Монголын улс төрийг ТҮГЖРЭЛ тодорхойлох цаг
Дүгнэж үзье. Нийслэлийн энэ их түгжрэл Монголын нийгмийн 1-р асуудал болсон. Хүлээн зөвшөөрцгөөе. Үндэсний аюулгүй байдлын 1-р асуудал мөд болно. ҮАБЗ-д түгжрэл хариуцсан маш том алба ажиллах болно. Түгжрэл судлалын хүрээлэн (арай их сургууль биш байгаасай!) удахгүй хаалгаа нээнэ. Онцгой байдлын алба түгжрэлтэй тэмцэхийг тэргүүлэх үүргээ болгоно. Ганц тээврийн цагдаагийн ажил биш болно гэсэн утгаар хэлж байна.
Гарчгаа ингэж авахаас аргагүй. Өөр яалтай ч билээ. Түгжрэл шийдэж чадаагүй гэдгээр Ерөнхий сайдууд, Засгийн газрууд шил даран огцрох цаг үеийг мөд бид үзнэ. УИХ ч тарж магадгүй. Шалтгаан нь ганцхан ТҮГЖРЭЛ байх болно. Муу ёрлож байгаа юм биш шүү. Бодитой аюулыг нэрлэж байна. Аюулын хэмжээнд очих цаг айсуй!
Үнэн шүү, Монголын улс төрийг ТҮГЖРЭЛ шийдэх цаг тулчихлаа. Энэ цагаас хойш УИХ-ын ба Ерөнхийлөгчийн сонгуулиудын (маш олон сонгууль, лав 20-30 жил үргэлжлэх?!) уриа лоозон, ухуулга, мөрийн хөтөлбөр “ТҮГЖРЭЛ” гэдэг үгээр эхэлнэ дээ, бараг тэгнэ. 2024 онд нийслэлийн түгжрэлийг алга болгоно гэсэн нам УИХ-ын сонгуульд ялна. “УБ-ын түгжрэлийг алга болгох нам” гэсэн нэртэй нам бүү гараад ирээсэй, гэхдээ монголчууд тийм нэр зохиогоод популизмдчихэд гайхах зүйлгүй. Энэ байтугайг санаж сэддэг адтай ард түмэн!
Хэн нь ч facebook-т оруулсан юм бол, ийм нэг пост байсныг нь татаж аваад энд тавьчихъя. Энэ пост миний энэ нийтлэлд санаа өгсөн.
Бас Элчин сайд явсан, мөн baabar.mn-д бичдэг дотно найз маань бүр нэгд нэгэнгүй надад ярьж өгч, шинэ санаа нэмлээ. Зүйрлүүлж ярьсныг нь би дор буулгалаа.
Яармагт тэрбум төгрөгийн хауст морилж гэнээ. Зүйрлүүлж байна. Дотроо усан бассейнтай жаргалтай хаус. Олон зуун метр квадрат. Хамгийн үнэтэй тансаг жийп машин хөлөглөжээ, гэрийн эзэн. Гэтэл Улаанбаатарын төвд ажилтай. Өглөө нөгөө гоё машинтайгаа ганган хүн машинаа хөлөглөөд Яармагаас гарчээ. Бүтэн 2 цаг түгжрэн байж ажилдаа иржээ. Орой ажил тараад нөгөө хээнцэр нөхөр, үнэтэй машинаараа дахин 2 цаг түгжрэн нөгөө тансаг хаустаа очжээ. Өдөр бүр 4 цаг машины кабин дотор, уйдах гутрах, үзэн ядах, ядрах туйлдах, нервтэхийг амслаа. Чилийсэн 4 цаг. Жаргаж цэнгэж гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах алтан 4 цаг сох алга болно. Хоолны дэглэм, амрах унтах, алжаах алтан цагаа зам дээр машин дотроо өнгөрөөнө. Энэ өвлөөс тэг зогсолт хэрэгжиж эхэлнэ. Хээнцэр нөхөр гар утсаа маажсаар ганган машин дотроо суугаа хононо. Ийм ритмээр бүтэн жил амьдраад сүүлдээ эрүүл хүн бол залхана. Юун нөгөө тансаг хаус манатай. Аз жаргалгүй амьдрал цаг нартай уралдана. Бушуухан зараад хотын төв бараадахаа бодно. Нөгөө лут хаусыг нь дараагийн нэг тэнэг ирж авахгүй бол ухаантнууд тойрч бэргээд, түгжрэлээс айгаад хэн ч авахгүй, ингээд тэрбум төгрөг салхинд хийснэ. Хайран сайхан цаг хугацаа өнгөрөв өө. Гэр бүлийн ажил төрөл, хүүхдүүдийн сургууль соёл түгжрэлийн стресс дор харанхуйлна.
Хүнд хамгийн хэрэгтэй зүйл юу вэ? Амь нас, эрүүл мэнд, гэр бүл, албан тушаал, мөнгө гэсгээд цаашаа хариулт хай даа. Хүнд хамгийн хэрэгтэй зүйл бол цаг хугацаа байдаг юм. Тэр дундаа XXI зууны хурдтай хөгжил, мэдээлэл, даяаршлын эринд цаг хугацаатай хүн өрсөлдөж уралдаж, түүнийг эрхшээж амьдрах ёстой. Тэгж байж сайн сайхан гэрэлт амьдралаа цогцлуулна. Цаг хугацаатай өрсөлдөж, уралдаж, ялж, эрхшээж амьдарна гэдгийг монголчууд ойлгохгүй л дээ. Цаг наргүй бултаараа жаргал цэнгэл хөөж, өдөр цагийг нөхцөөж аргацааж налайж амьдардаг монголчуудад цаг хугацаа бол алт биш, бараг юу ч биш. Тиймдээ ч 4 цаг машины кабинд хээв нэг нервтээд сууж байгаагаа зовлонд тооцохгүй хүн даан ч олон бий.
Тэгж түгжирч суугаа монголчуудаа тавлаж байгаа хэрэг биш. Алтнаас ч үнэтэй цаг хугацаагаа бүү алдаач ээ гэж ятгах санаатай бичиж байна.
Яармаг ба тэр хавийн уулын ам болгон барилга, хаус, орон сууцаар дүүрсэн ба дүүрэх ч тавилантай юм. Тэнд шилжин суурьшигчид энэ цаг үед төдийгүй, тэдний хойч үе нь лав 20-30 жил автозамын түгжрэл дунд хамаг амьдралаа гарздах гэж байгаа нь хамгийн том эмгэнэл юм.
Нийслэлээр дүүрэн барилга байшин оволзож байна. Оволзохынхоо хэрээр нийслэлийн хүн ам багтахгүй болтлоо өсч тэлж байна. Энэ их хүнийг яанаа гэтэл. Байшин орон сууц сүндэрлэхийн хэрээр гэр хороолол багасч, утаа гаргадаг яндангийн тоо цөөрч байдагсан бол болжээ гэхсэн. Даан ч тэгэхгүй.
Нийслэлийн төв хэсэгт алга дарам газар дээр арав, хорь, бүр гучин давхар байшин сүндэрлүүлэх нь миний ойлголтоор хөгжил биш юм. Энэ олон шилэн цамхган барилга, гадна талд нь зарна, түрээслэнэ гэсэн зар, гар утасны дугаар өдөр шөнөгүй хадаатай, шөнө неон гэрлээр цацран байгаа нь хөгжил дэвшил огтоос биш юм. Өндөр барилга бүр дэргэдээ машины парк, гарааштай байх гэдэг нь ч дэвшил биш юм. Гурван давхар байшинд 10 машин орж гарна, 15 давхар байшинд 150 машин, 20 давхарт 200 машин орж гарна гээд төсөөлөөд үз дээ. Орж гарах гэж олон цагийн төв замын түгжрэл үүсгэнэ. Төв зам дээр гараад өдөржингөө түгжирнэ. Түгжрэлийн аз жаргал гэсэн индекс гаргах дээрээ тулна!
Баригдаж байгаа байшин, тауэр болгонд чинь машин чигжинэ. Машингүй айл өрх Улаанбаатарт байхгүй болсон. Ихэнхи айлууд 1-2 машин сэлгүүлэн унана. Өнөө ба ойрын ирээдүйн дүр зураг тийм байна. Нийслэлд одоо байгаа замаа 1000 дахин өргөжүүлсэн ч түгжрэл байдгаараа л байж байх болно. Агаараар, тэнгэр дээгүүр зам тавьсан ч УБ-ын түгжрэл хэзээ ч арилахгүйгээр бат бэх болсон. Хэдэн мянган машин хил даваад орж ирж байна, зарагдаагүй үй түмэн машин худалдан авагчаа хүлээж байна. Машины бизнес Монголд цэцэглэж байна. Ёстой бахархал гэх үү, эмгэнэл, гамшиг гэх үү, хэлж мэдэхгүй.
Түгжрэл манай нийгмийн 1-р асуудал болчихлоор нөгөө эдийн засаг-санхүү, ядуурал, ажилгүйдэл, агаарын бохирдол сүүдэрт (түгжрэхгүй л бол бусад нь ч яамай!) ороод ирж байгаа юм. Тэр тухай бодож байгаа хүн нийслэлд эрс цөөрсөн. Нийслэлчүүдийн ихэнхи нь түгжрэлийн тухай бодно. Түгжрэх мөртлөө хувийн машинаа заавал унана гэнэ. Буруу биш. Нэгэнтээ хувьдаа машин худалдаад авчихсан юм бол хөл дүүжлэх ганц унаагаа унах нь буруу биш. Гэхдээ зам руу гараад хэдэн цагаар түгжирнэ. Тэр бол хууль. Тэснэ, тэвчинэ, нервтэнэ, зам дээр кабин дотор хамаг аз жаргал чинь өнгөрнө.
Амьд яваа насныхаа хэдэн хувийг зам дээр кабин дотор өнгөрөөх вэ гэдгээ тооцоолоод мөнгөн дүнгээр, цаг хугацааны хэмжүүрээр гаргаад ирдэг ухаалаг монгол хүн байдаг л байх гэж залбиръя. Ихэнхи нь тэгэх царайгүй хэнэггүй явцгаадаг даа.
Дүгнэж үзье. Нийслэлийн энэ их түгжрэл Монголын нийгмийн 1-р асуудал болсон. Хүлээн зөвшөөрцгөөе. Үндэсний аюулгүй байдлын 1-р асуудал мөд болно. ҮАБЗ-д түгжрэл хариуцсан маш том алба ажиллах болно. Түгжрэл судлалын хүрээлэн (арай их сургууль биш байгаасай!) удахгүй хаалгаа нээнэ. Онцгой байдлын алба түгжрэлтэй тэмцэхийг тэргүүлэх үүргээ болгоно. Ганц тээврийн цагдаагийн ажил биш болно гэсэн утгаар хэлж байна.
Даацаа хэтэртэл хөгжиж болохгүй гэсэн хууль УИХ-аас гаргах дээрээ тулна. Улаанбаатарт нэмж барилга орон сууц бариулахгүй гэсэн хууль УИХ-аас гаргах дээрээ тулна. Ойрын жилүүдэд байх болтугай. Эцэст нь Xувийн машиныг журамлах хамгийн ухаалаг, хатуу хууль УИХ-аас батлахыг уриалан дуудъя! Төрийн гурван өндөрлөг, бүх улс төрчид, нийслэлийн ИТХ, дүүргүүдийн ИТХ, ЗДТГ-ууд нэгэн дуугаар, нэгдсэн хүсэл зоригоор машин ба замын тухай нэгдсэн үзэл баримтлал баталж мөрдсүгэй! Түгжрэлд дайн зарлая!