Эдийн засгийн эрх чөлөө ба "туулайчдын" клуб
Энэ завшигчдыг “free riders” буюу төлбөргүй зорчигчид, монголоор бол “туулай” гэдэг.
Африкийн баруун хойд эргээс зуун тавин километр зайд орших, галт уулын гаралтай арваад жижиг бүлэг арал бий. Канарын гэх гурван сая оршин суугчтай эдгээр арал бол Испанийн нутаг дэвсгэр. Кристофер Колумб алдарт аялалын бэлтгэлээ базаах сүүлийн зогсоол нь байсан энэ арлаас их хэмжээний алт олдож эзэн хааны эрдэнэсийн санг бялхуулж байжээ.
Жилийн турш тогтмол халуун дулаан байдаг эдгээр арлуудад өнөөдөр олон сая жуулчид ирж байна. Лас Палмос гэх нэг арлынх нь урд хэсэгт хориод жилийн өмнө ганц ч модгүй цөл, хоосон толгод байжээ. Гэтэл өнөөдөр тансаг зочид буудлууд, хурлын ордон, машин уралдааны тойрог, гольфын талбай, гоё ганган вилла баригдсан, эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлал, олон улсын хурал зөвлөлгөөний төв болжээ.
Барууны улс орнуудын барьж эхэлсэн төсөл бүр цагтаа дуусч, ашиг орлого өгдөг, гэтэл монголын том төслүүд ярих, шуугих, шав тавихаас хэтрэхгүй байгаагийн “нууц” нь юу юм бэ? Энэ бол эдийн засгийн эрх чөлөө.
Монголын эдийн засгийн эрх чөлөө
Канадын Фрейзэр институтаас гаргасан дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний 2018 оны тайлангаас үүнийг тод харж болно. Эдийн засгийн эрх чөлөө өндөр оронд (Hong kong, Singapore зэрэг) иргэдийн амьдрал илүү сайн, бага оронд (Venesuel, Lybia зэрэг) амьдрал хэцүү, ядуурал, ажилгүйдэл их байдгийг сүүлийн хориод жилийн судалгаа харуулж байна.
Эдийн засгийн эрх чөлөөний үндэс суурь бол хувь хүний сонголт, сайн дурын солилцоо, зах зээлд оролцох ба өрсөлдөх эрх чөлөө, хувь хүний болон хувийн эзэмшлийн хөрөнгийн аюулгүй байдал гэж үздэг. Дэлхийн 162 орныг 10 хүртэлх оноогоор хэмжээд, буурах дарааллаар жагсаахад Монгол улс 7.4 оноогоор 48-р байранд оржээ. Энэ бол эдийн засгийн эрх чөлөөг 1/төр засгийн хэмжээ (8 оноо, 15-рт); 2/хуулийн систем болон өмчлөх эрх (5.5, 62); 3/мөнгөний тогтвортой байдал (9.39, 42); 4/гадаад орнуудтай худалдаа хийх эрх чөлөө (6.68,104); 5/төрийн зохицуулалт (7.26, 70) гэсэн таван өргөн талбараар хэмжсэний дундаж нь. Жич Орос улс 6.8 оноогоор 87, Хятад улс 6.4 оноогоор 108-р байранд жагсчээ.
Харин тав дахь хэсэг буюу төрийн зохицуулалтыг дотор нь 5a/зээлийн зах зээл (8.44, 88); 5б/хөдөлмөрийн зах зээл (6.65, 71); 5c/бизнесийн зохицуулалт (6.69, 62) гэж үнэлжээ.
Ер нь энэ индексийн гол ач холбогдол нь бусад оронтой харьцуулахад хаана явна гэхээсээ илүү, ямар талбарт эдийн засгийн эрх чөлөө бага байгааг тогтоож, шалтгааныг засч залруулахад оршиж байна. Эдийн засгийн эрх чөлөөтэй улс оронд л иргэд нь амар тайван, элбэг хангалуун, эх орноосоо дүрвэж зугтдаггүй, гэр бүлээрээ элэг бүтэн амьдарч, урт удаан насалдаг ажээ.
Ганхаж буй хуулийн засаглал
Хуулийн засаглал гэдэг нь бүх хүн, байгууллага хуулийг мөрдөх, төр засаг нь хуулиа сахиулах, хууль бүх хүнд ижил тэгш үйлчлэх зарчмыг хэлдэг. Энэ зарчим хэрэгжихгүй бол ардчилсан улс орон бага багаар дарангуйлагчийн засаглал руу шилжиж, үг хэлэх эрх чөлөө хумигдсаар, төдөлгүй мөнгө нь үнэгүйдэж, эдийн засаг нь дампуурч, цэрэг зэвсгийн хүчээр иргэдээ айлган сүрдүүлж, эцэст нь үймээн самуун үүсдэг.
Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөг доош татаж байгаа гол талбар бол хуулийн систем ба өмчлөх эрх (5.5) гэж гарчээ. МУ шүүгчийн хараат бус байдал 3.8; хараат бус шүүх 3.77; өмчлөх эрхийн хамгаалалтаар 4.42 оноог энэ онд авсан, өмнө нь ч доогуур гарч байсан нь анхаарал татаж байна.
2000 онд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулснаас хойш хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүж, залруулах засаглалын хоорондын эрх мэдлийн хуваарилалт харилцан ууссаар, эдүгээ бараг ялгагдахгүй болоод байна. Их Хурлын гишүүдийн дөрөвний нэг нь Засгийн газрын гишүүд болж байна. Ерөнхийлөгч нь хууль санаачилж, шүүх болон авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг “томилж” байна.
Монголын иргэд зөвхөн сонгуулийн өдөр ардчилалд оролцож, сонгуулийн хооронд улс төрийн “жүжиг” үздэг болжээ. Иргэд, тэдний мэдээлэлтэй хэсгийн төлөөлөл болсон иргэний нийгмийн ажил сошиалаар шуугихаас хэтрэхгүй байна. Монголын хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэхээ болиод удаж байна. Сүр дуулиантай баривчилгаа хийгээд, гэнэт суллах, эсвэл шүүхийн шийдвэрүүд замхран алга болох, шүүгч, цагдаа нар өөрсдөө гэмт хэрэг үйлдэх, авлига, хээл хахууль авах нь өнөөгийн нийгмийн ердийн үзэгдэл болжээ.
Туулайчид
Хувь хүний аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах нь төрийн анхдагч үүрэг. Өмч хөрөнгө хувь хүний, байгууллагын, хамтын, нийтийн, төрийн гэх зэрэг олон хэлбэртэй байдаг. Аль нэгийг нь завшвал бусад хэлбэртээ шууд нөлөөлдөг. Өмчийг хамгаалахын тулд наад зах нь бүртгэлтэй, хариуцах эзэд нь тодорхой байх ёстой. Гэтэл монголын төр засаг энэ бүртгэлийг хийхийг хүсдэггүй. Бүртгэлгүй буюу эзэн нь тодорхой биш болохоор тэдгээр хөрөнгийг үнэгүй авч, завшиж болсоор байна. Энэ завшигчдыг “free riders” буюу төлбөргүй зорчигчид, монголоор бол “туулай” гэдэг.
Эдгээр “туулайчдад” сайхан боломж олгож буй институт бол улс төрийн намууд. Газар, газрын доорх баялаг зэрэг төрийн өмч хөрөнгийг завших боломжийг төрийн эрх баригч намууд өөрсдийн “клубын” өмч болгов. Клуб нь хаалттай, зөвхөн гишүүддээ үйлчилдэг, дотоод дүрэм журам нь тун нарийн ажээ. Дүрэм журмаа зөрчсөн гишүүнийг клубын бусад гишүүд нь гадуурхаж, цээрлүүлдэг, нийтээрээ үзэн яддаг боллоо. Тод жишээ нь Х.Тэмүүжин ба АН, Л.Оюун-Эрдэнэ ба МАН-ын хооронд болсон үйл явдлууд.
Нийслэл, аймгийн төвүүдийн бүх газар, уул устай амууд, уул уурхайн орд газрууд, бэлчээр, тариалангийн талбай, төрийн өмчтэй бүх компаниуд эдүгээ МАН эсвэл АН нэртэй клубын өмч болжээ. Эрдэнэтийн 49 хувийг АН клуб, 51 хувийг МАН гэх клуб хуваан эзэмшиж, нэг нь нөгөөгөөсөө булаан авахаар өнөөдөр тэмцэлдэж байна. Хууль, хүчний байгууллагууд, авлигатай тэмцэх газар, банкууд, компаниуд бүгд л энэ клубын гишүүд болжээ.
Монгол улсын бүх өмч хөрөнгө, төрийн эрх мэдэл бүгдээрээ эдгээр хаалттай клубын гишүүн-туулайчдын эрх мэдэлд нэгэнт очсон учир монголын жирийн иргэд юутай хоцорсноо ч мэдэхгүй, ойлгохгүй байна.
Ер нь тэгэхээр иргэд бидний өмч хөрөнгө, аюулгүй байдлыг хэн хамгаалах юм бэ?
Лас Палмос. Испани
2018.10.10
таалагдлаа
М
Зочин
Зочин
N.Batbold
Зочин
Зочин
zochin