ТАХРИРЫН ХУВЬСГАЛ
Ойрхи Дорнодын бүс нутагт түүхийн хүрдийг үндсээр нь эргүүлсэн тэр их хувьсгалт үйл явцын нэг амьд гэрч
(Дипломатчийн тэмдэглэл номын төгсгөл хэсгээс)
Хувьсгал дуусахгүй
Ойрхи Дорнодын бүс нутагт түүхийн хүрдийг үндсээр нь эргүүлсэн тэр их хувьсгалт үйл явцын нэг амьд гэрч – миний тэмдэглэл өндөрлөж байна. “Тахрирын хувьсгал” гэж гарчигласан номоо үүгээр дуусгая. “Тахрирын хувьсгал” гэж хэрэв үйл явцыг нь хөөж бичих аваас Египетийн ард түмний 18 өдөр шөнийн цөхрөлтгүй тэмцлийн түүх бичигдэнэ. Тэд 18 дахь өдрөө тэмцлийнхээ эцсийн зорилгод хүрсэн. Энд миний дүгнэлт бол:
- Египечүүд Мубаракийг огцруулснаараа энэ орны түүхийн шинэ хуудсыг нээсэн үйл явдлыг бүтээлээ. Үнэхээр том сорилтыг давлаа.
- Тэр 18 өдөр шөнийн жагсаал цуглаан, бослого тэмцэл нь энэ орны аугаа том, жин нөлөөг дэлхийд мэдрүүлж чадлаа.
- Тунист ялсан хувьсгал, одоо Сири, Йеменд болж байгаа тэмцэл, Ливийн иргэний дайн бол Египетийн хувсгалын дэргэд харьцуулах юм ердөө ч биш юм.
Гэтэл “Хувьсгал дуусахгүй” гэж яагаад би энд гарчиг сонгов. “Тахрирын хувьсгал”-ын мөрөөр энэ орны нийгэм-улс төрийн асар их түүх бүтэж, бүтээж байгааг нь би хэлэх гэсэн санаатай юм. Тийм учраас Тахрирын хувьсгал эхэлсэн өдрөөс хойшхи бүтэн 4 сарын түүхэн үйл явдлыг энэ номдоо багтааж, анализ дүгнэлт хийхийг зорилоо. Энд дурдаагүй, хөндөөгүй орхисон өдий төдий үйл явдал бий, тэр бүхнийг багтаах цаг зав, зай талбай ч хүрэлцсэнгүй. Гэхдээ Ойрхи Дорнодын бүс нутгийн 2011 оны 2 дугаар сараас 5 дугаар сарыг дуусталхи (бүтэн 4 сарын) түүх үндсэндээ туссан. Элчин сайдын хувьд эх орноо төлөөлөн миний аж төрөн суугаа Египет, хавсран суугаа Ливи, Сири, мөн Йеменийн түүхийн эгзэгтэй эмзэг үед нь би алба хашиж байна. Энэ бол хэн хүнд заяагаад байдаг хувь тохиол биш, тэр утгаар би бүр ч амтархан бичлээ.
Тоталитари, автократ дэглэмээс амжилттай салсан, салахын төлөө тэмцэж буй, өөрчлөн байгуулалт, шинэчлэлийн их үйлсийг эхлүүлж буй, ардчиллын төлөө шилжилтээ хийж буй эдгээр орнуудад өрнөж буй нийгэм-улс төрийн гүн гүнзгий тэр их үйл явцыг номдоо ямар нэгэн байдлаар тайлбарлан таниулж чадсан болов уу гэж би найдаж байна.
Гэхдээ дэглэм нурсантай холбогдуулан нийгмийн олон асуудал нэхэл хатуутай дагалдан гарч ирсэн, ирж байгаа тул “ардчилал”, “ардчиллын төлөөх тэмүүлэл” гэдэг загварт огт хашигдсангүй бичлээ. Би Каирт өдөр алгасахгүйгээр бүтэн 4 сар хэвлэл мэдээллийн бүх сувгийг боломжийн хэрээр ашиглаж, ажиглалт хийж суухдаа шашин гэж чухам юу байдгийг, монголчууд бол огтоос шашингүй ард түмэн болохыг яс махандаа тултал ойлгож мэдэрлээ. Нэхэл хатуу нийгмийн асуудал гэдгийн нэгдүгээрт шашны асуудлыг тавих гэж байна.
Шашныг ингэж гаргуун хөгжүүлж, хүн ардынхаа тархинд арилшгүй, юугаар ч орлуулшгүй суулгасан улс үндэстэн Египетээс өөрийг би мэдэхгүй тул тэгж бичиж байна. Шашиндаа дэндүү үнэнч байгааг нь хараад би энэ ард түмнийг өөрийн эрхгүй хүндэтгэж, бас бахархаж байна.
“Ардчилал”, “ардчиллын төлөөх тэмүүлэл”, “хүний эрх” – энэ бол хувьсгалын уриа лоозон мөн, гээд цагаа тулаад ирэхээр шашиндаа хөтлөгддөг юм байна гэдгийг би бараг өдөр бүр Каирт харж сууна. Исламын (лалын) шашны цэцэглэн мандалт, исламистуудын улс төрийн ялалтыг “Тахрирын хувьсгал” нөхцөлдүүлж өгснийг би харж байна. Ардчилсан хувьсгал нь лалын хувьсгал болж хувирах магадлал зөвхөн Египетэд төдийгүй Ойрхи Дорнодын бусад орнуудад ч өндөр байна.
Үүссэн цагаасаа эхлээд лал нь өргөжин хүрээгээ тэлсээр өнөөг хүрсэн, дэлхийн бусад бүх хүмүүс шүтэх ёстой гэж айлтгадаг, өөрийн шашиндаа итгэгчид нь итгэдэггүй бусад хүмүүсийг элсүүлэх түүхэн даалгавартай, христосын шашинд байдгаас хавьгүй илүү, бүр туйлын итгэл үнэмшилтэй тийм шашинтай улсад ардчилсан хувьсгал ялсан хэрэг шүү дээ. Харин ч тэр туйлын итгэл үнэмшил нь Египетэд энэ хувьсгалын давалгаанаар бүр ч ил гарч ирсэн юм уу гэж би харж байна. Тахрирын бослогын үеэр Аль Каеда-гийн Ирак дахь салбараас уриалгад Мубаракийн эсрэг ариун дайн – жихад дэгдээхийг жагсагчдад хандан уриалж байсныг дахин эшлэмээр байна.
- Мубарак бол америк, израилийн гар хөл, зарц, тиймээс түлхэн унатал нь дайтах хэрэгтэй. Ислам, ардчилал хоёр гал ус шиг харшилна, тиймээс америкийнхаар яваад хэрэггүй, шариатыг аврах хувьсгал хий гэж шууд анхааруулсан байсан.
Цаашлаад “Бүгд Найрамдах Имбаба Улс дахь иргэний дайн” шиг лалынхны халдлага христиан-коптуудын эсрэг тогтмолжих шинжтэй болж байгаа зэргээс үндэслээд ардчилсан хувьсгал нь лалын хувьсгал болж хувирах вий гэх болгоомжлол, айдас олон хүнд төрж байна. Коптын санваартан Матиас гэгчийн хэлсэн үг энэ айдсын илэрхийлэл нь гэхээр юм. Би зориуд эшлэж байна. Үүнд:
- Хүмүүс эрх чөлөөний амтыг мэдэрлээ, эрх чөлөөний амт тэдэнд таалагдлаа. Гэвч бид тийм нөхцөл байдлыг тэвчихэд бэлэн бус байжээ. Мубарак бол дарангуйлагч, бас авилгачин байсныг бид сайн мэднэ. Гэхдээ бид тайван унтаж чаддаг байлаа. Бидний үр хүүхдүүд амьд мэнд, эрүүл саруул байлаа. Бид Имбабад болсон шиг явдлыг урьд нь хэзээ ч олж хараагүй. Иймэрхүү явдал болчихно гэгдгийг ч бид төсөөлж чадахгүй байлаа. Ийм утгаар би хуучин дэглэмээ санан мөрөөдөхөд яадаг юм гэжээ.
Түүхэндээ лалынхантай хэл амаа ололцоод энх амгалан зэрэгцэн оршиж байсан тохиолдол христианчууд, үнэн алдартнууд, хиндүчүүд, бумбын шашинтнууд болон буддистуудад тэр бүр байгаагүй юм билээ. Тэд лалынхантай зэрэгцэн амьдарснаас өөр хоорондоо амьдрах нь илүү зовлон багатай. Тухайлбал нутгийн хятадууд Тайландын буддист, Филиппиний католик нийгэмд ажрахгүй дасан зохицож ирсэн. Тэнд нийгмийн олонхийн зүгээс хятадуудын эсрэг бодит заналхийлэл, хүчирхийлэл гардаггүй. Харин лалын шашинт Индонез, Малайзид хятадын эсрэг үймээн, халдлага байнга гардаг ба тэндхийн хятадуудын байдал Тайланд, Филиппинийхийг бодвол тэсрэх аюултай хэмээн америк профессор С.Хантингтон ажиглалт хийсэн байдаг. Тэр ажиглалт Имбабад, Каирт, Дээд Египетэд байнга нотлогдох шинжтэй болж ирж байна.
Мубарак огцрохынхоо өмнөхөн Израилийн улс төрч Биньямин Бен-Элиэзертэй утсаар ярьсан яриаг би энэ номдоо өмнө нь хоёр удаа эшлэсэн. Дахиад эшлэе, бүр зориудаар:
- Ойрхи Дорнодод ардчилал ялтал мөдгүй, бараг ялах ч үгүй, ардчилал ялна гэсэн худал хуурмаг ярианд итгэх хэрэггүй. Америкийн хүсээд байгаа тэр ардчилал бол худал хуурмаг зүйл. Ойрхи Дорнодод явуулж АНУ-ын бодлого эцсийн бүлэгтээ экстремизм, радикал лалын ялалтад хүргэнэ. Иранд Засгийн газрыг солих гэж оролдоод лалын диктатур л тогтоосон, Газын зурваст сонгууль явууллаа гэсэн чинь террорист ХАМАС байгууллагыг ялуулчихсан гэж Мубарак шууд хэлжээ.
Бас нэг сайн эшлэл байна. Баабарын “Лалын хувьсгал уу?!” хэмээх алдарт нийтлэлээс би зориудаар эшлэж байна.
- Кэмп Дэвидийн гэрээ бол Өрнийн том ялалт байсан юм. Ойрхи Дорнодын хямралаас лалын хамгийн том төвийн нэг Египетийг салгаж төвийг сахиулсан ба шанд нь АНУ Египетэд жил болгон гурван тэрбум доллар төлдөг. Гэвч америкчууд энэ ялалтынхаа маргааш л Ираныг алдсан. Лонхон дотроос аварга бирд гараад ирэх нь тэр.
- Хямралын уурхай болсон Палестины чөлөөлөх байгууллагыг хэлэлцээнд татан оруулж зартай террорист Арафатад Нобелийн энх тайвны шагнал хүртэл өгч үзлээ. Хувь заяаны шоглоом л юм даа. Гэвч араас нь Хезболла хэмээх бүр ч аймшигтай бирд лонхноос гарч ирэв.
- Кувейтийг чөлөөлсөөн. Хариуд нь Саддамын дэглэмийг шийтгэн түлхэн унагаасан чинь лалын хамгийн тулгар хэсэг болох шиитийн бирдийг лонхноос сулаллаа.
- Каддафиг номхруулж бурууг нь хүлээлгэлээ, гэвч Шотландад онгоц дэлбэлсэн алан хядагчийг үндэсний баатраар тодруулж буй тэр хүмүүжсэн гэж үү?
Нэхэл хатуу нийгмийн нэгдүгээр асуудал болох шашныг ингэж авч үзлээ. Ардчилсан хувьсгал нь лалжчихаар үр дүн нь юу болж таарах вэ? Энэ бол нээлттэй сэдэв болон үлдлээ. Цаашдаа их бичигдэнэ гэсэн үг.
Дэглэм унасны дараахи асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх нь дэглэм нураах хувьсгалаас дутахгүй том үйл явдал байх болно. Харин ямар азаар цэргийнхэн засгийн эрхийг гартаа авч тогтвортой байдлыг хангав даа хэмээн Оросын ШУА-ийн эрдэмтэн, Элчин сайд, армийн генерал Вячеслав Трубников тэмдэглэснийг би бас зориудаар эшлэх гэж байна. Тус орны тогтвортой байдлын нэг гол баталгаа нь арми байх болно хэмээн тэрээр шууд үзжээ.
- Улс орны хяналт армийнхны гарт байгаа нь (Египетэд шууд, Тунист шууд бусаар) реформыг журамтай цэгцтэй явуулах боломж олгож байна. Ард түмэнд өгсөн амлалт хэрэгжиж байна. Онц байдлыг цуцаллаа, Үндсэн хууль дахь ардчиллын эсрэг зүйл ангиар бүх нийтийн санал асуулга явууллаа. Эрх баригч намыг тараалаа. Дээд эрх баригчдаас авилгалд идэгдсэнийг нь цээрлүүлж эхлээд байна.
- Хамгийн чухал нь гудамжны элдэв тулгалтыг хүлээн авахгүй гэдгээ арми ойлгуулж чадлаа. Энэ бол маш чухал. Эдийн засгийн хаос, шашин хоорондын зөрчил бодитой байсаар байна. Үүнд армийн үүрэг роль шийдвэрлэх үүрэгтэй хэмээн ноён В.Трубников бичжээ.
Гудамжны элдэв тулгалтыг хүлээн авахгүй гэдгээ арми ойлгуулж чадлаа гэдэгтэй халуун тогоонд нь байгаа хүний хувьд би санал нэг байна. Египетийн блоггер хувьсгалч залуучууд энэ жилжингээ энэ орныг бужигнуулах нь тодорхой. Байнга жагсаалд уриална. Цуглаан болгон дээр дуусашгүй их шаардлага уншина. Тавих шаардлага хэзээ ч барагдахгүй. Учир нь санваартан Матиасын хэлсэнчлэн хүмүүс эрх чөлөөний амтыг авч, амт тэдэнд таалагдаж байгаа учраас юу санасан есөн хүслээ индэр дээрээс урсгаад байх нь тэр. Францын ардчилал бүхэл бүтэн зуун дамнаж эргэж буцсан юм чинь Египетэд энэ үйл явц лав ойрын 10-15 жилийг бужигнаантай өнгөрөөх болов уу. Хувьсгал дуусах яагаа ч үгүй гэсэн санаагаа би нотлон хэлж байна.
Эдийн засаг өстөлөө удна, хийх бүтээх гэхээсээ улс төржих нь ихдээд бүтээн байгуулалтыг нэг хэсэг хойш тавих нь байна. Лав энэ жилдээ өсөлт нойл заана. Парламентын ба Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл эдийн засаг цэгцрэхгүй. Имбабынх шиг лал ба христиан-коптуудын мөргөлдөөнөөс дайжаад жуулчид ирэх нь эрс цөөрсөн, цаашдаа ч нэг их өсөхгүй гэсэн прогноз өөрсдөө хийж байна. Хувьсгал хийсэн эр зоригийг нь хүндэтгээд, ардчилалдаа үнэнч байгаасай гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөөд, бас ч үгүй барууныхны өөрсдийнх нь хүссэн, дэмжсэн тэр хувьсгалаар эдийн засаг нь нураад унасан тул түүнийг нь өөд татах зорилгоор Египетэд хандивлагчдын томхон эвсэл бий болж байна. Энэ орны тогтвортой байдлын бас нэг баталгаа нь (армиас гадна) тэр болно. Гадаад бодлого нь огцом хувирчихгүй байх. Гэхдээ парламентад исламистууд олонхи болчихвол Израильтай тогтоосон харилцаа эргэлзээтэй болж ирж мэдэх юм.
Хөрш зэргэлдээ, тодорхой хэлбэл Египетээс халдвар авсан арабын бусад орнуудад “ардчилал”, “ардчиллын төлөөх тэмүүлэл” нь хэрхэн үргэлжлэх бол? Египетэд өрнөж байгаа энэ үйл явц бүс нутагтаа ямар нөлөөтэй (халдвартай) байв гэдгийг дэлхий нийт одоо гайхшран харж байна. Үнэндээ сэтгэхүйн талаас нь маш хүчтэй нөлөө Араб дахинд үзүүлсэн. Хамгийн тогтвортой, хамгийн хүчтэй Мубаракийн дэглэмийг нураагаад яллана гэдэг хөрш арабын дэглэмүүдэд хүсүүштэй зүйл ердөө ч байгаагүй. Юуны өмнө би үүнийг Ливи, Сири, Йеменд хамаатуулж байна. Каддафи, Башар, Али Абдалла Салех нар Мубаракийг үхтэлээ харааж суугааг би хэлж байна.
Ливийн дэглэм нэгэнтээ шуударчихлаа гэдэгтэй дэлхий нийтээрээ эвлэрэх дөхөж байна. Хүн ам цөөн, Европтой газар зүйн хувьд ойр, эхлэхээс нь Европын Холбоо, НАТО Ливийн хувьсгалыг өлгийдөөд авчихсан тул тэнд туулах бэрхшээл хавьгүй бага байх нь мэдээж. Гэхдээ хуучин Югославын ба Боснийн Сербийн удирдагчид Хаагын олон улсын шүүхэд явсан шиг Каддафийг баривчлаад хүргээд өгтөл хол зай байна. Тэгэхгүйгээр Ливи чөлөөлөгдөх болов уу. Энэ бол 2011 оны зун бараг шийдэгдчих асуудал.
Сирийн Башар Асадыг Олон улсын эрүүгийн шүүхэд дуудах өдөр ойртож байх шиг. Аллага ч хэтэрлээ, алаад байдаг тогтвортой байдал тогтож өгдөггүй. Австралийн Гадаад хэргийн сайд Кевин Рудд Олон улсын эрүүгийн шүүхэд Башарыг дуудах санал гаргаж дэмжлэг хүлээж байна. Улс төрийн ялтнуудад өршөөл үзүүлсэн шийдвэр гаргалаа. Өршөөлийг далимдуулан сөрөг хүчний тэмцлийг нэг мөсөн нухчин дарж авах гэсэн эрх баригчдын бодлого ч нэг хэсэгтээ зэрэгцэн үргэлжлэх байх. “Лалын ахан дүүс”-ийн гишүүд олноороо шоронгоос суллагдаж, Сирид сөрөг хүчний лалын зохион байгуулалттай хөдөлгөөн ил боллоо. Тэд ардчиллын төлөөх энэ хувьсгалыг лалжуулахаар ажиллах нь мэдээж. Асад зайлсны дараа исламистууд хамгийн түрүүн толгойгоо өндийлгөнө.
Йемен иргэний дайны босгон дээр дэнжигнэж хэдий хугацааг туулах бол, хугацаа заах арга алга. Огцруулна, огцрохгүй хэмээн хэдэн сар дэнжигнэж байсны гайгаар исламистууд зэвсэглээд босоод ирсэн, омог-аймгууд зэвсэглээд хот руу ороод ирсэн, энэ орон дампуурлын ирмэгт тулж очоод байна. Салех Мубаракаас сургамж авсангүй. Каддафийн жишгээр иргэний дайны зам сонгов уу? “Хэрэв би огцорвол май хохь чинь, исламистууддaa элдэвдүүл!”, “Нэг бол намайг үлдээ, нэг бол Аль-Каедагаа гарга!” – Энэ бол Йеменийн Ерөнхийлөгчийн зарчим болжээ.
“Хувьсгал дуусахгүй” гэдэг төгсгөл хэсэгтээ Б.Обамагийн мэдэгдээс эшлэн түүнд өгсөн тайлбараа дахин энд эшлэхээс аргагүй болж байна. Энэ бол төгсгөлийн оронд хэлэгдэх дүгнэлт гэж ойлгоорой.
- Бидний дохио сануулга тун энгийн. Хэрэв Та бүхэн реформ хийх эрсдэл, үүргийг өөртөө хүлээж л байгаа бол АНУ-ын дэмжлэгийг бүрэн хүлээнэ.
- Бид бүх бүс нутаг дахь иргэний нийгмийг дэмжих болно. Гашуун үнэнийг хэлээд албан ёсны эрх баригчиддаа мөрдөгдөж хавчигдаж байгаа төлөөлөгчдийг оролцуулан иргэний бүх нийгмийг нь бид дэмжинэ.
- АНУ бүс нутгийн орнуудын эдийн засгийн бүтээн байгуулалтыг нь дэмжих замаар иргэдийн үндсэн эрхийг хөгжүүлж, мэдээлэл чөлөөтэй хүртэх эрхийг нь дэмжинэ. Мэдээллийн эрх чөлөө бол орчин үеийн нийгмийн салшгүй эд эс нь, XXI зуунд мэдээлэл бол засаглал мөн. Үнэн бол ямагт ил байх ёстой гэж Обама айлдсан юм.
Обамагийн энэ хэдхэн үг Ойрхи Дорнодын улс төрийн үйл явцын үндсэн чигийг зааж өгсөн бол америкийн энэ “идеализм”-ыг халуун тогоонд нь ажиглалт хийж суугаа хүний хувьд би өөр өнцгөөс харж байна.
- Боссон тэмцсэн бүхэн ардчилал, эрх чөлөөний төлөө байдаг гэх эхний идеализм. Лалын ертөнцөд үүнийг хэн нотолсон юм бэ?
- Хүсэл хясалын хооронд хол зай байна, үүнийг тооцдоггүй зөвхөн ардчиллын үнэт зүйл гэдгээрээ харахыг хүсдэг хоёр дахь идеализм; үүнийгээ лалын ертөнц дээр бодитой олж хараасай гэж хүсч байна.
Тэмдэглэлийнхээ сүүлчийн мөрүүдийг ингэж дуусгая. “Хувьсгал дуусахгүй” гэдгийн хариулт нээлттэй үлдлээ шүү!
НЭПКО хэвлэлийн газраас уг номыг
2011 зун хэвлэж уншигчдын хүртээл болгоно.
2011 зун хэвлэж уншигчдын хүртээл болгоно.
DR. PRADHAN