Даргаас давах бизнесгүй маний үе эргээд ирэв
Дарга!.. Энэ үг социализмын үед биднийг жинхэнэ уралдуулж өгсөн дөө. Хүчээ сорих өөр бизнес байсангүй. Дарга болохын төлөө яахаас ч буцахгүй амьдарлаа. Дарга хүн жирийн олноос давуу эрх эдэлсэн, тусгай хангамж хүртсэн, юун ноён. Хаад ноёд чухамдаа яаж даварсныг миний бие нүдээр үзээгүй, зөвхөн тэднийг аль муугаар шившиглэсэн урлаг утга зохиол гэгчээс баримжаалснаа хүлээх хэрэгтэй.
Тэр цагийн дарга нар жирийн ардыг дорд үзсэн дээрэлхүү үзлээ нуух авч тэр нь ил. Зориудын аргил дуугаар “Хэн гэнэ ээ, чамайг?” гэж хүний нэрийг дүлий юм шиг дахин дахин хэлүүлдэг, оросоор нэг үг хэлчихээд “Монголоор орчуулж би чадахгүй байна. Юу ч гэмээр юм бэ дээ?” гэж өөрөө монгол атлаа орос хүн болох гэдэг бөгөөд бусдыг зөвлөлтийн эсрэг үзэлтэн, хятадын тагнуул хэмээн хардаж айлгах, нүдээ голдуу аниатай байлгах авч хагас аниатай зовхныхоо өчүүхэн завсраар доод ажилтнаа судлах, тагнах ч гэсэн болно. Ийм мангуу дүртэй дарга нар өнгөрсөн зуунд манайд боловсорч үржжээ.
Иймэрхүү хөгийн дарга нарын нөгөө талд социализмыг гардан байгуулагч олон нийт нь бас их янзтай. Лабораторын зохиомол аргаар тусгайлан гаргаж авсан улсын аварга малчин, ажилчин, тариачин гэх онгироо гарууд, хөөрсөндөө хэнхэг өвчинд солиорч, нутаг ус, үйлдвэр цехийнхээ хамт олныг “Миний амжилтад хүрэхийн төлөө давшаад” гэж уриалан хөлдөө чирж сүйд хийнэ. Улсын аварга гэгчид нь, дарга нарын аманд орчих гээд, долигонож ангалзах нь зэвүүн. Тэдний рекорд амжилт гэдэг нь үнэмшихийн аргагүй, хүрэхийн аргагүй өндөр. Яагаад гэвэл нам засаг тэдний рекордыг зохиомлоор гаргаж, “Аварга ийм амжилт гаргаж чадсан байхад адилхан нөхцөлд ажиллаж буй та нар яагаад чаддаггүй юм бэ” гэж бусдыг дарамтлах шахаа болгосон юм. Шахуулж буй хар масс нь харанхуй гэж хачин. Аль нэгийг сохроор шүтэхээс илүү гарах оюун ухаан тэдэнд байсангүй. Уг нь төрөлхийн ухаан нь хайчихав, сэтгэх хүчтэй мотор гавалд нь бий л дээ. Түүнийгээ ажиллуулж сурах нь байтугай, тархиндаа тийм үнэт эрдэнэ оршиж буйг мэдээгүй хөөрхийс. Шашны сургаалыг огт мэдэхгүй атлаа гагцхүү мухар сүжгээр духаа цоортол мөргөж явснаа больчоод, алуурчин Ленинг хэн бэ гэдгийг тунгаалгүй сохроор шүтэж эхэлсэн амьтад. Мухар сүсэгтнийг нэг үзлээс нөгөөд урвуулах түвэггүй. Учир нь тэдэнд эргэлзээ төрүүлэх суурь мэдлэг гэж байсангүй. Итгэл үнэмшил гэх юмгүй сохор олон нийт дарга гэдгийг дуртайгаа үйлддэг ер биш тусгай дээдэс гэж бишрэхээс бус, дарга хүнд “эрх бас үүрэг” гэж байх ёстойг ухаарах сөгөөгүй. Ухаарах сөгөөгүй олныгоо ямагт тийм харанхуй байгаасай гэж дарга нар олзуурхна. Даргын шинж сайн бүрэлдээгүй, өөрөөр хэлбэл, харвин гүйцэд суугаагүй даргыг “дарганцар юм” гэж харанхуйчууд басамжлаад үгэнд нь орохгүй. Харвин суугаад хүнд сурталтны ланжгар галбир ороод ирвэл сая “том дарга” хэмээн хүндэлж, тушаал шийдвэрийг нь үг дуугүй дагахын зэрэгцээгээр том дарга бусармаг үйлдэл хийвэл нуун дарагдуулах ёстой гэж ойлгоно. Адгийн наад зах нь том даргад муу хүчингийн хэрэг бол юу ч биш гэсэн бичигдээгүй хууль харанхуй олны яс маханд шингээстэй. Энэ үзүүлэлтээр авч үзвэл ард түмэн өөрсдөө бүдүүн агаад бүдүүлэг дарга хүсээд ч байсан юм шиг. Ийм ичгүүртэй шалгуураар монгол даргын галбир өнгөрөгч зуунд бүрэлдэн буй болоод өдгөөтэй золгожээ. Тэгэхээр зөвхөн бүдүүн дарга нар буруутай бус бүдүүлэг масс бас буруутай ч юм шиг.
Харамсалтай нь эдүгээ манай ардчилсан Төр Засагт хуучин цагийн дарга галбираар гангарагч цөөнгүй цохиж явна гээч. Нялхаараа хэрнээ дуу хоолой, гүзээ, алхаа гишгээ, бүхэлдээ бие бялдрын хүмүүжил нь социализмын үеийн намын ажилтан яг мөөн, золиг чинь. Яаж ингэж өвлөж чадав аа? Гайхалтай?! Гадаад төрх нь ч бас яахав, онц нөлөөгүй гэж үзье. Хамгийн гол нь гадаад хоцрогдсон төрхөө дотоод үзэл санаа нь шууд дагадаг нь юутай зэвүүн бэ? “Миний намын буруу байсан ч би намдаа амиа өгнө” гэсэн хуурамч дүрд жүжиглэх нь ой гутам. Эгээ л Сталинаас айсан хүн шиг. Дотор арзганачихлаа байна. Эсвэл айлгадаг хүмүүс нь тонилоогүй юм бол уу? Зовлонг нь мэдэхгүй зөнөг өвгөн би хадуураад байна уу? Тэгвэл ч бас хөөрхий аргагүй шүү. Дураараа туйлсан ганц намын жороор хэлбэржиж, хувиршгүй бул чулуу болсон монгол даргын галбир их бат бөх ажээ. Энэ муухай галбираа жигшин хаях хэмжээнд хүртэл гэгээрээгүй кадрууд өнөөгийн манай менежментийн өнгө төрхийг бохирлож байна. Бас тойрон хүрээлэгчдийн угшлууд, тойрон хүрээлэгч удмынхаа “үнэт” чанарыг хүндэтгэн хадгалсаар явна.
Хуучин дарга нар нийгмийн өмчийг хулгайд алдахгүй гэж ард түмнээ сэрдэх ажил эрхлэдэг байв. Аймаар хартай байж чадвал дээд талдаа итгэл олж дэвшинэ. Социалист өмч үнэндээ шамшигдаж байлаа. Хулгайчид нь ажилчин малчин сэхээтэн. Манаач нь дарга нар байж. Дарга-манаачийн армид алба хаахаар бид бүхэн тэмүүлсний шалтгаан эх оронч үзэлдээ бус гагцхүү өндөр цалин, унадаг унаа, тусгай хангамж. Нийгмийн өмч гэх гарын дор хулгайлагддаг дэл сул өмч эдүгээ ардчиллын буянд өөрийн гэсэн эзэнтэй болж, дарга гэгч өндөр цалинтай манаач нарын арми ажилгүй болжээ. Ажилчин тариачин малчин сэхээтэн гэх нийгмийн хулгайч давхрага өөрсдөө хувийн өмчтэй болсноор хумслахаа арай багасгаж, харин хардаж сэрдэж явсан дарга нар юун манаа манах, өөрсдөө татвар төлөгчдийн мөнгөнөөс хусахаар өлссөн цөөвөр мэт ухаангүй дайралдаг боллоо. Өнгөрсөн нийгмийн дарга нар өнөө үеийн хулгайч болжээ гэхэд бас хаашаа юм бэ? Дарга нарын заяа гомдох байх. Гэхдээ л хуйвалдан мөнгө идэхэд гайхалтай сайхан боломж олгодог эрх дархтай өндөр сэнтий өөд тэдний улайран тэмүүлж буйг өмөөрөх иргэн тун цөөхөн гэдэгт би итгэлтэй өвгөн. Тэгэхээр өндөр сэнтий буруутай ч юм уу? Хулгайч хүн гэж байхаас хулгайч сэнтий гэж баймгүй яа. Юутай ч социалист өмчийн манаач өдгөө татвар төлөгчдийн мөнгөнөөс хусдаг хулгайч болж хувирсан нь тэд угаас эх орончид биш байдгийг нотлов.
Одоогийн хэлээр хувийн бизнес, бидний ярьж байснаар ариун цагаан хөдөлмөрөөр хөлжих гэсэн орон зайг нам толгойтой Төр Засаг хавчаад, төрийн албан хаагч буюу дарга нарын цалинг нэмээд, хүүхдийг нь үнэгүй сургаж, орон сууцаар хангах хууль батлаад, даргад хорхойсдог монгол архаг хуучийг сэдрээж орхив. Даргаас давах ашигтай бизнесгүй маний үе эргээд ирдэг байж. Зах зээлийн ачаар монгол хүний гавалд бие даан баялаг бүтээх хүсэл, уран санаатайгаа хамт уугьж эхэлмэгц тэнэг Төр Засаг түүн рүү нь ус асгаад даргын биенесийг асаачихлаа. Ингэсэн нөхцөлд яс, мах, цусандаа даргад донтой монголчууд урьдын бидний адил тийшээ сад тавилгүй өөр яах сан билээ. Өөрөө юм хийж биеэ зовоолгүй, өндөр цалин хүртэх нь, монгол хүний мөрөөдөл юм чинь. Ингээд баялаг бүтээх бизнесменгүй, төрийн албан хаагчдын Монгол орон дахиад болдог байж.
Эдүгээ дарга болоход мөнгө амин чухал. Зүгээр ч мөнгө биш. Томхон луйвар хулгайгаар олохоос биш, цалингаараа хураахын аргагүй маш их мөнгө. Энэ бусармаг явдлын татах хүч дарга болж дөнгөсөн цагт шархаа баталгаатай нөхөх боломж заяадагт оршино. Тодруулбал хууль түүнд үйлчлэхээ болино. Нэгэнт хуульгүй дархан хүн юу ч үйлдсэн яадаг юм бэ. Шархаа л нөхөж байвал. Дараагийн үсрэлт мөнгө амлах болзлоор УИХ-ын суудалд хүрнэ. Суудлын нь билетийн үнэ өөрөөс нь гарахгүй, нам нь аймаар том луйвраар бөөнддөг тул анх хулгай хийж байж дарга арай гэж болсноос хялбаршина. Газрын баялгаа гадныханд найр тавьсны шанд, хөрөнгө оруулалт нэрээр орж ирсэн өндөр хүүтэй урьдчилгаа-зээл намд нь бөөнөөр бууна. Төрөөс ивээн тэтгэгдсэний ач буянаар хувийн бизнесийг унагаж байж гарч ирсэн монгол дарга нар буюу төрийн албан хаагчид “Дэлхийн даргын аваргын тэмцээн” байдаг бол түүнд өрсөлдвөл яах бол? Тамирчиддаа гаргаж үзээгүй их мөнгө хайр найргүй цацаж байж тунгааж авсан монгол даргын сонгодог загвараас даян дэлхий суралцах гээд бөөн валют урсаад ирэх юм биш биз?
Монгол даргын нэгэн ланжгар загвар дэлхийн тавцанд хэрхсэн тухай бяцхан жишээ дурдая: Социалист нийгмийн намын даргын галбирыг шүтэн бишрэгч манай нэг залуухан атлаа ланжгар гишүүн Африкийн нэг буурай оронд очоод тэдний парламентын гишүүдээс “Та нөхөд сонгуульд өрсөлдөхдөө мэдээж бэлэн мөнгө амалдаг л биз дээ” гэж даргамсгаар хоолойгоо шахаад инээдэм болжээ. Харууд манай даргамсаг загварын асуултад элэг доог болсон инээдээр хариу барьсан явдал уншигч таны хошин мэдрэмжийг гижигдэх биз. Ийм агшинд хошин шог төрдөг юм. Гэвч хөөрхий дөө муусайн даргамсаг загварууд минь дэлхийн хамгийн хоцрогдсон хар тивийн элэг доог болж явах ч гэж дээ. Шог юм ингээд л араасаа заавал нулимс нэхдэг золиг доо. Сонгуулийн амлалт гэдэг бүдүүлэг харуудад сонгогчийн саналыг бараа товар мэт ТҮЦ-ээс улаан цайм ил цагаан худалдан авч буйгаар ойлгогджээ. Манай сонгуулийн амлалт угтаа тиймгүй гэж үү?
Манай дарга маягийн гишүүд хүний нутагт хаа очиж энэ удаа намчирхаж талцалгүй “дахин ийм асуулт африкийн харуудаас асууж онигоо болохоо больё” гэж хоорондоо эх орончоор тохирчээ. Эх оронч үзэл эх орондоо төрдөггүй, алсын алсад төрдөг болтой. Сонгуульд мөнгө амлах буруу гэж уг нь манай хөөрхий иргэд хичнээн эсэргүүцэж, яаж загнууллаа. Тэд доогтой африкуудыг монгол сонгогчид шигээ загнаж чадсангүй. Захиргаадагч гишүүдээ гадаадад явуулаад байвал намын ажилтны галбираасаа хагацах юм биш биз. Ширэнгийн нүцгэн шалдан овгууд руу илгээсэн ч яадаг юм бэ. Авилгад нугасгүй манай гишүүдийг зэрлэгүүд дооглон хөхрөлдөж, “авилга муухай, авилга бузар” гэж чарлалдан бүжиглэх нь мэдээж. Коммунист үзэлд цемент болж чулуужсан манай гишүүдийн тархи зэрлэгүүдийн доогтой бүжгэнд доргиж, ан цав үүсэж юун магад.
Коммунист даргын ланжгар дүрийг манай залуу лидерүүд эдүгээ өвлөн авч нэр төртэй залгамжилсаар явнам. Тэд ямагт Төв Хорооны боловсон хүчний хэлтсийн эрхлэгч асан Ламжав болон тэр үеийн Улс төрийн Товчооны гишүүдэд таалагдах галбираа хаявал дэвшил шүү. Моод хоцрогдох ердийн үзэгдэл. Хувцасны моод, улстөрийн моод хоёр адилхан хөгжил нэхдэгийг социализмын үеийн намын даргын галбиртай балчир гишүүд, сайд нар зэрлэг бүдүүлэг гэгддэг негрүүдийн доогноос сургамж авсан бол яамай сан. Социализм коммунизм байгуулагч монгол даргын галбир ингэж хар африкийн инээдэм болжээ. Африкт инээд Монголд ханиад болсон даргамсаг загварууд эдүгээ бүр давраад өөрсдөө яаж ч булхайцаж байсан ямар ч хариуцлага хүлээдэггүй стандарт бус хууль батлаад дархлаажиж авав. Ямар ч гэмт хэрэг үйлдсэн өчүүхэн ч зэм хүлээдэггүй хуультай эрхэм гишүүн-сайд нар хэрэг тарихад яадаг юм бэ. Яланд унахгүй нь баттай хуульчлагдсан юм чинь. Машин жолоодож яваа хүн алдаа гаргавал осолд ордог. Төр засаг жолоодож яваа эрхмүүд алдаа гаргаж ард олноо ядууралд унагасан атлаа өчүүхэн төдий ч хариуцлага хүлээлгүй, цаашид бас гай тарихаар суудалдаа мөнх хадагдах шунал өвөрлөнө. Даварна даварна гэхэд арай дэндэж буй юм биш үү, эрхэм гишүүд, сайд нар аа. Давруулна давруулна гэхэд арай дэндэж буй юм биш үү, харанхуй олон түмээн.
2011-09-10
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Dorj
unshigch
Bat
Зочин
dd
Зочин
Зочин
tumur
Guest
zochin
zochin
иргэн
иргэн
Үргэлжлэл
зөгий
Зочин
khuyag
mgl
Зочин
Зочин
Зочин
ba
Зочин
Зочин
Зочин
novsh
Зочин
zochin
RAVDAN
jdabe
Зочин
Зочин
Зочин