс ийм алхам ирснийг шууд утгаар нь зөвшөөрч, түүнд хэвлэлээр хариу шидэж байгаа нь энэ юм байна. Гэвч энэ хариултаараа О.Цолмонг ямар муухай амьтан бэ гэж харуулах гэсэн биш өөрөө шившиг болж үзэгдэв. Хүмүүс “Хөөх, энэ Улаан чинь бүр улаандаа гарсан хүн юм байна шүү дээ. Захлуулж, жийгдэж явахад нь тосч авч, сайд хүртэл болгосон улсуудаа суурин дээр нь л эргэж ингэж мурих гэж байдаг аа” гэлцэж байна. Хүнийг муухай харагдуулах гэж яваад өөрөө тэр шавар дээрээ ойчив. Монголчууд шударга дүрэнд биш, шударга үйлэнд илүү итгэдэг. Монголчууд худлаа цэцэнд биш үнэн явдалтанд илүү ач холбогдол өгдөг. Энийг Улаан сайд мэддэггүй юм байна. Мэддэггүй болохоор л ингэж явдаг юм байна. Энэ бол бидний хайртай Михайлын санаа биш юм. Энэ бол бидний дуртай Михайлын бараг зүүдэнд нь ч орохгүй эсрэг тэсрэгийн туйл болсон хүний санаа юм. Уг нь их улс төрөөс иймэрхүү нөхдүүдийг шахаж гаргаж байж Төр цэвэршинэ. Тэдний арга залинд орж, хүслийг нь гүйцэлдүүлээд л явах юм бол Монгол Төр хэзээ ч тунгалагшихгүй. Туйлын зорилго нь албан тушаал болсон ийм хүмүүс шургалсан хэвээрээ байсан цагт тунгалаг Төрийн тухай яриа мөрөөдөл хэвээрээ л үлдэнэ.