“Өдрийн сонин”-ы (2012-07-25) сэтгүүлч А.Билгүүн Ц.Нямдорж сайдаас асуужээ: “Хуулиар надтай маргах хүн байхгүй гэж та ярьдаг… АН-аас УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн З.Энхболд гишүүнээс Ардын намынхан  яг юу асуух гэсэн юм бэ?”   
Ц.Нямдорж: “Гишүүн болгонтойгоо шүүхээр заргалдаж явдгаа болих уу, үгүй юү… Эсвэл тэр хэвээрээ байгаад байх юм уу гэсэн асуултыг асуух байсан юм” гэж хариулсан нь хуулийн гол манаач ХЗДХ-ийн сайдаас гарамгүй үг баймаар. “Гишүүн болгонтой шүүхдэхээ боль” гэсэн тулгалт энэ асуултаас шууд үнэртэж байна. Гишүүн хууль зөрчвөл яах вэ гэж ХЗДХ-ийн сайдаас асууъя. “Гишүүн болгонтойгоо” гэсэн түүний битүүхэн асуулт угтаа очоод Ц.Нямдоржтой заргалдахаа болих уу, үгүй юү гэсэн сүрдүүлэг ч юм шиг. Гэмт хүн гэлбэлздэг. Ц.Нямдорж шүүхэд шалгуулахаас айж тэвдэхдээ намынхаа удирдлагыг төрийн гацаа үүсгэхэд түлхээд байна уу гэсэн хардлага төрүүлнэ. 

З.Энхболд шүүхээр заргалдахаа болих ам өчиг өгөхгүй хүн. Тэгсэн тохиолдолд хаалттай хаалганы цаана ганц З.Энхболдыг Ардын намын 25 гишүүн чухам яаж шүүслэх байсан юм бол? Гишүүн болгонтойгоо шүүхээр заргалдахаа болих уу, үгүй юү? гэдэг асуултаа чуулганы уралдаан дээр ард түмнийхээ нүдний өмнө ил тод тавихгүй  яагаад заавал ганцаарантай нь уулзах хатуу болзол тулгаад буй нь асуулт дагуулж, сэжиг төрүүлж байгаа юм.

Шүүхэд мэдүүлэх үйлдэл угаасаа тийм болиуштай гайтай хөөтэй зарга мөн үү №1 хуульч аа? УИХ-ын дарга З.Энхболд таны үгээр шүүхэд хандахгүй болчихвол “иргэн бүр хуулийн биелэлтэд хяналт тавьж сур” гэсэн гэгээрлийн ажлаа орхих уу. Шүүхэд заргалдсанаар хэлмэгдэл болохгүй харин ч зөв бурууг ялгадгийг №1 хуульч Та мэднэ. З.Энхболд хуулийн биелэлтэд тавих хяналтаа чангаруулж, хууль боловсруулахтай ижил хэмжээнд хүргэнэ гэж мэдэгдэж буй. Хууль зөрчсөн гишүүн болгонтойгоо, мөн хууль зөрчсөн хүн болгонтой шүүхээр заргалдахаа УИХ болчихвол хууль хэрхэн хэрэгжих билээ. Бултах замаа зассан энэ будилуу ярилцлагыг тоохгүй өнгөрөөвөл уг нь хортой. Ц.Нямдорж та айхтар хоцрогджээ гээд орхих багадна.

Ц.Нямдорж гишүүн цааш нь “Би тэр хуралдаанд оролцоогүй гишүүний хувьд З.Энхболдыг хэн гэж дуудахаа мэдэхгүй л сууна. УИХ-ын дарга аа гэж дуудах гэхээр сонгох сонгуульд нь оролцоогүй. Иргэн З.Энхболд гэж дуудах юм уу хаашаа юм” гэж цэцэрхэж буй санаатай юм уу, хошигнож буй санаатай юм уу мангартжээ. Ц.Нямдорж чуулганд оролцсон ч З.Энхболдын эсрэг санал өгөх нь мадаггүй. Эсрэг санал өгсөн гишүүн олонхоороо батлагдсан УИХ-ын даргыг иргэн З.Энхболд гэж дуудах ёстой шинэ дэг үйлчлэх болж байна уу. Хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн хоёрын хооронд тийм их ялгаатайг хуулийн мэдлэгээр өрсөлдөгчгүй ноён, харанхуй ард түмэндээ ойлгогдохоор жаахан тодруулах сан.

Тэрбээр “Би сонгуулийн өмнө ганцхан зүйл ярьж байсан. Энэ удаагийн сонгуулийг Долдугаар сарын нэгэнгүй, амгалан тайван өнгөрүүлээд ажлаа өгнө гэж. Энэ удаагийн сонгууль амар тайван боллоо шүү дээ… ямар нэгэн жагсаал цуглаангүй байлаа. Тэгэхээр Ц.Нямдорж амалснаа биелүүллээ гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үзэж байна” хэмээн учир авцалдаагүй, ургуулан бодвол 2008 онд сонгууль луйвардсан нууцаа гэнэдээд сөхчихөв үү гэсэн сэжиг төрөхүйц мэдэгдэл хийв. Үүнд:

Нэг. Саяын сонгууль амгалан тайван, жагсаал цуглаангүй болсон нь гагцхан Ц.Нямдоржийн сүр хүчнээс болоо юу? Ц.Нямдоржийн бараа сонгуулиар харагдаа ч үгүй. Саяын сонгуулиар нийгэмд анзаарагдам ноцтой үймээн гараагүй нь түүний сайных бус, ард түмний ухамсрынх. Ц.Нямдоржийг хэн ч үгүйлээгүй. Тэр бээр олон нийтэд мэдэгдэлгүй, нууцаар сонгуулийг амар тайван болгож, бурхан багш шиг далдуур буян үйлдээд явсан хүн үү? Тэр гавъяаг нь бид мэдсэнгүй юү. Сонгууль жагсаал цуглаангүй болсон нь Ц.Нямдорж амалснаа биелүүлснийх гэсэн дүгнэлт өөрөө өөртөө ичгүүргүй өгч буй энэ хүн маань, далдуур буян үйлдсэн тайлангаа тавьж буй санаа нь энэ юм уу.

Хоёр. Ц.Нямдорж ноён амгалан сайхан сонгууль явуулъя гэж нигүүлсэнгүй сэтгэл гаргаагүй бол сонгууль долдугаар сарын нэгэн болох байж. Ямар сонгууль болох нь түүний дур зоргын хэрэг учраас тайван сонгууль явуулж амалснаа биелүүлэв гэж 25 телевизээр зарлаж бардамнав. Түүний хурууны үзүүрээр ч юм уу, хэлний үзүүрээр ч юм уу, аймшигт гамшиг нэг бол болж байдаг, нөгөө бол больж байдаг гэсэн ойлголт дээрх мэдэгдлээс нь илэрч байна. Тэр бээр хоёр ааштай нэгэн байх нь. Сайхан ааш нь хөдөлж, долоон сарын нэгэнгүй сонгууль явуулж, ард түмэндээ ямар их буян үйлдэв ээ. Түүний энэ ач буяныг мунхаг нь дэндсэн хүмүүс гүйцэд ойлгохгүй дээ.

Гурав. Ц.Нямдоржийг 2013 онд ерөөсөө Ерөнхийлөгч болгоё. Тэгээд түүний сайхан аашийг ямагт хөдөлгөдөг ойр дотны нутаг нугын нь бялдуучдаар хүрээлүүлье. Гэвч тэглээ ч гэсэн Ерөнхийлөгч болсон хойно нь хичнээн бялдуучлаад бялдуучлаад хоёр аашны сайхан нь дангаараа ямагт давамгайлж байна гэх магадлал тун бага. Яагаад гэвэл түүний араншин сүүлийн хорин хэдэн жилд дэндүү олон хувьсганасан удаатай. Адсага шиг ааш нь нэг дүрс хийвэл ичих ч үгүй, дийлдэх ч үгүй, төр засгийг самраад хаячихна гэх айдас нийгэмд газар авчээ. Түүнийг Ерөнхийлөгчөөр залбал Монгол улсын хувь заяанд эрсдэлтэй гэх үзэлтэн олширсон нь хөгжил явж л буйг илтгэнэ. Юутай ч гэсэн сонгуулийг будилуулъя гэвэл будилуулж дөнгөдөг, будилуулахгүй амар тайван явуулъя гэвэл бас дөнгөдөг хүн гэдгээ тэр гудийлгүй зарлав. Онгироод байна уу, сүрдүүлээд байна уу мэдэхгүй.

Ц.Нямдорж шиг ийм утга мөхөс үг ярьдаг хүн Америк Японд лидер байж чадах уу? Монголд бол гойд чадаж байгаа. Ц.Нямдоржоор бахархдаг хүн УИХ-ын гишүүн асан З.Алтайгаас эхлээд цөөнгүй. Хэдэн жилийн өмнө Ц.Нямдорж хууль ганцаараа хөнжилдөө засаж байж УИХ-ын даргын суудлаас онхолдоход З.Алтай телевизээр яаж бахтарч бачимдаж байсныг санаж байна. Ц.Нямдорж шиг мэдлэгтэй шударга гишүүн УИХ-д нэг ч байхгүй гэж З.Алтай амныхаа хэмжээгээр бурж байсан. Бас энэ онд Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаас огцруулах гэхэд З.Алтай хэрхэн агсарлаа. Тэр хоёрын хооронд нэг гагнаас байна уу даа гэсэн хардлага зүй ёсоор төрөх гээд байгаа юм.

Монголчууд янзын ард түмэн. Хуулиа бүгд ягштал мөрдвөл маш их ашиг гарч, маш их хөрөнгө хэмнэгдэж, хөгжил дэвшил хурдтай цэцэглэнэ гэдэгт итгэдэггүй атлаа бөө удганд, үзмэрчид, Ц.Нямдоржийн улайм цайм залаад буй худал мэдэгдэлд итгэнэ. Үзмэрч уулын орой дээр гарч гараа алдлан дэлээд, энэ уулын дор ашигт малтмал оршиж байна, тэр хайрхан бөгсөн дороо үнэт эрдэнэ сандайлчихаж гэх мэт телевизээр дүвчигнөөд, тэгснээрээ юм ховор ядуу зүдүү үед 9 өрөө байртай, машин, жолоочтой, бие хамгаалагчтай, тэр ч байтугай далдыг харахад үзмэрчээс маш их энерги гарч үзмэрч маш их ядардаг тул хувьдаа эмчтэй байхыг шаардаж байсныг бид мэднэ. Өдгөө СГЗ болсон сэтгүүлч Гүрбазар үзмэрчийг дагаж яаж далдганаж явлаа. Өөрсдийгөө бөө гэгч даварсан улаан луйварчид хот хөдөөгүй айл хэсч, танай энэ хүү чинь бөө байна, танай энэ охин чинь удган байна, онгодыг нь дуудахгүй аваас гай дайрч танайхыг орвонгоор чинь хөмөрлөө гэж сүрдүүлж, хамаг байдгийг нь хуу хамдаг луйварт дээд мэргэжилтэй эцэг эх, ах дүүс нь хүртэл итгээд хэдэн саяыг нөгөө бөө гэгч луйварчдад барьсан байх юм. Тийм тэнэг юманд яаж тэгж гүн бат итгэж чадаж байна аа. Хэдэн бөө нэг эрийг архинаас салгаж байна гээд улайдсан чулуугаар түлж алчихаад байхад нутгийнхан нь, ид шидтэй бөө нар алдаа гаргах ёсгүй. Тэр архичин тэгж үхэх тавилантай төрсөн заяагүй амьтан байж гээд хирдхийсэн өчүүхэн ч шинжгүй, дараагийн луйварчин-бөө ирэхийг хүлээгээд хээвнэг сууж байна. Бөө нар ноднинхон нэгийг халуун усаар шалзалж алсан билээ. Тэнэг гэхэд багадах ийм балай жишээ тоочвол барагдахгүй.

Ийм бүдүүлэг харанхуй ард түмнийг залилах юухан байхав гэж бардаж бас горьгүй болсныг эрхэм гишүүн Ц.Нямдорж мэдэрсэн шинжгүй л хамар дорх хагархайныхаа багтаамжаар авч өгөх юм даа.  Инээдэмтэй бүдүүлэг мэхлээчдэд бүгдээрээ үл итгэх өдөр удахгүй ирэх биз ээ.                 

2012-07-26