”ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬ”
/Үндсэн зарчмууд нь ганцхан хуудсанд багтахаар маш энгийн бөгөөд хүн бүрт ойлгомжтой байдгаараа эрх чөлөөний хууль гайхамшигтай
/Үндсэн зарчмууд нь ганцхан хуудсанд багтахаар маш энгийн бөгөөд хүн бүрт ойлгомжтой байдгаараа эрх чөлөөний хууль гайхамшигтай/
Эзэнгүй амьдралын эхлэл
/Хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов/
Урьд хүмүүс хүний амьдралыг "бурхад" мэдэж, захирдаг гэж итгэдэг байв. Энэ итгэл харамсалтай нь хүмүүс "бидний амьдралыг өөр хэн нэгэн мэдэж, шийдэх ёстой, түүнд бурхан тийм эрхийг өгсөн, тэр бол язгуур, гарвал ариун эзэн, харин бид тэдэнд харьяалагдах дорд, барлаг боолууд" гэж үзэхэд хүргэж байв. Энэ үзэл үнэндээ "хүмүүсийн нэг хэсэг нь хөлдөө дарвиултай, нөгөө хэсэг нь нуруундаа эмээлтэй төрдөг" гэх цэцэн биш цэцэн үгээр хүч олж, оюун ухаан, бие мах бодийн хувьд ялгаагүй олон олон хүнийг өөр хооронд нь үл үзэгдэх хирэм цайзаар зааглан, үзэн ядалтаар холбосон юм. Хүмүүс бид ийм үзэл, ийм амьдрал, ийм ирээдүйтэй удаан амьдарсан.
Харин одоо хүмүүст "өөрийгөө мэдэж, захирах ёстой" гэсэн шинэ итгэл үнэмшил бий болсноор тэд эзний харьяаллаас ангижирч, өөр хоорон дахь хэрэм цайзаа нураан, үзэн ядах хүлээсээ тайлцгаалаа. Америкийн "Тусгаар тогтнолын тунхаг", Францын "Хүний ба иргэний эрхийн тунхаг"-аар түүчээлэн түгсэн энэ үзэл санаа хүн бүр өөрөө өөртөө эзэн байх шинэ цаг үеийг эхлүүлсэн. Энэ шинэ цаг үе бол эрх чөлөөний цаг үе. Энэ цаг үед албат, ардууд бус иргэд, хүмүүс амьдардаг.
Хувь хүний хариуцлага
/Эрх чөлөөтэй байх боол байхаас хэцүү/
Хариуцлага гэдэг энэ үг урьд өмнө нь эзний өмнө хүлээх үүрэг, эзнээс албатад ногдуулах шийтгэл байлаа. Тиймээс эзэн албатдаа хариуцлага тооцдог гэж ойлгохоос хувь хүн өөрөө өөртөө хариуцлага ногдуулдаг гэж боддоггүй байж.
Харин хүмүүс өөртөө эзэн болж, иргэд эрх чөлөөтэй байх болсноор эзний цээрлэлээс ангижрасан ч нөгөө талдаа өмнө нь эздэд хариуцуулж байсан амьдралын хариуцлагаа хувь хүмүүс өөрсдөө үүрэх болж. Эндээс "эрх чөлөөтэй байх, боол байхаас хэцүү" гэх үг үүссэн билээ. Боол байхад санаа зовох зүйл нэг л бий. Тэр бол сайн эзэнтэй таарах. Мэдээж үүнд аз хэрэгтэй. Азтай байгаад сайн эзнтэй таарчих юм бол юу идэж өмсөх, хаана унтаж, амрах, ямар ажил хийх бүгд эзний хайр хишиг болно. Харин эрх чөлөөт хүний хувьд хэн нэгний хайр хишиг хэрэггүй. Эзний тухай бодох ч шаардлагагүй. Гэхдээ түүнээс бусад бүх зүйлийг бодож шийдэж, сонгох хэрэгтэй. Бодохгүйгээр сонголтоо хийж, шийдвэрээ гаргавал өлсөнө, даарна, ядрана. Гэхдээ өлсөж, даарч, ядарч байгаагийнхаа бурууг эрх чөлөөт хүн өрөөлд биш өөртөө өгч сурах ёстой. Ийм учираас л эрх чөлөөнд аз биш чадвар, мэдлэг бас багагүй зориг хэрэгтэй болдог. Энэ бол "Хувь хүний хариуцлага".
Хувийн өмч
/Өмчгүй хүн эрх чөлөөндөө хариуцлагатай ханддаггүй/
Эрх чөлөөний үзэл хувь хүнд алдаа, эрсдэл чинийх гэдэг шигээ амжилт, бүтээл ч бас чинийх гэж хэлдэг. Өөрийнхөө авьяас, хүч, цаг хугацааг заран байж бий болгосон баялаг бүр тань ганцхан танд харьяалагдах болно. Түүнд тань хэн ч таны зөвшөөрөлгүй халдах ёсгүй. Тэр бол хувь хүнд амьдралаа үргэлжлүүрж, авьяасаа хөгжүүлж, эрх чөлөөгөө хамгаалж, өөрийн үзэл бодолтойгоо байхад тань тусладаг зүйл. Түүнийг "өмч" гэдэг. Хувьдаа өмчгүй хүн эрх чөлөөндөө хариуцлагатай хандаж чаддаггүй, бас өөрөө өөрийнхөө амьдралыг мэдэж шийдэж хүч хүрдэггүй.
Нөгөөтэйгүүр хувийн өмч хувь хүнд төрөөс чөлөөтэй байх боломжийг бий болгодог. Тиймээс өмч, түүний солилцоог төр хянана гэдэг бүгдийг хянана гэсэн үг.
Хүн бүр өөртөө байгаа зүйлсийг сайн дураар, чөлөөтэй солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагааныхаа тусламжтай амьдралын асуудлуудаа мэдэж шийдэх боломжтой болдог. Бид үүнийг "зах зээл" гэдэг. Зах зээл өрсөлдөөн, итгэлцэл, шударга зан чанарыг өргөмжилж, хууран мэхлэлт, захиран тушаалт, бүтээлч бус байдлыг тэвчдэггүй.
Нийгмийн гэрээ
/Иргэдээсээ үүсээгүй засаг төрд хүлээн зөвшөөрөгдөх нэр хүнд гэж үгүй./
Харилцан ашигтай хамтран амьдрах эрмэлзлэл хувь хүмүүст өөр хоорондоо ойлголцон нэгэн тохироо хийхэд хүргэсэн. Энэ бол хүн бүр бусдынхаа эрх чөлөө, амь бие, өмч хөрөнгөд халдахгүй байх тухай тохироо юм. Энэ тохироог сахин мөрдүүлж, мөрдөөгүй нэгэндээ зэм оноохоор нийгмийн гишүүн хувь хүн бүр эрх чөлөөнийхөө өчүүхэн хэсгийг нийлүүлж, өмч хөрөнгийнхөө багахан хэсгийг татварлуулан эрх мэдлийг үүсгэсэн юм. Энэ үүсмэл эрх мэдлээс засаг үүссэн бөгөөд үүсмэл зүйл жам ёсныхоо зүйлд захирагдаж байхын тулд засаг нийгмийн гэрээнд захирагдах үүрэг хүлээсэн билээ. "Засгийн эрх ард түмнээс үүсгэлтэй гэх" үгийн утга үүнд оршдог.
Нийгмийн гэрээ, энэ бол "Үндсэн хууль". Түүнд захирагдсан эрх мэдэл, энэ бол "хязгаарлагдмал засаг" юм.
Үндсэн хууль
/Ууж иддэг, өмсөж зүйдэг нь ихэс дээдэс шиг түшээд олширч, төрийн түшмэлүүд нь цус ойртож, суудал залгамжилаад ирэхээр л Бүгд найрамдах ёс үгүй болдог./
Хүмүүст өөрсдөд нь хэн нэгнийхээ эрх чөлөө, амь бие, өмч хөрөнгийг сүтгэж, тонох эрх үгүй бол засаг төрд ч бас ийм эрх байх ёсгүй. Учир нь хүмүүс өөрсдөдөө байхгүй эрхийг бусдад шилжүүлж өгч чадахгүй. Хүмүүс засаг төрийг үүсгэсэн юм бол засгийн үйлдэл, санаачлага болгон хүмүүсээс асуусан, тэдний зөвшөөрлийг авсан байх учиртай. Хүн бүр нийгмийн гэрээг батлалцаж, засгийн шийдвэрт оролцох нь тэдний эрхэм чанар, нэр төрийн хэрэг бөгөөд төр хэнийг ч үгүйсгэж, боолчилж, тонон дээрэмдэж чадахгүй байх нь хамгийн чухал. Чухамхүү энэ үндэслэлээр л засгийн эрх мэдлийг хүний эрхээр хязгаарлаж, хязгаарлагдсан эрх мэдлийг нь хууль тогтоох, гүйцэтгэх, сшүүх хэмээн хуваарилан тэнцвэржүүлэдэг. Энэ бол Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчим юм.
Үндсэн хуульт ардчиллын амин сүнс бол хүмүүст итгэгдсэн хүн эрх мэдэлд хугацаатай сонгогдож, хууль тогтоон, засагт хяналт тавих явдал юм. Үүнийг бид төлөөллийн ардчилал гэдэг.
Эрх мэдэл болон хууль байх нь эцсийн зорилго биш. Харин эдгээр нь хувь хүн бүрийн сайн сайхны төлөө үйлчлэх хэрэгсэл байх ёстой. Төр өөрөө зорилго байгаа цагт хувь хүмүүс хэрэгсэл болон хувирдаг. Хуулиас давсан эрх мэдэл, нийгмийн гэрээнээс гадуурх чиг үүрэг төрд олгогдсон цагт эрх чөлөө, зах зээл, ардчилал гэх мэт үнэт зүйлс үгүй болж эцэстэй иргэний бус эзний ёс сэргэдэг. Эзэн гэж нэг, эсхүл цөөн хэсэг хүн байх албагүй. Олонхи ч бас дарангуйллаа тогтоон бусад цөөн хэсэгтээ эзэн нь болж болно. Эзний ёс гэдэг хүмүүсийн цөөн, олонхид биш, харин нэг хэсэг нь нөгөө хэсэгтээ эзэрхэн хүчирхийлдэгт л байдаг. Иймд эзэрхийллийг эрх зүйгээр хязгаарлаж, иргэний эрхийг хуулиар хамгаалах нь Үндсэн хуулийн гол зорилго.
Үндсэн хуульт ёс
/Төрийн гахай тэжээмээргүй байвал төрөөс их юм битгий шаард./
Хууль дээдлэнэ гэдэг иргэдэд бус, эрх мэдэлтнүүдэд зориулагддаг гэдгийг энэ үзэл санаа илтгэнэ. Үндсэн хууль бол хувь хүмүүст биш, төрд өгсөн хязгаарлалт, биеэ яаж авч явахыг хүнд биш төрд заасан хэм хэмжээ, төрд бүрэн эрхийг бэлэглэдэггүй харин хувь хүмүүсийг төрөөс хамгаалах баталгааг бий болгодог юм. Харамсалтай нь уламжлалт, хэт хуучинсаг ч гэж хэлж болох улс төрчид иргэд хуулийг дээдэлж, мөрдөх тухай л яриахаас өөрөө хуульд захирагдаж, төр хуулийн дор орших тухай тэр бүр ярихыг хүсдэггүй. Тэдний энэ хоцрогдол нь Үндсэн хуульд бүх хууль, төрийн үйл ажиллагаа захирагдах ёстой гэсэн Үндсэн хуульт ёсны зарчмаас тэс эсрэг "төр хуулийг ямар байхыг мэдэж шийдэх ёстой" гэсэн төржсөн хүний дур зоргыг бий болгодог.
Төрийг биш хуулийг шүтдэг иргэн, даргад биш иргэнд захирагддаг засаг оршин тогтнохын тулд уул нь Үндсэн хууль байдаг. Тэр бидэнд эзний бус иргэний хуулийг санал болгодог болохоор бид өөр хэн нэгэнд бус хуульд захирагдж, эрх чөлөөтэйгээ үлддэг.
Харамсалтай нь маш олон хүн өөртөө биш даргад итгэж, хуулинд биш төрд хүч чадлаа өгсөөр л байна. Олон олон хүн өөрөө баялаг бүтээх бус төрийн хишиг горьдсоор л сууна. Шуудхан хэлэхэд "Засаг төрийг өөрчилж, өөрийн амьдралаа мэдэж, шийдэж болох таатай нөхцөлийг ардчилал өөрсдөд минь оноочихоод байхад, бид бүхэн хэн нэгэн тэвчишгүй дарангуйлагчдаас арай хийж салсан мөртлөө оронд нь өөр нэгийг суулгахыг л яараад байхаас, боолчлолыг тууштай үзэн ядаж, бүр мөсөн салах ёстой эсэхээ бүрэн шийдэж чаддахгүй л байна.
Монголд өнөөдөр хоёр сая зургаан зуун "албат" бус хоёр сая зургаан зуун "иргэн" өөр өөрийнхөө "ЗӨВ сонголт"-ыг хийж, эрх чөлөөний үр шимийг өөртөө болон үр хүүхдэдээ эдлүүлэх гэж Үндсэн хуулийг дээдэлж байна. Хоёр гуравхан эзэнд захируулах гэж биш, хоёр сая зургаан зуун эзэнд засаг төрийг нь мэдүүлэх гэж Үндсэн хууль бас оршин байна.
Хоёр сая зургаан зуун хамжлага ард байх уу, хоёр сая зургаан зуун иргэн хүн байх уу... энэ бүхэн бид "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬ"-тай байж чадах эсэхээс л шалтгаална.
Монголхүү
Chuluun Naranbaatar
Xacap
ganaa
ganaa