Түүхийн төгсгөл
Фукояма нэгэнтээ нийгмийн түүх төгссөн гэж тунхагласан нь дэлхийн судлаачдыг шуугиулж шоконд оруулж байсан
Фукояма нэгэнтээ нийгмийн түүх төгссөн гэж тунхагласан нь дэлхийн судлаачдыг шуугиулж шоконд оруулж байсан. Түүний тайлбараар бол нийгмийн менежментийг хийх төлөөлөлийн ардчилалаас илүү юм бодож олох арга үгүй тул түүх дуусжээ. Өөрөөр хэлбэл феодализм, социализм, капитализм гээд дараагийн изм алга байна гэсэн үг. Мөхөс би хэдийгээр зарим талаар эргэлздэг ч гэсэн ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засгаас илүү бодат сайн механизм үнэндээ одоогоор алга байна. Цаашид ч ийм тийм байвал дээр гэсэн төсөөлөлүүд гараагүй байна.
Тэгэхээр хувьсгал бас дууссан гэсэн үг. Аль нэг нийгмийн хэлбэрийг хувьсгалаар өөрчилдөг. Эсвэл эрх чөлөөг хувьсгалаар олдог. Хувьсгал хийхийн тулд олон олон ухаантнууд дараагийн нийгэм ийм эдийн засаг, улстөрийн байгууламж ийм байна, түүнийг тийм хувьсгалаар ингэж хийнэ гэж оюун ухаандаа бодож олдог. Өөрөөр хэлбэл онолоо боловсруулдаг. Түүнийгээ хэвлэж олон нийтэд тараадаг. Олон нийтээс илүү сэхээтэн сэргэлэн хэсэг нь тэр онол нь зөв юм гэж дэмжиж, хүмүүст илүү сайхан амьдрах боломж байгааг ухуулж уриалдаг. Тэгээд критик масс буюу бүгд нийлээд хувьсгал хийж төрийг авч хүн амын үлдсэн хэсгийг дагуулж чадах хэмжээний дэмжигчидтэй болсон хойно эр зоригтонууд удирдаж хувьсгал бүтдэг. Товчхон хэлбэл ухаантнуудын гаргасан онол, онолыг тараах, тэрийг хүлээн авах сэхээтнүүд, дэмжих хангалттай тооны хүн бий болох, хувьсгал хийх зоригтнууд бэлтгэгдэх, тэгээд хувьсгал, хувьсгалын хаос, хаосын дараа эмх цэгц тогтоож нөгөө онолдоод байсан төрийн хэлбэр, эдийн засгийн бүтэцээ бий болгох, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, шинэ нийгэм бие даан амьдрах чадвартай болох ийм л үе шат байдаг. Хувьсгал онолоо товчилоод массд хүрэх уриатай байвал сайн байдаг. Жишээ нь: тэгш эрх_ шударга ёс_ ардчилал, эсвэл энхтайван_газар болон бүх өмчийг хүн бүрд тэгш хуваана, эрх чөлөө_тусгаар тогтнол гэх мэт.
Тийм ч учраас одоо дэлхийн ихэнх оронд байгаа ардчилсан төр, чөлөөт эдийн засгаас илүү гарах нийгмийн тухай онол гаргаж байгаа хүн алга, тэгэхээр хувьсгал хийх тухай яриа ч алга. Ганц нэг оронд эргэж социалист, нэг хүний дарангуйлалын дэглэм рүү чөлөөт сонгууль түүний дараа үндсэн хуулийг өөрчлөх аргаар эсвэл төрийн эргэлтээр шилжиж байгаа ч тэд бол түүхийн хүрдийг буцааж сайн биш гэдэг нь батлагдсан нийгэмийн байгуулалыг нэг юм уу хэдхэн хүний сайхан амьдралын төлөө дахин туршиж үзэж байгаа бүтэл муутай туршилтууд юм.
Монгол орон одоо эрх чөлөөтэй, ардчилсан төртэй, чөлөөт эдийн засагтай болсон. Алдаа дутагдал байгаа ч гэсэн тэр нь шинэ юмыг заавал өөрийн биеээр туулж байж л мэддэг тэр гашуун үнэний үр дүн юм. Харин ч 20 жилд 200 жилийн туршлагыг олох гэж бүдчин байна. Гэхдээ зүгээр ээ. Ерөнхий суурь, бүтэц, чиглэл нь зөв болохоор болоод л явчихна. Монголд одоогоор бусад улсын дарлал боолчлолоос гарах үндэсний эрх чөлөөний хувьсгал хэрэггүй байна. Одоо байгаа ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засгаас нь илүү сайн нийгмийн байгууламжийн тухай онол сургаал, тэрийг нь зарлаж байгаа ухаантнууд ч алга. Тэгэхээр магадгүй хэзээ нэгэн цагт тийм онол, төсөөлөл, хувьсгал бий болтол сайн ажиллаж сайхан амьдрахын төлөө өөрийгөө болоод төрөө шахан шаардаж хичээж явахаас өөр зам одоогоор харагдахгүй байна.
Хуучин ЗХУ-н бүрэлдхүүнд байсан Украйн, Гүрж, Киргизэд өнгөт хувьсгал гарсан нь тэнд 90-ээд оны эхээр тусгаар тогтнолын хувьсгал гарснаас биш бидний эхлүүлээд 20 жил болчихоод байгаа нийгмийн хувьсгал болоогүй учраас л дарангуйлагчидаасаа салах гэж эрх чөлөөт ардчилсан нийгмийг бий болгох гэж оролдож ядаж байгаа нь тэр юм. Бид тэднийг биш тэд биднийг дуурайх ёстой. Тэр бүү хэл хоёр хөрш маань ч биднийг дуурайх цаг ирнэ. Цаг нь өөрөө тийм юм.
Одоогийн засаг төрийг удирдаж байгаа ихэнх хүмүүс надад ч бас таалагддаггүй. Яг үнэнээ хэлэхэд гологддог. Гэхдээ яахав дээ нэгэнт л чөлөөт ардчилсан сонгуулиар хүмүүс өөрсдөө л сонгож томилсон юм чинь. Бидний дундаж юм уу, тэрнээс арай доогуур чадавхитай дарга нар гарч ирэх нь зүй ёсны үр дүн юм. Харин ч сүүлийн хэдэн жил МАХН, АН, УИХ, ЗГ-н бүрэлдхүүн, дарга нар нь маш хурдтайгаар өөрчлөгдөн улам л гайгүй хүмүүс гарч ирж байна. Дээрдээд л байна. Нэг л их намчирхсан, хаанчилсан, эдийн засгийн мэдлэггүй, тэр байтугай энгийн ч боловсролгүй хувьсгалч хийрхүү хүмүүсээс арай л дээр хүн шиг тал руугаа хүмүүс гарч ирж байна.
Одоо хувьсгалаар ардчилсан нийгэм, чөлөөт эдийн засгийг солих биш харин хувьсгалгүйгээр шинэчлэл хийж сайжруулахаас өөр арга үгүй мэт. Магадгүй ойрхондоо бол үндсэн хууль, улстөрийн намын тухай хууль, орон нутгийн тухай хуулиуд, сонгуулийн хуулиуд даа бага зэргийн өөрчлөлт хийчихвэл болох мэт. Алсдаа бол технологийн дэвшлийг ашиглан аль болох олон асуудлаар олон нийтийн шууд саналыг авч байх , УИХ болон ЗГ-н шийдвэрийг тухайн асуудлыг хамгийн сайн мэдэх эрдэмтэдийн санал судалгаан дээр тулгуурлан гаргадаг механизмтай болох, болдогсон бол ЗГ-г ерөнхий сайдаас нь авхуулаад эдийн засагч, эрдэмтэд, менежерүүдээр бүрдүүлэх тийш хандвал сайнсан. Гэхдээ энэ бол эдийн засагчидын, эрдэмтэдийн хувьсгал хийнэ гэсэн үг биш аажмаар ийм болвол сайн юмдаа л гэсэн санаа.
Зарим орнууд тухайлбал АНУ яг л энэ замаар явж байгаа. АНУ дэлхийг дулааруулах гэж хүсээд байгаадаа Киотогийн протоколд нэгдэхгүй, Копенхагенд хойрго хандаад байгаа юм биш харин уур амьсгал судалдаг эрдэмтэд нь дэлхий дулаарч байгаа болон хэрэв үнэхээр жоохон ч гэсэн дулаарч байгаа бол тэр нь хүний үйл ажиллагааны үр дүн гэдэг батлагдахгүй, мөн асар их өртөгтэй эдийн засгийн хохиролтой өөрчлөлтүүд хийсэн ч тэр нь уур амьсгалд нөлөөлөхгүй гэсэн судалгаа дүгнэлтэнд хүрсэн болохоор л Буш, Обама нар дэлхийн олон нийт, олон орон боорлон дайрч байхад өөрийн шийдвэрээ өөрчлөхгүй байгаа юм. Харин манай төрийнхний зарласан Монгол 2,3 хэмээр дулаараад байна гэдэг бол монголд энэ төрлийн шинжлэх ухаан хөгжөөгүй юм уу байсан ч инээд хүрмээр төвшинд байгааг харуулсан бөгөөд улстөрчид болгон: дэлхийн дулаарал, монгол цөлжиж байна гэсэн үг хэлдэг нь тэдний харанхуй бүдүүлгийн л тод жишээ болж байдаг. Энэ бол зүгээр л нэг жишээ нь юм. Улстөрчидийн өглөө орноосоо босоод гэнэт олсон гоё санаа, ШБОС биш харин сайн эрдэмтэдийн буурь суурьтай судалгаа л Монголын эдийн засгийн төслүүд, эрүүл мэнд, боловсролын системийн шинэчлэл, хотын асуудлуудыг шийдэх арга зам байгаасай гэж хүснэ. УИХ, ЗГ удахгүй тийм механизм бий болгоосой гэж мөрөөдөнө.
Мөрөөдөх ч юу байх вэ ер нь бол иргэд шахаж шаардах ёстой. Гэхдээ иргэний хөдөлгөөний тухай миний өөрийн төсөөлөл байдаг. Хүмүүс ажил хийж өөрийн ажил, амьдралд нь болохгүй байгаа асуудлыг шийдүүлэх гэж идэвх гаргаж дарга нарыг шахаж шаардаж, жагсаж, хуулийн дагуу шийдэх өөр хувилбарыг нь санал болгохыг л би иргэн хүний идэвх гэж санадаг. Өөрөөр хэлбэл ажлынхаа хажуугаар хийх. Тэрнээс биш ажил ч үгүй, цалин ч үгүй тэгээд өөрт нь хамаатай эсэх, өөрөө мэддэг эсэх нь эргэлзээтэй нийгэм улстөрийн бүхий л асуудлаар өлсөөд л, суугаад л тэгснээ эвлэрч мөнгөтэй болоод л гэртээ гэнэт мебель аваад л байх. Тэгээд яг энэ аргаараа амьдраад л, сонгууль болох, уул уурхайн том төсөл яригдахаар гэнэт амь ороод л байх бол мэргэжлийн хувьсгалч гэдэг шиг мэргэжлийн хөдөлгөөнчин юм уудаа. Тэгээд орлого муудахаараа нэг хүнтэй фронт, хөдөлгөөн гээчийг байгуулаад шантааж хийлгэж байгаа болон шантаажлуулж байгаа аль аль улстөрчидөөс мөнгө аваад л, заримдаа дунд нь дуудлага худалдаа шиг юм зохиогоод л. Үгүй яахав гуйлгачин гэдэг шиг бас л нэг амьдрах арга байх л даа.
Гуйлгачин гэснээс ер нь бол гуйлгачин шиг сэтгэлгээтэй хүн, айл, улс орон хэзээ ч өөдлөхгүй. Эдийн засаг ч дандаа сүйрч уруудаж байгаа, байгаль байсан ч сөнөж байгаа, хэл соёл ч устаж мөхөж байгаа, улстөр улам дампуурч байгаа, монгол хүн улам муухай болж байгаа, монгол улс сөнөж байгаа гээд л бүх л юмаа үгүйсгэж зүгээр сууж байгаад мөнгө нэхэх бол гуйлгачин сэтгэлгээ мөн. Харин би чадна, хүн шиг ажиллаж амьдарч бүтээж чадна, бусдаас би илүү гэсэн өөдрөг итгэлтэй хүн, айл, улс л хөгждөг. Хүн ч бай улс орон ч бай сэтгэлээрээ л босож, сэтгэлээрээ л унаж байдаг. Тиймдээ ч Тэмүжин хүний, анд нөхийнхөө, тэр бүү хэл дайсныхаа, ард олныхоо сэтгэлийг нь авах тухай л сургаж байж. Цөөн монгол байсхийгээд л евразийг эзэрхэж байсны нууц нь ганцхан монгол хүний, монгол улсын сэтгэлийн их хүч байсан биз. Сүүлийн 100 жил, ялангуяа сүүлийн 20 жил Монгол Улс үнснээсээ дахин амилж зөвхөн монгол хүн л чадах тэр гайхамшигийг үзүүлэн хөгжиж байгаа. Ирэх 20 жил бүр сансарын хурдаар хөгжиж дэлхийн хамгийн сайхан улс болно гэдэгт би бат итгэдэг. Тийм сайхан Монгол оронд миний үр хүүхэд амьдраасай гэж би шургуу ажилладаг. Таныг ч гэсэн яг ингэж ажиллаж амьдардаг гэдэгт би бат итгэж байна. Тэнгэр Монгол Улсыг минь тэтгэх болтугай.
2010-4-14
Зочин