ТМС буюу техник мэрэгжлийн сургууль гэж байлаа. ТМС-д ажилчин малчны хүүхдийг бөөнөөр нь аваачиж сургаад дараа нь хар ажилчин болгодог байв.

Хагас шоронгийн зохион байгуулалттай эдгээр лагерт ядуу ардын хүүхдүүд эрээн пальтогоор ижилсэн, усан ногоо идэж, дотуур байранд дэглүүлж, гадуур гарч дээрэмдүүлж хоёр жилийн “ял”-аа дуусгана.

Хөдөө аж ахуйн болхи орос техник хэрхэн жолоодох тухай бүтэн хоёр жил юуг нь заадаг байсан юм бол. Ардчилал, эрх чөлөө боловсролын салбарт нэвтрэхтэй зэрэгцэн ТМС-үүд хаалгаа барьж дээд сургуулиуд үүдээ нээсэнсэн. Дээд сургууль ч юу байхав дээдгүй юм байхгүй болж ТМС-иас бусад тийм зэрэглэлтэй болчихлоо.

Сүүлийн үед мэрэгжилтэй ажилтан буюу “Мэрэгжлийн сургалтын үндэсний төв” гэдэг шинэ цагийн ТМС-ийг эрх баригчид их хөхиүлж байгаа. Ийм нэгэн сургуулиар орж үзлээ. Төв аймгийн Эрдэнэ сумын МСҮТ-д 320 хүүхэд хичээллэж байна. 30 гаран багш зааж байна. Дотуур байртай, өдрийн 16 мянган төгрөгний хоолтой, 45 мянгын степенттэй, 2,5 жилийн хугацаатай. Эндээс гагнуурчин, мужаан, тогооч зэрэг есөн мэрэгжлийн аль нэгийг эзэмшүүлж  үнэмлэх олгодог аж. Эрдэнэ дахь энэ сургууль нь орон нутгийн өмчлөлийн статустай тул төрөөс буюу боловсролын салбар нь шууд харьцахад төвөгтэй болгочихож. Сургалтын албаны дарга Д.Байгалмаа багшийн хэлж байгаагаар бол энэ тогтолцооноос болж гадна дотноос  ирдэг төсөл тусламжаас манай сургууль хоцроод байх юм гэж гомдоллож байна. Орон нутгийн удирдлага бие даан сургуульдаа анхаарал тавих хүчин чадал мөхөс байх нь мэдээж. Гэхдээ эдний сургууль хуучин Архустын ТМС-ийн байр сууцыг ашиглан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа болохоор тун тохилог, сургалтын тоног төхөөрөмж ч сайтай юм билээ. Гагнуурын хичээл заадаг ахмад багш Л.Баасандамба ажил мэрэгжлээрээ 3600 багшаас шалгарч аварга болсон байна. “Оюутолгой” төслийн зардлаар 15 хүүхэд мэрэгжил эзэмшихээр болжээ. Гагнуурын хамгаалалтын шил бүхий малгай өмсөхөөр юу ч харагддаггүйг шийдсэн орчин цагийн хэрэгсэл хүртэл тэнд байна. Тус сургууль “Модуль” гэх түр сургалтыг үе үе зохион байгуулдаг нь сонирхол татав. Жишээ нь хэд хэдэн төрлийн шинэ хоолны жорыг долоо арав хоногийн хугацаанд заана гэсэн зараар сургалтаа явуулна. Харамсалтай нь зар зөвхөн хөдөө орон нутагт түгэх тул тэр болгон үйлчлүүлэгчээ татаж чаддаггүй.

 Одоо нэг үеэ бодвол эцэг эхчүүд үр хүүхдээ заавал их дээд сургуульд явуулж мөнгө гарздан, цаг алдуулж байхыг хүсэхээ больж. Эртхэн ажил мэрэгжилтэй болгоод цалингийн үзүүр атгахыг хичээж байна. Энэ шаардлагаар МСҮТ-ийг хөгжүүлэхийг төрөөс дэмжиж байгаа нь зөв юм. Мэрэгжилтэй ажилтан их эрэлттэй байна гэж ярьсан Д.Байгальмаа багштай санал төдийлөн нийлж өгсөнгүй. Хэн үр хүүхдээ дээд боловсролтой болгохоос дургүйцээд байгаа юм. Хүүхдийнхээ боловсролд мөнгө гарздахгүй тэгээд өөр юунд гарздах гэж. Энэ бол эргэлзээтэй. Үнэн бол өөрсдийнхөө хүүхдийг яагаад МСҮТ-д сургаагүй юм. Дахиад л ардын хүүхдүүд ТМС-руу марш.



Дөнгөж 15,16-тай сөөсгөр хүү хуучнаар найм төгсөөд МСҮТ-д ирж байна. Төд удалгүй мэрэгжилтэй болчихлоо, ажил гээд ороод ирэх нь. Энэ нусгай жаалуудыг ажилд авдаг завхарсан газар бас байдаг л юм байхдаа.  Хүний нялх хүүхдээр хамаагүй юм хийлгэж  байж аваар осолд  орвол яана.  Эндээс эхлээд  амьдралтай зөрчилдсөн асуултууд  зөндөө. Шинжлэх ухааны үндэслэлтэй, онол практик хослуулсан сургалтыг мэрэгжлийн багшаар заалгаж  засварчин, гуталчин, слесерь болгох эрэлт хэрэгцээ бий. “Бөмбөгөр” худалдааны төв дээд боловсролтой удирдлагаасаа биш муу цахилгаанчнаас болж шатсан. Мэдлэггүй ажилчин байгууллагыг энэ мэтчилэн шатаах бол захаас аваад байна. “ТҮЦ” ажиллуулж байгаа худалдагч зарж буй барааныхаа мөн чанарыг ойлгох байтугай орчуулж ч бардаггүй. Түүнд мэдлэг олгохоо байг гэхэд мэдээлэл ч болохноо хүргэх шаардлагатай. Ажил олгогчдоос “Дээд боловсролтой хүнийг худалдагчаар авна” гэсэн зар их байдгийн учир энэ юм.

Орчин цагт ажил мэрэгжлүүд улам тэгш эрхтэй болсоор байна. Канад тракторыг оператор ажиллуулдаг. Социализмийн үеийн ХААДС төгссөн инженер аягүй бол үйлчилгээг нь буруу хийх байх шүү.  Маш олон ажил мэрэгжлийг “хар ажил” биш болчихоод байхад хааш яаш зааж, бага цалинжуулж, ач холбогдлыг нь үгүйсгэж байгаа нь том хоцрогдол юм. Дахиад хэлэхэд байгууллагын манаач, үйлчлэгч, слесерь бусдаас дутахгүй эрх мэдэлтэй болчихсныг боссууд анзаардаггүй. Тэднийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг ч алдангаа хаанаас нөхөх, хүсэл зоргоороо байх гарцаа аль хэдийнэ олчихсон явна.

Хэт нь мэс засалч, мал нядлагч хоёр нэг сургуульд хамт суралцдаг болох л дутлаа. Тэр сургууль нь мэдээж МСҮТ биш. Норовбанзад гуайг япончууд “Та энэ уртын дуу дуулах ямар дээд сургууль, академи төгссөн бэ?” гэж асуудаг байжээ. Тухайн үед ямар ч сургууль төгсөөгүйд нь бид бахархадаг байв. Эндээс санаа авахад юм хийж чаддаг болохын тулд тэр чиглэлийн хамгийн дээд боловсролыг эзэмших ёстой юм байна шүү. Түүнийг МСҮТ-д заадаггүй. Манай ТМС-ийн зарчим бол энэнээс илүү юм битгий сураарай, цаашдаа чи бригадын даргаас дээш албан тушаал үл эдлэнэ, хүний хий гэснийг хийдэг зарц болно шүү гээд шуудхан хэлээд өгч байна.

Хятадад нэг үйлчлэгч тэр жил цай аяглах эрдэмээрээ докторын зэрэг хамгаалсан гээд урт цорготой данх бариад явж байсан. Мэрэгжлийг бүр тэгж нарийвчилж заадаг сургалт бас байна. Агрономич гээд нийтлэг хөдөө аж ахуй биш байцаа таригчаар дагнан суралцах ч байдаг юм уу. Гурван хүний хоёр нь дарга болох хүсэлтэй [болдог ч] монгол нөхцөлд ажиллах хүчний чадамж маш их үгүйлэгддэг. Үндэсний үйлдвэрт иновеци шингэсэн бүтээгдхүүн алга. Дандаа хулхи болхи гар аргаар хийсэн бээлийнүүд. Ерөнхий дээд мэрэгжлүүдийг  дороос нь шахаж ичиж амьдардаг болгомоор байна. Нэгнийгээ боловсролоор нь цаашилбал ажлаар нь ялгаварлан гадуурхаад зүгээр орхихгүй хөдөлмөрийг нь шудрага бус үнэлж ядууруулдаг. МСҮТ буюу ТМС төгссөнөөрөө хэн ч хэзээ ч бахархаж байгаагүй. Харин хувь заяандаа гутарч гунигладаг гэвэл үнэнд ойртоно. Баян хоосны ялгаа бол хэзээ ч байдаг асуудал. Гагцхүү тэр нь цэвэрлэгч үйлчлэгч ажил мэрэгжил эзэмшсэнээсээ болж хохирох нь дэндүү гомдолтой. Ядаж тэтгэвэрт гарахад хамгийн багаар тэтгэмж тогтоолгодог нь бас юу вэ.

Мэрэгжлийн сургалтын хичээлийн 80-аас доошгүй  хувийг практик дээр сургавал үр дүнтэй гэж Д.Байгальмаа багш хэлсэн. Хүүхдэд гагнуурдах дадлагыг 20:80 гэсэн харьцаагаар хоёр жил биш илүү олон жил, бараг гоц авьяастан болтол “чанавал” үр дүнг нь харах болов уу. Ном үзэх дургүй залхсан нэг хэсэг байдаг. Тэднийг дуртай ажил дээр нь тулгуурлаад гагнуурын гадаад хэл, энэ чиглэлийн бизнес, удирдахүй ухаан, сонирхолтой физик гэхчилэнгээр шинжлэх ухаан руу эвтэйхэн гулсуулах замаар хам мэрэгжил, сайн сурсанд нь дээд боловсрол өгч чадах тийм эрх бүхий сургууль байвал гомдох юм алга. Эндээс дүгнэлт хийхэд хүүхэд бүр маш сайн сурах, багш сургалтаа сайжруулах асуудал гарч ирж байна. Сайн сурахын үндэс нь урт хугацааны дадлага дасгал, мэрэгжилдээ уусах явдал юм. Гадуур харваас бөх байрын залуус явж байна. Гуч хүрэлгүй зодог тайлж “тэтгэвэрт гарах” нь ойлгомжтойг мэдсэн ч удтал суралцаж маш их бэлтгэл дасгал хийдэг. Тэгээд үр шимийг нь хүртэж амжиж байна. Тэд барилдах дашрамдаа бөхийн дээд боловсрол хүртэл эзэмшээд авч байхад гагнуурчин нь гагнуураа ч олигтой эзэмшилгүй гарч  ирээд байгууллагын эд хөрөнгөөр тоглоод эхэлдэг. Бөхийн дээд боловсролтонтой гагнуурчин барьцаж болохгүй гэж үү.

Нийгэм солигдож, шинжлэх ухаан хөгжсөнөөр  өнөөдөр ихэнх хар бор  ажлын  хамгийн хоцрогдонгүй нь гэхэд механикжижээ. Мөнгөний ханш шиг үргэлж өсөх амьдралын өөдөөс ТМС-ийг магтах нь тэнэг явдал юм.

МСҮТ-өөс богино хугацаагаар сонирхогчдод зааж буй “Модуль” сургалтад байгууллагын дунд шатны албан хаагчдыг ихээр хамруулмаар санагдсан. Бид цахигаанчин, цонх шиллэгчийн хэлсэн аманд унаж үргэлж монжуулдаг. Цайны газрын авгай хүртэл аарцныхаа үнийг нэмээд элдэв тайлбар хэлээд болохоо байлаа. Нэгж ажлын өртөг, орц норм, зарцуулсан хөдөлмөр, сайжруулсан иноваци зэргийг удирдах ажилтан зохих сургалтанд хамрагдаад нэлээн нарийвчлалтай мэдээд авахад гэмгүй. Үндсэн ажилд туслах мэрэгжил бас хэрэг болно. Сэтгүүлч тогоочийн амьдралыг бодитой бичихийн тулд курст суух л хэрэгтэй. Малын хулгайтай тэмцэх цагдаа хэд хэдэн дамжаанд бүртгүүлэх шаардлага бий.

Тэрнээс ардын хүүхдэд үсчний үнэмлэх олгоод насаараа хайч барьж амьдар гэж өөрөө үр хүүхэдтэй хүн бол хэлэхэд хэцүү. Гадуур юмны үнэ өсөөд задгай мөнгөөр гүйлгээ хийхээ больчихоо биздээ. Түүн шиг энэ олон дээд сургуулийн хажуугаар  МСҮТ-д сураад амьдар гэж яаж хэлж чадаж байна аа.