“Авилгыг арилгая” гэсэн лоозонгүй нам Монголд алга. Лоозон тэнгэрт мандаад байвч авилгад идэгдсээр доройтохын харгуйгаар бүдчиж яваа маань олон улсын хэмжээнд ил болжээ. Монгол авилгаас болж хохирч яваадаа эргэлзэх нэг ч иргэнгүй болоод удав. Амьдрал дээр авилга хээл хахууль өчигдрөөс өнөөдөр хүчжиж байгааг  уруудаж буруудаж буй захын иргэн мэдрэх авч, гаслахаас өөрийг хийх учраа олохгүй хий дэмий шаналж сууна. Нэг үгээр хэлэхэд авилгын эсрэг дорвитой тэмцсэн иргэн ч алга, төр засаг ч алга. Хуулиа яс мөрдье, хариуцлага хүлээлгэе, ашигт малтмалаа ард түмэндээ өгье, намчирхсан ба ах дүүсэг луйврыг устгая гэж орилолдох нь бүгд хоосон лоозон болсныг монголчууд мөн сайн мэддэг болжээ. Гэвч үр дүн алга. Гагцхүү горьдсон хүлээлт сонгуулиас сонгуульд хуримтлагдсаар байна.

Энэ хүлээлтийг хангаад өгөөч гээд бүх сонгогчдын олонх нь АН-ыг гаргаад ирэв. Урьд нь Төр Засгийг олон жил азаргалж, дэвшил хөгжил шударга ёсыг ялзруулсан МАН-аас АН юугаараа илүү гарах вэ? Ард түмэн АН-ын “илүүд” л горьдого тавин сонгов.

Мордохын хазгай болохгүйн тулд эхлээд УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд сайдын сэнтийд бүү шуна. Тийм шунал өөрийн эрхгүй төрж зовоогоод байвал бурхныг боддоггүй юмаа гэхэд намынхаа ирээдүйг бодоод сэтгэлээсээ хөөн зайлуул. Хамтарч буй намынхаа УИХ-ын гишүүдэд сайдын сэнтийд шунадаггүй үлгэрээ үзүүл. Болж өгвөл Ерөнхий сайдаасаа өөр гишүүн-сайд засагт бүү гарга. Чиний ард сайд хийчихээр барууны боловсролтой намын чинь журмын нөхөд-залуус гараа хумхиад зогсож байна. Бүр тэсэхгүй бол яая гэхэв сайдуудын гуравны нэгээс илүү гишүүн-сайд бүү тодруул. Ингэж чадвал та нар МАН-аас илүү гэдгээ нотлож буй нэгэн үзүүлэлт болно. Хоёр дахь үзүүлэлт нь МАН-ын өнгөн дээр 10 саяас тэрбум төгрөг болж өссөн УИХ-ын эрхэм гишүүдийн халаасны мөнгийг бүү ав. Орон нутагт захиран зарцуулах эрхийг нь өгсөн шиг өг. Гурав дахь нь, МАН-ын засаглалын олон жилд эрхэм гишүүд, сайд нар болон ер л том дарга нар зөвхөн эрх дарх эдлээд үүрэг хүлээдэггүй бусармаг зуршил архагшсан. Энэ гаж үзэгдлийг үндсээр нь арилгаж, хаад ноёдын хэрэг буруудвал харц биднээс юуны өөрцгүй ээ хөө гэсэн ардынхаа дууны үгээр томчуулд хариуцага тооцож сур.  

Энэ гурвыг юуны өмнө дав даруй амжуулж дөнгөвөл та нар МАН-аас хол тасарч, хүн амынхаа хүлээлсэн их горьдлогыг гарт нь атгуулж чадна. Цаашид тодорхой тодорхой асуудал дээр МАН-аас алхам алхмаар илүүрхэж, итгэлтэй давшаад явбал зөв замд орж, 2016 оны сонгууль хармайд чинь гэж мэд. 8 жил төр баривал та нарын иймэрхүү алхам багадахгүй. МАН-ын төр барьж байсантай өөрийнхөө төр барьж буйг ямагт жишиж, тэднээс илүү гарах давуу талаа байнга бодит ажил, ашиг, хөгжил болго. Бүү яар, бүү ухар. Яарвал даарах нь бий. Зөв нь буруугаа дийлж, зөөлөн нь хатуугаа дийлдэг гэдгийг эрхбиш санаж алсын ухаанаар ханд. Би АН-ынхныг онцгойлж үздэгтээ бус би ардчиллыг бусдаас онцгойлж үздэгтээ ингэж захьж байна. Бурхан та нарыг минь өршөөг.

Сонгогчдын итгэл рүү ус цацаж, эрхэм гишүүнийхээ ариун нэр төрийг чамлаад л, бүгд сайд болох гэж шүлэнгэтвэл юу болох вэ? Гишүүний тэрбумын ихэнхийг хувьдаа унагаад, тэгснээр тэрбумаа юунд зарснаа ил тод тайлагнаж, тооцоогоо ард түмний нүдний өмнө бодуулахгүй, хуучин шигээ бултаад эхэлбэл юу болох вэ? Идэж уугаад, хохироож шамшигдуулаад, ял сонсохгүй дархан хүмүүс болчихвол МАН-аас юуны ялгаа байх вэ? Би бээр энэ бүх шившгээс болгоомжилж, дээрх захиасыг бичив. Ялалт нэгээр дуусахгүй. Ялалтаас ялалтад улам боловсорч, ардчиллыг Монголын хөрсөнд гүн бат суулгах заяатай төрсөн хүмүүс нь та нар болоод та нарын залгамжлагчдыг гэж би уран бүтээлч хүний хувьд итгэнэм.      
                                                                                                        2012-07-21