Насанд хүрэгчдийн аутизм гэдэг нь төсөөлөл, бодит байдал хоёрыг ялгах чадамжгүй, хүсэж байгаа зүйлээ бодитоор болчихсон юм шиг хүлээж авах сэтгэцийн эмгэг юм.

Эйген Блейлер
Сэтгэцийн эмгэг судлаач

Америкийн стратегийн сэтгэгч, түүхч Эдуард Люттвакк (Edward N. Luttwak) “Хятадын өсөлт нь стратегийн логиктой зөрчилдөж байна” (Rise of China vs logic of strategy) хэмээх номдоо Монголын аюулгүй байдлын асуудлыг нэлээд хэмжээгээр тусгасныг тоймлон өгүүлье.


Эдуард Люттвакк Р.Рейганы зөвлөх байсан. Одоо АНУ-ын Стратеги, олон улс судлалын төвийн ахлах шинжээч.


Хувирал

Олон улсын харилцааны эрчимт өөрчлөлт нь дэлхий дахиныг бүхэлд нь хамарсан зөрчилд аваачиж байна хэмээн Эдуард Люттвакк үзжээ. Энэ зөрчлийн угт Хятадын хурдацтай, олон талт өсөлт, хүчирхэгжилт бий. Том, гүнзгий зөрчлийн мөчлөгт ердийн логик үйлчлэлээ зогсоодог. Ийм нөхцөлд стратегийн парадокс логик, зөрчлийн логик үйлчилгээтэй байдаг юм. Хэвийн цаг үеийн логикоор зөрчлийн үед ажиллабал эмгэнэлт үр дагаварт хүрнэ хэмээн тэр анхааруулж байна.

Түүний ном бүхэлдээ “стратеги логикийг үйл хөдлөлөөр харуулахад” зориулагдсан болохыг Люттвак онцлоод Хятадын эсрэг эвсэл бүрэлдэж байгаа явцыг тайлбарлахыг оролджээ.

Э.Люттвакын хийсэн гол ажиглалт нь БНХАУ-ын гадаад бодлого 2002 оноос хойш гурван ч эрс өөрчлөлтөд өртсөн явдал юм. Дэн Сяопинээс Ху Жинтао хүртэлх гадаад бодлогод “аядуу өсөлтийн” (peaceful rise) хандлага баримталдаг байсан. Харин Ши Жиньпин эрх мэдэлд хүрснээр гадаад бодлого нь “түрэмгий” (agressive) хандлагатай болж ирсэн аж. Хятадын гадаад бодлогын түрэмгий хандлагад адил түрэмгий хариу барьсан улс бол Вьетнам юм. 

2014 оны хавар. Өмнөд Хятадын тэнгисийн Спратли арлын орчим дахь маргаантай нутаг дэвсгэрт хятадууд нефтийн цамхаг барьж эхэлснийг эсэргүүцэн Вьетнамын хэд хэдэн мужийн аж үйлдвэрийн бүсэд 200 мянга гаруй хүн оролцсон жагсаал цуглаанууд болж, Хятадын хөрөнгө оруулалттай 15 үйлдвэр рүү дайрч гурвыг нь галдснаас эд хөрөнгийн ихээхэн хохирол амсч, 21 хятад амиа алдан, 150 гаруй хятад ажилчин гэмтэж бэртжээ.

Энэ хэрэг явдлын дараа Хятадын Гадаад хэргийн яамнаас Вьетнамыг “өдөөн хатгагч” гэж нэрлэсэн ч тэр даруйдаа “тайвшир” хэмээн аргаджээ. “Хятадууд Вьетнамын газар нутгаас савраа тат” гэсэн уриа барьсан хүмүүс Вьетнам даяар олширч, дарамт ихэссэн тул хятадууд тус улсаас иргэдээ нүүлгэхэд хүрэв.

Энэхүү эсэргүүцэл нь Хятад-Вьетнамын дайнаас хойш гарсан Хятадын эсрэг хамгийн анхны том хэмжээний бослого аж.

Вьетнамтай үүсгэсэн энэ маргаан Хятадын стратегийн том алдаа болсон гэж Люттвак бичжээ. Энэ нь хятадууд парадокс логикийн талаар ямар ч ойлголтгүй явсантай холбоотой гэнэ. БНХАУ-ын гадаад бодлого энэ хэрэг явдлын дараачаас selective aggressiveness буюу тохиргоотой түрэмгийллийн стратеги баримтлах болсон гэлээ.

Өөрөөр хэлбэл хэнийг шууд дээрэлхэх, хэнийг далдуур шоглох замаар түрэмгийлэхийг сонгож, тохиргоо хийнэ гэсэн үг. Бутаны нутгийн гүн рүү танкаар шууд л 60 км хүртэл нэвтрэх бол Энэтхэгийн хилийн цэргийнхэнтэй чулуугаар шидэлцнэ. Вьетнам, Монгол мэт “догшин” хариу барьдаг уламжлалтай улсуудад эдийн засгийн дам дарамт учруулахыг эрхэмлэх бол Тажикстаны нутгаас Уулын Бадахшан хэмээх 1500 кв километр нутгийг зүгээр л 900 сая ам.долларын өрийн төлбөрт авчихъя гэх мэт тохиргоот түрэмгийлэл хийдэг ажээ. 

2016 оны сүүлээр XIV Далай ламыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн далд санаачилгаар Монголд урьж авчирсан нь Хятадын зүгээс Тавантолгойн бүлэг ордоос нүүрс гаргах хэмжээг эрс багасгах замаар дарамт учруулах бодлогын шалтаг болон хувирсан билээ. Хятадын албаныханд Далай ламыг Монголд хэн залж авчирсныг нь мэдүүлэх зорилгоор Америкийн Элчин сайд найрсгаар “жиргэж” байсан нь учиртай.

АНУ-ын ил далд дэмжлэгээр Австрали, Япон, Вьетнам, Өмнөд Солонгос, Монгол, Индонези, Филиппин зэрэг улсуудыг хамарсан Хятадын эсрэг эвсэл бий болгох сонирхол байгаа юм. Люттвак номынхоо 17-р бүлгийг Монголд тусгайлан зориулсан агаад “Монгол. Эвслийн хойд цайз юм биш биз?” гэсэн гарчиг өгчээ.


Люттвакк Монголын талаар юу бичив

Монголын тухайд стратеги судлаач маань хэд хэдэн сонирхолтой дүгнэлт хийсэн. Орос-Монголын хамтын ажиллагаа нь эдийн засгийн агуулгатай, арилжааны хувьд ашиг өгөх төслүүдээр хязгаарлагдаж байгаа нь бүс нутгийн улсууд, тэр дундаа Японы хувьд ямарваа асуудал хүндрэл авчрахгүй. ОХУ-ын зүгээс Алс дорнодод Японы хөрөнгө оруулалтыг татах, Японы менежменттэй төслүүдэд боломж нээхээр болж байгаа нь Монголд ч таатай тусах болно. 

Сибирь, Алс Дорнодын бүс дэх асар уудам нутаг дэвсгэрт ердөө л 6 сая Оросын иргэн амьдарч байгаа нь хөршийн Харбин хотын иргэдийн тоотой л тэнцэх юм. Монголын хүн ам 3 саяд хүрсэн нь хилийн урдхан байрлах Бугат (Баотоу) хотын иргэдтэй тэнцэх төдий. Орос, Монголын удирдлагууд Хятадын хүн амын тоотой хэт тэнцвэргүй харьцаатай байгаа явдлын ирээдүйн үр дагавар хийгээд бүс нутаг дахь Хятадын эдийн засгийн идэвхжлийн тал дээр тайван суух нь утгагүй болоод байна.

Тийм учраас Орост ч, Монголд ч Япон, Солонгос мэт илүү аюулгүй, илүү хол орших улсуудын хөрөнгө оруулалтыг татахыг эрмэлзэх нь оновчтой байх юм. Монголчууд япончуудад хүндэтгэлтэй ханддаг бөгөөд тэд хүслэнт хөрөнгө оруулагчид байж чадна. Япончуудад мөнгө, сайн технологи, хариуцлага ёс зүй бий. Монголд Японы эдийн засгийн сонирхлыг бий болгох, татах нь хүмүүсээ мэргэшүүлэх, чадварыг нь дээшлүүлэх боломжийг бий болгоно. Японы хувьд Хятадын эсрэг эвсэлд Оросыг татан оролцуулахын төлөө ихийг хийх сонирхол ч бий.

Хятадтай харилцах тал дээр Монгол нь Вьетнамтай төстэй, Өмнөд Солонгосоос тэс өөр хандлагатай улс юм. Хятад, Монгол хоёр нь Манж Чин улсыг задрахад нэгэн зэрэг тусгаар тогтнолоо зарласан улсууд бөгөөд 1962 онд хилийн гэрээ байгуулж, 1964 онд нэмэлт протокол үйлдснээр хилийн маргаангүй болсон. Далайд гарцгүй, хоёрхон хөрштэй. Тэд нь хэмжээгээрээ дэлхийн аварга гүрнүүд. 

Монголын удирдлага гуравдагч хөршийн бодлого гэх ухаалаг хандлагыг гаргаж бусад улсуудын сонирхлыг татахыг хичээдэг (экс Ерөнхийлөгч “төвийг сахих бодлогыг” дур мэдэн тунхагласнаар гуравдагч хөршийн бодлогод ноцтой хохирол учруулах дөхсөн билээ). Холын Америктай таатай харилцаа тогтоосонд нь ОХУ-ын зүгээс тааламжгүй ханддаг. Япон бол гуравдагч хөршийн том төлөөлөл. Тэд Хятад, Оросын бахим тэврэлтээс хөндийрч тэнцвэр хадгалдахад нь чухал үүрэгтэй улс юм. Японы Засгийн газар Гадаад харилцааны яамаа шахаж идэвхжүүлснээр чөлөөт худалдааны гэрээ хийгдэж, Японы бизнесийг Монголд идэвхжүүлэх боломж нээгдсэн. Монголын хувьд Япон нь Хятадтай тогтоосон харилцааг тэнцвэржүүлэх стратегийн зорилт, ач холбогдолтой болж байгаа юм. 

Хятадын баримжаатай болон Хятадын эсрэг эвслүүдийг төлөвшүүлэх боломжит хувилбарууд дараахь байдалтай. Хэрвээ ОХУ Хятадын талд орвол Монгол нь хамгийн сайн тохиолдолд хоёр улсыг зааглах буфер бүсийн статустай үлдэнэ. Муу тохиолдолд аль нэгнийх нь нөлөөн дор Тусгаар нэртэй тоглоомын засаглал бүхий улс болон хувирна. 

Нөгөө хувилбар нь ОХУ Хятадтай сөргөлдөх байр суурь баримталбал эсвэл Хятадын эсрэг эвсэлд орвол (Дорнод Сибирь, Алс дорнод дахь хяналтаа хадгалах, Төв Ази дахь нөлөөллөө алдахгүйн тулд) Монгол нь Хятад-Оросын хүйтрэлийн үеийнх шиг маш сайн хамгаалагдсан тэргүүн эгнээний цайз болон хувирна. Энэ тохиолдолд Монгол Улс АНУ, Япон болон бусад Хятадын эсрэг эвслийн орнуудтай тогтоосон харилцааныхаа үр шимийг хангалттай хүртнэ. Одоогийн нөхцөлд арилжаа, геополитик, гео эдийн засгийн сонирхлуудын уулзвар нь Өмнөговь аймаг дахь Тавантолгойн орд болж байгаа юм.

Монголчууд Хятадаас учруулж байгаа геополитикийн дарамт өсөх, гео эдийн засгийн хавчлага нэмэгдэхийн хэрээр Хятадын нөлөөг хазаарлах, сөрөх илт сэдэлд хөтлөгдөн үүнийгээ нуухыг ч хичээхгүй болж байна. Энэ бол парадокс логикийг илтгэх гол зүйл юм. Зүй нь аварга том, хүчирхэг Хятадын дарамтаас ухаан алдталаа айж, даганаж далдаганах ёстой гэдэг энгийн логик бий. Гэтэл хүн төрөлхтний бүх түүхэнд парадокс гарч жижгүүд аваргын дарамтын эсрэг догширдог. Вьетнамын дайн, Чеченийг дурдахад хангалттай байх.


Люттваккын тодруулга

Эдуард Люттвак Хятадын тэлэлтийн эмгэг бодлогод “Том гүрний аутизм” гэх онош тавьжээ. Хятадын эдийн засгийн өсөлтөө хурдасгах, цэрэг-стратегийн тэлэлт хийх эрмэлзэл нь суурь зөрчилтэй тулгарсан. Лао-Цзы мэт эртний зохиогчдын номонд автсан Хятадын шинэ удирдлагууд “эртэдсэн түрэмгий зан” гаргаж байна гэлээ. Би бүс нутагт “томоохон дайн” болно гэж ёрлохгүй ч, “Хятадын аутизмд” өртөх эрсдэлийг үгүйсгэхгүй.

Хятадыг тогтоон барихын тулд АНУ, ОХУ ойртохоос өөр аргагүй юм. Ойрын ирээдүйд энэ үйл явц эхэлнэ. Одоогоор БНХАУ ямар нэг заналхийлэл учруулахгүй байгаа ч удахгүй Монгол, Казахстан дахь Оросын нөлөөлөлд бодит аюул учруулах болно. Хятад баян болохынхоо хэрээр түрэмгий болон хувирах бөгөөд энэ нь эрт орой нэгэн цагт ОХУ-АНУ-ын холбоог үүсгэнэ.

Одоохондоо маш багаар мэдрэгдэж байгаа Хятадын гео эдийн засгийн үл ойлголцол нь алсдаа юунд хүргэхийг жишээлье:

-АНУ-д орон нутаг, муж, холбооны засаглалын бүхий л түвшинд төсвийн хөрөнгөөр Хятадын бараа, үйлчилгээ авахыг иргэдээс эсэргүүцэх нь улам бүр нэмэгдсээр байна. 2011 оны долдугаар сард Сан Франциско хотын далайн буланг дамнасан гүүрийг хятадуудаар бариулах гэрээг Калифорны губернатор хийснийг олон нийтийн эсэргүүцлээр зогсоосон. Америкийн Батлан хамгаалах яам 2010 оны FR 45074 журмыг баримтлан Хятадын хяналтад байдаг эх үүсвэрүүдээс цэргийн эд хэрэгсэл болон зэвсэг үйлдвэрлэлийн түүхий эд худалдан авахыг хатуу хориглосон. Конгресс Батлан хамгаалах хэрэгцээнд Хятадаас бараа, үйлчилгээ худалдан авахыг бүрэн хориглох хуулийн төсөл хэлэлцэж байна. Мөн Хятадаас харилцаа холбооны төхөөрөмж, дэд бүтцийн ямарваа хэрэгсэл худалдан авсан компаниудад төрийн зүгээс ямар ч дэмжлэг үзүүлэхгүй, үйлчилгээ авахгүй байх шийдвэр гаргасан.

-Энэтхэгт 2010 оноос ийм шийдвэр гаргасан ч оройтсон байсан. Энэтхэгийн харилцаа холбооны хэрэгслийн зах зээл Хятадын бүрэн мэдэлд орчихсон.

-Аргентин, Бразилд 2011 оноос гадаадынханд (хятадуудад голдуу) хөдөө аж ахуйн зориулалтаар газар олгохыг хориглож эхэлсэн. Европ, америкчуудад ч хорьсон учир нь тэдний авсан газар дээр хятадууд ирж ажиллаад хүчтэй хор, химийн бордоо хэрэглээд байдаг. Мөн гаргасан бүтээгдэхүүнийг нь зөвхөн хятадууд нь худалдаад авчихдаг. Бразилчууд оройтсон ч гэсэн Хятадтай хийх худалдаа нь зөвхөн түүхий эдийн наймаачдыг л баяжуулж байгааг ойлгоод Хятадын импорт, экспортод хориг тавих замаар Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авч эхлэж байна. Гэхдээ Бразилийн Төв банк инфляци хөөрөгднө, үндэсний мөнгөн тэмдэгтийг эрсдэлд оруулна гэсэн шалтгаануудаар түүхий эдийн худалдааг дэмжсээр байна. Хөнгөн үйлдвэрлэл бүхий улсууд бүгд ийм зовлонтой учирсан.

-АНУ-ын Сангийн яам ч гэсэн чөлөөт худалдааны үзэл санаанаас татгалзаж хятадуудтай хийх худалдаанд боломжит саад тотгорыг учруулах чиглэл рүү явж байна.

-Австралид түүхий эд худалдан авч байгаа Европ, Америк, Японы компаниудаас хятадуудтай холбоотой гэх шинж тэмдэг илэрвэл хэдий том компани байлаа ч Засаг захиргаанаас де факто хориглох арга хэмжээ авч байна.

-Монголд. Өмнөговийн Цогтцэцийд байгаа Тавантолгойн асар их нүүрсний нөөцийг эзэмшихдээ төмөр замаа Оросын чиглэлд эхлэж тавих шийдвэрийг Засгийн газар нь 2011 онд гаргасан. Тэд Оросоор дамжуулан далайд хүрэхээр төлөвлөж байгаа нь Хятадаас эдийн засгийн хувьд хамаарч байгааг бууруурах зорилготой юм. (Гэвч хятадын талыг баримтлагч бизнес-улс төрийн бүлэглэл энэ шийдвэрийг гацааж, сөрөг сурталчилгаа асар ихээр явуулсан. Экс Ерөнхийлөгч Хятадын нүүрсний аварга компани болон өөрт нь үйлчлэгч Монголын компани хоёрт Тавантолгойн ордыг өгөх шахалтыг Засгийн газар, УИХ-даа үзүүлэж байсан ч бүтээгүй)


Улс орнуудын хэрэгжүүлсэн Хятадын гео эдийн засгийн эсрэг арга хэмжээнүүд хоорондоо ямар ч хамааралгүйгээр гарсан, хангалттай хүчтэй биш байгаа ч Хятадын эдийн засгийн нөлөөг сөрөн зогсох агуулгаараа ижил. Хятадын хүч нөлөөг бишрэн магтдаг, бүгд Хятадыг налж, бараадаж, хаялгаар нь амьдрахыг хүсч байна хэмээн сурталддаг олонхи стратеги судлаачдаас ялгаатай нь Люттвакк Хятадын өсөлт нь стратеги логиктой зөрчилдөж байгаагаас ирээдүйд эрсдэлт нөхцөлд Хятадыг түлхэн оруулна хэмээн үзэж байна.

Эдуард Люттвакк

Хэт төвлөрөл бүхий босоо удирдлага нь доошоо мэдээллийг шуурхай дамжуулах ч яг амьдрал дээр чухам юу болж байгаа талаарх мэдээллийг дээшээ бодитой, шуурхай хүргэх тал дээр томоохон доголдолтой удирдлагын системийг ХКН ашигладагт буй.

Хятадын засаг захиргааны хамгийн бага нэгжийн удирдлагаас өгсүүлээд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 7 гишүүн хүртэл 9 үе шат бүхий удирдлагын бүтэц байгаа юм. Шаардлагатай, бодит мэдээлэл тэр болгон Улс төрийн товчоо, Ши Жиньпин даргад хүрдэггүй. Жижиг гэмээр асуудлууд 5-7 дугаар үе буюу яамны газар хэлтсийн дарга нар хүрээд гацах нь хэвийн үзэгдэл ажээ. Бутан, Монгол, Филиппин зэрэг жижгэвтэр улсуудын талаархи мэдээлэл Ши Жиньпин дарга нэхэж шаардахгүй л бол дээшээ явахгүй гацна. Гашуун сухайтад үүссэн 160 км нүүрс ачсан машины цувааны талаарх мэдээлэл Элчин сайд, хариуцсан яамны хэлтсийн даргаас дээш яваагүй байх тун магадлалтай ажээ.

Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдсныхоо дараахан Родриго Дутерте Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлууд дээр буух тушаалыг цэргийнхэндээ өгөх, өөрийн Хятад гарлын талаар сайрхан ярих, Америкийг хараах зэрэг огцом авирууд гаргасан шалтгааныг стратегийн тоглолт хэмээн судлаачид үзэж байна. Тэрээр Хятадын удирдлагын урт шатны голд гацсан Филиппины асуудлуудыг дээш давуулан шидэж, Ши Жинпиний анхааралд аваачихын тулд ийм тоглолт хийсэн ажээ. Ингэснээр тэр хятадуудтай хүссэн тохиролцоогоо хийж чадсан юм.

ХКН-ын хэт нүсэр удирдлагын тогтолцоо, мэдээллийн хомсдолд дээд удирдлагаа оруулах нь Хятадын ирээдүйд тулгарах бодит эрсдэл ажээ.


Судалдаггүй Д.Ганхуяг

Үндэстний ТОЙМ - Эргэлтийн цэг 2018 - № 348,349