Энэ дууг бид  дахиад лав мянган жил дуулах байх аа. Энгийн үгтэй, хоолой авьяас төдийлөн нэхэхгүй, хөгшиддөггүй, залууддаггүй гагцхүү дуулагч нь “Би  монгол хүн” гэдгээ мэддэг байхад л болоо. Дээд доод өнгө, зөв буруу хоолойн цаанаас “Цэцгийн шимийг тэтгэсэн Цэн­гэлийн хавар айлчлахад Мөрөн голууд минь дуугаан дуулж Мөнгөн сарьдаг мишээдэг дээ…” хэмээхэд нээх сайхан ирж яваа цаг, жар­галтайн дэлгэр Монгол нутаг минь, өөдрөг ирээдүй сэтгэл зүрхэнд төсөөлөгдөнө. Бадраа гуай, Намс­райжав гуай хоёр социалист нийг­мийн хатуу хяналттай үед яаж ийгээд үзэл суртлын үг оруулалгүй энэ дууг бүтээж олны хүртээл бол­гож чадсан байдаг. Эх орон ард түмнийхээ нэрийн өмнөөс олимп дэлхийн том тэмцээнд оролцох гэж буй манай үе, үеийн тамирчдын хийморийг сэргээсэн сайхан дуу шүү. 2008 оны зун монгол хүн анх удаа олимпийн аварга болсонд баяр хүргэж талбай дээр олуулаа цуглан “Халуун элгэн нутаг”-аа ёстой нэг дуулах шиг болж билээ.  Уг нь бол “Тамирчны алдар хямд­хан олдоогүй” энэ тэр гээд спортын сайхан дуу байдаг л даа. Хүмүүс яагаад ч юм түүнийг биш үүнийг дуулаад байсан нь сэтгэлд үлджээ.

Зуны урин дулаан цаг дундаа орж “Халуун элгэн нутаг”-аараа аялах иржээ. Магадгүй маргааш ч та замд гарах гэж байж мэднэ. Аялж барахгүй эх оронтой ард түмэн гэвэл бид л байх. Манай эх орон мөн ч уудам дэлгэр шүү. Аавын голомт, андын нутаг, ахан дүүсийн минь амьдран суугаа тоонотууд зуу мянган бээрээр хязгааргүй үргэл­жилнэ. Замд адуу мал багширч, айраг цагаа сэн­гэнэж, хичнээн хол явсан ч яг бидэнтэй адилхан монгол хүмүүс тааралдана. Далай ламын “Жил болгон гэрээсээ гарч очиж үзээгүй шинэ газар нутаг үзэж байвал сайн” гэсэн сургаал бий. Тэгэхээр ямар нэгэн ашиг арилжаа наймаа гэхгүй­гээр зүгээр хөдөө явах нь муу биш байх гэж боддог. Одоо цагт дэлхийн хүмүүс ихэвчлэн олсон хуримт­лалаа аялалд гар­лагаддаг болжээ. Үргэлж хотод амьдарсаар байгаад  залхдаг юм байлгүй дээ. Харин бидний хувьд угаасаа хөл урттай, алба амины ажлаар хөдөө гадаа байнга явдаг болохоор тэр нь аялал болчихдог. Ядаж бен­зинийхээ мөнгийг олохгүй юм бол хаа байсан тийшээ явж яах юм гэж гэдийдэг өрхийн тэргүүн олон бий. Энэ нь бас хоёр талтай. Аялна гээд хэтэрхий их бэлтгэл хийж, амьтан ах дүүд өгөх бэлэг, замдаа идэх юм гэхчилэн зөвхөн тэнэхийн төлөө амьдарсан юм шиг зардал гаргаж залхаадаг. За тэгээд ёс юм шиг үнэтэй архи пиво базааж хотоос гарангуутаа нөгөөдөх рүүгээ дайрц­гаан хаа яваагаа мэдэхээ байтлаа согтуурч урам хугална.



Уг нь аялна гэдэг нь маш энгийн хямдхан амьдрал юм. Зун болохоор манай орноор хаа сай­гүй болчихдог гадаадын золбин жуулчид гэхэд л нэгэн зуны амьд­ралаа өргөж даахаар үүргэвчинд багтаагаад, хармаандаа зуун ам.дол­лартай байна уу, үгүй юу. Тэгэхэд эх орондоо яваа бид юу бэлдэх юм. Манай орон шиг аюул­гүй, тайван нутаг гадуур ховор. Хамгийн том гамшиг бол шумуул л байх. Түүнээс элдэв халдварт өвчин, араатан, дээрэмчин, чөтгөр шулмасгүй. Зун­даа цаг агаарын үзэгдэл түгшүүр­тэй биш.

Арга ядахад орсон айл аяга цай үнэгүй өгнө. Өдөр тутмын иддэг хоол өмсдөг хувцсаа базаагаад, ор дэвсгэрээ баглаад л замд гарчихдаг юм. Хоолоо гэрээсээ авч гарсан тогоо шанаган дээрээ хийж иднэ. Ер нь хоолны асуудлыг онцгойлон бэлдэх нь эрүүл мэндэд муу. Харин ч хөдөө явахдаа сайн өлсөж, бага ид. Зун өлсөж үхсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Усны хувьд бол зарим хүн анхаарахгүй бол тохиромжгүй ус манайд их тааралддаг.

Уучлаарай. Таныг “Халуун элгэн нутаг”-аар явуулах гээд  бай­на л даа.

Одоо машингүй хүн ховор боло­хоор хөнжил гудсаа ачаалаад хаашаа ч хамаагүй явж болно. Ихэнх аймаг сумын зам жижиг тэрэг явах боломжтой. Хөдөөнийхөн “портер”-тэй болсноор жижиг тэрэг­ний зам сайжирсан. Улаанбаатар юм уу суурин газраас алсрах тусам шатахууны үнэ сэм сэмхэн тавь зуун төгрөгөөр нэмэгддэг тул ШТС тааралдах бүрд бакаа дүүргээд байвал хэмнэлттэй шүү. Нэлээд хол нутаг руу хүүхдүүдийн хамт яваа бол хонох газраа нар жар­гахаас өмнө товлох нь зохимжтой. Шөнө оройтож буудаллахаар оршуул­гын газар мэдэлгүй хоно­чихсон тохиолдол ч байдаг. Аяллын чухал үе бол майхан саваа бариад тухлан суух юм. Тэр үеэ харанхуйд тав тухгүй бэлдэх их оройтож бусдыг ядраах дэмий. Зун дөнгөж тав өнгөрөөд гэгээ орж нар манддаг болохоор гүйцэд нойроо авч чадахгүй өдөржин үүрэглэж зам туулах болно. Замын буудал, хоолны газрууд хаа ч ялгаагүй санаанд таарсан үйлчилгээ муу. Хүмүүс дамжсаар байгаад дөжир­чихсөн үнэ өндөр, өөх чихсэн цуйван, гурилтай шөл голдуу. Тэр­ний оронд сумын төвийн дэлгүүр ороод шинэ хонины мах “хил”-ээр нь аваад яваад байхад болчихдог.

Шинэ газар нутаг үзсэн хүн дараа нь дурсгал болгож зураг авах байх. Зургийг өглөө оройны нарнаар авбал гэрэл сүүдэр нь тохирч уран сайхан зурагтай бол­но. Түүх дурсгалын газарт очоод голд нь зогсоод нөгөө үзмэрээ таглачихваа. Хажууд нь бүр холхон зогсож тэр уул, тэр бунхныг, бурхныг бүтнээр нь гаргадаг байх­гүй юу. Санамсаргүй тохиолдлоор ховор агшин, онцгой үйл явдал замд их тааралдах магадлалтай. Үргэлж аппарат хажууд бэлэн байх ёстой. Ихэнх хүмүүс “Энэ ямар сонин юм” гэж хоорондоо яриад явчихдаг ба зураг дарахаа мартчихдаг.

Төв замын дагуу явж байгаа бол замдаа түр үдлэх хэрэг гарна. Тэр тохиолдолд Монголын нөх­цөлд зүлэгтэй, модтой устай аятайхан газар сонгоод дэмий дээ. Биднээс өмнө хэн нэгэн түрүүлж очоод архины шил хагалаад, бие засчихсан байдаг. Өөрсдөө харин иргэнийхээ үүргийг биелүүлж үдлээд явсан газрынхаа хог нов­шийг цэвэрлэж уутлаад хүн амьтантай газарт буулгах бусдыг шаардаж сурвал сайн л юмсан.

Хөдөө явж байгаа хүүхдүүд бөмбөг, дугуй  зэрэг спортын хэрэг­лэл авч явах гээд байдаг. Ачааны нэмэр. Тэртэй, тэргүй хотод байд­гаас илүү хөдөлгөөн хийх боломж гарах тул спортоор тоглох зав гарахгүй.

Манайхан хөдөө гарахаараа тэнд амьдрагсдад “Нутгийн индиан” гэсэн дээрэлхүү ч юм шиг араншинтай болчихдог. Аливаа орон нутаг газарт амьдран суугаа хүнтэй хүндэтгэлтэй хандаж дамаа доош нь хийж хэрхэвч болохгүй. Харахад хормойгоо чирсэн халтар жаал харагдаж болно. Яс үнэндээ чи ч тэрнээс нэг их дээрдээд байх юмгүй адилхан гэдгээ санаж яв.

Хөдөө оччихоод хотын соёлтой хүн болох гэж их хөглөцгөөдөг. Намайг хөдөөний хүн гээд андуур­чихвий гэхээс их айдаг хүмүүс олон. Энэ нь зөвхөн сүүлийн үеийн орос монгол хоёрт тохиолддог гажиг ч гэмээр үзэгдэл. Мөн үүний сацуу мал мэддэг хот хөдөөтэй мундаг хүн болох гээд зангий нь мэдэхгүй моринд чихээ тас хазуулсан тохиолдол бий.

Замд тааралдсан малчин айлтай танилцаад сүү цагаан идээ авсан бол зохих төлбөрийг нь заавал хийгээрэй. Сүүлд хотод гэртээ оруулж хонуулахгүйгээс хойш бусдыг монжоод яах юм. Айлын эзэгтэй нь үүрээс үдшийн бүрий болтол хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг хүндэтгэх нь зөв. Манай эх орны хаана ч очсон рашаан сувилал, хүний эрүүл мэндэд хэрэгтэй байгалийн бүтээг­дэхүүн тааралддаг. Тэр болгоныг нутгийн иргэдээс асууж амсаж хүртэж ирвэл их л аятайхан амралт аялал болох юм. Гол ашиг нь ч тэр болов уу.

“Халуун элгэн нутаг”-аараа  аялан туулахад ханашгүй сайхаан. Холын замд машинаа бариад явж байхад ер түгжрэл тааралдахгүй болохоор уур хүрэхгүй. Уурлах бухимдах шалтгаан ард хоцорсон болохоор энд зөвхөн эх орноороо бахархах л үлдэнэ.

Энэ том орон хэнийх ч биш миний гэж бодохоор жинхэнэ эрх чөлөөгөө эдэлж чаддаг юм. Бүгдээрээ аялцгаая.