Улаанбаатар хотын гэр хорооллууд дэд бүтцэд холбогдоно гэсэн биш хорхой хүргээд байх боллоо. Өөрийн эзэмшлийн газартай, дээр нь хаустай, хаус нь халуун хүйтэн ус бохирын шугамтай, хашаандаа тоглох талбайтай, тэндээ гоё мод цэцэг тариастай гэхээр л нүдэнд харагдаад байх юм. Нүүдэг юм билүү, ккк. Яг байгуулаад эхлэхээр миний чиний газар том жижиг болчлоо, дэд бүтэц байгуулж байх үеэр хаана амь зууж баларна аа, дээр нь байгуулах хаусаа хэзээ юугаараа бариулж орно доо гээд зөндөө асуудал үүсэх байх даа. Гэлээ гээд хэдий болтол хиртэй орчинд амдрах вэ дээ.

Гэр хороолол грийн хороолол буюу ногоон хороолол болоход цахилгаан эрчим хүчний асуудлыг эвтэйхэн гоё шийдмээр юм шиг ээ эхнээс нь. Тухайлбал айл бүр байшингийн дээврээ нарны хавтангаар хучина. Ингээснээр гэрийнхээ цахилгааныг өөрсдөө гаргаж аваад өрх бүр дотоод хэрэглээнээсээ илүү гарсан цахилгаан эрчим хүчээ төвийн цахилгаан түгээх сүлжээ компанид худалдах боломжтой.

Ийм жишиг тухайлбал Герман улсад амжилттай хэрэгжсэн байдаг. Өрхийн “үйлдвэрлэсэн” цахилгааныг цахилгаан түгээх компаниуд худалдаж авах ёстой гэдгийг хуулиар тогтоогоод өгчихөж, хугацааг нь 20 жил гээд заасан болохоор лав энэ хугацаанд айлууд тогны мөнгө гэж улсад төлөх биш эсрэгээрээ улсаас төв сүлжээ рүү нийлүүлсэн эрчим хүчнийхээ төлбөрийг нэхэмжлэн авдаг болно гэсэн үг. Өрх бүр хэрэглэгчээс үйлдвэрлэгч болно гэсэн үг. Гоё биш гэж үү. Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болж гэмээ нь манай улсын эрчим хүч үйлдвэрлэх чадамж нэмэгдэж одоо үүсээд байгаа хүндрэлийг намжаах давуу талтай. Мэдээж агаарын бохирдлыг ч бууруулна.

Даацаа даахгүй, цаашид улам хүндэрнэ гээд байгаа нийслэлийн цахилгаан дулааны эрчим хүчний хомсдолыг шийдэх шинэ гарц нь энэ байж болмоор. Гэхдээ мэргэжилтний хэлж буйгаар Монголд системийн тогтвортой үйл ажиллагаа гээд нэг гол юмыг манайхан шийдэж чадахгүй болохоор нэг өдөр нартай нэг өдөр салхитай, баахан сэргээгдэхийн станцууд байгуулчихдаг тэрийгээ тооцоод системийн ачааллаа явуулж байтал салхигүй наргүй үед дутагдсанаа яах вэ гэж асуудал гарч мэдэх юм байна. Учир нь манай станцуудын зуухнууд асаалт унтраалт дээрээ цаг их зарцуулдаг аж. Гэхдээ Тавдугаар цахилгаан станцыг барьчихвал энэ асуудал ок болох ажээ. Тавдугаар цахилгаан станцыг 2016 онд ашиглалтад оруулна гэж тооцож байгаа. Тэгвэл гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг 6 жилийн дотор хийж дуусгана гэж байгаа. Цаг хугацаа нь таарч болохоор байна.

Нарны зайн хавтангийн хувьд Монголд аль хэдийн өөрсдөө үйлдвэрлээд эхэлчихсэн. Хэрэв грийн хорооллын айл өрх бүр хавтан худалдаж авбал энэ төрлийн үндэсний үйлдвэрлэл ч хөл дээрээ босоод ирнэ. Улмаар бүтээгдэхүүнээ хилийн чанад руу гаргах боломжтой.

Ингээд нарны эрчим хүчээр өрхүүд цахилгаан үйлдвэрлээд, үүнийг нь цахилгаан түгээх компаниуд аваад цааш нь өөр хэрэгтэй үйлдвэрүүд рүү түгээх гэх мэт нарны эрчим хүчийг ашиглах энэ тогтолцоо боловсронгуй болохын хэрээр технологийн чадавхи ч асар хурдан хөгжих нөхцөл бүрдэнэ.

Хятад улс гэхэд л 2010, 2011 онд нарны эрчим хүч үйлдвэрлэл нь суга өссөн. Дэлхийд хамгийн том нарны парк хятадын Хөхнуур мужид байна. Энэ төрлийн үйлдвэрлэгчиддээ бага хүүтэй зээл олгох, гадны компанитай хамтрах тал дээр сайхан дэмжиж өгдөг аж. Ингэснээр нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал 2011 он гэхэд 2009 оныхоос 10 дахин нэмэгдсэн байх жишээтэй. Одоогоор сэргээгдэх эрчим хүч хятадын нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 7%-ийг эзэлж байгаа ба 12 дугаар таван жилийн төлөвлөгөөнд 10% болгоно гэсэн. Сүүлийн 2 жилийн хурдаар бол энэ том амбиц нь өлхөн хэрэгжих боломжтой. Магадгүй дэлхийд тэргүүлж байгаа Германыг гүйцэж мэдэх юм.

Дэлхийн чиг хандлага эко тал руугаа хөгжихийг эрмэлзэж байгаа энэ зуунд бид ч бас юугаар дутах билээ, дандаа яаж нүүрс царайлахав дээ. Дэлхийд агаарын бохирдлоор 2-т ордог хот маань хөдөө талын уужим цэнгэг агаар шигээ сэвэлзсэн салхитай болоход нарны эрчим хүч ашиглах, ашиглахын тулд шууд эцсийн хэрэглэгчид рүү хандсан энэ хуулийн зохицуулалт хэрэгтэй байна гэж мунхаглавой.



АНУ дахь нарны хотхон



Герман дахь нарны хотхон




Япон дахь нарны хотхон



Хятад дахь анхны нарны хотхон