Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй “Өдрийн сонин”-ы сурвалжлагч ярилцлаа.



- Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Давос хотод зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцсон. 50 дахь удаагийн энэхүү чуулганд манай улс хэрхэн оролцов. Чуулганы үр дүнг та хэрхэн харж байна вэ?

Давосын эдийн засгийн форум хагас зуун жилийнхээ ойг тэмдэглэж байна. Тавьдугаар чуулга уулзалт буюу тэгш тоотой тэмдэглэлт ойн үйл явдал тохиолоо. Дэлхийн улс орнуудын удирдагчид энэхүү чуулга уулзалтад онцгой ач холбогдол өгч дээд түвшинд оролцохыг хичээлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп очлоо. Энэ Форумд дэлхийн улс орнуудын улстөрчид, нэртэй эдийн засагчид, бизнесчид, олон улсын байгууллага, институц, олон улсын форумын удирдагчид гээд олуулаа цугладаг. Энэ жил их өргөн хүрээнд цуглах шиг боллоо. Энэ том цугларалт үндсэндээ Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаанд маш том боломж нээж өгч байна гэж би харсан. 

- Ямар боломж нээж өгөв?

Давосын чуулганы хурлын индэрт хэдэн хүн илтгэл тавиад, сонсоод, хэлэлцээд өнгөрдөг төдий биш юм. Хурлын явц дунд хоёр талын олон уулзалт зохион байгуулах боломжтой. Ерөнхийлөгчийн уулзсан гадаадын зүтгэлтнүүдийн жагсаалтыг харахад аль болох Монгол Улсын хөгжилд хэрэгтэй ашигтай боломж гарц хайж, эрэлхийлж уулзсан гэж ойлгож болно. Давосын форумын энэ боломжийг Ерөнхийлөгч Х.Баттулга бололцооны хэрээр ашигласан гэж үзэж байна. Дэлхийн эдийн засгийн форум гэдэг утгаараа даян дэлхийд тулгамдаж байгаа эдийн засаг, санхүүгийн ямар асуудал байна, үүнд ямар сорилт бэрхшээл тулгарч байна, түүнийг хэрхэн гэтлэн давах талаар чөлөөтэй ярилцдаг нээлттэй индэр. Эндээс айхавтар зөвлөмж, шийдвэр гаргаад Давосын эдийн засгийн форумын тийм шийдвэр тэгж хэрэгжинэ хэмээн хялбарчилж бэлэнчилж бүү ойлгоосой. Гэхдээ энэ бол нээлттэй индэр. Өнөөдөр XXI зууны олон улсын харилцааны шинэ эрин үед ийнхүү үе үе уулзаж нийтлэг асуудлаа илэн далангүй ярилцаж, уулзалтын далимаар хоёр талын болоод олон талын уулзалтууд зохион байгуулдаг практикийг бид ашиглах ёстой. Ерөнхийлөгч Х.Баттулга ч сайн ашигласан гэж би ойлгосон. Уулзалтын тухай мэдээллүүдээс уншигчид олоод харчихаарай. 

Энэ форумаас Монголд өгөх ач холбогдол, санхүү-эдийн засгийн ашиг, ажилгүйдэл ядуурлыг багасгах шийдэл байна уу гэх асуулт тавьж, шууд хариулт нэхэх шаардлагагүй. Давосын форумд Монголын төр засгийн үе үеийн удирдагчид оролцож ирсэн. Урдны уулзалтууд үр дүнгүй, одоогийнх үр дүнтэй болно гэж шууд хялбаршуулж ойлгож болохгүй. Аливаа хоёр улсын хооронд дээд хэмжээний уулзалт шууд хийгээд байх боломжгүй үед Давосын энэхүү томхон форумыг ашиглах нь илүү дөт гарц боломж. Сүүлийн хэдэн жилд Боаогийн эдийн засгийн форум, Даляний эдийн засгийн форум, Владивостокийн Дорнын эдийн засгийн форум гээд олон талт уулзалтын олон механиз буй болж байна. Эдгээр форумуудын дэргэд Давосын эдийн засгийн форум нь хамгийн удаан настай, олон жил төлөвшөөд нэгэнтээ олон улсын эдийн засгийн чухал институц болчихоод байгаа гэдгээр нь ач холбогдол өгөх ёстой болов уу. 


-Манай улсын төрийн өндөрлөгүүд Норвег улсын баялгийн сангийн туршлагын талаар олон удаа очиж үзэж танилцсан. Энэ удаа Ерөнхийлөгч мөн Норвег улсад айлчлахдаа тус улсын баялгийн сангын туршлагийг хуваалцана гэж байна. Норвегийн баялгийн сангаас бидний үлгэрлэж авах туршлага юу байна вэ?

Энэхүү айлчлалыг өөдрөгөөр харж байна. Дэлхий дээр байгалийн баялаг-ашигт малтмалаа зарцуулсан гашуун жишээ, сонгодог жишээ гэж байна. Гашуун жишээ сургамж гэдэг нь Африкийн баялаг ихтэй, уул уурхай хөгжсөн улс орнуудаас харагддаг. Баялаг олборлоод байдаг, ард түмэн нь өлсгөлөн ядуу, дарга сайд нар нь хахтлаа баяжчихсан. Ядуурч ядуурч эцэстээ иргэний дайны байдал руу ордог. Баялгийн төлөө дайн болж хувирдаг. Улстөрийн бүлэглэлүүд хоорондоо тэмцдэг. Шашин-угсаатны зөрчил нэмэгддэг. Ингээд иргэний дайны хөлд живдэг. Цаана баялаг нь байна, олборлож л байна. Улс оронд нь баялгийн хараал тусчихсан. Африкийн ядуу буурай улсуудын авилгалч дарангуйлагч нарыг бид бишгүй нэг мэддэг болсон доо. Тэрийг нь л би хэлж байна.

Харин байгалийн баялагтаа жинхэнэ эзэн нь болж, зөв оновчтой хөгжүүлсэн хамгийн орчин үеийн сонгодог жишээ бол баялгийн сан бүтээсэн Норвег юм. Баялгийг олборлоод түүнийгээ бүх ард түмэндээ хүргэж чаддаг сайн жишээ гэсэн үг. Норвег нь олон зуун жилийн түүхтэй уул уурхайн улс биш. 1970-аад оны дунд үе, төгсгөл гэхэд дөнгөж баялаг руугаа орсон. 1973 онд Ойрхи Дорнодод Израиль-Арабын мөргөлдөөн дэгдэх үед дэлхий дээр анхны нефтийн шок тохиосон. Тэр үед нефтийн үнэ 400 хувиар өссөн. Дэлхийн эдийн засаг хөмрөх шахсан. Тэр үед Ойрхи Дорнодоос газрын тосоо авдаг байсан Норвег гэнэт эдийн засгийн хүнд байдалд орсон. Ийм нөхцөлд 1975 оноос Норвег нь хойд далай дахь байгалийн баялгаа ашиглаж эхэлсэн. Тэндээс газрын тосоо олборлож эхэлсэн. Гэхдээ Норвегт олон жилийн хур туршлага байхгүй нөхцөлд олборлох боловсруулах ажлаа зөв эхлүүлсэн. Хамгийн сонгодог зөв жишээ гэдэг нь олборлосон байгалийн баялгаа нийгэмдээ хуримтлалын сан болгож өргөжүүлээд тэрхүү сан нь маш их хэмжээний нөөцтэй, боломжтой, хуримтлалтай, үүнийгээ ард иргэддээ хэрхэн зөв хувааж өгөх гайхалтай жишээг Норвег үзүүлсэн. Ганц жишээ. Тус улсад 1990 онд газрын тосны цэвэр орлогоос “Төрийн тэтгэвэрийн сан-Глобал” гэдгийг байгуулж мөнгө хуримтлуулсаар одоо 560 тэрбум ам.долларт хүргэжээ. Норвегийн дараа баялгийн сангийн зөв сургамж туршлагыг Исланд, Британи, Кувейт, Эмират, Катар, Саудын Араб, Бахрейн, Оман гэх улсууд дэлхийд харуулсан. 

- Манайх ч урд нь хэд хэдэн сан байгуулж байсан. Үр шимээ өгөөгүй гэхэд болох байх.

Манай улсад баялгийн хараал сүүлийн 15 жилд тусаад байх шиг санагддаг. Анх манай улс баялагтайгаа тулж ажиллаад эхэлснээс хойш баялгийн хараал хүрчихсэн. Баялаг олборлосон байлаа гэхэд монголын ард түмэн баялгаасаа хүртэж чадахгүй, өртэй зээлтэй амьдарч байна. Үе үеийн Засгийн газрууд дандаа мөнгөний гачаалтай. Хуримтлуулсан мөнгө гэж байдаггүй, байлаа ч тэсдэггүй. Гол шалтгааныг нь ЕТГ-ын дарга хэлж байна лээ. Улсын зардлаар хайгаад илрүүлээд тогтоочихсон орд газрыг 30 гэр бүлд хуваагаад өгчихснөөс үүдэлтэй гэж. Гэтэл Норвег нь хэдэн баячууддаа байгалийн баялгийн ордуудаа хуваагаад өгчихөөгүй юм билээ. Төр засгийнхаа хатуу хяналт дор ажиллуулдаг бололтой юм. Ямартай ч зарцуулалтад нь төр хяналт тавиад түүнийгээ сан болгоод, аривжуулж мөнгө болгоод, хадгалаад байдаг. Аль болох хуримтлал болгоод баяжуулаад байдаг болохоос олсныгоо тараагаад байдаггүй юм байна. Манайд янз бүрийн сан байгуулж үзсэн. Манай улсад гадаадаас туршлага судласан нь ер багадаагүй. Судалснаа эргээд мартчихдаг гэм бий. Би ч судалж явсан хүний нэг байна. 2007 онд Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Катар улсад Ерөнхийлөгч айлчилж, баялгийн сантай нь танилцаж л байсан. Баялгийн сангаа хэрхэн зарцуулдаг талаар тухайн үед бид төвдөө их бичсэн дээ. Кувейт нь нефтийн орлогоо хуримтлал болгоод ард түмнээ 4 төрлийн татвараас чөлөөлчихдөг юм билээ. Үүнд орон сууцны төлбөр, усны хэрэглээний төлбөр, цахилгааны хэрэглээний төлбөр, телефон утасны хэрэглээний төлбөрөөс чөлөөлдөг. Ийм 4 төлбөрийг иргэд нь төлөхгүй байхад хуримтлал нь цалин дээр нэмэгдээд ороод ирдэг. Өөрөөр хэлбэл цалингаас нь үрэгдэх зүйл бага гэхчлэн. 

Норвег ч тэр, Булангийн орнууд ч тэр, хамгийн түрүүнд асар их мөнгө хуримтлуулах шаардлагатай юм байна гэж ойлгосон. Үрээд дуусах биш. Хуримтлалыг дээш нь баяжуулаад байхаас авч үрж зарж болохгүй. Одоо бид Үндсэн хуулиндаа заачихсан учраас баялгийн сантайгаа ухаалаг, зөв, оновчтой харьцах хэрэгтэй. Үүнийг л улстөрчид хэрэгжүүлэх хэрэгтэй. Улс төрийн намын бодлогод захирагдаж, сонгуулийн шоу, популизмд ашиглагдаж ер болохгүй. Ямар нэгэн байдлаар л хуримтлал болгох хэрэгтэй. 

Мөн Норвегийн хөдөө аж ахуйн туршлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга судалж, энэ талаар хамтран ажиллах талаар ярилцсан гэж ойлгосон. Монгол Улс хөдөө аж ахуйн гүрэн болох бүрэн бололцоотой. Жижигхэн хэрнээ Норвег ньөнөөдөр хөдөө аж ахуйн гүрэн болчихсон. Ард түмнээ эко хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангаад гадагшаа экспортлодог. Хамгийн аюулгүй эко хүнстэй орон. Монгол, Норвегийн хүн амын тоо ойролцоо, хоёулаа хүйтэн цаг уурын нөхцөлтэй. Тэдний хүйтэн нөхцөлд мал аж ахуй, хүнсний ногооны тариалалт хэрхэн хийдэг асар их зөв арга туршлага, тэргүүний технологибий юм билээ. Түүнээс нь бүтээлчээр суралцаад энэ 70 сая малаа тэр чигт нь үйлдвэрлэл болгоход бидэнд болохгүй бүтэхгүй гэж зүйл байхгүй. Гагцхүү ажил хэрэг л болгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн айлчлалын мөрөөр ажиллах төлөвлөгөө боловсруулж мөрдөх нь зөв байх. Чиглэлийн яамд үүнд хүч анхаарлаа төвлөрүүлээсэй.