Нэг. Дарамтлах үдэшлэг, хүчирхийллийн зугаалга(болсон явдал)

1952 онд, цагаан сарын шинийн нэгний  өмнөх өдөр буюу битүүнд маршал Х.Чойбалсан таалал  төгссөн байдаг. Үүнээс улбаалан цагаан сарыг хүчтэй хориглох болсон аж. Үүнээс хавьгүй өмнө, 1930-аад оны “нугалаа завхрал” гэдгийн үед ч цагаан сарыг феодалын баяр хэмээн хориглож байсан удаатай гэдэг.  Хувьсгалч үзэл сурталд зоригжсон фанаатууд айл амьтныг айлгаж ичээх байтугаа, цагаалгыг нь түйвээх сандаах энүүхэнд байжээ.

Ер нь уламжлал бүхнээ таягдан мартаад, шинээр зохиогдсон түүхтэй, социализм байгуулагч болж байгаа монголчууд шашин суртал, зан заншлаа орхих үүрэг хүлээж байсан. Иймээс цагаан сарыг хориглох, гадуурхах нь өнөө маргаашгүй ээлжээ хүлээж байсан цаг.

1960-аад онд хамаг өмчөө нийгэмчлүүлсэн малчдад урам хайрлах гэсэн үү, социалист системийг хамаарсан “Хрущевийн дулаарал” ч нөлөөлсөн үү,  малчдын буюу “нэгдэлчдийн баяр”  гэдэг баяр шинээр нэмэгдэв. Григорийн тооллын 11 сарын 7-нд болдог октябрийн баяр,  5 сарын 1-нд болдог “Майн баяр” зэргээс ялгаатай зүйл байв. Учир нь “нэгдэлчдийн баяр”-ыг   Төгс буянт шинэ зурхайн цагаан сарын шинийн нэгэнд тэмдэглэнэ. Аль ч талаас нь харсан уламжлалт цагаан сарыг хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрсөн явдал байв.
 
Харин ажилчин сэхээтний хүрээнд цагаан сар тэмдэглэх явдалтай хатуу тэмцэнэ. Шинийн нэгний өглөө ажлыг зориуд эрт эхлүүлнэ. Яадаг вэ гэхлээр, 07,30-8.00 өглөөний сонсгол, сонин уншлага зарлана.  (Сонин уншлага гэдэг нь бичиг үсэгтэн ховор байх үед ном сурсан нэгнээрээ өглөөний сонин гарчиглуулан яриулдаг байснаас үүдсэн нэр юм) Иргэд үүр цүүрээр босоод шинэлэх завгүй яаран ирэх учиртай.

Битүүний болон шинийн нэгний орой нь мөн адил үдэшлэг, уулзалт зохионо. Хэрвээ шинийн нэгэн нь амралтын өдөр таарвал бүх нийтийн албадан зугаалга, өдөрлөг, тэмцээн зохиож хатуу чанд бүртгэнэ. Нэг үгэндээ, шинэлэх зав гарахгүй байх учиртай ажгуу.

Хоёр. Төлөөлөгчтэй цагаан сар (Эмээгийн хууч)

Маршал явдаг (нас бардаг) жилээс л цаг төр ахиад хатуурч, цагаан сар хийлгэхгүй болсон. Хийлгэхгүй л гэдэг болсноос биш уул хаданд яваа мань мэтийг яаж цагдаж хүчрэх билээ. Харин тэр төвийнхөн л хийхээ больсон байх. Тэр жил манайх уулын (Шилүүстэй уулын) өвөрт өвөлжиж байхад санагдана, битүүлэх гэж байтал сумын төлөөлөгч давхиад ирлээ. Төлөөлөгч ч гэж дээ, манай энэ хэн... өнөө хэний зээ... золиг чинь нэр нь толгойд ордоггүй. Сүүлд санахаараа хэлье. Тэр хархүү морь нь цантчихсан, өөрөө ч уухилсан амьтан харуй бүрийгээр орж ирлээ.

Маршал нас барсан тухай дуулгахаар манай багт хэдэн ухуулагч гарсны нэг юмсанж. Ард иргэдийг гашуудуулах, бас битүүлэг, цагаан сарыг болиулах чухал ажилтай амьтан. Төрийн тэргүүн бурхан болсон хойно бүгдээрээ гашуудаж, зул нэмж өргөлөө, буян санаж маани ч уншлаа. Төлөөлөгчдөөн битүүлгийн бууз жигнэж өглөө дөө, өөр яахав. Хөөрхий тэгээд өөр хэдэн айлд гашуудлын мэдээ хүргэж, битүүлгийг зогсоох албатай амьтан шөнө хагаслаад мордсон.

Өглөө золгочихоод байж байтал өнөөх чинь эргээд ирлээ. Өчигдөр орой битүүлүүлэхгүй байхаар хуваарилж аваад ухуулсан айлуудаа өнөө эргэж, цагаан сар хийлгэхгүй хорихоор яваа нь тэр аж. Хөөрхий, биднийг гилбэлзэнгүй харснаа золгож л байна. Тэгээд ойр зуурын юм хуучлан, цагаалгын бууз идэж аваад гарахдаа “Цаг төр айхавтар хатуурч байна даа. Танайхыг битүүлж, цагаалаагүй гэж намын үүрийн даргад мэдээлнэ. Юмыг яаж мэдэх вэ, албаны улс ирвэл цагаалаагүй л гээд зүтгэчихээ та нар юу эс андах вэ” гээд мордож билээ. Манайх гэдэг айл цагаан сараа таслаагүй чам дээр ирсэн. Чиний үед яахыг бүү мэд дээ...”

Гурав. Цагаан сар ба бэлгийн менежмэнт

Хөдөө суманд нэгдэлчид(малаа нийгэмчлээд нэгдлийн мал хариулан амьдардаг хүмүүс) ба тэдний дарга, эмч, хүүхдүүд, намын үүр нь байх тул бүгдээрээ цагаан сар тэмдэглэх онцгой эрх эдэлнэ. Бүр ажил сургууль амарна гээд бод доо.

Бага ангид сурах үеэс, эмээтэйгээ төвлөх(сумын төвд суух) учраас арай өөр менежмэнтээр шинэлнэ. Ямар менежмэнт гэхээр ийм юм, төвийн бараг бүх багачууд бүхий л айлаар орно. Хамгийн их айж эмээдэг хүмүүс болох захирал, багшийндаа хүртэл айх юмгүй орно гээд бод доо.   Тэр өдөр “Өнөөдөр шинийн нэгэн учраас намайг айл хэслээ, тэнэлээ гэж загнах эрх хэнд ч байхгүй” гэсэн бардамнал бяцхан цээжинд оргилно. Багш захирал нар маань ч сайхан зантай гэж жигтэйхэн золгож үнсээд бэлэг өгнө.

Бүх хүнийг тэнцүүлдэг, ижилсүүлдэг нэгэн айхавтар хүч цагаан сард байгааг би анх мэдэрсэн нь тэр. Хожим нь бид дарга цэргээсээ үл хамаараад “монгол хүн” гэдэг нэг юман дээр ижилсэж, тэнцдэг болохыг ухаарсан бөлгөө.

Өнөө менежмэнтээ мартах гэж байна, сумын төвийн “бүх хүүхэд” манайд орох учраас эмээ бид хоёр бэлэг бэлдэх хэрэгтэй болно. Эмээ маань боломжоороо баахан юм бэлдээд, үлдснийг нь надад даатгана. Би айл хэсч олсноосоо дөнгүүр хэсгийг нь сорчилж аваад үлдснийг бэлгийн санд хувь нийлүүлнэ гэсэн үг л дээ.  Айлууд голдуу бал харандаа, “12 мөнгөний” дэвтэр зэргийг атга чихэртэй өгнө.  Хэтэрхий бага бэлэг өгдөг айлд нийтээрээ дургүй  байсан юм болов уу,

“Шинийн нэгэн болж гэнэ
Шинжгүй айлд орж гэнэ
Ганц хавсай өгч гэнэ
Гашааг (хашааг) нь давуулаад шидэж гэнэ”
гэсэн үгтэй зайгуул шүлэг бидний дунд явдагсан.

Харин жаахан өсөөд дунд ангид орохын хэрд бэлгийн чансаа эрс дээшилж 1,2,3 заримдаа 5 төгрөг, арван хуруутай бээлий болтлоо ахиж эхэлсэн боловч ичиж нэрэлхээд айл хэсэхээ больсон үе залгаж билээ. Ахлах ангид ороход зарим айл пүүшиг( беломорканал хэмээх папирос) тамхи барьдаг болсон. Энэ нь хүүхдийг буруу зуршилд уриалсан гэхээсээ эр хүн болж өсч байгаад маань илэрхийлсэн хүндэтгэл байсан бөлгөө.

Дөрөв. “Байрны хүүхдийн хувь” (хөдөөний алим)

Эр бие өсч, цагаан сарын бэлэг маань “пүүшиг”-ний зиндаанд хүрэхийн үес дотуур байранд суух болов. Байрны хүүхдүүдэд зориулсан цагаан сарын золголтыг сургуулиас зохион байгуулна. Нямаанбуу захирал, байрын хүмүүжүүлэгч Дагва багш, мөн тэр өдөр жижүүр таарсан багш гурав өглөө эрт ирдэгсэн. Урт ширээн дээр олон таваг засаж идээ будаа өрнө, тэгээд захирал тэргүүтэй багш нар маань биднийг үнсэн золгож хүүхэд болгонд хувь өгнө. Цагаан сарын бэлгийг “хувь” гэдэг байсан.  Байрны хүүхдүүдийн бэлэг их нандин. Захирал багш Нямаанбуу гуай аль намар, өвлөөс л алим, вафли бичээнэ мэтчлэнгийн ховор нандин зүйлсийг дотуур байрны хүүхдүүдэд цагаан сараар хувь болгон өгөхөөр хадгалуулдаг байсныг мэдэх юм.

Гэм нь жаахан эрт, үүр цайхаас ч өмнө шахуу золгоно. Учир нь багш нар, сургуулийн тогооч гээд бүхий томчууд гэртээ амжиж очоод золгож цагаалах ёстой шүү дээ.

Тэгээд нар мандахын үес ах дүү хамаатныхаа хэн нэгнийд очиж шинэлэхээр арван зүгтээ тарцгаана. Сургуулийн гуанзанд үдийн хоол идэх хүүхэд олдохгүй. Оройхон тогооч нарын нэг нь ёс болгож “Хоол хийвэл идэх хүн байна уу” гэхэд бид нэгэн дуугаар “Байхгүй ээ” гэж хариулах. Тогооч эгч нар “Тэгвэл цай чанасан шүү, уугаарай” гэдэгсэн.

Тав.Цагаан сартай тэмцэгчдийн цагаан сар (зохиогчийн хууч)


1985 онд их сургуулийн ширээнээс сэтгүүлчийн ажлын талбарт шилжээд, МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Засгийн газрын хэвлэл “Үнэн” сонины хамт олонтой монголын цагаан сарыг угтах болов. Коллегийн гишүүд, хэлтэс, тасгийн дарга нарын ярилцах нь, цагаан сарыг нууцаар тэмдэглэдэг хоцрогдолтой хийх тэмцлийг урьд урьдынхаас хүчтэй болгохыг Намын Төв Хороо шаардаж байгаа аж.

Ингээд цагаан сар нь малчдын баяр болохоос биш сэхээтэн, ажилчинд огт хамаагүй зүйл болохыг ухуулсан, зарим ухвар мөчид айлууд бүтэн ууц чанаж, эдийн засагч бус үрэлгэн загнаж байгааг шүүмжилсэн материалууд цуварч гарлаа. Гэртээ сар шинийн зоог шүүс бэлтгэдэг этгээдийг шүүмжилсэн “Ууц Дамбий” хошин өгүүллэгийг нэгэн зохиолч туурвиж, сонины “Ардын хяналт” нүүрэнд нийтлүүлж ч байх шиг.

Ингээд цагаан сарын шинийн нэгэн болоод ирэв. Ерөнхий эрхлэгч Л.Түдэв гуай, манай сониныхон бол намын үзэл суртлын найдвартай зүтгэлтнүүд учраас хэн нь ч цагаан сар тэмдэглэхгүй нь ойлгомжтой. Иймд шинэлэхээс урьдчилан сэргийлсэн өглөөний сонсгол, оройн лекц зэрэг нэмэлт арга хэмжээ авахгүй гэсэн утгатай зүйл хэлсэн дуулдав. Шинэ ажилтны хувьд илүү дутуу юм лавлаж асуухаас зүрхшээж, үнэхээр ч тэгдэг байж таарна гэсэн юм бодсоор үлдэв.
 
Гэтэл шинийн нэгний өглөө нэг л өөр хүмүүс ажилдаа ирж байх юм. Монгол дээл хувцсаар гоёогүй ч гэсэн жирийн өдрийнхөөс ондоо, ялангуяа ахмадуудын гоёсон хэрдээ л шинэхэн бөгөөд эрхэмсэг малгай сэлт цаанаа л нэгийг өгүүлэх мэт. Монголчууд малгайгаараа маш их зүйлийг илэрхийлдгийг эндээс мэдэж авсан билээ.

Өрөөндөө орж феодалын хоцрогдсон ёс заншлын үлдэгдэл цагаан сар мэтсийн үзэгдэл социалист нийгмийн аж төрөх ёсноос амжилттай арчигдан арилж байгаа тухай өгүүлэлтэй сонины шинэ дугаараа гарчиглаж дуусч байтал цөмөөрөө ерөнхий эрхлэгч дээр орж золгох юм яриад эхэллээ. Хувьсгалт үзэл суртлын гол цөм дотор ийм юм болж байгаад нүд, чихэндээ итгэж ядсаар ерөнхий эрхлэгчийн өрөө рүү орлоо.

Гэтэл монголчууд зуу зуун жил ёсолж өнгөрөөсөн хүндэтгэл зан үйл л тэр хэвээрээ үзэгдэж, коллегийн гишүүд насныхаа эрэмбээр налайж “Амар байна уу, та”, “Сар шинэ сайхан шинэлэв үү”, “Тарган аятай онд оров уу” гэхчлэнгийн чихэнд дассан билигт үгс дуулдаж байлаа. Надаас арай өмнөхөн сонинд орсон Ш.Батмөнх гэдэг залуу жоохон хөөрөг барьчихсан Л.Түдэв гуайтай мэндийн тамхи зөрүүлж ч байх шиг. Жирийн үед бол эвлэлийн батлахтай нь ярьж мэдэх түүний үйлдэлд ерөнхий эрхлэгч харин ч таатай байртай. “Үгүй ерөө, манай Батмөнх хүртэл хөөрхөн хөөрөг олоод авчихаж гээч, мөн сүрхий яа” гэлцэн инээнэ.

Дараа нь залуучууд хэлтэс ,тасгаараа хэсч, ахмадууддаа золгодог юм байна. Хөгшчүүл ганц нэг ул боов, эсвэл дан чихэртэй тавгийг цайны аяганы суурь дийзэн дээр засаад амжсан “Хүүхээ, идээ амс” гэж ч байх шиг...

Энэ бүхэн үдээс урагш үргэлжлээд, үдийн завсарлагаас хойш нэгэн хэвийн үзэл сурталжсан уур амьсгалдаа эргэн орж, хэзээ ч цагаан сар хийж байгаагүй аятай чухал царайлсан хүмүүс дараа дараагийн ажилдаа орцгоосон. Хэзээ, хаана ч боловч монгол хүнээс салгаж хаях аргагүй ариун нандин зүйлс байдгийг, ямар ч үед биднийг ижилсүүлдэг юм ил далд оршсоор байдгийг тэгэхэд анзаарсан юм.

Төгсгөл: Үл тасрах үндэс

Эцсийн эцэст, монголын цагаан сарыг хэн ч, хэзээ ч тасалж чадаагүй юм байна гэдэг дүгнэлт надад үлдсэн. Үндэстэн бүхэнд арилгаж үл хүчрэх үзэл санаа байдаг юм байна.  Тэр нь монголчуудын хувьд цагаан сар нь бөгөөд энэ өвөг дээдэс ахас ихэсээ дээдлэн ёсолж, ураг удмаа таниулдаг, улмаар “чи бол монгол хүн” хэмээн сануулж” би бол монгол хүн юм байна” гэж ухааруулдаг болохыг ойлгосон.

Хэдийгээр төрийн байгууллага, хот сууринд цагаан сарыг албан ёсоор тэмдэглэдэггүй ч “цагаан сарын бөх”  буюу  албан ёсны нэршлээр “Нэгдэлчдийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан” нь шинийн нэгнийг орлодог байсан бололтой. Цагаан сарын бөх нь тухайн жилийн хамгийн нэр хүндтэй барилдаан хэвээр байна.

Цагаан сарын бөх дээр цор ганц сувагтай Радио өргөн нэвтрүүлэг түрлэг нэмнэ.  Радио өдөржингөө нэгдэлчдийн баярын нэвтрүүлгээр амьсгалж, уртын дуу цангинаж, таван хошуу малын гэхчлэнгийн ерөөл хангинаж, малчин түмэнднээ зориулсан “ая дууны мэндчилгээ” “хүсэлтийн хариу” хэмэх хит нэвтрүүлгүүдээр бялхана. Монголын цагаан сар мартагдсан,  тасалдсан нь хаана байна?  Арилгаж үл хүчрэгдэх ариун ёс мину.