Эрхэм хүндэт сонгогчидоо энэ намаас нэр дэвшигч түүний төлөө саналаа өгцгөөе!
Энэ үг хаана л бол хаана чихнээс хонх адил зүүгдсээр сар гаруй боллоо. Гэхдээ би энэ үгийг эсхүл үүнийг хэлж бас хэлүүлж буй хүний тухай тухай бичих гэсэнгүй. Учир нь ямар ч сонгууль энэ үгээр эхлэж, энэ үгээрээ л төгсдөг. Харин эл хоёр эхлэл, төгсгөлийн дундах боловсролтой нэг нь гайхмаар, боловсролгүй нэг нь бахадмаар олон үг, үйлдлийн талаархи гурван санааг буюу энэхүү нийтлэлд дурдагдах нийгмийн гурван хийрхэлийн тухай уншигч тантай саналаа хуваалцах гэсэн юм.
Хийрхэл нэг: Саяхан цэнхэр дэлгэцээр нэг сонгогч; "манай тойрогт амьд, бодитой юм хийсэн хүн л сонгуульд гарах учиртай, би ч түүнд саналаа өгнө. Манай энэ нэр дэвшигч яг л тийм хүн, онгорхой байсан зам заслаа, орцны үүд тохижууллаа, хүүхдийн тоглоомын талбай бэлэглэлээ, одоо хайс будаж өгнө гэж байна ..." гэхчилэн хийж бүтээж буй зүйлсийг нь мөн цаашид хийх зүйлийг нь бахархан ярилаа. Үүнийг нь мөн дэвэргэн бас нэг нэр дэвшигч, сонгуульд өрсөлдөж буй бусаддаа "бүгдээр сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгөө ийм зүйлд үр бүтээлтэй зарцуулъя" хэмээн уриалж УИХ-ын сонгуулийн /хууль тогтоох ажлын/ мөн чанарыг ойлгох гэж ядаж буй сонгогчдынхоо төсөөллийг улам бүр эвдэх юм.

Ихэнхидээ би "сууц өмчлөгчдийн холбоо"-ны даргаа сонгох гээд ч байгаа юм уу? эсхүл дүүрэг, хороон засаг даргын сонгууль болоод ч байгаа юм уу? бүүр хадуураад хувьцааг нь эзэмшдэг компанийхаа захирлын сонгуульд оролцож, хамгийн өгөөмөр хувь хүртээгчийг шалгаруулах гээд ч байгга юм уу гэмээр ойлгомжгүй амлалт, хууль тогтоогчийн хийх ёсгүй ажил, үүрэг бүхий мөрийн хөтөлбөр уншаад, сонсоод залхчихлаа. Тиймээ, бид хэнийг, юу хийлгэхээр сонгох гэж байгаагаа мэдэх аргагүй тийм хийрхэлд хэн хүнгүй автчихаж. Тийм болоод л байрныхаа даргыг сонгох шалгуураар, мөн хот тохижуулалт, халамж үйлчилгээний болон засаг даргын ажлыг тэдний өмнөөс аль нэр дэвшигч сайн хийв гэх үзүүлэлтээр, бүүр байчихаад сонгуулийн дараахь ногдол ашгийн хувь, албан тушаалын ашиг хонжоогоор сонголтоо хийх гэж байна. Гэтэл тэр хүн нь "хууль тогтоох" ажиллагаанд биднийг төлөөлөн, шударга ажиллаж чадах бидний элч, төлөөлөгч болохоос ямар нэгэн УИХ хэмээх компанид ажиллан, орлого олж, ногдол ашиг түгээх гэж буй бизнесмен, эсхүл бүгдийг болгож байдаг том ах "дарга" биш шүү дээ.

Уул нь сонгуулийн сурталчилгаанд бага мөнгө зарсан хүн сонирхолын зөрчилд бага орж, авилгад өртөх магадлал бага байдаг гэдэг. Мэдээж сонгуульд тодорхой мөнгө гарна, гэхдээ энэ мөнгө иргэдэд мэдээлэл өгөх, нийгэмд тулгарсан асуудлыг тодорхойлох, түүнээс гарах арга замыг олох, цаашид улс орноо хөгжлийн ямар бодлогоор авч явах зэрэг оюуны шийдэлд зарцуулагдах учиртай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мөнгө улс төрийн бодлого, эрүүл үзэл бодлын өрсөлдөөн, сонгогчийн боловсрол, ардчиллын төлөвшилд зарцуулагдаж байвал сонгууль бодитойгоор ардчилал хэмээх ерөнхий утгаа илэрхийлж чадна гэж үздэг. Гэтэл манайд харин эсрэгээр нь тэр мөнгөө татвараар, төрийн хийх ёстой ажлыг дахин санхүүжүүлцгээе, түшмэдийн өмнөөс би хийгээд өгье хэмээн уриалж эцэстээ энэ нь төрийн хариуцлагагүй байдлыг өөгшүүлэн дэвэргэж, авилгажсан эрх мэдэлтнүүд төсвөөс сонгуульд зарсан мөнгөө олж авах уралдааныг гааруулахад хүргэж байна.

Хэрвээ бид дээр дурдсан явцуу, утгагүй шалгуураар сонголтоо хийж, улс төрчдөөс бэлэг, сэлт нэхэж, мөнгө авах бол эцэстээ тэд эрх мэдэлд гараад биднээс авилгаа ичих ч үгүй нэхэх болно. Сонгууль үнэтэй болох тусам улс төрчид томоохон бизнесүүдэд худалдагдаж, эрх мэдэлтэй болсон хойноо эргүүлж өрөө төлөхөөр барьцаалагдаж, авилга, албан тушаалын хэргүүд төрд улам бүр гааран, төр иргэнд биш баячуудад үйлчилж, бидний хөдөлмөрлөж олсон цөөн төгрөг эцэстээ авилгын сүүдэрт алга болох болно.

Хийрхэл хоёр: Сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх тухайд нэг л бишээ. Өнөөдөр манайд байгаа эл үзэгдлийг нийгмийн солиорол буюу "Петерийн зарчим" хэмээн томъёолоод нийгмийн шинжлэх ухааны нэлээд нэртэй бүтээл туурвисан байхыг 1994 онд олж уншиж билээ. Гол агуулга нь "нийгэм дэх үнэлэмж нэг шулуун дээр төвлөрөхөөр эрүүл бус шаталсан дамжлага үүсэж хүмүүс ухамсаргүй шат ахисаар байгаад өөрийн хийж чадахгүй, хүч хүрэхгүй зүйл дээр өөрийн мэдэлгүй гарч түүнээсээ болон унадаг, гэхдээ ганцаараа бус тогтолцоог хямруулж, нийгмийн хөгжлийг унагадаг" гэх санаа байсан юм. Тодруулбал, сайн жүжигчин байж болно. Түүний дэвжин, өсөх зам нь бусад үнэлэмжээс тусдаа, тэрээр хөгжиж буй нөхцөлдөө л дээш ахиж багахан театрт тоглодог байсан бол том театрт тоглох гэх мэт жүжигчнийхээ шатлалаар дээшлэх учиртай. Харин театрын дарга, найруулагч болоод эхэлбэл энэ нь дээр өгүүлсэн нийгмийн солиорол буюу "Петерийн зарчим" ёсоор жүжгийг ганц холионд нь хутгаж, театрыг дампууруулах болно. Бидний өнгөрсөн 10 жилд олон эмнэлэг, театр, бас бус зүйлсийн дампуурал энэ зарчмын үйлчлэл байсан юм. Сайн эмч байж болно гэхдээ сайн эмнэлгийн дарга байх албагүй гэдгийг л ухаарах ёстой байсан юм. Яг энэ үзэгдэл УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд анзаарагдаж, нийгмийн маань үнэлэмж бүхэлдээ нэг шулуун дээр нэгдчихлээ. Уул нь улс төрчдийг үнэлдэг үнэлэмж нь арай л өөр, тусдаа, ухаалаг шалгууртай байх учиртай. Тэгэхгүй бол УИХ маань чихрийн цуглуулга ч юм уу? оддын цуглаан ч юм уу? мэдэхгүй тийм нэг холилдсон, хариуцлаггүй, тэнэглэлээр дүүрэн зүйл болчих гээд байна. УИХ, энэ чинь улс орны уураг тархи шүү дээ.

Хэн ч баяр цэнгүүндээ алиа салбадайг урихдаа хэзээд баяртай байдаг гэхдээ амьдралынхаа чухал асуудлыг зөвлөхдөө түүнээс арай өөр хүн дээр очих сонголт хийдэг шүү дээ. Энгийн энэ мэт зүйлд ч үнэлэмжийн ялгамж байх учиртайг мэдрээд байж амьдралын тань хамгийн чухал сонголтуудын нэг нийтийн үйл хэрэг, улс төрд өгөх үнэлэмжээ ялгахгүй, бодохгүй байна гэдэг тун эмгэнэлтэй биш үү.

Бид 1992 оны Үндсэн хуулиараа парламентын засаглал дээр илүү сонголт хийсэн. Гэтэл яагаад уг парламентаа төлөвшүүлэх талаар алхам хийхгүй харин тэр болохгүй байна хэмээн дээр дооргүй ярина вэ? Үнэндээ парламент нь болохгүй биш парламентад сууж буй хүмүүс нь болохгүй байна. Учир нь парламентад бодлоготой, бие даасан үзэл бодолтой, зарчим ёс зүйтэй улс төрчид орж Засгийн газрыг хянаж, хуулийг баталж, хариуцлагыг тооцож чаддаг байх ёстой. Тэдгээр улс төрчид хожим харамсахгүй байр суурь, бодлогын төлөө өнөөдөр өөртөө хохирол, эрсдэл хүлээх чадвартай байх ёстой. Харамсалтай нь манайд мөнгөтэй, эрх мэдэлтэй, танил талтай хүн л сонгогдох магдлалыг бүрдүүлээд байгаагаас тэд парламентад орж ирсэн хойноо хөгжлийн бодлогоор бус амин хувийн ашгаар холбогдож, парламент нь парламент бус болоод байна. Тиймээс зарим нь нэр дэвшсэн намаасаа гарч, нулимж өөр өөрийн хувийн ашгийг хөөж, эсхүл өөрийн үзэл бодол, эрүүл шүүмжлэлгүй намынхаа утсан хүүхэлдэй болсноор УИХ үндсэн үүргийнхээ хувьд зүгээр л 76 хүний бөөгнөрөл, харин идэж уух ажлынхаа хувьд ханаж цаддагүй мөнгөний машин болоод байна.

Уул нь өнөөдрийн парламентыг өөрчлөе гэж бодсон бол эртнээс сонгуулийн системээ өөрчлөх байсан болов уу. Учир нь энэ парламентын дампуурал, төрийн сульдаатал нь сонгуулийн гаж үнэлэмж, иргэдийн улс төрийн боловсрол сул байгаа болоод нийгэмд тэнүүлчлэх "Петерийн зарчим"-аас шалтгаалж буй ч хамгийн гол нь үүн дээр аятайхан PR хийж байгаад даргын зөөлөн суудалд гэр бүл, нутаг нуга, хамаатан саднаараа сууж, төрийн мөнгөөр бизнес хийн тов хийтэл амьдарчих гэсэн эрх мэдлийн донтнууд олширсных. Ийм донтнуудаас бид хувь хүнээс ангид оршиж чадах зөв тогтолцооны тусламжтай гарч чадна.

Гэхдээ өнөөдрийн сонгууль улс төрийн бодлогыг бус, хувь хүний мөнгийг сонгочих гээд байгаа тул сонгогдсон 76 хувь бодьгалын толгойд, хувь сэтгэхүйгээс нь юу орж ирэх, тэгээд тэр нь олонхийн хуйвалдаанаар хүчээ авбал нийгэмд юу үүсэх бол гэх бодол санаа зовоож, энэ нь Айн Рэндийн хэлсэн "зөвшилцөл нэртэй фашист тогтолцоонд" бид орчих юм биш биз гэх эмзэглэлийг төрүүлээд байна.

Нөгөөтэйгүүр, манай намууд улс төрийн үзэл баримтлалын гэхээсээ илүү албан тушаалд хэн нэгнийг хүргэх механизмын шинж рүү илүү хурдацтай хөгжөөд байна. Тийм болоод бизнесменүүд, бүр сүүлдээ өөрсдийгөө од гэж бодсон хүн бүр би улс төрч болчихлоо хэмээн бодоцгоож, нам гэх үзэгдэл маань бизнес клуб, оддын цэнгүүнээс нэг их ялгагдахаа байж байна. Энэ нь ч сонгуульд намуудаас нэр дэвшүүлэх үйл ажиллагаанаас тод томруун харагдав бололтой.

Үүнээс дүгнэхэд: улс төрд бодлого, ёс зүй хоёрыг мөнгө орлох болж, ажил хариуцлага гэхээсээ албан тушаал, ашиг гэж ярих санхүүгийн бүлэглэлүүд бодитойгоор улс төрийн тавцанд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, бид чухам юуг хүсээд байгаа нь ойлгогдохгүй болсон төдийгүй улс төр, бизнес хоёр холилдохоороо ямар эмгэнэлтэй зүйл болдогийг дахин туршиж үзэх гээд буй нь сонгууль тойрсон гурав дахь хийрхэл юм.

2000.06.10